УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганы хаалтын өдөр ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон. 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын дагуу 62 хуулийн төслийг хэлэлцэнэ. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай зэрэг хууль, тогтоолын төслүүдийг тухай бүр нь хэлэлцүүлэх зарчмыг баримталжээ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад иргэний эрхийг хангаж, хамгаалах чиглэлд цөөнгүй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, Ард нийтийн санал асуулгын тухай болон Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай болон Дохионы хэлний тухай, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр жагсаалтад багтаажээ.
Түүнчлэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон Ашигт малтмал, Байгалийн ургамлын тухай хуулийг хэлэлцэнэ. Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлснээс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж байхаар тогтоосон байна. Түүнчлэн УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороод болон УИХ дахь намын бүлгүүд, Засгийн газар болон УИХ-ын Тамгын газарт тус тус үүрэг болгосон юм.
Ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиудад Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийг багтаасан. Энэ хуулийн тухайд өнгөрсөн 2020 онд өөрчлөлт оруулсан бөгөөд Төрийн ордны нутагт дэвсгэрийн хэмжээ, дотоод журмаас гадна дотоод зохион байгуулалт, тавигдах шаардлага, хориглох зүйл, хамгаалалт үйлчилгээ, санхүүжилт зэргийг зохицуулдаг. Ирэх намрын чуулганаар тус хуулийг шинэчлэн найруулах үндсэн шаардлага нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой. Учир нь өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Үндсэн хуулийг өөрчлөн баталсан. Ингэхдээ тус хуулийн 21.1 дэх хэсгийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулсан юм. Үүний дагуу манай улсын улс төрийн тогтолцоо шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэн бөгөөд ирэх онд болох УИХ-ын сонгууль олон талаар онцлогтой болно. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжсэнээс хойш УИХ-д 76 гишүүнийг сонгодог байсан бол ирэх жил бараг хоёр дахин олон хүнийг УИХ-ын гишүүнээр сонгоно.
Төрийн ордны зохион байгуулалтын тухайд ч 76 гишүүн ба нэгдсэн хуралдааны танхим, байнгын хороодын заал, гишүүдийн ажлын алба зэргээр тогтсон зохион байгуулалттай байсаар өдийг хүрсэн. Тэгвэл ирэх жилийн сонгуулийн дараачаас шинэчлэн зохион байгуулах шаардлага үүсэж байгаа юм. Төрийн ордны тухай хуулийг шинэчлэн найруулснаар энэ асуудлыг зохицуулахаар төлөвлөжээ. Төрийн ордны тухай хуулийн 6.1-д Төрийн ордны дотоод зохион байгуулалт, өрөө тасалгааны хуваарилалтыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ЗГХЭГ-ын даргатай санал солилцсоны үндсэн дээр УИХ-ын дэд дарга ажлын байрны жишиг шаардлагад нийцүүлэн тогтооно” хэмээн заасан байдаг. Үүний зэрэгцээ УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлж, Төрийн ордны барилга байгууламж, нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны танхим, өрөө тасалгааны зохион байгуулалтыг өөрчлөх үүднээс Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг наймдугаар сарын 1-ний дотор УИХ-ын Тамгын газарт шилжүүлэхээр болсон. Тус хүрээлэнгийн тухайд Төрийн ордны баруун талд байрладаг. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж, чиг үүргийг нь УИХ-ын Тамгын газарт нэгтгэх шийдвэрийг хаврын чуулганы төгсгөлд гаргасан юм. Улмаар тус хүрээлэнгийн байрыг ирэх наймдугаар сарын 1-ний дотор УИХ-ын Тамгын газарт шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн.
Ингэснээр 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын Тамгын газрын зарим ажилтныг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд суулгахаар төлөвлөөд байгаа ажээ. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлыг албыг Их тэнгэр рүү нүүлгэхээр болоод буй. Ийнхүү УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа Төрийн ордны тухай хууль болон зохион байгуулалтыг шинэчлэхээс гадна байр сууцыг ч шинээр гаргахаар болж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна