A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /var/www/unenmedee/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /var/www/unenmedee/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather

File: /var/www/unenmedee/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /var/www/unenmedee/html/index.php
Line: 144
Function: require_once

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлнэ

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлнэ



-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Гаалийн тариф, татварын тухай хуулийг хаврын чуулганы төгсгөлд баталсан. Энэ хуулийн гол концепц нь юу вэ. Уурын зуухны тоног төхөөрөмжийг хил гаалиар хөнгөлөлттэй оруулж ирэх зүй ёсны шаардлага бий юү?
-Энэ хуулийн гол концепц нь  эрчим хүчний салбарын аюулгүй байдалтай холбоотой.   Тэр дундаа системийн тогтвортой үйл ажиллагааг хангах асуудал байгаа юм.  Дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг Монголд үйлдвэрлэдэггүй. Эдгээр тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн албан татвараас чөлөөлөх юм. Эрчим хүчний салбарт илүү шинэ технологийг нэвтрүүлэх тухай ойлголт гэж хүлээж авах хэрэгтэй. Манай салбар 100 жилийн түүхтэй. Үүнийгээ дагаад насжилтын асуудал тулгардаг,  салбарын техник тоног төхөөрөмж хуучирсан. Үүнийг зүй ёсны шаардлага гэж тодорхойлж болох байх. Тийм ч учраас Засгийн газраас уг хуулийн төслийг нэн яаралтай дэгээр оруулж ирж батлуулсан.  Эрх зүйн дүгнэлтийн тухайд ч  ямар нэг зөрчилгүй гэж гарсныг тодотгоё. Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогод  ч эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр  хангах, тоног төхөөрөмжөө шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тусгайлан заасан байдаг.  

Эрчим хүчний салбар бол улсын хэмжээнд эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон салбар.  Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахал, олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулах боломжгүй байснаас шалтгаалан 2019 онд 59, 2020 онд 92, 2021 онд 78, 2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тиймээс дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангахаар шинээр өндөр хүчин чадлын дулааны цахилгаан станцуудыг барих төслүүдийг хэрэгжүүлж байна. 

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан эрчим хүчний таван мВт-аас дээш хүчин чадалтай болон дулааны эрчим хүчний 1.5 мВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын хүрээнд импортоор оруулах тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж,  НӨАТ төлөх хугацааг дөрөв  хүртэлх жилээр  сунгах, эсвэл уг татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх зохицуулалтыг тусгасан. Ингэснээр нүүрсээр ажиллах станцын хүчин чадал нэмэгдэж, системийн найдвартай, тогтвортой үйл ажиллагаа сайжирна. Гаалийн тариф, татварын тухай хуульд  цахилгаан эрчим хүчний таван мВт-аас дээш хүчин чадалтай, дулааны эрчим хүчний 1.5 мВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөхөөр тусгасан.
-Утаа гаргадаг яндангийнхаа тоог цөөлнө гэдэг атлаа гаднаас олноор оруулж ирэх нь гэсэн шүүмжлэлд та ямар  тайлбар өгөх вэ?
-Бид бодит байдалтайгаа эвлэрэхээс аргагүй. Улаанбаатар хотод 1000 уурын зуух оруулж ирэх асуудал огт байхгүй.  Бидний байгаа боломж нь энэ учраас ТЭЦ-2, 3, 4 дээр нүүрсийг үргэлжлүүлэн түлнэ гэдгээ  хэлсэн. 38 мянган төгрөгийн үнэтэй нүүрс түлэх үү эсвэл 450 мянган төгрөгийн өртөгтэй шахмал түлшийг ТЭЦ-үүддээ түлэх үү гэдэг л асуулттай тулгарчихаад байна шүү дээ. Үнэ, өртгийн зөрүү ийм өндөр  байхад олон нийтэд таалагдах гээд биелэгдэшгүй худлаа зүйл яриад байж  болохгүй  биз дээ. Нүүрс түлэхээ болино гэдэг бол магадгүй арван жилийн дараа яригдах асуудал шүү. Хоосон амлалтаар цутгахгүйн тулд үнэнээ л ярьж байна. Энэ бол нууж хаах сэдэв биш.  Улаанбаатарчууд  жилдээ 4.9 сая тонн нүүрс хэрэглэж байна. Тэгэхээр бид нүүрсээ түлэхээс өөр аргагүй.   Энэ тохиолдолд ерөөсөө юу  түлэх нь сонин биш,  утаанаас аль болох хорт бодис бага хэмжээгээр ялгардаг байлгах нь чухал байгаа юм. Шинжлэх ухаан орчин үед тасралтгүй хөгжиж байна.  90 гаруй хувийн буюу өндөр шаталттай зуухнуудыг дэлхий нийтэд хэрэглээнд нэвтрүүлээд эхэлчихлээ шүү дээ. Ийм  зуухыг жишээлбэл, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт  ашиглаж, хэрэглэхээс аргагүй байна. Түүнээс биш ТЭЦ-3-аас Гачуурт руу дулааны шугам тавина гэдэг бол бараг  бүтэшгүй зүйл. Энгийнээр хэлэхэд Гачуурт руу урсаад эргэх хооронд л ус нь хөрнө шүү дээ. Тэгэхээр бид ийм бүтэшгүй зүйл яриад нэмэргүй. Тийм л учраас бодит байдалтайгаа зохицсон шийдвэр гаргая гэдэг үүднээс манай яамнаас Засгийн газарт танилцуулаад олон нийтээр хэлэлцүүлээд УИХ-аар баталсан хууль.


-1.5 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц гэж заасан нь ямар учиртай юм бэ?
-1.5 мВт дулааны хүчин чадал гэдэг ойролцоогоор 35 мянга орчим ам мерт талбай гэсэн үг. Айлаар жишихэд 300 орчим айл гэсэн үг.  Энэ 300 айл тус бүртээ 300 яндан гаргаж, утаа уугиулах уу эсвэл нэг  дулааны цахилгаан станц болгоод түүн дээр нь  шүүлтүүр тавих уу гэдэг л сонголтод тулж ирээд байгаа юм. Энэ мэтчилэнгээр нарийвчилсан судалгаа хийхээр орчин  үеийн бүрэн  шаталттай зуух тавьсан нь бүх талаас ашигтай хувилбар болж байна. Утаа ялгаруулах хэмжээг л аваад үзэхэд 300 яндан гаргаснаас 10 дахин бага болж байгаа юм. Нэг ёсондоо өнөөх 300 айл маань 30 айлтай  тэнцэх хэмжээний нөлөөллийг л үзүүлэх нь байна шүү дээ.  Үзүүлэх нөлөөллийг хэрхэн бууруулах вэ гэдэг тухай ярьж байгаа болохоос огт утаагүй болгоно гээгүйг хаана хаанаа  ойлгох хэрэгтэй.  Хоёрдугаарт,  яагаад 1.5 мВт  байхаар сонгосон бэ гэвэл хуулийн хэлэлцүүлгийн үеэр ч энэ асуудал хөндөгдөж байсан.  Манай яамнаас  анхнаасаа хуулийн төслийг боловсруулахдаа нэгдсэн халаалттай болох нь зүйтэй гэдэгт л санал нэгдсэн. 1.5 бол нэг сумын төвийн нэгдсэн халаалт буюу жишиг хэрэглээ учраас дулаан дээр нь ийм хэмжээтэй болгох нь зүйтэй гэж үзсэн.  Айл бүрд утаа үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн  суурилуулаад түүндээ татварын хөнгөлөлт үзүүлээд  эхэлбэл яг эсрэгээрээ зүйл болно. Утаа ихэснэ. Энэ хуулийн хүрээнд бид утааг 2-3 дахин багасгах тухай ярьж байгаа болохоос огт байхгүй болгоно гэдэг бол ойрын хэдэн жилдээ боломжгүй зүйл. Магадгүй бид энэ талаар 2030 оноос хойш зорилт болгохоос аргагүй. Гэтэл  2030 он болтол ард нийтээрээ хордоод байна шүү дээ. Тийм учраас хордсон ч бага хордоё гэдэг л бодлогыг барьж байгаа юм. Газад шилжихгүй бол бид нүүрсээ түлэхээс өөр аргагүй. Монголоор дамжуулан тавих хийн хоолойн тухайд хамгийн өөдрөгөөр төсөөлөхөд гэрээг энэ ондоо багтаан хийж магадгүй. Ингэсэн тохиолдолд 2024 онд багтааж хийн хоолой барих ажлыг эхлүүлнэ. 5800 км хоолойг барьж байгуулахад хамгийн багадаа дөрвөн жил орчим хугацаа зарцуулна. Тэгэхээр манай улс 2029 оноос нааш хямд газтай болохгүй.  Дулаан болон цахилгааны хэрэглээ нэмэгдэж байгаа учраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Гаалийн тариф, татварын тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Ойролцоогоор 300 айлын янданг нийлүүлээд нэг дулааны цахилгаан станц байлгах бодлого гэж ойлгож болно. Ингэж утааны хэмжээг багасгах тухай л асуудал юм.


-Хэн нэгний зуухны бизнес болоод өнгөрөхвий гэх болгоомжлол байна. Бидэнд ийм муу түүх  байгаа учраас  асууж байна л даа?
-Ийм хардлага зүй ёсоор гарч таарна. Тийм ч учраас бид үүнийг  нарийвчлан тооцоолсон. Тийм ч учраас аж ахуйн нэгжүүд хувийн хөрөнгөөр оруулж ирээд үндсэн хөрөнгөндөө бүртгүүлсний дараа улсаас татварын хөнгөлөлтийг нь үзүүлье гэж байгаа юм. Түүнээс биш дуртай нь зуух оруулж ирээд дамлан худалдах ажлыг өөгшүүлэх санаа огт байхгүйг хариуцлагатайгаар хэлье. Элдэв хардлага сэрдлэг дагуулахгүй байх үүднээс  бид анхнаасаа хуульд нь ингэж тодорхой бичиж оруулсан юм. 1.5 мВт  биш 10-15 гэх мэтээр томруулж болно. Гэтэл ингэхээр бизнес эрхлэгчдэдээ эсрээгээрээ уян хатан чанарыг нь алдагдуулчих гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улсын ямар ч сумын төвд ерөөсөө  таван тооны л төрийн байгууллага байдаг. Засаг даргын тамгын газар, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд л болчихдог. Нэмэх нь хэдхэн тооны айл холбогддог жишигтэй.  Тэгэхээр эдгээрийг  дулаанаар хангах  хэмжээний  дулааны цахилгаан станц байхад хангалттай гэсэн үг. Ингэхгүйгээр 10-15 мВт гэчихвэл хэрэглээнээсээ арав дахин их болчих гээд байгаа биз. Ингээд эцэст нь илүү гарсан дулаанаа хэнд худалдах вэ гэдгээс авахуулаад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ийм томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд эргээд ашгаа хэрхэн хүртэх вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирнэ. Энэ эрсдэлийг тооцохгүй бол аж ахуйн нэгжүүдээ ашиггүй бизнест татан оролцуулаад дампууруулчихаж болохгүй биз дээ. Зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөж чадахааргүй бол зуух оруулж ирэх ажилд хувийн хэвшлийнхэн оролцохгүй болчих гээд байгаа учраас 1.5 гэж хязгаарласан. Төр эхний ээлжид бизнес эрхэлж буй хүмүүстээ тус болж чаддаггүй юм гэхэд ямар ч байсан гай болдоггүй байх хэрэгтэй биз дээ. 


-Энэ сарын эхээр бороо ихээр орсонтой холбоотойгоор нийслэлд маш олон асуудал үүссэн. Хамгийн гол нь цахилгааны шон унах, айл өрхүүд тог цахилгаангүй болох эрсдэл өнөөдөр ч байсаар байна. Энэ чиглэлд яамны зүгээс хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
-Ойрын өдрүүдийн үер усны асуудлаас үүдэлтэйгээр манай эрчим хүчний салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалтай  ажиллаж байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх, Диспетчерийн үндэсний төвөөс гадна яамныхан салбараараа бэлэн ажиллаж  байгаа. Шаардлагатай хүн хүч, техник тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл  зэргийг зэхсэн, бэлэн байдалд бий. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд үер ус ихтэй үед тог цахилгааныг таслах шаардлагатайг  ард иргэд ойлгож хүлээж авах хэрэгтэй байна. Үерт ороод норсон газарт хүчдэл өгөхөөр асуудал үүсэх гээд, осол аваар гарах гээд байдаг. Тийм учраас хатахыг нь хүлээх шаардлагатай. Энэ тохиолдолд эрчим хүчний салбарынхан ажлаа хийхгүй байна гэхийн оронд жаахан хүлээцтэй хандахыг ард иргэд та бүхнээсээ хүсэх байна. Осол аваарт өртөж, олноороо эрсдэлд орж байснаас  нэг өдөр тог цахилгаангүй  байсан нь дээр учраас наанатай цаанатай хандах хэрэгтэй байна. Хуучирч муудсан, шинэчлэх шаардлагатай тоног төхөөрөмж олон байгаа нь үнэн. Тийм учраас бид бүх боломжоо ашиглаад үер усны үед цахилгаан эрчим хүчийг аль болох тасалдуулахгүй байх тухайд бүх хүч, боломжоо дайчлан ажиллаж байна. Байгалийн гамшгийн өмнө бид ам гарах ямар ч боломжгүй.  Нөхцөл байдлаас шалтгаалан  ямар ч байсан шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана. Энэ жил дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхдээ авто замын дор хонгилын системтэй хийлгэж байна. Энэ нь гэмтэл гарсан үед авто зам эвдэхгүй байх сайн талтай.


-Тавантолгойн цахилгаан станцын тендер зарласан байгаа. Одоо ямар үе шаттайгаар үргэлжилж байна вэ. Сонгон шалгаруулалтыг хэзээ, хэрхэн явуулах вэ?
-Тавантолгойн цахилгаан станцыг 300 мВт-ын хүчин чадалтайгаар барихаар  өнгөрсөн зургадугаар сарын 12-ны өдөр тендер зарлаад байна. Тендерийн үнийн саналыг 45 хоногийн хугацаанд хүлээж авна. Энэ сарын 27-нд хэчнээн компани сонгон шалгаруулалтад оролцох  нь тодорхой болно. Одоогийн байдлаар найман компани  тендерт оролцохоор материалаа ирүүлээд байна. Тэдгээр компанийн талаарх мэдээллийг бид сонгон шалгаруулалтаас өмнө нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. 

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/


2
angry
1
care
3
haha
5
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ 2 цагийн өмнө
"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, ши… 2 цагийн өмнө
“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт 24 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Нөөцийн махыг нийслэлийн 33 байршилд худалдаалж байна Өчигдөр
Автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооноос … Өчигдөр
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн ун… Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм дулаан байна Өчигдөр
БНХАУ-ын Дүрслэх урлагийн төв академийн төгсөгчдийн үзэсгэлэн нээгджээ Өчигдөр
Монголбанк бодлогын хүүг 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа Өчигдөр
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг өрг… Өчигдөр
Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ Өчигдөр
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ 2024/05/13
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2024/05/13
Намын бүлгүүд хуралдана 2024/05/13
Ном бичгийн үйл эхлэхэд сайн 2024/05/13
Намайг үгүй болоход 2024/05/10
Уран нугаралтын түүхийг бүтээгчид 2024/05/10
“Солонгын долоон өнгө шиг хөгжмийн долоон эгшгийн ярууг мэдрүүлнэ” 2024/05/10