ЖДҮ-ийн нээлттэй сонгон шалгаруулалтад 36 төсөл тэнцлээ

unen
13 цагийн өмнө

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн сайдын 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар баталсан хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа 2023 оны хоёрдугаар сарын 09-нөөс гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл сарын хугацаанд хүлээн авч, цахим системд нийт 96.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 655 аж ахуйн нэгж төслөө баталгаажуулсан. Үүнээс Улаанбаатар хотод 38.3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирснээс сонгон шалгаруулалтын сүүлчийн шатанд 8.6 тэрбум төгрөгийн 43 төсөл тэнцээд байсан юм.


Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн “SHARK”-ууд 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах Хорооны хурал энэ сарын 21-нд боллоо. Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал 08:00 цагт  ХХААХҮЯ-ны байранд эхлэв. Хурлын заалны хүлээх өрөөнд төслөө танилцуулахаар ирсэн аж ахуйн нэгжийн төлөөлөл болох захирал, менежерүүд догдолсон байртай сууцгаах аж. Аж ахуйн нэгжийн төлөөллүүд нэг, нэгээр ээлжлэн орж таван минутад хурлын зааланд байрлуулсан том дэлгэцээр мэдээллүүдээ гүйлгэн танилцуулна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээжийг авчран сонгон шалгаруулах хорооны гишүүдэд үзүүлнэ. Үүний дараа хорооны гишүүд аж ахуйн нэгжийн төлөөллөөс сонирхсон асуултаа тавих нь тун няхуур.

 Сонгон шалгаруулалтын үйл явцыг цахим сүлжээгээр шууд нэвтрүүлэх тул төслөө танилцуулсан нийт иргэд, аж ахуйн нэгж үзэх боломжтой. Ийм зохион байгуулалтад ороод гурав дахь жилээ угтаж байгаа гэнэ. Төсөл сонгон шалгаруулах үйл явцыг сурвалжлах эрх хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй байсан тул хурлын зааланд орж зарим компанийн төслийн танилцуулгыг сонсох боломжтой байлаа. Спорт барааны төрөлжсөн хувцас үйлдвэрлэдэг компани бүтээгдэхүүнээ өнгө, чанарын хувьд сайжруулж гадаадын том, том фирмүүдтэй өрсөлдөхүйц бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгынхоо эхлэлийг тавихыг тулд эмжээр, лого ширэх тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай дэмжлэг хүссэн байв. Зөгийн балны дотоодын зах зээл дэх томоохон тоглогч бүс нутгуудын нэг Халх голоос ирсэн компанийн төлөөлөгч зөгийн балыг гадаадын зах зээлд гаргахтай холбогдуулан үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг өсгөх тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан төслөө танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгынхаа явцад “Халх гол сум мангир, тэмээн сүүл, ганга, морин толгой зэрэг эмийн болон балт ургамал ихээр ургадаг зөгийн бэлчээрт таатай бүс нутаг. Таримал цэцэг, байгалийн зэрлэг цэцэгсийн бал хоорондоо амт үнэрийн хувьд эрс, тэс ялгаатай байдаг. Байгаль газар зүйн онцлогтой манай нутагт л ургадаг цэцгийн балыг бүс нутагт л үйлдвэрлэх боломжтой. Бид энэ ялгарлаа брэнд болгох хүсэлтэй. Зөвхөн зөгийн балаас гадна зөгийн жилий, цэцгийн тоос зэрэг бүтээгдэхүүн бэлтгэж зах зээлд нийлүүлэх сонирхолтой” гэж байв. Бид төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдээс хоёр компанийг сонгон сэтгэгдлийг нь сонссон юм.

 

Дорнод аймгийн Халх гол сумын “Бат Эм” ХХК-ийн менежер Ж.Энхтуяа:

“Манай компани 257 сая төгрөгийн төсөвтэй төслөө танилцуулж, хувийн хөрөнгөөр 157 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 100 сая төгрөгийн зээлийн дэмжлэг хүсэж орсон. Тухайн хөрөнгийг зөгийн бал үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулах юм. Шалгаруултад ороход сандрах зүйл гарч байлаа. Манай компани ийм төсөл сонгон шалгаруулах үйл явцад анх удаагаа оролцож байна. Урьд жилүүдэд энэ сангийн зээл олголт, төсөл шалгаруулалтын талаар хээл хахууль, арын хаалга, танил талаа харах гэх мэтчилэн таагүй, сөрөг мэдээлэл нийгэмд түгэснийг сонссон учир зээл хүсэх тухай төдийлөн боддоггүй байлаа. 2020 оноос хойш цахим системээр, ил тод нээлттэй сонгон шалгаруулалт хийдэг болсныг дуулаад анх удаагаа оролцож хамгийн сүүлчийн шатанд үлдлээ. Emongolia-гаар хэрэгтэй бүх л бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд амархан байлаа. Шалгаруулалтыг ийм маягаар хийж байгаа нь үнэхээр таалагдаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Төсөл сонгон шалгаруулалтын явцад сонгон шалгаруулах баг, бүрэлдэхүүн 1380 километр явж газар дээр нь очиж ажлын байрны дүгнэлт, нарийвчилсан судалгаа гарган оноо тавьсан гэнэ. Монголын зөгийчдийн холбоо зөгийн бал экспортлох чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа тул зөгийн аж ахуй эрхлэгчид гадаад зах зээлд гарах бэлтгэлээ хангаж эхэлсний нэг жишээ энэ байлаа.  

Төсөл сонгон шалгаруулах үйл явц дэлхийн олон оронд өндөр үзэлттэй шоуны нэг болсон “SHARK TANK” нэвтрүүлэгтэй тун төстэй явагддаг юм байна. Оролцогч хурлын заал руу орох хаалганы өмнө догдлон зогсох агшин, төслөө танилцуулах таван минут, асуултанд хариулах хэлбэр тун чиг танил санагдсаныг өгүүлэх юун.

 

Сүүлчийн шатанд үлдсэн 43 аж ахуйн нэгжийн төлөөлөл “Кайлас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гантулга: 

“Манай компани хүнсний ногооны зоорь, агуулах барих төсөл, төлөвлөгөөгөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд танилцууллаа. Төсөл сонгон шалгаруулах багийн өгсөн онооны журмаар эцсийн шатанд үлдэж сая төслөө танилцуулаад гарч ирлээ. Энэ төслийг танилцуулах болсон шалтгаан нь манай тариаланчид хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүтэн жил 100 хувь хангахуйц ургац авдаг. Гэсэн хэдий ч зоорь агуулахгүйн улмаас ургац хураалтын үеэр наймаачдын аманд унаж бүтэн жилийнхээ хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж тарьсан ногоогоо хямдхан бөөндөөд буцах харамсалтай явдал давтагдсаар олон жилийн нүүр үзлээ.

Ийнхүү зохицуулалтгүй зах зээлд гарсан хямдхан ногоо маш хурдан нөөц нь барагдаж хаврын улиралд зарим төрлийн ногооны хомстолд орж үнэ нь тэнгэрт хадахыг үзсээр л ирлээ шүү дээ. Энэ байдлыг халах ямар арга зам байна вэ гэхээр орчин үеийн техник, технологийн шийдэлтэй нөөцийн зоорь барьж байгуулах л юм. Монголын өргөн хэрэглээний хүнсний ногооны 72 хувийг өрхийн бизнес, жижиг аж ахуйн нэгж тариалдаг судалгаа байгаа. Энэ жижиг аж ахуйн нэгж болон хувиараа тариалан эрхлэгчид зоорь, агуулах барих боломжгүй гэв.

Монгол Улс жилдээ 120-150 мянган тонн төмс хүнсэндээ хэрэглэдэг.  “Кайлас” ХХК хэдийгээр зах зээлийн хоёрхон хувьд оролцьё гэж байгаа боловч дусал, дуслаас далай бүрддэгийн учир ийм хоёр хувиуд нийлсээр тун удахгүй 100 хувь болох биз.

Жижиг аж ахуйн нэгж болон өрхийн тариалан эрхлэгчдийн зовлонг хөнгөвчлөх сэдэл, санаачилгаар бүтсэн энэ төсөл хэрэглэгч бидэнд хаврын тарчиг улиралд хямд хүнсний ногоо хэрэглэх боломжийг бүрдүүлж өгнө. “Кайлас” ХХК сангаас авах 300 сая төгрөгийн зээлээ дөрвөн жилийн хугацаанд төлж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд үүгээрээ сэндвичэн агуулах, хөргөлтийн систем худалдан авч суурилуулахад зориулах юм байна.

 Жижгээс дунд руу, дундаас том руу хүрэх зам 

Сонгон  шалгаруулалтын сүүлийн шат буюу хорооны хурлын шатанд 8.6 тэрбум төгрөгийн 43 аж ахуйн нэгж Хорооны хуралд төслөө өөрсдөө танилцууллаа. Төсөл сонгон шалгаруулах хорооны  хурлын үр дүнд Улаанбаатар хотод  тэргүүн ээлжид санхүүжигдэхээр нийт 6.953.861.800 төгрөгийн зээлийн  хүсэлт бүхий 36 төсөл шалгарав. 1.364.031.107 төгрөгийн зээлийн хүсэлт бүхий зургаан төсөл эх үүсвэр үлдсэн тохиолдолд дараагийн ээлжид санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас аж ахуйн нэгжүүдэд өгч буй хөнгөлөлттэй зээл тэдний бизнест дэмжлэг өгч, маш том боломжийн үүдийг нээж өгнө. Үүнийг санхүүжилт авах хаалгыг нээхээр төслөө танилцуулж буй аж ахуйн нэгжийн төлөөллүүд дуу нэгтэйгээр батлан ярьж байсан юм. Зээл хүсэхэд банкнаас баян гэдгээ батлах шаардлагатайг бизнес эрхэлж үзсэн хэн ч бэлхнээ мэднэ. Барьцаа хөрөнгө муутай шинэ аж ахуйн нэгжүүд энэ л замаар өөдлөн дэвших үүд хаалгаа нээж байгааг сонсох таатай байлаа.

Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн “SHARK”-ууд болсон сангийн үйл ажиллагаанаас сурвалжлан тэмдэглэв. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өсөн дэвжих зам ариун байтугай.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/

 



0
angry
1
care
0
haha
6
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр