Б.Батцэцэг: Эмэгтэй удирдагчид нийгмийн харилцааны бүх салбарт эерэг үр нөлөө үзүүлдэг нь олон баримтаар нотлогдсон


Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 29-30-нд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-Энэ сарын сүүлчээр манай улсад Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болох гэж байна. Энэхүү уулзалтын ач холбогдол, агуулгын талаар мэдээлэл өгнө үү?

-Олон улсын томоохон уулзалт, арга хэмжээний үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нар уулзалт хийдэг заншил тогтсон байдаг. Манай улс энэхүү тогтсон форматыг улам хөгжүүлж, албан ёсны хэлбэртэй, илүү үр дүнтэй болгох зорилгоор Гадаад хэргийн эмэгтэй сайдын нарын уулзалтыг 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Бид энэхүү уулзалтыг феминист гадаад бодлогын сайн туршлагаа хуваалцдаг, дэлхий дахин, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо хуваалцдаг индэр болгохыг ч эрмэлзэж байна. 

Өнөөдөр дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, халдварт өвчин, эрчим хүчний хямрал, хүнсний аюулгүй байдал, геополитикийн сөргөлдөөн, талцал хуваагдал зэрэг томоохон сорилтууд тулгарч байна. Эдгээр нь олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх шинэ хүчин зүйл болохын зэрэгцээ хуучин саад бэрхшээлүүдийг тодруулж, улам хурцатгаж байна. Тийм учраас энэ хурлаар бид уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг гэсэн 3 сэдвээр салбар хуралдаан зохион байгуулахаар тохиролцсон. Оролцогч талууд хурлаас гарах баримт бичгийн агуулгыг хэлэлцэж байна. 

Миний бие өнгөрсөн хугацаанд олон улсын арга хэмжээнүүдийн үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус бүлгийн болон феминист гадаад бодлогын талаарх хэд хэдэн уулзалт, хуралдаанд оролцсон. Олон улсын энх тайван, тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэхдээ дэлхийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож шийдвэр гаргахдаа тэднийг оролцоог хангаж байх нь чухлыг би эмэгтэй сайдын хувьд байнга онцолдог. 

-Феминист гадаад бодлого нь өөрөө харьцангуй шинэ ойлголт. Үүнийг Монгол Улсын гадаад бодлоготой хэрхэн уялдуулж болох вэ?

-Феминист буюу эмэгтэйчүүдэд чиглэсэн гадаад бодлогыг баримталдаг улс орнууд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох, хүйсийн тэгш байдлыг баталгаажуулах зэрэг хүний жам ёсны эрхийн язгуур зарчмуудад гол анхаарлаа төвлөрүүлдэг. Үндсэндээ бол хүн болгон хүйсээс хамааралгүйгээр тэгш эрх, эрх чөлөө, боломж нөхцөлөөр хангагдах ёстой гэсэн суурь үнэт зүйлд тулгуурладаг үзэл санаа. 

Швед Улсын Гадаад харилцааны сайд асан Марго Валлстром 2014 онд “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүх түвшинд хүйсийн төлөв байдлыг харгалзаж үзэх Засгийн газрын бодлого” гэсэн томьёоллоор феминист гадаад бодлогыг анх танилцуулсан.  Улмаар Канад, Франц, Мексик, Испани, Люксембург, Герман, Ливи, Австрали, Норвег, Чили зэрэг улс энэхүү бодлогыг баримталж байна. Феминист гадаад бодлоготой Канад, Австрали, Швед зэрэг улс тухайлсан асуудлаар Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын сэдэвчилсэн уулзалтыг зохион байгуулдаг. Өнгөрсөн онд Австрали Улсын Гадаад хэргийн сайд Марис Пэйн, Канад Улсын Гадаад хэргийн сайд Мэлани Мелани Жоли нар эмзэг өртөмтгий нөхцөлд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Жил бүрийн 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болдог НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус уулзалтыг зохион байгуулдаг. Монгол Улс “Феминист гадаад бодлого+” бүлэг”-т 2022 онд нэгдсэн. Тус бүлгийн гишүүн орнууд гадаад бодлого, олон улсын хамтын ажиллагаанд хүйсийн тэгш харьцаанд суурилсан хандлагыг нэвтрүүлж, шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийг оролцуулах чиглэлээр ажилладаг.

Монгол Улс хүйсийн тэгш харьцааг хадгалах, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын санаачилгыг тууштай дэмждэг. Манай улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Эмэгтэйчүүдийн байр суурийн асуудлаарх комиссын удирдах бүрэлдэхүүнд орж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийг оролцуулж байгаа нь эмэгтэйчүүдэд чиглэсэн гадаад бодлого явуулж буйн тод илрэл юм. Мөн Монгол Улс хоёр жил тутам өргөн барьдаг “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1982 оноос хойш баталж ирсэн. 

Хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох, төрийн бодлого, үйл ажиллагаанд хүйсийн төлөв байдлыг харгалзах явдал Монгол төрийн бодлогын амин чухал чиглэл мөн. Сүүлийн үед бид дипломат албаны удирдлага болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулах болсон. Цаашид ч энэ хандлагыг нэмэгдүүлнэ. Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчийн тоог 2027 он гэхэд 15 хувьд хүргэх  зорилтоо тууштай хэрэгжүүлж байна. Иймд Монгол Улс эмэгтэйчүүдэд чиглэсэн гадаад бодлого баримталдаг гэж хэлж болно. 

-Та Монгол Улс эмэгтэйчүүдэд чиглэсэн гадаад бодлого баримталдаг гэж хэллээ, үүнийгээ дэлгэрүүлж тайлбарлахгүй юу? 

-Гадаад бодлогын үзэл баримтлалдаа бид хүйстэй хамааралтай тусгай заалт оруулаагүй, мөн феминист гадаад бодлого баримтална гэж албан ёсоор зарлаагүй боловч эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогыг гадаад харилцаандаа тасралтгүй үргэлжлүүлж хүйс хоорондын зааг ялгааг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэн. 

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад явдлын яам 1951 онд анхны эмэгтэй дипломатыг бэлтгэж эхлээд 5 жилийн дараа анхны хоёр эмэгтэйг дипломат албанд томилсон түүхтэй. Гэхдээ 1990 он хүртэл дипломат албаны нийт ажилтнуудын 10 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байж. Одоо ГХЯ-ны удирдах албан тушаалын хагасыг эмэгтэйчүүд хашиж байна. Мөн хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр 6 эмэгтэй Элчин сайд үүрэг гүйцэтгэж байна. Ингэснээр нэгэн цаг үед үүрэг гүйцэтгэж байгаа хамгийн олон эмэгтэй Элчин сайд нар болж байгаа юм. Монгол Улс үндэсний дипломатуудаа дотооддоо бэлтгэж хүйсийн зохистой харьцааг тэнцвэртэй хадгалах бодлого баримталж байгаа нь ГХЯ-ны практик үйл ажиллагаанд бодит тусгалаа олж байна.

Монгол Улс НҮБ-д элссэн цагаасаа эхлэн хүйсийн тэгш харьцааг тэнцвэртэй хадгалах, эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох олон улсын санаачилгыг тууштай дэмжиж ирсэн. НҮБ-ын хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулсан анхны арга хэмжээний нэг нь нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүргийн  сэдвээрх олон улсын семинар байлаа. Манай эмэгтэй дипломатчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нийгэм эдийн засгийн хөгжил, хүний эрхийн асуудлыг хариуцсан 2 болон 3 дугаар хороодод сонгогдон ажилласан. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг 2016-2018 онд сонгогдон ажиллахдаа манай улс хүйсийн тэгш харьцаа, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг тэргүүлэх чиглэл болгосон. 

Өнгөрсөн 2022 онд бид Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний  20 жилийн ойг тэмдэглэсэн. Эдүгээ манай улс энхийг сахиулах ажиллагаанд оролцогчийн тоогоор дэлхийд 24 дүгээрт жагсаж байна. Өнгөрсөн хугацаанд 900 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмэр оруулсан. Эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоор Монгол Улс дэлхийд 17 дугаар байранд бичигдэж, Зүүн хойд болон Төв Азид тэргүүлж байна. Өнгөрсөн 2022 оны 6 дугаар сард манай улс “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээрх олон улсын бага хурал зохион байгуулж, энхийг сахиулагч эмэгтэй цэргийн алба хаагчдад тулгардаг бэрхшээлүүдийг даван туулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцүүлсэн. 

-Дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг даван туулахад феминист гадаад бодлого ямар хувь нэмэр оруулах вэ?

-Эмэгтэй удирдагчид нийгмийн харилцааны бүх салбарт эерэг үр нөлөө үзүүлдэг нь олон баримтаар нотлогдсон байдаг. Маккинзи дэлхийн хүрээлэнгийн 2015 онд хийсэн судалгаагаар хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд тэгш харьцаатайгаар оролцсоноор дотоодын нийт бүтээгдэхүүн дэлхийн хэмжээнд 26 хувиар өсөх боломжтой гэсэн дүгнэлт гарсан, мөнгөн дүнгээр энэ нь 28 их наяд ам.доллар юм. Мөн шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 2 хувиар нэмэгдүүлэхэд авлига, хээл хахууль 8 хувиар буурна гэсэн судалгааг Дэлхийн Банк гаргасан. 

Төрийн захиргааны удирдлагад эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү хангавал маргааныг эв зүйгээр зохицуулах хандлага нэмэгддэг гэж олон судлаач үзсэн байна. Ялангуяа эхний сахиулах үйл явцад эмэгтэйчүүд оролцсоноор энхийн хэлэлцээр байгуулж урт хугацаанд мөрдөн хэрэгжүүлэх магадлал ихэсдэг зүй тогтол байна. 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх 1325-р тогтоол батлагдсанаас хойш олон дэвшил гарсан боловч энхийг сахиулах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй хэвээр байна. 1992-2019 оны хооронд хийгдсэн албан ёсны энхийн хэлэлцээрт сөргөлдөгч талуудыг төлөөлсөн эмэгтэйчүүд 13 хувь эзэлдэг бол эмэгтэй зуучлагч нар 6 хувь байсан гэсэн судалгаа гарсан. Дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг даван туулж сөргөлдөөнийг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, удирдлага маш чухал ач холбогдолтой. 

-Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар Монгол Улс сөргөлдөөнийг яриа хэлэлцээний аргаар хэрхэн шийдэх асуудлыг хөндөж, хурлаас гарах санал санаачилгыг амьдралд яаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? 

-Бид энэ хуралд Гадаад хэргийн сайдын албыг хашиж байгаа 39 эмэгтэй сайд, олон улсын байгууллагын өндөр албан тушаалтай эмэгтэй удирдагчдыг мөн урьсан. Түүнчлэн феминист болон эмэгтэйчүүдэд чиглэсэн гадаад бодлого баримталдаг улс орнуудын Гадаад хэргийн 13 эрэгтэй сайдыг урьсан. 

Өнөөдрийн байдлаар бүс нутгуудыг төлөөлсөн 9 улсын төлөөлөгчид, НҮБ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын худалдааны төв зэрэг байгууллагын өндөр албаны хүмүүс оролцохоо нотолсон. ХБНГУ-ын Гадаад хэргийн холбооны сайд Анналена Бэрбок, БНФУ-ын Гадаад болон Европын хэргийн сайд Катрин Колонна нар тус уулзалтыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн. НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Амина Мохаммед болон зарим төлөөлөгч хуралд биечлэн оролцож чадахгүй ч цахимаар санал бодлоо илэрхийлье гэсэн.  

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын яриа хэлэлцээ дэлхийн нийтэд тулгарсан сорилт бэрхшээлүүдийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хүчирхэг түлхэц  болдог индэр байж, өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна. Энэхүү уулзалтаар хөндсөн асуудлуудыг манай улс 5 жил тутам зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хурлын хүрээнд  цаашид үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 


Эх сурвалж: ГХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 6 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 9 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 9 цагийн өмнө
SDY Calling you... 9 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22