Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.07.07) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Хууль тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ, хууль зүйн судалгаа хийх чадавхыг сайжруулах, парламентын судалгааны албыг өргөтгөн зохион байгуулах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг Улсын Их Хурлын Тамгын газарт шилжүүлэх арга хэмжээний хугацаа, төсөв, зардлын асуудлыг төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь үг хэлж, хуульч, судлаачдыг бие даасан, мэргэжлийн үйл ажиллагаанд Улсын Их Хурал нөлөөлөхгүй байх талаар санал илэрхийлсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хурааж, Улсын Их Хурлын чуулганы хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар батлагдсан хууль, тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг уншиж сонсгов.
Үүгээр Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Чуулганыг хааж үг хэлэхдээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, нийслэлд тохиолдоод буй үерийн гамшгаас даван туулахад хүч, нөөцөө шавхан ажиллаж буй Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын ажилтан, алба хаагчид болон ард иргэдтэй хамтран ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдэд чиглэл болгов.
Тэрбээр, хаврын чуулганыг “авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно” хэмээн хэлснээ сануулж, үүний хүрээнд баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг онцлов. Шударга ёс тогтоох, алба тушаал, эрх мэдлээр бусдаас давуу байдал эдлэхийг хязгаарлахад эдгээр хууль, үндэсний хөтөлбөр чиглэж байгааг тэрбээр тэмдэглээд, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүрэг үр дүнтэй хэрэгжиж байгааг дурдав.
Улсын Их Хурлын гишүүд бол дарга биш ард түмний “элч төлөөлөгч” байх тогтолцоог бэхжүүлэх үүднээс гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд бататгасан нь энэ чуулганы чухал үр дүн болж байгааг тэрбээр онцолж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулиуд, нийгмийн даатгалын болон боловсролын багц хуулийг баталсан нь эрх зүйн томоохон шинэчлэлт болж буйг дурдав. Тэрбээр, энэ бүхнийг хийхийн тулд Улсын Их Хурлын ээлжит чуулганы үйл ажиллагаа ихээхэн ачаалалтай болж дуусаж байгааг өгүүлж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх асуудлуудаар эрх зүйн томоохон реформ хийсэн шинэчлэлийн чуулган боллоо хэмээн дүгнэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна