Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.28/ хуралдаан 10 цаг 27 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсаны дараа Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов. Тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив
Дараа нь Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоолоор “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан Мал эмнэлгийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдаад мөн уг тогтоолоор “... Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгуулллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба”-ыг нэмж оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасныг онцолсон.
Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтад “...өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх...;” арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан гэв.
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар салбарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, үүний улмаас малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэж танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих, мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжирна гэдгийг Х.Болорчулуун сайд танилцуулгадаа онцолсон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Ц.Туваан, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Гаалийн ерөнхий газрын хилийн мэргэжлийн байгуулага нь мах экспортлох зөвшөөрлийг өгч байгаа нь олон улсын дүрэм, журмыг зөрчиж буй гэх шалтгааныг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, малын гоц халдварт өвчний онош нь батлагдаагүй байхад нийтэд мэдээлэх, батлагаажсан тохиолдолд олон улсын байгууллагад хүргүүлэхгүй нуун дарагдуулахыг хориглоно гэж заасныг хэрхэн ойлгох талаар тодруулж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, орон нутгийн мал эмнэлгийн албаны хүний нөөцийн дутагдалдлыг хэрхэн шийдвэрлэх, малын гоц халдварт өвчнийг бууруулахад салбарын яам бодлогын шинэчлэл хийж бус эсэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудалд баримталж буй бодлогын үр дүнг илүүтэй лавласан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариултдаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсанаар салбарын яамдуудад хяналт нь очсон. Аж ахуйн нэгжүүд мах экспортлох зөвшөөрөл авахын тулд төрийн зургаан байгууллагаас 14 хоногийн хугацаатай хөөцөлддөг ажил байсан бол салбарын яамнаас хэрэгжүүлэх “Нэг цонх”-ны бодлогоор энэ үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Өнөөдөр Мал эмнэлгийн ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газрын харьяа хилийн мэргэжлийн хяналтаас мах эскпортлох гэрчилгээг олгож байгаа юм. Иймд олон улсын жишгийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газар нь мах экспортлох гэрчилгээ олгодог болгохоор хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан гэж байлаа.
Мөн тэрбээр, хуулийн төсөлд мал амьтны гоц халдварт өвчний онош баталгаажаагүй үед олон нийттэд мэдээллийг хориглосон бөгөөд онош баталгаажсан нөхцөлд тухайн малын эмч орон даяар мэдээлэхээр зохицуулсан гэдгийг хариултдаа онцлохын зэрэгцээ малын гоц халдварт өвчин нэмэгдэж буй гол шалтгаан нь малын дархлаажуулалт урьдчилан сэргийлэх вакцины төсвийн санхүүжилтийг багасгаж ирсэн явдал болон малын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээний хөлс хэтэрхий бага тогтоосонтой холбоотой. Тухайлбал, нэг үхэрт урьдчилсан сэргийлэх тарилга хийхэд 200 төгрөг байсныг 400 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч мянган үхрийг вакцинжуулахад зарцуулах ажиллах хүч, шатахуун тос зэрэг бусад үйлчилгээний зардалтай харьцуулан тооцохоор малын эрүүл мэндийн үйлчилгээний хөлс хэтэрхий бага байгаагаас сум орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээ хөгжихгүй байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Салбарын яам мах экспортлох асуудлыг квотгүй болгох, “Нэг цонх”-ны цахим үйлчилгээг нэвтрүүлэх бодлогыг баримталж байгаа. Ингэснээр өнгөрсөн онд 16 мянган тонн мах экспортолж байсан бол 2023 оны эхний хагаст гэхэд 40 мянган тонн мах экспортлоод байгаа төдийгүй Арьс ширний цогцолбор ашиглалтад орох хүртэлх хоёр жилийн хугацаанд бүх төрлийн арьс ширийг экспортлох шийдвэрийг гаргуулан ажиллаж байгааг салбарын сайд хариултдаа онцолсон.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эскпортыг төрөөс тууштай дэмжих нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин мал эмнэлгийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах дархлаажуулалт болон мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг тухайн жилийн инфляцтай уялдуулан тогтоох зохицуулалтыг холбогдох хуулийн төсөлд тусгахад салбарын яам анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 20 гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүдийн нэг Ж.Батжаргал танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Сүүлийн 20 гаруй жилийн туршид бэлчээрийг ашиглах, хамгаалахтай холбоотой эрх зүйн харилцааг сайжруулах шаардлагатай байгаа талаар ярьж, хэлэлцэж, дөрвөн удаа хуулийн төсөл боловсруулсан боловч өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй байгааг дурдаад одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуульд бэлчээрийг нийтээр, дундаа ашиглахаар зохицуулсан нь эмх замбараагүй, сорчлон ашиглах, даацыг хэтрүүлэх зэргээр улирлын хуваарьтай сэлгэж ашиглах уламжлалыг алдагдуулж, талхагдал, доройтол, цөлжилт үүсгэхэд хүргэсэн ч үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байна. Төрийн өмчийн бэлчээр дээр хувийн өмчийн мал аж ахуй эрхлэх харилцааны эрх зүйн хэм хэмжээг нарийвчлан тогтоохгүй явсаар өдийг хүрчээ гэдгийг онцлон тэмдэглэв.
Мэргэжлийн байгууллага, судлаачдын тогтоосноор Монгол Улсын нийт бэлчээрийн даац хонин толгойд шилжүүлснээр 86 сая малд тохиромжтой гэж эрдэмтэд тооцоолсон байдаг. Гэвч энэ хэмжээ 2023 оны эхэнд 120,7 саяд хүрээд байна. 1980-аад оны үед хүн амын хүнсний хэрэгцээг болон дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах төлөвлөгөөг гаргахдаа 10 жилийн судалгааны бүрэн хэмжээний дүгнэлт дээр үндэслэн тогтоож, бэлчээрийн даацыг зун, намар 87.4 сая хонин толгой, өвөл, хаварт 49.9 сая хонин толгой мал тэжээх бололцоотой гэж тодорхойлж байжээ. Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланд дурдсанаар манай улсын нийт бэлчээрийн 65.0 хувьд ургамлын бүтэц, бүрэлдэхүүн харилцан адилгүй түвшинд өөрчлөгдөж, үүний 13.0 хувь цөлжсөн, 29 хувь хүчтэй доройтжээ. Гэхдээ бэлчээр ашиглалтын ачааллын өнөөгийн горимыг цаг алдалгүйгээр өөрчилж, даацад тохируулж чадвал нийт доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаар сэргэх боломжтой гэж судлаачид дүгнэж байна. Иймд энэ боломжийг алдахгүйн тулд бэлчээрийн эрх зүйн зохицуулалтыг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байгаа тул Газрын тухай хуульд бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сэргээн сайжруулахтай холбогдох харилцааны зохицуулалтыг хуульчлан зохицуулах нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болоод байна гэж танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төсөл дээр иргэдийн саналыг сонсох зорилгоор орон даяар хэлэлцүүлэг хийх ажлыг хууль санаачлагчдын зүгээс зохион байгуулж, нийт 5 бүс нутагт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө таницуулж, малчид, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, орон нутгийн газрын болон бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сум, багийн Засаг дарга нарыг хамруулан 1000 гаруй иргэдээс санал авлаа. Хэлэлцүүлгийн үед явуулсан санал асуулгын дүнгээс харахад нийт оролцогчдын 97,7 хувь нь бэлчээр доройтож байгаатай санал бүрэн нийлсэн байна. Өнөөгийн бэлчээрийн харилцааны эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад оролцогчдын 90,6 хувь нь заавал өөрчлөх хэрэгтэй гэж хариулжээ. Бэлчээр ашиглалтын хэлбэрийн хувьд нийт оролцогчдын 46 хувь гэрээгээр ашиглах нь зөв гэсэн санал өгсөн ба 27 хувь нь малын тоо толгойн албан татварын зохицуулалт чухал гэсэн санал өгсөн гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Хуулийн төсөл нь дөрвөн зүйлтэй бөгөөд төсөлд хуульд нэмж хэрэглэгдэх нэр томьёог нэмж, бэлчээрийн ангиллыг тогтоож, тэдгээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, эдгээр харилцаанд оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, тогтоох харилцааг зохицуулахаар тусгалаа.
Хуулийн төсөл батлагдсанаар:
-Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зан заншилд суурилсан оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдэнэ;
-Бэлчээрийг нийтээр ашиглаж, хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, бэлчээрт өөриймсөг хандаж, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, малын тоог өсгөх биш ашиг шим, чанарыг эрхэмлэхэд хөрөнгө хүч зарж хамгаалах сэтгэлгээ төлөвшин, эдийн засгийн эргэлтэд оруулж борлуулах боломж бүрдэнэ;
-Малын тоог бэлчээрийн даацад тохируулах ажлыг зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, бэлчээрийн талхагдал, доройтол, цөлжилтийг бууруулж чадна:
-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг урт хугацаанд тогтвортой эрхлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал хангах нөхцөл бүрдэнэ;
-Малчид, хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхийг бэхжүүлэхэд түшиц болох зэрэг эерэг үр дагаврууд гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бэлчээрийн асуудал зөвхөн малчдын бус сум аймаг, хот суурин төдийгүй Монгол Улсын тулгамдсан асуудал болж байгааг тэмдэглээд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод төрийн бодлого, дэмжлэг үзүүлэх нь нэн чухал гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, хуулийн төслийн нэг тал нь бэлчээрийн хамгаалалт бол нөгөө хэсэгт ургуулах асуудлыг тавих нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хуулийн төслийг ерөнхий байгааг сануулаад худаг, уст цэг гаргах зэрэг зарим тулгамдсан асуудлыг хэлэлцүүлгийн явцад нарийвчлан зохицуулах шаардлагатай талаар санал хэлж байсан.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн ““Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай “Тогтоолд нэмэлт оруулах тухай”” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
Тогтоол төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг үг хэлсэн.Тэрбээр, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг шинэчлэн тогтоох асуудлыг цаашид тогтоолын хүрээнд нэмэлт оруулах ийм байдлаар бус Байгаль орчин, аялал жуулчлалын яам Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай боловсруулж, өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал хэлэв.
Гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргалаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь уг горимын саналыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна