П.Оюунаа: Боловсролын санхүүжилт, үнэлгээний тогтолцоо, хөтөлбөрийн шинэчлэл, тэгш байдлыг багц хуульд тусгасан


Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх П.Оюунаатай ярилцлаа. Тэрбээр боловсролын багц хуулийн төслийг гардан боловсруулсан хүмүүсийн нэг юм. 

 

-Боловсролын багц хуулиудын төслийг боловсруулахад гар бие оролцсон хүний хувьд энэ удаагийн багц хуулийн шинэчлэлийн гол үзэл баримтлал нь юу вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Боловсролын эрх зүйн шинэчлэл нь улсын хөгжлийн бодлого, нийгмийн болоод хувь хүний хэрэгцээнд гарч буй өөрчлөлт, боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, боловсролын олон улсын хөгжлийн чиг хандлагад гарч буй хувьсал өөрчлөлтөөс үүдэн хийгддэг гэж үздэг. Энэ утгаараа Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”, хөдөлмөрийн зах зээлийн хувьсал, технологийн нэвтрэлт, энэ хувьсал, нэвтрэлтэд дасан зохицож амьдрах, ажиллахад иргэдэд шаардлагатай байгаа шинэ ур чадвар, залуу үеийн сэтгэлгээ, хэв маяг, ковид цар тахлын дараах нөхцөл байдал, шийдэгдээгүй удсан асуудлууд зэрэг нь хуулийг шинэчлэх үндэслэл болж байгаа юм. Жишээ нь, Монгол Улсын Засгийн газраас “насан туршдаа суралцахуйн зарчимд суурилсан боловсролын тогтолцоог” хөгжүүлэх, хүний эрхэд суурилсан нийгмийн хөгжүүлэх, “Цахим үндэстэн” бодлогыг хэрэгжүүлж байна. Нийгмийн ихэнх үйлчилгээ цахимжиж байна. Тэгэхээр иргэн бүр хүний эрхийн мэдлэгтэй, цахим ур чадвартай байх зайлшгүй хэрэгцээ шинээр үүсэж байна. Үүнийг дагаад боловсролын суурь зарчмууд, зохион байгуулалтад шинэчлэл хийх хэрэгтэй болсон. 

Иймээс хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлал нь бүх хүнд ажил, амьдралын явцдаа тасралтгүй сурч, хөгжих эрх, тэгш боломж олгох, үр дүнд нь чанартай амьдралтай, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үүрэг оролцоотой байдаг, дэлхийтэй мөр зэрэгцэн ажиллаж, амьдардаг монгол иргэнийг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. 

-Боловсролын ялгаа, заагийг арилгах нь багц хуулийн нэг том агуулга гэж ойлгосон. Энэ талаар тодруулъя?

-Боловсролын ялгаатай байдал ирээдүйд нийгмийн ялгаатай байдлыг бий болгодог үр дагавартай. Боловсролын ялгаа нь хувийн болон улсын сургууль, хотын болон хөдөөгийн сургууль, түүнчлэн суралцахад бэрхшээл тулгардаг, тулгардаггүй нөхцөл байдлаас үүдэн бий болдог зүйл. Эдгээр ялгааг арилгахад чиглэсэн зохицуулалтыг боловсролын ерөнхий хуульд тодорхой тусгаад байна. 

Хувийн болон улсын сургуулийн ялгааг арилгахын тулд хувийн сургуультай байх эсвэл байхгүй асуудлыг ярихаас илүүтэй улсын сургуулиа яаж хувийн сургуулийн жишигт хүрсэн орчинтой, багштай, санхүүжилттэй, хөтөлбөртэй, сургалтын чанартай болгох вэ гэдэг асуудлыг хөндөж, хуулийн шинэчлэлдээ тусгасан. Үүнийг ч боловсролын үйл ажиллагаа эрхэлдэг ЮНЕСКО, ОУЭЗХАН зэрэг олон улсын байгууллагууд зөвлөмж болгодог. Бүх сургууль ижил стандартын орчинтой байх, сайн багшийг ажиллуулах, олон улсын жишигт хүрсэн хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн боломж нөхцөлөөр хангагдах тусгайлсан заалтууд хуульд орсон. Эдгээр зохицуулалтад хот, хөдөөгийн ялгааг арилгах шийдлүүдийг ч мөн давхар тооцсон байгаа. Тухайлбал, хөдөөгийн сургуулиудад хотын сургуулиудын адил технологийн дэд бүтэц байдаггүй учраас цахим сургалтыг ижил чанартай хэрэгжүүлж чаддаггүй. 

Сургалтын олон янзын нөөц, цахим контентыг ашиглах боломжийг бий болгоход хамгийн их үр шимийг нь дэд бүтэц сайтай сургуулиуд хүртдэг. Энэ нь сургалтын чанар, хүүхэд, залуучуудын эзэмшиж байгаа мэдлэг, ур чадварын ялгааг бий болгоод байдаг. Өөр нэг ялгаа гарах үндэслэл нь хөдөөгийн багш нарт сурч, хөгжих боломж санхүүгээс шалтгаалаад хязгаарлагдмал байдаг явдал. Ялангуяа сайн багштай байхад санхүүгийн хөшүүрэг их чухал. Энэ учраас хуулийн санхүүжилтийн хэсэгт багш нарт мэргэжлээ хөгжүүлэхтэй холбоотой зардлыг сургалтын байгууллагын хувьсах зардалд нэмж тусгадаг байх зохицуулалтыг оруулсан. Хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгахад цахим боловсрол маш их нөлөө үзүүлж байна. Иймээс цахим сургалтын байгууллагатай байх, түүнд Монгол орны өнцөг булан бүрээс хүүхэд, залуучууд суралцах, багш нар хичээл заах боломжийг бүрдүүлсэн. 

Боловсролын өөр нэг ялгаа нь суралцахад бэрхшээл тулгардаг, тулгардаггүй гэсэн асуудлаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээл, хөгжлийн онцлог, гэр бүлийн эдийн засаг, нийгмийн байдал, хэл, соёлын байдал боловсрол эзэмшихэд хамгийн их ялгааг бий болгодог. Боловсролын хуульд тэгш хамруулах боловсролын зарчмыг шинээр тусгаж оруулж, энэ зарчмыг хэрэгжүүлэх заалтуудыг оруулж өгсөн. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг дохионы хэлээр суралцах, туслах хэрэглэгдэхүүнээр хангагдах, өөрт нь тохирсон орчинд суралцах гэсэн заалтуудыг тусгасан. Тохирсон орчныг стандартаар бус техникийн зохицуулалтаар оруулж ирсэн нь бүх түвшний сургалтын байгууллага заавал дагаж мөрдөх заалт болсон. 

-Хөтөлбөрийн шинэчлэлийг сүүлийн 20 жилд ойр ойрхон таван удаа хийв үү дээ. Гэхдээ үр дүн нь гарсангүй. Энэ удаагийн хөтөлбөрийн шинэчлэлийн онцлог юу вэ?

-Хөтөлбөрийн шинэчлэл ойр ойрхон хийгдсэн нь хэдэн шалтгаантай. Юуны өмнө төрөөс боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого улс төрийн шийдэлтэй голдуу байсан. Харамсалтай нь тэр шийдлээ хөтөлбөр гэж хардаг явдал гол алдаа. Хөтөлбөр өөрчлөгдвөл бүх зүйл сайхан болчих юм шиг санасан байх. Үнэн хэрэгтээ хөтөлбөрийг багш, сургалтын байгууллага хэрэгжүүлдэг, санхүүжилт, нэмэлт хөрөнгө оруулалт шаарддаг, урт хугацаанд үр дүн нь гардаг зүйл шүү дээ. Сүүлийн 15 жилд хийсэн хөтөлбөрийн шинэчлэл ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг одоо бид 2023 оны арванхоёрдугаар сард зарлагдах PISA олон улсын үнэлгээний үр дүнгээс харах боломжтой. Энэ үед үр дүнгийн тухай хариулт илүү сонирхолтой байна байх. 

Боловсролын хуульд хөтөлбөрийн “богино-зайн” шинэчлэлээс ангид байлгах чухал заалт орсон. Энэ нь сургалтын хөтөлбөр ерөнхий боловсрол эзэмших хугацаагаар тогтвортой байна гэдэг заалт. Энэ заалтаас гадна БШУЯ-аас сургалтын хөтөлбөрийн менежментийн циклийг албан ёсоор баталж, хэрэгжүүлж байна. Энэ нь хөтөлбөрийн шинэчлэл 10-12 жилийн хугацаанд тогтвортой байх тухай зохицуулалт. Энэ циклийн дагуу эхлээд хөтөлбөрийн үзэл баримтлалаа боловсруулаад, үүнийгээ олон нийтээр зөвшилцсөний дараа хөтөлбөр шинэчлэх ажлыг эхлүүлдэг болсон. Хөтөлбөрийн үзэл баримтлалд ямар чадамжтай монгол хүнийг, яаж бэлтгэх вэ гэдэг концепцоо тодорхойлно. 

Одоогоор энэ үзэл баримтлалыг БСҮХ боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлээд эцэслэн батлуулах гэж байна. Энэ үзэл баримтлалд ямар чадамжтай хүнийг аль аль түвшинд сургаж хөгжүүлэх вэ гэдэг хүрээ гарсан байгаа. Тухайлбал, үндэсний үнэт зүйл, итгэл үнэмшил, шинжлэх ухаан, цахим технологи, англи хэлний чадамжуудыг олон нийт их дэмжсэн. Ингээд ийм чадамжтай хүнээ ямар агуулгаар, ямар хөтөлбөр, арга зүйгээр, ямар хичээлээр, хэдэн цагаар хөгжүүлэх, ямар хэрэглэгдэхүүн ашиглах, яаж үнэлэх, мөн хэр хэмжээний санхүүжилтээр вэ гэдгээ хөтөлбөрийн шинэчлэлд тодорхой зааж өгч, хэрэгжүүлнэ. Ингэж батлагдсан үзэл баримтлал, хөтөлбөр 10 жилдээ тогтвортой байна. 10 жилийн хугацаанд сайжруулалт мэдээж хийх боломжтой. Гэхдээ үзэл баримтлал хөтөлбөрийн үндсэн концепцоо бол хөндөхгүй гэсэн үг. 

-Боловсролын санхүүжилтийн тогтолцоог хэрхэн шинэчлэх вэ. Хувьсах зардал гэж бий. Үүнд өөрчлөлт оруулах уу?

-Энэ удаагийн хуулийн шинэч­лэлийн таван чухал асуудлын нэг нь санхүүжилт байгаа юм. Сан­хүү­жилтэд гурван үндсэн зар­чим шинээр орж ирсэн. Нэг­дүгээрт, байгууллагыг биш сурал­­цагчийг санхүүжүүлэх, хоёр­­дугаарт гүйцэтгэл, үр дүнд суурилах, гуравдугаарт гарааны тэгш боломжийг бүр­дүүлэх. Үүнтэй холбогдуулан сургалтын байгууллагын хувьсах зардлын бүрэлдэхүүнд энэ гурван зарчмаа дагасан итгэлцүүр оруулж ирж байгаа. Суралцагчийг санхүүжүүлэхэд ялгаатай байдлыг харгалзсан итгэлцүүрийг тодорхойлсон. Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг хэрэгжүүлэхэд багшаа дэмжихгүйгээр ямар ч үр дүн гарахгүй. Ийм учраас хувьсах зардалд багш хичээл сургалтаа чанартай зохион байгуулахад шаардагдах хэрэглэгдэхүүний болон өөрийгөө хөгжүүлэх мэргэжлийн хөгжлийн зардлыг тусгаж өгсөн. Гарааны тэгш боломжийг бий болгоход сургалтын байгууллагад шаардлагатай орчин бүрдүүлэх, хэрэглэгдэхүүн авах, дэд бүтцийг сайжруулахад шаардагдах санхүү­жилтийг сургалтын байгууллага өөрөө шийдэж захиран зарцуулах хагас бие даасан эрх мэдлийг олгосон заалтуудыг тусгасан. 

-Үнэлгээ. Энэ бол ЕБС-аас эхлээд их, дээд сургууль хүртэл шат шатанд асуудал дагуулдаг. Боловсролын багц хуульд энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Тийм ээ. Үнэлгээ их чухал бас төвөгтэй асуудал. Багц хуулиар хөндлөнгийн үнэлгээний тогтолцоог бий болгохыг зорьсон. Манайд хамгийн их тулгамдаж байгаа асуудал “худлаа” үнэлгээ. Энэ хувь хүний амьдралд ч, байгууллагад ч улс оронд ч сөрөг үр дагавартай. Тухайлбал, аав, ээжүүд хүүхдээ сайн сургуульд оруулж, ирээдүйд ажил, амьдралд нь амжилт гаргахыг хүсдэг. Гэтэл багш нь хүссэн ур чадварыг нь эзэмшүүлж чадахгүй байгаа мөртлөө “маш сайн” гээд үнэлээд яваад байдаг асуудал нийтлэг байдаг. Энэ бол тухайн хүүхдийн ирээдүйг баллаж, хууран мэхэлж байгаа асуудал шүү дээ. Сургуулийн, багшийн үнэлгээ хөндлөнгийн үнэлгээгээр баталгааждаг байх нь энэ асуудал гаргуулахгүй байхад эерэг нөлөөтэй. Нөгөө талаас бид боловсролд тухайлбал, 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувийг зарцуулж байна. Боловсролынхоо үр дүнг сургууль, багшийн хийсэн үнэлгээгээр л тодорхойлж ирсэн. “Худлаа” үнэлээд байхаар тулгамдаж буй асуудлаа шийдэхгүй, юу болж байгаа, юу болохгүй байгаа, санхүүжилт хаанаа болоод хаанаа дутаад байгаагаа мэдэхгүй явсаар асуудал архагшиж, мухардалд ордог. Ингээд асуудлын шалтгаанаа эрдэг. Гэтэл “худлаа” үнэлгээний шалтгааныг ч хэлж өгөхгүй “хав дарчихдаг”. Ийм хортой. Тэгэхээр бид ажлаа хэр зэрэг гүйцэтгэж байгаа, ямар үр дүнд хүрэв, хаанаа алдав, иргэнийг чанартай хөгжүүлж чадаж байна уу гэдгээ дүгнэдэг өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний тогтолцоог бий болгохыг зорьж багц хуулиуддаа тусгасан. Энэ өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үр дүнгээ гурван жил тутам баталгаажуулдаг. Мөн олон улстай харьцуулахад ямар түвшинд байгаагаа тодорхойлох зорилгоор олон улсын үнэлгээний заалт мөн орсон. 

-Боловсролын байгууллагыг улс төрөөс ангид байлгах зохицуулалт хуульд туссан. Энэ зохицуулалтын талаар жаахан дэлгэрүүлж яримаар санагдлаа. Их, дээд сургуулийн удирдлага, ТУЗ-ийг хэрхэн улс төрөөс ангид байгуулах вэ, ерөнхий боловсролын сургуу­лиудын удирдлагуудыг орон нутгийн Засаг дарга томилдог байдлыг өөрчлөх үү гэх мэт?

-Боловсролын байгууллага гэхээс илүүтэй салбар маань улс төрөөс ангид байх тухай асуудлыг энд эхэлж яримаар байна. Манай улсад сүүлийн жилүүдэд салбарын бодлогын шийдвэр улс төрөөс хараат байдаг нэг тийм хандлага бий болчихлоо л доо. Улс төрөөс хараат, нэг салбар дангаараа шийдвэр гаргадаг баймааргүй байна. Боловсрол бүх салбарт хамаатай. Нэг тохиолдол ярья л даа. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Зорилтот хөтөлбөр гэдгийг чиглэл бүрээр боловсруулах ажлыг өнгөрсөн жил хийсэн юм. Бүх салбар өөр өөрийн хариуцсан чиглэлээр зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулж байсан. Бүх салбар тулгамдаж буй асуудлаа тодорхойлох хэрэгтэй болсон. Тэгсэн бүгд нэг ижил асуудал дээр тулсан. Тэр нь хүний нөөцийн чанар, нийлүүлэлт. Бүгд боловсролын багт ирээд манайд тэдэн чадамжтай мэргэжилтэн хэрэгтэй, төдий тооны мэргэжилтэн хэрэгтэй, манай одоо ажиллаж байгаа хүний нөөц тасралтгүй хөгждөг баймаар байна гээд л. 

Тэгээд эргээд тэднээс та нар ямар чадамжтай, хэдэн мэргэжилтэн хэрэгтэй гэдэг захиалгаа боловсролынхонд өгсөн үү гэхэд бүгд хариултгүй. Ингэхээр боловсролын салбарын шийдвэр хамтын байх нь ямар чухал вэ гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр салбар дундаа олон талын төлөөлөлтэйгөөр ялангуяа бодлогын шийдвэр гардаг, зөвшилцдөг байх нь “шийдвэр гаргалтын” төвлөрлийг сарниулахад хэрэгтэй бас олон талын оролцоот шийдвэр “санах ойтой” байхад их хэрэгтэй гэж бодож байна. Ийм учраас Боловсролын үндэсний зөвлөлтэй байх, зөвлөл бүх салбарын эрэлт, хэрэгцээ, хөгжлийн асуудлаа уялдуулж шийдвэр гаргадаг, зөвшилцдөг байх, нэг хүний бус хамтын шийдвэртэй байх асуудлыг хуульд шинээр оруулсан. 

Бас нэг томоохон шинэчлэл бол орон нутгийн боловсролын газрын даргын томилгоог Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд шилжүүлсэн. Энэ нь салбарын бодлогын залгамжийг хангах, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бодлогын шинэчлэлийг нэг гараар удирдах, мэргэжлийн удирдлагыг бий болгоход эерэг үр дүн авчирна гэсэн хүлээлт бий. Маш энгийн жишээ хэлье л дээ. Боловсролын салбарын жилийн төлөвлөгөө гэж гардаг. Орон нутгийн Боловсролын газрууд энэ төлөвлөгөөнд үндэслэж төлөвлөлтөө хийж байж салбарын бодлого хэрэгжинэ. Гэтэл Засаг даргын томилсон дарга нар даргынхаа төлөвлөгөөг хэрэгжүүлж гэрээгээ дүгнүүлэхээс бус салбарын төлөвлөлтийг төдийлөн авч үздэггүй нөхцөл байдалтай олон жил явж ирсэн. 

Сургалтын байгууллагын тухайд өөрийн удирдлага нь цэцэрлэг, сургуульд зөвлөл, мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад удирдах зөвлөл байхаар тусгагдсан. Удирдах зөвлөлийг сургалт, судалгаа, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй чухал оролцоотой байдаг талуудын төлөөлөлтэй байх, бүрэлдэхүүний шийдвэрийг төр болон оролцогч бусад талууд хамтарч шийддэг байхаар зохицуулсан. 

Сургууль, цэцэрлэгийн захирлыг орон нутгийн Боловсролын газрын дарга томилдог байхаар хуульчилж байгаа нь эргээд л мэргэжлийн удирдлагатай болох, сургууль, цэцэрлэгт бодлогын хэрэгжилтийг удирдах, зохион байгуулахад их чухал болно гэж хүлээж байна. Шийдвэр нэг шугаманд байх нь орон нутгийн улс төрийн нөлөөг сарниулах, бодлогын хэрэгжилтэд ахиц гаргахад тустай гэж бодож байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын захирлыг Удирдах зөвлөл ажлын байранд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад ажлын гүйцэтгэл, үр дүнд үндэслэн томилох зохицуулалт орж байгаа.

 Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 2025/05/09
Ялалтын уухайтай өдрүүд 2025/05/09
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06