Монгол Улсын Их хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хааж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэе.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган ажлын 82 өдөр үргэлжилж, 200 шахам хууль, УИХ-ын 65 тогтоол баталснаар өндөрлөж байна. Чуулганыг хааж хэлэх үгийнхээ эхэнд гамшгийн хэмжээнд хүрээд буй үер усны асуудалд та бүхний анхаарлыг хандуулъя. Улаанбаатар хотын нэг хэсэг, зарим аймаг, хот суурин газрууд үерийн усанд автаад байна. Нийслэлийн Сэлбэ голын дагуух 26 хорооны 31.6 мянган өрхийн 128 мянган хүн энэ үерт өртөөд байна. Нийт 11 байршилд гудамж, зам, 108 барилга байгууламж усанд автаж, 19 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болоод байна. Орон гэр нь усанд автаж, тог цахилгаангүй болсон айл өрх, ард иргэд эд хөрөнгөө биш, амь насаа бодохоос аргагүй байдалд хүрчээ. Гамшигт байдал өндөр настнууд, нялх балчир хүүхдүүдэд онцгой хүндээр тусаж байна. Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 7-р сарын 8-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж байна. ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж байна. Цаг наргүй, хүч нөөц, байгаа бүхнээ шавхан ажиллаж байгаа нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын ажилтан, алба хаагчдад УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Гэвч тэдэнд нэмэлт хүч, тусламж дэмжлэг хэрэгтэй байна. Тиймээс шуурхай зохион байгуулалт хийж, шаардлагатай бол бусад боломж, нөөцийг татан оролцуулах шаардлагатай байна.
УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн Нийслэлийн Засаг дарга, холбогдох байгууллага, иргэд сонгогчидтойгоо хамтарч, өөрөөс хамаарах дэмжлэг туслалцааг үзүүлэхэд анхаарахыг хүсье. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наадмын өдрүүдэд ч бороо устай байж магадгүй байгааг хаа хаанаа бодолцох хэрэгтэй.
Тэнгэр онгойж, бороо татарч, үер усны аюул холдоно оо. Дараа нь яах вэ гэдгээ одооноос төлөвлөх хэрэгтэй байна. Задарсан далан, усанд автсан гудамж талбайг засаж сайжруулах, цаашид учирч болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Үер усанд автсан газарт бохирдлоос үүдэлтэй халдварт өвчний нөхцөл үүсдэгийг манай эрүүл мэндийн байгууллагынхан сайн мэддэг. Тиймээс авах арга хэмжээгээ тооцож төлөвлөж байгаа гэдэгт найдаж байна.
Энэ эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад холбогдох бүхий л байгууллагуудын хамтын оролцоо, иргэд оршин суугчдын сэтгэл зүтгэл нэн чухал байгааг онцлон тэмдэглэе.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Үүссэн үерийн нөхцөл байдал нь хот төлөвлөлтийн алдаа завхрал, замбараагүй газар олголттой холбоотой нь хэнд ч тодорхой байна. Энэ бүхэн бол засаглал сул, авлига газар авсны нэг үр дагавар гарцаагүй мөн. Чухам тийм учраас хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ миний бие “Энэ удаагийн чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно” гэж хэлсэн юм. Үүний дагуу энэ удаагийн чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиудыг баталж гаргалаа. Авлигаас ангид нийгэм, авлигаас татгалздаг, ёс зүйтэй төрийн албан хаагч эрүүл нийгэм, шударга төр оршихуйн үндэс билээ.
Авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэх ёстой. Ингэж байж бид төрийг авлигаас ангижруулж чадна. Бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтооход шинээр баталсан хөтөлбөр чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа гагцхүү хуульд захирагддаг, ёс зүй, хариуцлагад суурилдаг байх ёстой. Энэ зарчмыг бид хуульд тусгасан.
Энэ чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төрийн зарим өндөр албан тушаалтнууд болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг болон төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглосон агуулга бүхий заалтууд орсон. Шударга ёсыг тогтооход, алба тушаал, эрх мэдлээр далимдуулан бусдаас давуу байдал эдлэх боломжийг хязгаарлахад энэ хуулийн зохицуулалт чиглэж байгаа юм.
Энэ дашрамд УИХ хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй ажлын талаар товч дурдъя гэж бодож байна. Хяналт шалгалтын хуулийн дагуупХөгжлийн банкны, нүүрсний гэх мэт олны анхаарлыг татсан, авлига үнэртсэн асуудлуудаар УИХ Түр хороод байгуулан ажиллаж байгаа. Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийн асуудалтай холбоотой 7.8 их наяд төгрөгийн хэргийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалсан Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 3 үе шаттай хийсэн. Сонсголын хэлбэр, үр дүн олны анхааралд орж чадсан. Түүнчлэн саяхан болсон Хөгжлийн банкны хэргийг шүүсэн шүүх хуралд сонсголын үр дүн дөхөм үзүүлсэн байх. “Нүүрсний” асуудлаар Түр хороо байгуулан ажиллуулж байгаа. Саяхан миний бие захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртай. Улмаар энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгож байна. Үүнд УИХ-ын үйл ажиллагаанд удахгүй нэвтрүүлэх E-petition систем чухал үүрэг гүйцэтгэх ёстой.
Эрхэм гишүүд ээ,
Хаврын чуулганы эхэнд манай парламент 3 чиглэлээр 10 багц эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаагаа дурдсан. Энэ зорилгодоо бид томоохон алхмуудыг хийж чадлаа. Намрын чуулганаар хийсэн эрх зүйн шинэчлэлүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг зориуд онцлон дурдъя. Энэ өөрчлөлтийн гол зорилго нь төлөөллийн ардчиллыг буюу парламентат ёсыг бэхжүүлэх, “Ард түмэн засаглаж байх” Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулахад чиглэсэн. Улсын Их Хурлын гишүүд эрх мэдэлтэн, дарга биш, харин ард түмнийхээ “элч төлөөлөгч” байх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл болсон энэхүү өөрчлөлт зөвхөн гишүүдийн тоог нэмсэн төдий өнгөц өөрчлөлт биш ээ. Харин ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөллийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн юм.
Дэлхий дахин олон туйлтай болон задарч, геополитикийн зөрчилдөөн хурцдаж, тектоник шилжилт хийгдэж байна. Энэ нь улс орнуудад аюулгүй байдлын баталгаагаа зайлшгүй эргэн харах нөхцөлийг үүсгэж байгааг судлаач шинжээчид онцолж байгаа. Ийм үед Монгол Улс тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ардчилсан нийгмийн амин сүнс болсон парламентын засаглалаа хамгаалж, улам төгөлдөржүүлэх нь нэн чухал юм. Тиймээс бид энэхүү өөрчлөлтийг засаглалын институцүүд, улс төрийн намууд, УИХ-ын гишүүдийнхээ дийлэнх олонхын нэгдмэл ойлголт, нийтлэг хүсэл эрмэлзлийн үндсэн дээр хийж чадлаа. Хувь хүний биш, Монголынхоо эрх ашгийн төлөө нэгдэж хийсэн энэ чухал алхамд Монголын ирээдүй талархах болно. Парламентын төлөөллийн чадавхыг илүү сайн хангах сонгодог зарчимд нийцүүлэн хийсэн энэ өөрчлөлт манай засаглалын тогтолцоог шинэчлэх суурь реформ болох нь дамжиггүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлттэй уялдуулан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг улс төрийн намуудын зөвшилцлийг ханган баталлаа. УИХ-ын 126 гишүүний 78-ыг мажоритараар, 48-ыг пропорциональ аргаар сонгохоор хуульд тусгасан. Жагсаалтаас гишүүдийг сонгоход Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байхаар заалаа. Гадаадад байгаа иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг нээж өглөө. Намууд болон намуудын эвслийн парламентад сонгогдох босгыг нийт сонгогчдын 4-7 хувь байхаар хуульчилсан. Сонгуульд нэр дэвшигчдийн гаргах зардлын хэмжээг хязгаарлаж, “мөнгөний” сонгуулиас татгалзах эрх зүйн шинэ орчин бүрдлээ. Түүнчлэн нэр дэвшигчдийн хүйсийн төлөөллийн харьцааны талаар урьд өмнө байгаагүй дэвшилт өөрчлөлтийг хуульд тусгаж чадсаныг тэмдэглэе.
Засаглалын тогтолцооны шинэчлэлийг улс төрийн намын шинэчлэлээс ангид авч үзэх аргагүй билээ. Иймээс Улс төрийн намын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлснийг хэлэлцэн, баталсан. Энэ хууль 1990 онд анх батлагдаж, 2005 онд шинэчлэн найруулснаас хойш огт салхи ороогүй байсан юм.
Өнөөдөр Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 36 нам байна. Иргэдээс намуудын санхүүжилт ил тод биш, мөнгөнөөс хамааралтай, бүлэглэлийн зохион байгуулалттай болсон гэж шүүмжилдэг. Намууд бодлогын институц болж төлөвшиж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс энэ хуулиар намыг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, татан буулгах, тараах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл асуудлыг нарийвчлан хуульчилсан. Намд төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, түүний шалгуур, хуваарилалт, гишүүний татвар, хандив, санхүүжилтийн ил тод байдал, тайлагнал зэрэг олон асуудлыг хуульд шинээр тусгалаа. Нийгмийн бодлогын эрх зүйн реформдоо бид бас томоохон алхам хийж чадлаа. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын багц хуулиудыг батлан гаргалаа. Аль аль нь олон жил ярьсан шинэчлэлийн бодлого хэрэгжихэд чухал алхам болно.
Тэтгэвэр тогтоох орлогыг хөдөлмөрийн хөлсний дараалсан 7 жилээр тооцдог болсныг 5 жил болгон багасгалаа. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр боллоо. Тэтгэвэр тогтооход итгэлцүүр хэрэглэж, цаашид тэтгэврийн зөрүү үүсэхгүй байх эрх зүйн орчин бүрдүүллээ. Нэрийн дансны орлогыг үе шаттайгаар мөнгөжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн бодит хуримтлалтай болох тогтолцоо бүрдэж байна. Шинэ хуулиар тэтгэвэр авагч нас барсан бол эхнэр, нөхөрт нь 2025 оноос эхлэн тэтгэврийн тодорхой хувь нь өвлөгддөг болно. Асрамжинд нь байсан гэр бүлийн гишүүн нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрх энэ хуулиар нээгдсэн.
Боловсролын тогтолцоог шинэчилж, боловсролыг зөвхөн танхимаар биш, албан, албан бус болон амьдралын орчинд суралцахуйн тогтолцоо байхаар өөрчиллөө.
Багшийн нийгмийн баталгааг сайжруулж, ажилласан хугацаанаас нь хамааруулан нэмэгдэл тэтгэмж олгохоор заасан. Боловсролын салбарыг чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, сургуулиа биш сурагчаа дагадаг хувьсах зардлын зарчмыг баталгаажууллаа.Сургуулиудын удирдлагын босоо тогтолцоог бий болгож, томилгоонд улстөрчид оролцдог байдлыг халж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын зарчимд нийцүүлсэн. Олон улсын чиг хандлагад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагыг их сургууль, коллеж гэсэн ангилалтай болгож, дээд сургууль гэсэн ангиллыг 2027 оноос хүчингүй болгохоор хуульд тусгасан. Мөн их сургуулийг судалгааны, сургалтын, төрөлжсөн гэж ангилж, Консерватор болон технологийн коллежийн талаар тодорхой тусгаж өгсөн.
Эрхэм гишүүд ээ,
Энэ удаагийн чуулганаар бид Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийсэн. Хоёр жил гаруй үргэлжилсэн цар тахлын эрсдэл цаашилж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэний хэрээр төсвийн орлого төлөвлөснөөс нэмэгдсэн. Ялангуяа нүүрсний экспортод тавих хяналтыг чангатгаж, хил гааль, боомтын үйл ажиллагааг идэвхжүүлсэн нь ийм өсөлт гарахад чухал нөлөө үзүүлсэн. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ болон инфляцын өсөлт, орлогын хомсдол иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байгаа. Тиймээс энэ нэмэлт эх үүсвэрийг иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зүйтэй гэж УИХ, Засгийн газар үзсэн юм. Тодотголыг юуны өмнө Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт хүртээж, ингэхдээ 2023 оны эхний хагас жилийнхийг нөхөж олгох нь зүйтэй гэж үзсэн. Хоёрт, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, гуравт, нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх, дөрөвт, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, тавд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гэсэн 5 асуудалд чиглүүлсэн болно. Эдгээрт нийтдээ 1,8 их наяд төгрөгийн нэмэлт санхүүжилтийг зарцуулахаар хуульчилсан. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхдээ тэтгэврийн зөрүүг индексжүүлэн арилгахад чиглэгдсэн бодлогын шийдвэр гаргалаа. Энэ нь УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг хангах, тэтгэврийн шинэчлэлийг хийх урьдач нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган ихээхэн ачаалалтай байж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх асуудлуудаар эрх зүйн томоохон реформ хийсэн ШИНЭЧЛЭЛИЙН ЧУУЛГАН болж чадлаа гэж дүгнэж болохоор байна. Удахгүй Монголын ард түмний их баяр Наадам болно. Сайхан наадахын ерөөлийг УИХ-ын гишүүдийнхээ нэрийн өмнөөс Монгол түмэндээ дэвшүүлье.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.
Улаанбаатар хот
2023.07.07
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна