Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга И.Баатархүү:
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой, нийт 218 хүн ажиллаж байна. Энэ жилийн хувьд наадмын бэлтгэл өмнөх жилүүдийнхээс эрт эхэлсэн тул 80 хувьтай байна гэлээ.
Тасалбар 42.000, 52.500 төгрөгийн үнэтэй
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг дахь авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийн талаар мэдээлэл өгсөн юм.
“Шоппи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батзул:
-Наадмын тасалбарыг хоёр дахь жилдээ цахимаар худалдаж байна. Ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс enaadam.mn-ээр худалдаж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй. Баяр наадмын тасалбар нь эрэлт ихтэй байдагтай холбогдуулан энэ жил серверийг өндөр түвшинд өргөтгөн бэлтгэсэн. Түүнчлэн банк болон бусад төлбөрийн системүүдийн ачааллыг бууруулах зорилгоор төлбөр төлөх хугацааг уртасган нэмэлт хөгжүүлэлт хийсэн байгаа.
Энэ жилийн хувьд наадмын тасалбар дотроо төрлүүдтэй. Хоёр өдрийн тасалбар тус тусдаа борлуулагдана. Тухайлбал, долоодугаар сарын 11-ний өдрийн наадмын нээлт, бөхийн барилдаан, долоодугаар сарын 12-ны өдрийн бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн хоёр төрлийн тасалбарыг гаргасан. Үнийн хувьд цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй хэсэгт 52,500 төгрөг, сүүдрэвчгүй хэсэгт 42,000 төгрөгийн үнэтэй байх юм. Автомашины зогсоолын зөвшөөрөл 21,000 төгрөгийн үнэтэй. Тасалбарын хүргэлтийг “Монгол шуудан” ХХК хариуцан ажиллана.
Иргэд тасалбар худалдан авахын тулд enaadam.mn сайтад бүртгүүлсэн байх ёстой. Бүртгэлээрээ нэвтэрсний дараа зогсоолын зөвшөөрөл, тасалбар гэсэн хоёр цэснээс сонголтоо хийнэ. Тасалбарын эрэлт их тул урьдчилан бүртгүүлсэн байхыг зөвлөж байна. Мөн нэг хэрэглэгч нэг өдрийн тасалбараас хамгийн ихдээ хоёр ширхэг буюу хоёр өдрийн тасалбараас дөрвөн ширхгийг худалдан авах боломжтой. Автомашины зөвшөөрлийг нэг хүнд тав хүртэлх тоогоор авахаар зохицуулсан хэмээлээ.
Түүнчлэн жуулчдад зориулсан тасалбарыг жуулчны компаниуд Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хүсэлт гарган захиална гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга И.Баатархүү онцолсон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна