Бүтээлч монголчууд хүнсний салбарт шинэ түүх бичиж эхэллээ

unen
9 цагийн өмнө

Налайхын өргөн хөндий буюу “Налуу ухаа”, “Бүс нуур”-ын хонхор. Ардын хувьсгалаас өмнө энэ уудам цэлгэр хөндийд Хятад пүүсүүд нүүрс олборлон Их хүрээний баяд, ноёдын ханхар том өргөөнүүдэд нийлүүлж байв. 1922 онд Хятад пүүсүүдийн эзэмшлийн уурхайг улсын мэдэлд шилжүүлснээр уурхайн хот босох эхлэлийг тавьжээ. Нийгмийн шилжилтийн он жилүүдэд уурхайн массын нөөц шавхагдан дундарч, албан ёсоор хааж таарсан байдаг. 

Ажилгүй, орлогогүй болсон нь уурхайчдын амьдралыг нэрвэж хаасан уурхайгаас хувиараа нүүрс олборлон амь нас, эрүүл мэндээрээ хохирч явсан түүх хэвлэлийн шарласан хуудаснаа баринтаглагдан үлджээ. Улс орон хөгжихийн хэрээр дотоодын үйлдвэржилт сэргэн, хүчирхэгжиж нийслэл хотдоо төвлөрөн шавахаа больж эхлэв. Компани, аж ахуйн нэгжүүд нийслэлээс алслагдсан дүүргүүд, тэнд оршин суух ажиллах хүч рүүгээ ойртон хөдөлмөрлөх боломжийг нь ханган үйлдвэрүүдээ барьж ажилчид элсүүлэн авч эхэлснээр иргэдийн амьжиргаа дээшилж эхэлсэн нь нүднээ бэлхэн ил. 

Налайх дүүрэг үйлдвэржилтийн бүс нутаг болох өнгө төрхөө нэгэнтээ олсон байна. Хаашаа л харна үйлдвэр, заводын том, том барилгууд уралдан босохын хэрээр туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж олширч байгаа нь лавтай буюу. Саяхан надад ийм том үйлдвэрүүдийн нэг “TRUST group” ХХК-ийн төсөл “Мал төхөөрөх үйлдвэр”-тэй танилцах завшаан тохиов. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүйг менежер бүсгүйгээс олж мэдсэн хэдий ч шинэхэн үйлдвэрийг үзэх хүсэл амар тайван суулгах юм биш. Хүсэлдээ хөтлөгдөн Улаанбаатар хотын сэлүүхэн гудмаар, сонины ганган цагаан машинаар сүнгэнүүлэн давхиулсаар үйлдвэрийн хаалганд цагийн зүү өглөөний 08:00-ийг зааж байхад очлоо.

 

Монгол хүний эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт 


“TRUST group” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн болон хиамны үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулдсан түүх саяхных. Үндэсний үйлдвэрлэгч компаниуд нүдэн дээр л өсөн томорч, зах зээлийн хуулиар зарим нь ор сураг ч үгүй болох нь хүмүүний амьдралын жамтай агаар нэгэн. Эднийх 2003 онд орон гэрээ төвхнүүлж 100 тоннын хөргүүртэй үйлдвэрийн байрандаа тоног төхөөрөмжөө суурилуулан өрхөө татаж үүдээ сөхсөн сөн.

 2006 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнх нь гол хэрэгцээ, түүхий эд болох гахайн аж ахуйг байгуулсан нь өдгөө 50 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 2500 толгой гахайн сүрэгтэй өнөр өтгөн аж ахуй болжээ. 2014 онд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Гол нэрийн зоорь” төслөөр хүнсний үйлдвэрлэлийн байрны стандарт шаардлагуудыг хангасан, эрүүл ахуйн тоног төхөөрөмжүүдээр тоноглон ангилсан махны үйлдвэр байгуулсан нь үсрэлт болсон. Хөгжлийн үсрэлт бүр нь монгол хүний эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт байсан нь мадаггүй буй за.

 

Өглөө яг цагтаа... 


Үйлдвэрийн ажилчид өглөөний 08:00 цагтай уралдан ирж, үнэмлэх тэмдгээ шалгуулан орох аж. Хамгаалалтын алба хөлслөн ажиллуулдаг бололтой дүрэмт хувцастай нэлээд дүрэмлэг эр, хүн нэг бүрийг нарийвчлан шалгаж оруулах агаад намайг гярхай нүдээр сэмхэн шинжих мэт ажиглана. Үйлдвэрийн маркетинг хариуцсан ажилтан эзгүй тул намайг үйлдвэрийн Мал эмнэлгийн дарга Ц.Цэвэлмаа гэдэг бүсгүй тослоо. Үйлдвэртэй танилцах аяллын хөтөч ажээ. Айхавтар шалгаадаг харуулын байрыг нэвтэрч үйлдвэрийн хашаанд оров. Битүү цементэлсэн гаднах талбайг цэмцийтэл шүүрдсэн нь ажилчдын хөнгөн гутлын хэмнэлээр хөг орон амилах ажгуу.

Шинэхэн байрны урдуур хар шороон хөрс асгаж модод эгнүүлэн тарьжээ. Гаднах тав тух, тохижилтод нэлээд анхаарч байгаа нь илт. Тохижилт дуусаагүй бололтой мод тарих, зүлэг суулгах хар шороон хөрс нэмж буулгажээ. Үйлдвэрийн байрны гол хаалганы хажууд төрийн далбааг “TRUST group” ХХК-ийн далбаатай зэрэгцүүлэн мандуулсан байх агаад харалдаа урд талбайд нарны эрчим хүчний үүсгүүрүүд зоосон байна. Үүгээр офиссынхоо гэрэлтүүлэг, цахилгааны хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй гэнэ. Орчин үеийн үйлдвэрүүд аль болох сэргээгдэх эрчим хүчний технологи ашигладаг болсон нь талархмаар жишиг шүү.

 

Ходоодны гааль

Үйлдвэрийн орох хаалгаар нэвтрэхэд бас л хатуу, нарийн, чанд шалгуур, журам үйлчилдэг юм байна. Хүнсний үйлдвэрийн ариун цэвэр, аюулгүй ажиллагааны дүрэм, журам хатуу байх нь сайн хэрэг гэдэгтэй хэрэглэгчийн хувьд санал нийлэхээс яахав. Ариун цэврийн шаардлага хангасан хувцас, хэрэглэлээр өвч тоноглон дотогш нэвтрэв. Уулзалтын өрөө тусдаа байх аж. Мал эмнэлгийн дарга Ц.Цэвэлмаа “Үйлдвэрлэл өрнөж байгаа тул ойроос зураг авах боломжгүй. Ариун цэврийн шаардлагаас гадна бас бус асуудлаас үүдэлтэй цех рүү нэвтрүүлэх боломжгүй” гэж анхааруулсан нь надад уулзалтын өрөөнд мэдээлэл авч, шилэн хаалтны цаанаас зураг авах  сонголт байгааг эелдгээр ойлгууллаа.

 

Хуулийн нэрийн өмнөөс бузрыг оруулахгүй 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн хувийн хэвшил, хүнс үйлдвэрлэгчид дор бүрнээ монгол хүний хоол хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж буйн нэг тод жишээ “TRUST group” ХХК-ийн төсөл “Мал төхөөрөх үйлдвэр” юм байна. Олон улсад хүлээн зөвшөөрсөн ариун цэвэр, аюулгүй байдлын баталгаажсан HALAL стандартын бүрэн автоматжуулсан үйлдвэр. HALAL стандартын шаардлагад нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уг үйлдвэрт 77 хүнийг ажлын байраар хангана. Хамт олон нийт 5000 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах хөргүүр бүхий зоорьтой, олон улсын стандартуудын угтвар нөхцөлийн шаардлагад нийцсэн орчинд ажиллах БНТУ, БНСУ, БНХАУ-ын бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий мал төхөөрөх, мах ангилан ялгах цех, мал эмнэлгийн алба зэргээс бүрдэнэ. 

Үйлдвэр өдөртөө 500 бод, 1000 бог мал төхөөрөх хүчин чадалтай. Үйлдвэрийн мал эмнэлэг,  лабораторийн алба Монгол Улсын мал эмнэлгийн нэгдсэн системтэй уялдан малын гарал үүсэл, бүтээгдэхүүний ул мөрийг тодорхойлон ажиллана. Энэ нь бидний идэж хэрэглэж байгаа махны чанар, аюулгүй байдлын баталгаа маш найдвартай гарт очсоныг мэдэгдлээ л гэсэн үг. 

“Хүнсний захуудад гарал үүсэл тодорхойгүй, эмчилгээ, тарилга, туулга хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй мал, мах зарагдсаар байдаг нь нийгэмд нэгэнт ил болсон асуудал. Буглаатай мах авсан тухай, хятад үйлдвэрүүдийн технологийн бус аргаар боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг нийгмийг цочроосон үйл явдал, баримтууд үе үе нийгмийн сүлжээгээр явдаг. Үйлдвэр мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдсоны ач тус малчин Доржийн хотонд байгаа малыг хэзээ ямар тарилга, туулганд оруулсан, ямар халдварт өвчнөөр өвчилсөн, ямар өвчний голомттой бүс нутгаас ирсэн бэ зэрэг асуудал бүгд алган дээр байгаа мэт тодорхой байна” гэж үйлдвэрийн лаборатори, Мал эмнэлгийн албаны дарга Ц.Цэвэлмаа ярьж байна. 

Гарал үүслийн бичиг, тарилга туулгын бичигтэй ирсэн малыг ч үйлдвэрийн хашаанд 24 цагийн сойлгонд оруулж, хүлээн авах ерөнхий үзлэгт хамруулна. Үүний дараа цусны дээж авч бурцлёз, боом, шүлхий мөн түүнчлэн элдэв антибиотекийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгах шинжилгээнд оруулан баталгаажуулдаг. Гаднын хүнийг үүдээр нэвтрүүлэхдээ хэдэн давхар шалгаад баллахаа шахсан даа, түүнээс ч илүү юм байна шүү. Ер нь бодоод байхад бидний ходоодны хилийн шалган нэвтрүүлэх алба л юм биш үү дээ. Гаалийн урианд байдаг “Бузрыг оруулахгүй” гэдэгтэй агуулга нь дүйж байна.

 

“Аллах ивээг” 

Том бизнес, том үйлдвэрийн алсын хараа улс дамнан алсарсан байх ажгуу. HALAL стандартыг Монголд нутагшуулан хөгжүүлсэн хэтийн зорилго Монгол Улсын олон тулгуурт эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр үзүүлэх нь зайлшгүй. Тэдний бизнесийн онилох цэг HALAL стандартаар төхөөрдөг уламжлалыг шашин, шүтлэгтээ шингээсэн  ислам шашинт орнууд байх юм. 

Төхөөрөх мал нь хаашаа харж хэвтэхийг нь хүртэл стандарт, технологидоо шингээчихсэн байдаг исламын шашинт орнуудын зах зээл мусульман шашинтан төхөөрсөн байх, малыг төхөөрөхөөс өмнө үйлдэх зан үйл зэрэг нь хүртэл маш нарийн дэг жаяг, шалгууртай юм гэнэ. Байршлаа сонгохдоо ислам шашинт иргэд олноор суурьшсан Налайх дүүрэг, Туркийн Засгийн газрын ивээлд байдаг мэргэн Тоньюкийн гэрэлт хөшөө тийш явах замыг санаандгүй сонгоогүй бололтой.

 

Таны захиалгаар гүйцэтгэнэ... 

Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр дотоодын компани, аж ахуйн нэгжүүдийн мах бэлтгэл, мал төхөөрөх захиалгыг гүйцэтгэх бөгөөд монгол аргаар төхөөрч гүйцэтгэж ч болох юм байна. “Ер нь бол гарал үүсэл нь тодорхой байх ёстой. Хаанаас хэн гэдэг малчны хотноос ирсэн бэ. Халдварт өвчний ямар голомттой бүс нутаг вэ гэдгийг нь эхлээд тодорхойлно. 

Гарал үүслийн тодорхойлолт дууссаны дараа мөн л ялгаагүй үйлдвэрлэлийн технологийн дагуу шинжилгээнд хамруулаад, цааш процесс үргэлжлэх эсэхийг шийднэ”.  Хамгийн эрүүл чанартай малыг малчдаас сонгож кодлон үйлдвэртээ нэвтрүүлж  HALAL стандартаар төхөөрч  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үндсэн түүхий эдийн гарал үүслийн баталгааг бий болгосон нь бусдаас ялгарч буй том давуу тал нь юм байна.

 Эргэцүүлсэн нь 

Би үйлдвэртэй дотроос нь танилцаж дуусаад гарав. Бага үдийн нар төөнөх маяг орсон байх бөгөөд зоорины хөргүүрийн аварга том сэнснүүдийн хүнгэнэх дуунаас өөр чимээ үл гарах үйлдвэрийн том цэлгэр хашаанд манаран хэсэг зогсов. Монгол хүн бүтээчихэж, бид чаддаг ард түмэн биз дээ гэдэг омогшил төрөхүй өөрийн эрхгүй эрүү өргөж алсыг ширтэх аж. Тэртээ баруун хойно их хотын чигт бөртийх ч үүлгүй тув тунгалаг тэнгэр “Бүтээлч Монгол”-чуудын өөр юу хийж чадахыг харах гэсэн мэт... 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/

 

 


0
angry
1
care
0
haha
4
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр