Г.Занданшатар Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Санниног хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.07.05) Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Монгол Улс, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг. Европын Холбоог манай “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд энэ нь манай гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээгээд Европын Холбоо, түүний гишүүн улсууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай дэмжиж ирсэн төдийгүй цар тахлын хүнд бэрх цаг үед ч ойр дотно хамтран ажилласанд талархалтай байдгаа илэрхийллээ.

Европын Холбоотой харьцуулахад Монгол Улсын ардчилал харьцангуй залуу боловч Улсын Их Хурлаас хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг үе шаттайгаар бүрдүүлсээр байна. Тухайлбал, Монгол Улс Ази тивд Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан анхны улс болсон төдийгүй Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцээд Улсын Их Хурал анх удаагаа тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг батлан хэрэгжүүллээ. Мөн хэдхэн хоногийн өмнө парламент “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолыг батлаад байна гэлээ. 


Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийж буйгаа дурдаад Европын Холбоо, Монгол Улс нь газар зүйн хувьд алслагдсан ч, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр нэгдмэл байж, зүрх сэтгэлээрээ ойр байдаг. Европын Холбоо болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй бэхжиж буйг онцлон тэмдэглэсэн юм.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Европын Холбооноос дэмжин “Ойн түншлэл” хөтөлбөртөө хамруулан ажиллахаар болсныг дурдаад нийгэм, худалдаа, эдийн засаг, аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэв.

Хоёр талын харилцааг улам бүр бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг талууд санал нэгтэй тэмдэглээд цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх таатай нөхцөл бий болгоход үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцааны өнөөгийн төлөв байдал, хамтын ажиллагааны цаашдын чиг хандлага болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 13 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 15 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 16 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 17 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 17 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21