Наадмын өдрүүд тохиосон урт амралтын долоо хоног өндөрлөж, өнгөрсөн даваа гаргаас төр, захиргааны байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүд албан ёсоор ажлаа эхлэв. Наадмын өмнөх долоо хоногт Улаанбаатар хот орчимд сүүлийн 50 жилд тохиогоогүй их бороо орсны улмаас, үер буун гамшгийн нөхцөл байдал үүсэж, Сэлбэ голын үерийн далан сэтэрч олон орон сууц, барилга усанд автан иргэд, аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учирсан. Үерийн улмаас нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм. Байгалийн гамшигтай нүүр тулсан өдрүүдэд дэлхий нийтийн анхаарал Улаанбаатарыг чиглэсэн нь наадмын өмнө болсон Монголын эдийн засгийн форумтай холбоотой. “Монголд тавтай морил” уриатай уг форумд гадаадын зарим улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид Монголд чуулсан юм.
Долдугаар сарын наймны өдрийн 06:00 цагаас есний өдрийн 06:00 цаг хүртэл ганц хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотоос орсон гарсан тээврийн хэрэгслийн тоон мэдээг үзэхэд нийт 10458 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орж, 45561 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан байв. Өдөрт 45 мянга гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатараас орон нутгийг зорьж байсан гэхээр наадмын өдрүүдэд нийслэл хот бараг эзгүйрсэн гэсэн үг. Үүнийг батлах статистик ч байна. Долдугаар сарын 10-наас 16-ныг дуустал буюу баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос гарах төлбөр авах таван цэгээр нийт 843 мянган тээврийн хэрэгсэл зорчжээ. Наадмын дараах энэ өдрүүдэд ч гэсэн Архангай, Говь-Алтай, Завхан, Хэнтий, Төв гэсэн таван аймгийн 100 жилийн ой хаяанд ирж, тухайн аймгуудын сумд 100 жилийн ойгоо өчигдрөөс эхлэн тэмдэглэж эхэлсэн тул Улаанбаатар сэлүүхэн хэвээр байна.
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн хурал Канад Улсын Ванкувер хотод өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 9-14-ний өдрүүдэд болж, ФАТФ-ын 40 зөвлөмжийн ашгийн бус байгууллагатай холбоотой “Зөвлөмж 8”-ын техник хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын явцын тайланг хэлэлцэж баталжээ. Уг хурлаас өмнө нь “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан “Зөвлөмж 8”-ыг “бүрэн хэрэгжүүлсэн” болгож техник хэрэгжилтийн үнэлгээг амжилттай ахиулсан байна. Ийнхүү Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон, дэлхийн улсуудаас тав дахь орон болсон нь наадмын дуулианд дарагдаад өнгөрснөөс биш хамгийн гэрэл гэгээтэй мэдээ байлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан даваа гарагт болж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүх, “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар Н.Будбаяр нарыг томилжээ. Б.Отгонсүхийн хувьд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн захирал, Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд, төслүүдийн удирдагч, Замын-Үүд дэх гаалийн газрын дарга, Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргаар ажиллаж байсан юм.
Сүүлийн хагас жилийн турш олны анхаарлын төвд байгаа дуулиант хэргүүдээс Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал сар гаруйн турш үргэлжилсний эцэст энэ сарын долоонд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцуулсан. Мөн “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас баривчлагдан ирсэн УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайгийн цагдан хоригдох хугацааг наадмын өмнөхөн дахин нэг сараар сунгасан юм. Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлснээр Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээгүй байгаа аж. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн. Одоогоор тус газраас Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Түүнчлэн нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цагдан хоригдох хугацааг мөн сунгаад байгаа. Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмааг сул чөлөөтэй явж байгаа талаар энэ долоо хоногт цахим орчинд дуулиан дэгдэв. Түүнд шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчих боломжгүй юм. Уг шийдвэрийг эсэргүүцэж, тэрбээр давж заалдсан ч давж заалдах шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 18-нд түүний гомдлыг хэлэлцэж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Харин уг шийдвэрийг Ч.Маралмаа дахин эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр түдгэлзэж, тэрбээр өдгөө эрх чөлөөтэй яваа. Улсын дээд шүүх энэ сарын 5-нд түүний гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр тогтоолоо өнгөрсөн даваа гарагт Ч.Маралмаад албан ёсоор гардуулан өгчээ. Тогтоол анхан шатны шүүхэд очсоны дараа тав хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдэж, Ч.Маралмаа цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулах юм.
Наадмын өмнө нийслэлийнхнийг сандаргасан үерийн аюул энэ долоо хоногт, мөн ирэх өдрүүдэд ч гэсэн орон нутагт түгшүүрийн харанга дэлдсэн хэвээр байх төлөв гарчээ. Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймгийн нутгаар урсах Дэлгэрмөрөн, Шишгэд, Идэр, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин өмнөх өдрөөс 20-90 см-ээр нэмэгдэж хүчтэй үерлэж байгаа аж. Орхон голын нийт уртын голын усны түвшин 15-165 см нэмэгдэж, Орхон гол Хархорин орчимд үерийн аюултай түвшинг 135 см даван хүчтэй үерлэжээ. Чулуут, Хойд Тамир, Хануй, Түй, Таац, Заг, Идэр зэрэг голын усны түвшин мөн өмнөхөөс 25-80 см нэмэгдэж Зэгэстэй, Хөгшин-Орхон, Онги голууд үерийн аюлтай түвшинг 15-35 см-ээр даван үерлэжээ. Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр голуудын усны түвшин ч 30 см-ээр нэмэгдэж байгаа аж. Долдугаар сарын 19-ний байдлаар л гэхэд Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд усны түвшин 35 см, Хэрлэн гол Чойбалсан хот орчимд 30 см тус тус нэмэгджээ. Тиймээс дурдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна. Ийнхүү их хэмжээний борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинг давж байгаа бол ирэх өдрүүдэд говь, тал хээрийн нутаг болон хангайн зарим хэсгээр хэт халах төлөвтэй байна.
Г.Санчир
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна