Х.Булгантуяа: Итгэлцүүрийн хүрээнд ахмадуудын 80 хувийнх нь тэтгэвэр нэмэгдсэн


Төсвийн тодотголоор шийдсэн асуудал болон Нийгмийн даатгалын багц хуулийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяатай ярилцлаа. 

 

-Тэтгэврийн зөрүүг ойр­туу­лахдаа ямар зарчим, тооцооллоор боддог вэ. Одоогийн бодит байдалд ний­цүүлж чадсан болов уу? 

-Бид энэ удаагийн төсвийн то­дот­­голоор сүүлийн арван жилд авч хэрэгжүүлээгүй, тэтгэврийн зөрүүг ойртуулах асуудлыг бүрэн шийдлээ. Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан 1994 оноос хойш тэтгэврийн зөрүүг ойртуулах буюу итгэлцүүрийг зургаан удаа нэмсэн байдаг. Итгэлцүүр гэдэг нь тэтгэвэр тогтоолгосон тухайн үеийн орлогыг одоогийнхтой дүйцүүлж, үржүүлэх арга юм. Хамгийн сүүлд 2014 онд тэтгэврийн зөрүүг ойртуулах арга хэмжээ авсан. Тухайн үед 1990 оны дундаж 500 төгрөгийн цалинг 715-аар үржүүлж, дүйцүүлж байсан. Ингэснээр 360 орчим мянган төгрөг болж, үүнээс 45 хувиар тэтгэвэр бодоход бага тогтоогддог. Түүнээс хойш хэд хэдэн удаа тэтгэвэр нэмэх арга хэмжээ авсан ч 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Харин энэ удаад 1990 он ба түүнээс өмнөх үед дундаж цалин 500 төгрөг байсан гэж үзээд 2060-аар үржүүлж, өнөөдрийн цалинтай дүйцүүлсэн. Энэ итгэлцүүрийн хүрээнд нийт тэтгэвэр авагчийн 3/1-ийнх нь тэтгэвэр нэмэгдэж байна. Мөн тэтгэвэр авдаг нийт ахмадын тэтгэврийг дахиад арван хувиар нэмсэн. 

-Тодотголоор төсөвт тэт­гэв­рийн зөрүүг ойртуулахад, мөн арван хувиар нэмэг­дүүлэхэд шаардлагатай хэд орчим төгрөгийг тусгаад байна вэ? 

-Итгэлцүүрийн хүрээнд тэтгэврийн зөрүүг ойртуулахад 200 орчим тэрбум, мөн бүх ахмадын тэтгэврийг арван хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 390 орчим тэрбум төгрөгийг энэ оны төсвийн тодотголд тусгасан. 

-Итгэлцүүрийн хүрээнд тэтгэврийн зөрүүг ойртуу­ла­хад дунджаар хэдэн төг­рөгөөр нэмэгдэх вэ? 

-Хэдэн жил ажилласан, хэдэн төгрөгийн цалинтай, ямар нөхцөл шаардлагаар тэт­гэвэр тогтоолгосон гэд­гээсээ хамаарч, хүн бүрийнх харилцан адилгүй, өөр байдаг. Жишээлбэл, 20 жил ажиллаад 1990 онд тэтгэвэрт гарсан бол 45 хувиар, 30 жил бол 60 хувиар боддог. Итгэлцүүрийн хүрээнд тэтгэврийн зөрүүг нь ойртуулсан 180 орчим мянган ахмадын 80 хувийнх нь 50000-350000 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа. НДЕГ-ын вэб сайт болон emongolia аппликейшн ашиглан тэтгэврээ хэрхэн яаж, хэдэн төгрөгөөр нэмэгдсэн талаарх мэдээллийг харах боломжтой. 

-Дараагийнх нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл. Үүнд хэчнээн төрийн албан хаагч хам­рагдаж байна вэ? 

-Хамгийн сүүлд 2020 онд төрийн албан хаагчдын цалинг нэгдсэн байдлаар нэмсэн. Түүнээс хойш тухайлсан зарим салбарын албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн. Харин энэ удаад төрийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ салбар хоорондын хэт ялгаатай байдлыг арилгалаа. Янз бүрийн шалтгаанаас болж төрийн албан хаагчдын үндсэн цалин 50, 60 хувийн ялгаатай байсан. Тиймээс төрийн албанд ажиллаж буй 225 мянган хүний 217 орчим мянгынх нь үндсэн цалинг нэмэгдүүлсэн. Ингэхдээ төрийн захиргаа, төрийн мэргэжлийн үйлчилгээ, төрийн тусгай албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэсэн. Түүнээс гадна ангилал зэрэглэлээр нэмэгдүүлэх байдлаар төсвийн тодотголд тусгасан. Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, бүтээмж, үр дүнтэй холбоотой нэмэгдэл, урамшууллын зөрүү бол байж болно. Харин үндсэн цалин хэт их ялгаатай байх нь зарим салбарын үйл ажиллагаа доголдох, үйлчилгээ чанар хүртээмжгүй болох эрсдэл гарч байгаа учраас төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг шийдвэрлэсэн. 

-Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай нүүр тулж, аж ахуйн нэгж, байгууллагууд үүд хаалгаа барьж, эдийн засаг уналтад орж байсан цаг саяхан. Төсөвт тодотгол хийж дээрх асуудлыг шийд­вэрлэх боломж нөхцөл нь яаж бүрдсэн бэ?

-Хүмүүс өнгөрсөн цаг үеийн нөхцөл байдлыг мартчихсан байж магадгүй. Засгийн газраас энэ оны төсвийг УИХ-д өргөн барих үед Монгол Улсын худалдааны хамгийн том түнш Хятад улс “Тэг ковид” бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байсан. Хилээ бүрэн нээгээгүй байлаа. Монгол Улсын гадаад валютын албан нөөц их хэмжээгээр буурч, төгрөгийн ханш хүчтэй суларч, тухайн үед Хөгжлийн банк нэлээд хүнд нөхцөлд байсан. 

Тиймээс 2023 оны төсөвт нэг ч шинэ хөрөнгө оруулалт тусгаагүй, цалин тэтгэвэр нэмэхгүй, хүүхдийн мөнгөнд есөн хувийн таналт хийж өргөн барьж байсан. Тэгэхгүй бол Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, бүр дампуурал зарлах хэмжээний нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байсан. Харин саяхан ДЭМБ-аас цар тахлын хүнд нөхцөл байдлыг бууруулж, энгийн горим руу шилжүүлсэн. Зургаахан сарын өмнө урд хөрш хилээ нээж, манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлд өндөр байж, орлого нэлээд нэмэгдэж буй нь нэг боломж болж байна. 

Мөн далд эдийн засагтай буюу төрийн өмчит томоохон компаниудын хяналт менежментийг сайжруулах арга хэмжээг хүчтэй авсны үр дүнд төсвийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Нүүрс тээврийн автомашинууд ямар ч хяналтгүй боомтоор гардаг гэх асуудлыг цахимаар шийдэж, ямар компанийн гэрээгээр нүүрс гаргаж буй талаарх мэдээллийг нягтлах боломжтой болсон. Түүнчлэн энэ оноос Төрийн хэмнэлтийн тухай хуулийг нэлээд бодитоор хэрэгжүүлсэн. Энэ мэт тодорхой арга хэмжээний үр дүнд эдийн засаг хэвийн горимд шилжиж, өсөлт бий болж, татварын орлого нэмэгдсэн учраас цалин, тэтгэврээ нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг хэвийн олгох боломжтой болсон. 

-Цаашид дахиж тэтгэврийн зөрүү үүсгэхгүйн тулд жил бүр итгэлцүүрийг шинэчлэн тог­тоож, инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх ёстой гэсэн зохицуулалтыг Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тусгасан байна. Төсвийн хувьд ийм боломж, даац бий юү? 

-Өнөөдөр тэтгэврээ тогтоол­госон хүн тав, арван жилийн дараа тогтоолгож буй хүний хооронд зөрүү гарч, ялгаа үүсэх нь ойлгомжтой. Тиймээс цаашид итгэлцүүрийг жил бүр шинэчлэн тогтоох, мөн тухайн үеийн инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх заалтыг хуулийн төсөлд тусгаад байна. Олон улсын туршлагыг харахад гулсуулж, коэффицентийн аргаар хувьчилж бодох аргыг хэрэгжүүлдэг юм билээ. Тиймээс тодорхой бодох аргачлалыг Засгийн газраас гаргах зохицуулалтыг оруулж байгаа. 

-Тэтгэвэр тогтоолгох нас болон НДШ-д ямар нэгэн өөрчлөлт оруулж байгаа юу? 

-Нийгмийн сүлжээнд НДШ-ийг нэмэгдүүллээ гэдэг өрөөсгөл ойлголт гарч байна. Тухайн хоёр асуудалд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Одоогийн хэрэгжүүлж буй хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөнө. 

-НДШ-ийн хоёр хувийг өөрийнх нь нэр дээр мөнгө­жүүлэх тухай заалтыг онцолж, тодруулмаар байна. Түүний үр шимийг хэзээнээс ямар байдлаар хүртэх вэ? 

-Нийгмийн даатгалын 17 хувийн шимтгэлээс эхний ээлжид хоёр хувийг нь ирэх оноос эхлэн мөнгөжүүлэхээр тусгасан. Шимтгэл төлж буй 1.2 сая хүний хоёр хувийн шимтгэл жилд 370 тэрбум төгрөг болно. Энэ байдлаар 2030 он гэхэд тодорхой хуримтлал үүснэ. Тухайн үед иргэн хүсвэл ипотекийн урьдчилгаа хийх зэргээр нийгмийн баталгааг хангахад зүйлд зарцуулах боломжийг бүрдүүлж байна. Олон улсын туршлагыг харахад энэ тохиолдолд тусгайлсан хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлэх ёстой юм билээ. 

-Хоёр хувийг нь мөнгө­жүүлж, тодорхой хугацааны дараа эргэн зарцуулснаар Нийгмийн даатгалын сангийн орлого дутах, доголдол үүсэх эрсдэл гарах вий. Үүнийг хэрхэн тооцоолсон бэ? 

-Хуримтлал үүсгэсэн хэм­жээний мөнгөн дүнг улсын төсвөөс Тэтгэврийн сан руу олгохоос өөр аргагүй. Тиймээс бид эдийн засгаа тэлж, төсвийн орлогоо нэмэгдүүлэх ёстой. Ажиллах хүчний оролцоо, дундаж цалин нэмэгдэх хэрээр Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэнэ. Жишээлбэл, төсвийн тодотголд тусгаснаар төрийн албан хаагчдын цалинг хагас жилд нэг их наяд, ирэх онд хоёр их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхэд Нийгмийн даатгалын сангийн орлого тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Цаашид эдийн засаг сайжирч, төсвийн орлого нэмэгдэх хэрээр НДШ-ээс дөрөв, зургаан хувийг нь мөнгөжүүлэх тогтолцоо руу орно. Үүнтэй холбоотойгоор манай яам хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж байгаа. 

-Хувийн тэтгэврийн санг бий болгох зохицуулалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Дүрмийн санг нь хэдээр тогтоох вэ? 

-Даатгуулагч олон эх үүс­вэрээр тэтгэвэр тогтоолгох бо­лом­ж бүрдэнэ. Одоо албан журам, сайн дурын даатгал гэсэн хоёр тогтолцоотой байгаа. Үүн дээр нэмээд хувийн тэтгэврийн санг бий болгох байдлаар олон тогтолцоотой болгох, улмаар хуваарилалтаас хуримтлал руу шилжүүлэх юм. Бүрэн хуримтлалын тогтолцоо руу 2040 онд шилжсэнээр долоо, таван жилийн дундаж гэж маргах асуудал гарахгүй. Одоо бол дундын сантай, тэр нь ачааны хүндийг үүрдэг учраас асуудал үүсээд байгаа. Цаашид иргэн хэр зэрэг хуримтлал үүсгэнэ түүгээрээ тэтгэврээ тооцуулна гэсэн үг. Хэрэв хүсвэл Хувийн тэтгэврийн сангаасаа нэмж тэтгэвэр авах боломжтой. Энэ сангийн доод хэмжээ нь 20 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Дэлхий нийтэд хувийн тэтгэврийн санд өндөр шаардлага, хяналт тавьдаг. Энэ үүргийг СЗХ хариуцаж, гүйцэтгэхээр төсөлд тусгасан. 

-Тухайн санд ямар байдлаар хуримтлал үүсгэх вэ. Хуримт­луулсан мөнгөө ашиглаж чадахгүй нас барсан тохиолдолд ямар зохицуулалт байх вэ? 

-Хувь хүн өөрийн хүсэлтээр банкны хадгаламж шиг хуримтлал үүсгэх боломжтой гэсэн үг. Гэхдээ ямар нэгэн татвар төлөхгүй. Мөн ажил олгогч, ажилтан хоёр харилцан тохиролцож, хуримтлал үүсгэж болно. Жишээлбэл, ажил олгогч мэдлэг чадвар, туршлагатай ажилтнаа авч үлдэхийн тулд урамшуулж, Хувийн тэтгэврийн санд нь хуримтлал үүсгэх боломж бий. Хэрэв хуримтлуулсан мөнгөө ашиглаж чадахгүйгээр нас барсан тохиолдолд гэр бүлийнх нь хэн нэгэн авч ашиглах боломжтой байх юм. 

-Дараалсан долоо, таван жил гэдэг маргаантай асуудлыг хэрхэн шийдэж, хуулийн төсөлд тусгасан бэ? 

-Дараалсан долоо бус таван жилийн дунджаар тэт­гэ­вэр тогтоолгох зохи­цуулалт тусгасан. Үүнийг хэлэлцүүлгийн шатанд дэмжвэл нөхөн олговортой холбоотой асуудал яригдах юм билээ. Үүнийг хамтад нь шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн сайн дурын даатгуулагч дараалсан таван жил НДШ төлж, тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар дээд таазыг тогтоож өгч байгаа. Албан ёсны баталгаатай, арван жил хамт амьдарсан эхнэр, нөхрийн нэг нь нас барсан тохиолдолд авч байсан тэтгэврийнх нь 20 хувийг гэр бүлд нь олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Энэ бол өвлүүлэх биш тусгай зохицуулалт. 

-Ямар шалтгаан үндэс­лэлээр малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах зохицуулалт оруулсан бэ? 

-223 орчим мянган малчны 20 гаруй хувь нь НДШ төлж байна. Тиймээс хамрагдалт, Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор эхний таван жил 50 хувийг нь төр хариуцахаар тусгасан. Малчдын хөдөл­мөрийн нөхцөл бусдаас өөр байдаг. Ээлжийн амралт гэж тооцуулдаггүй, хүнд нөхцөлд ажилладаг, дундаж наслалт богино байдаг. Малчин арван жил нийгмийн даатгал төлж байж хувь тэнцүүлсэн, 20 жил бол бүрэн тэтгэвэр авах эрх үүсдэг. Энэ шаардлагыг хангаж чадаагүй тохиолдолд халамжийн тэтгэмжээс тэтгэвэр авдаг. Тиймээс малчдыг бүрэн эсвэл хувь тэнцүүлэх байдлаар тэтгэврээ тогтоолгох болом­жоор хангахын тулд ийм хөшүүргийн зохицуулалт оруулсан.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 8 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 11 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 11 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 11 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 11 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 11 цагийн өмнө
SDY Calling you... 11 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 12 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 12 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 12 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22