Эмэйгтэйчүүдэд парламентын босгыг давах эрх одоогоос бараг 100 жилийн өмнө буюу 1924 онд олгогдсон. Гэсэн ч 1992 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулсан УИХ-ын сонгуульд хамгийн ихдээ 13 эмэгтэй парламентын босгыг давж байсан түүхтэй.
Энэ тоо манай улсын нийт хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн хувьд чамлахаар үзүүлэлт. Үүгээр манай улс дэлхийн жишиг, Азийн дунджаас ч доогуурт эрэмбэлэгдэж буй.Улс төр судлаачдын тооцооллоор манай улсын хувьд хамгийн багадаа парламентын гишүүдийн 30-40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэх учиртай.
1992 оноос хойш зохион байгуулсан найман удаагийн УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөлөл гарын арван хуруунаас илүү гарахгүй явж ирсэн ч 2012 оноос энэ тоо нэмэгдэж, ахиц дэвшил гарч эхэлсэн. Энэ нь эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн холимог тогтолцоо, хуулиар олгосон квотын нөлөө байв. Тодруулбал, 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.2-т “Сонгуульд оролцож буй нам, эвсэлээс нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна” гэж заасан.
2012-2016 он. Анх удаа мажоритар болон пропорциональ хосуулсан холимог тогтолцоогоор зохион байгуулсан УИХ-ын 2012 оны сонгуульд 11 нам, хоёр эвсэл, 26 бие даагч, нийт 544 нэр дэвшигч өрсөлджээ. Үр дүнд нь МАН-аас 25, АН-аас 35, ИЗНН-аас хоёр, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс 11, гурван бие даан нэр дэвшигч парламентад багтсан. Тэдний 11 нь таван намын эмэгтэй төлөөлөл байв.
Тэд бүрэн эрхийнхээ хугацаанд нийгмийн давхарга бүрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн олон хуулийг санаачлан батлуулжээ. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын өвийн тухай, Хог хаягдлын тухай, Хүүхдийн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гэх мэт санаачлан батлуулсан хуулийнх нь үр дүнг өнөөдөр бид хүртэж байна.
2016-2020 он. Өмнө нь хоёр ч удаа буюу 1992 болон 2008 онд туршиж үзсэн томсгосон мажоритар буюу нэг тойрог-олон мандаттай тогтолцоог 2016 оны УИХ-ын сонгуулиар дахин ашиглав. Тухайн сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч, нийт 498 нэр дэвшигч хүч үзсэн байна. Үр дүнд нь парламентад МАН 65, АН ес, МАХН болон бие даан нэр дэвшигч тус бүр нэг суудалтай болж байжээ. Тэдний 17.1 хувь буюу 13 нь эмэгтэй гишүүд байв.
Тэд бүрэн эрхийн хугацаа буюу 2016-2020 онд бүлэг байгуулан ажиллаж, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, багш, эмч нарын хөдөлмөрийг бодитоор үнэлэх, агаарын бохирдлыг бууруулах, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудалд анхаарч, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн барьжээ.
2020-2024 он. Дөрөв дэх удаагаа томсгосон мажоритар тогтолцоог ашигласан УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, хоёр эвсэл, 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Үр дүнд нь МАН 62, АН 11, “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат эвсэл” тус бүр нэг, нэг бие даан нэр дэвшигч парламентад сонгогдон ажиллаж байна. Тэдний 13 нь эмэгтэйчүүдийн төлөөлөл.
Тэд бүрэн эрхийнхээ хугацаанд мөн нам харгалзахгүй, улстөржихгүйгээр нэгдэн бүлэг байгуулан ажиллаж байна. Ингэхдээ архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, агаарын бохирдол, байгаль экологи, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, өв соёл, цахим орчин дахь хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, эрчүүдийн эрүүл мэнд, залуучуудын хөгжил зэрэг олон талын асуудалд онцгойлон анхаарч, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хамтарч ажиллаж буй.
Дээрх товчлолоос харахад үе үеийн парламентад ажилласан өндөр өсгийтүүд нийгмийн давхарга бүрт хүрч, тулгарч буй асуудал бүрийг нарийн мэдэрч, шийдвэрлэн бодит үр дүнд хүргэж байжээ. Ялангуяа 2012-2016 онд ажилласан, олон намын төлөөллөөс бүрдсэн өндөр өсгийтүүдийн хүч, өнөөдрийн нийгэмд гэрэл асаасан. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хойш арван сарын хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг 30 орчим хувиар буурчээ.
Хэрэв, дандаа эрчүүдээс бүрдсэн парламент байвал ээжүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй холбоотой хүндрэл бэрхшээл, мөн эрүүл мэнд, соёл боловсрол, байгал орчин, нийгмийн хамгааллын гээд олон салбарын асуудал шийдэгдэхгүй үлдэхийг үгүйсгэхгүйг “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч . Д.Энхжаргал тодотголоо. Тэрбээр “Эмэгтэй гишүүд нам харгалзахгүй нэгдэж ажиллан бодит үр дүнд хүрч чаддагийг ганцхан жишээгээр хариулъя. Энэ бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Хэрэв, тухайн үед энэ хуулийг батлуулж чадаагүй бол хүчирхийлэл, авлигал ямар түвшинд хүрэхийг таашгүй. Одоогийнхоос ч өндөр түвшинд хүрэхийг үгүйсгэхгүй. Цаашид парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл жин дарах хэмжээнд хүрч байж нийгэмд нийцтэй, хүмүүсийн амьдралд хүртээлтэй шийдвэр, хууль тогтоомж гаргах боломж илүү нээгдэнэ” гэв.
Түүнчлэн олон ч хуулийн төсөл хэдэн парламент дамжин, хэн нэгний ширээний мухарт дарагдаж, мартагдах байсан. Жишээлбэл, Тамхины хяналтын тухай хуулийг 2012 онд тухайн үеийн эмэгтэй гишүүд сөхөж гаргаж ирж батлуулахаас өмнө таван жил шийдлээ хүлээж, ширээний шүүгээнд хадгалагдсан байдаг.
Мөн эрэгтэй гишүүд нийтийн бус эрх мэдэл, эд хөрөнгөтэй хэсэг бүлэг хүний талд зогсож, тэдний эрх ашгийн төлөө кноп дарах эрсдэл өндөртэйг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг хэллээ. Тэрбээр “Эмэгтэй гишүүдийнхээ хамтаар Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах тогтоолыг батлуулж чадсан. Эрэгтэй гишүүд бол хэзээ ч ийм тогтоол өргөн барихгүй, хүсэхгүй.
Учир нь, Тосон бумбын нуруунд байгаа 22 том уул уурхайн лиценз, түүний ард маш их хэмжээний мөнгө яригддаг. Биднийг энэ тогтоолын төслийг батлуулах гээд хэлэлцүүлж байхад эрэгтэй гишүүд “Та нар тэр аж ахуйн нэгжүүдийн хохирлыг яаж барагдуулах гэж байна” гэдэг асуултыг л тавьж байсан. Түүнээс Тосон бумбын нуруунд амьдарч байгаа 250 айл, ховор ан амьтан, булаг шандны тухай хэн ч ам нээгээгүй. Хэрэв, эмэгтэй гишүүд байгаагүй бол тус газрыг хэзээ ч улсын тусгай хамгаалалтад авахгүй байх байсан” хэмээн эрэгтэй, эмэгтэй гишүүдийн асуудалд хандаж тухай хуваалцав.
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах нь нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой болохыг олон улсын судалгаа харуулдаг. Тухайлбал, Дэлхийн банк шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хоёр хувиар нэмэгдэхэд авлига найман хувиар буурч байгааг судалгаагаар тогтоожээ. Эмэгтэй сайд олонтой Засгийн газартай улс орнуудад авилгын индекс бага байдаг гэх тооцоо ч бий.
Ардчиллыг эрхэмлэдэг, засаглал сайтай, хууль дээдлэх ёс, шударга сонгуулийн тогтолцоо бүрдүүлсэн улсад хүйсийн харьцаа тэгш хангагддаг. Мөн эмэгтэйчүүд бурууг зөв болгож, хатууг зөөллөж, хазайсаныг тэнцвэржүүлж, мартсаныг сануулж, хуурсаныг илчилж, худлыг гэрчилдэг учраас дэлхий нийтийн жишиг тэднийг шийдвэр гаргах түвшинд оруулах, өндөр квот тогтоож өгөхийг уриалж буй.
Манай улсын хувьд ч дэлхийн энэ жишиг рүү ойртож, хууль эрх зүйн хувьд томоохон дэвшил гаргаад байгаа билээ. Тухайлбал, Үндсэн хуульдаа УИХ-ын гишүүдийн тоо, тогтолцоо хоёрыг тодорхой тусгаж, эрх баригчид хүссэн үедээ өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хөдөлгөх боломжгүй болгов.
Тодруулбал, цаашид ямартай ч эхний найман жил, цаашлаад 30 жилийн хугацаанд парламент 126 гишүүнтэй байх бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Мөн унаж, босож буй 30 хувийн квот хэвээр үлдэх нь. Сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийн төлөөлөл ирэх жилийн сонгуулиар 30, түүний дараа буюу 2028 онд 40-өөс доошгүй хувь байх заалт тусгаж, дэмжлээ. Мөн жагсаалтыг хүйсийн хувьд 1:1 гэсэн харьцаатай жагсаахаар хуульчилж байгаа юм.
Ийн парламентад олон намын, нийгмийн давхарга бүрийн, ялангуяа эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх түүхэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Энэхүү том хөшүүрэг, ихээхэн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадах эсэх нь тухайн улс төрийн намын хүсэл зориг, тэр өдрийн сонгогчийн цэцэн ухаан л мэдэх нь дээ.
Иргэдийн төлөөллийн байр суурийг хүргэе
Д.Ганболд: -Би олон парламентын өнгийг харж, үр дүнг үзсэн. Үе үеийн парламентад олон намын, ялангуяа эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй, бага байсаар ирсэн. Гэхдээ сүүлийн сонгуулиудаар эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, одоогоор арав гаруй төлөөлөлтэй болоод байна. Манай улсын хүн амын дийлэнхийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг учраас тэдний төлөөлөл цөөхөн байх тусам нийгэмд, энэ бүлгийнхэнд хамааралтай хууль, шийдвэр бага эсвэл өрөөсгөл гарах эрсдэлтэй гэж боддог. Тиймээс эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх зэргээр тэднийг улс төрийн бодлогоор дэмжих нь зүйтэй гэж хардаг.
Б.Төрбат: -Шийдвэр гаргах түвшин дэх хүмүүсийн буюу УИХ-ын гишүүдийн хүйсийн харьцаа 50:50 байх ёстой гэж боддог. Ингэж байж тэгш төлөөлөл бүрэн хангагдана. Тэднээс гарах шийдвэр ч нийгмийн тэгш байдлыг хангахад чиглэх болов уу. Ерөнхийдөө парламентаар хэлэлцүүлж, баталж буй хуулиудыг харахаар эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмж, гэр бүл, хүүхэд зэрэг нийгэм рүү чиглэсэн хуулиудын санаачлагч нь ихэнхдээ эмэгтэй гишүүд байдаг юм билээ. Тиймээс эмэгтэй гишүүд парламентад олон байснаар салбар бүрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж чадах байх гэж найдаж байна.
Т.Батмөнх: -Би УИХ-ын сонгуулийг анх удаа 2020 онд өгч үзсэн. Тухайн үед манай тойрогт эмэгтэй нэр дэвшигч байгаагүй. Энэ нь эмэгтэйчүүд сонгуульд бага өрсөлдөж буйн илэрхийлэл. Тиймээс эмэгтэйчүүд хуульд заасан квотыг хангаж, түүнээс ч илүү олноор нэр дэвшиж чадвал сонгогдох магадлалтай гэж харж байна. Өөрөөр хэлбэл, тойрог бүр дээр эмэгтэй нэр дэвшигч байх хэрэгтэй болов уу. Ингэж байж сонгогдох боломж нь нэмэгдэнэ. Гэхдээ парламентад эмэгтэй гишүүд олон, цөөн байх нь гол биш, хэр зэрэг үр дүнтэй ажиллаж чадаж байна вэ гэдэг нь чухал.
С.Юмсүрэн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна