Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Тус хурлаар гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгах, хариу арга хэмжээ авахад зарцуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд тухайн жилийн төсвийнхөө нэг хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгахыг даалгалаа. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан 21 аймгийн удирдлагуудтай хуралдаж, дараах чиглэлүүдэд үүрэг даалгавар өгсөн байна. Ингэхдээ цаг үеийн нөхцөл байдал буюу үер, усны осол болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангуулах, газар тариалан, эрчим хүч, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатайг сануулсан юм. Энэ оны долдугаар сар гарснаас хойш монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг даван үерлэж, зарим газарт үерийн далангаа даван хальж үерлэсэн. Үерийн улмаас өнөөдрийн байдлаар долоон хүн амиа алдаж, 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1500 гаруй толгой мал хорогдож, улсын чанартай авто замын зургаан байршилд эвдрэл гэмтэл гарсан байна.
Тиймээс мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага хамтран үерийн хамгаалалтын далан, зам, талбайн ус зайлуулах зориулалттай инженерийн байгууламжид үзлэг, шалгалт зохион байгуулах, далан, суваг, шуудууны цэвэрлэгээг хийх, гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, бүх шатны нутгийн захиргааны байгууллагад үүрэг чиглэл өгч, урьдчилан сэргийлэх ажилд оролцуулах. Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт цаг уурын мэдээ, анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол өгч ажиллах, гол, мөрөн, нуурын эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх. Аюулгүй байдлыг хангуулах, амрагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт шалгалтын ажил зохион байгуулах, заавар, зөвлөмжөөр хангах, зөрчил дутагдлыг арилгуулах, гол, мөрөн, нуурын арал, тохой, эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, судгийн аманд айл өрх суурьшихгүй байхыг анхааруулах, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглох, эрсдэл бүхий газар нутагласан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх.
Иргэдийн амралт, зугаалгын улирал үргэлжилж байгаа тул бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, авто зам, тээврийн хяналт зохицуулалтын алба, хөдөлгөөнт эргүүлээр дамжуулан тогтмол хүргэхийг анхааруулав.
Үер, усны осол болон ой, хээрийн гал түймэр зэрэг байгалийн гамшиг болон аюулт үзэгдлийн тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал, 2004-2013 онд жилд дунджаар 3104 аюулт үзэгдэл, осол тохиолддог байсан бол 2013-2022 онд жилд дунджаар 4529 болж нэмэгдсэн байна Тухайлбал, 2023 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 72 тохиолдол бүртгэгдсэн бол нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 18 суманд голын халианы усанд автсан ес, үерийн усанд автсан 400, гүний болон хөрсний шар усанд автсан дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Түүнчлэн он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны нийслэлийн хоёр дүүрэг, 15 аймгийн 29 суманд нийт 31 усны осол бүртгэгдсэнээс 31 иргэн осолдсон байна. Мөн зургаан цэгт аянга бууж, 11 байршилд аадар бороо, 11 байршилд мөндөр орсон бол хүчтэй салхи шуурганы 44, цасанд боогдсон таван тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгдээд байгаа ажээ. Цаашид цаг уурын байгууллагын мэдээллээр нийт нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин огцом нэмэгдэж, үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа учраас бүх шатанд хариуцлагатай байж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулж байна. Түүнчлэн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүх шатанд хангахаас гадна малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг зохион байгуулахаас гадна газар тариалангийн болон эрчим хүчний салбарт хамаарах асуудлаар холбогдох албаныханд үүрэг даалгавар өгчээ. Түүнчлэн зуншлага тааруу байгаа аймгууд гангийн эрсдэлийн үнэлгээг гаргаж, ирэх сарын 5-ны дотор Улсын онцгой комисст танилцуулах, эрсдэлийн үнэлгээний үр дүнг үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөлт хийж ажиллахыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд тус тус даалгалаа.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" № 027 (24558)
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна