Үер усны гамшиг нүүрлэж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн долоо хоног


Долдугаар сард нийт нутгаар хур тунадастай, ялангуяа наадмын өдрүүдэд аянга цахилгаантай аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байсан юм. Наадмын өмнөх өдрүүдийн их хэмжээний зүсэр бороо Улаанбаатар хотын ус зайлуулах далан, суваг, инженерийн байгууламжид дүн тавилаа. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар орчимд долдугаар сарын 3-5-нд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас оржээ. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см-ээр нэмэгдсэн байна. 

Сэлбэ гол хамгаалалтын далангаа сэтлэн хальснаар олон орон сууц усанд автаад байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив. Онцгой, цагдаа зэрэг холбогдох байгууллагууд хамтран үерийн усыг соруулах, шуудуу, далан татах ажлыг зохион байгуулж буй юм. Өчигдөр өглөө Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрсэн нь одоогоор хамгийн хүндрэлтэй бүс болжээ. Голын голдирлыг шахаж “S Outlets” дэлгүүр барилга барьсан нь энэ хэсгээр далан сэтрэх нөхцөл үүсгэсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын 300 гаруй алба хаагч энд ажиллаж байна. Мөн үерийн хор уршгийг арилгах, далан өргөтгөх, босгох, шороо тээвэрлэх зэрэг ажил ид өрнөж, онцгой, цагдаа, зэвсэгт хүчний анги, инженерийн байгууламж хариуц­сан байгууллагын 200 гаруй ажилтан, алба хаагч, арав гаруй техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн нэг, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” олон улсын худалдааны төв хүртэлх Нарны зам, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас гуравдугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг долдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн нөхцөл байдал тогтворжих хүртэл хаагаад байна. 

Мөн Бага тойруугийн авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд, эмнэлэг, эмийн сан, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслээс бусдыг нь Бага тойруу доторх авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, долдугаар сарын 8-ны өдрийн 00:00 цаг хүртэл нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд болон Бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 20 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулж, үйл ажиллагааг нь цахимаар зохион байгуулах хугацаанд авч хэрэгжүүлэхээр болов.

Дурдсан хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд урлаг, спортын тэмцээн, уралдаан, нийтийг хамарсан жагсаал, цуглаан болон бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг зогсоож, хязгаарлах, үерийн аюул, гамшгийн бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх, гудамж, зам, талбай, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчныг халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд үерийн улмаас 18 байршилд аюултай нөхцөл байдал үүссэн, Туул голын эрэг дагуу эрсдэлтэй зургаан байршил байгааг Нийслэлийн онцгой комиссоос зарлав. Мөн Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин 20-30 см нэмэгдсэн, цаашид бороо үргэлжлэн орох тул нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий болсныг анхааруулж буй. 

Сар гаруйн өмнө эхэлсэн Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж, “Шувуу” ажиллагааны хүрээнд хилийн чанадаас баривчлагдан ирсэн Т.Бадамжунайг дахин нэг сараар хорих шийдвэр гарч, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, худал мэдээлэл тараасан, хахууль өгсөн хэрэгтээ шүүхээс ял сонсон гээд дуулиант хэргүүд олны анхаарлын төвд байсан долоо хоног өнгөрлөө. Төрийн тэргүүн зарлиг гаргаж Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол, анагаахын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, эмч нарын туурвисан “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээл болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд тус тус Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн нь долоо хоногийн хамгийн гэгээлэг үйл явдал байлаа.

Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 3 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 4 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… Өчигдөр
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … Өчигдөр
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06