“Сэрсэн тал”–ыг сонсоход
Сэтгэл хөдлөн нулимс асгарнам.
Нэг. Нутгийн увдис
Хөхөмдөг униар татсан хаврын зэрэглээт тал Жаргалт хааны хөндий цэнхэртэн, яргуй ягааран нялх ногооны үнэр хамар цоргиод, мал амьтны нуруу тэнийн хүн байгалийн далдын далд юм шиг атлаа хамгийн ойр дотнын холбоо мэдрэгдэн буй цаг үе юутай сэтгэлийн утсыг хөнддөг билээ. Тийм сайхан цаг үед тэртээ 1952 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт амьдран суугаа Бямбасүрэнгийнд нэгэн хөвгүүн төрсөн нь Монголын төдийгүй дэлхийд алдартай суут хөгжмийн зохиолч Шарав байсан юм. Жирийн малчин айлын тэр хөвгүүнийг хожмоо хорвоо дэлхийг уяруулан дагуулсан аугаа хөгжмийн зохиолч болохыг хэн хүн яахан мэдэх билээ. Сургуульдаа малчны хүүхдүүдийн нэгэн адил мориор явж, үеийн найзуудтайгаа уралдаж, барилдаж өссөн Б.Шаравын бага насны дөрвөн улирал ямархуу байсныг түүний эгшиглэн төгс хөгжмийн зохиол бүтээлүүдээс нь сонсож болдог юм аа. Энэ нутаг усанд мөнх хөх тэнгэр, алтан нарны доогуур хурдны морьд давхин ирэх шиг санагдана. Хүний хайр татам инээвхийлэн уулзах сургуулийн нэг ангийн анд, хожмын уран бүтээлийн андын маань дүр төрх сэтгэлд мөнхөд оршном.
Хоёр. Бид нэг ангийнхан
Гайхам, бахархам ийм авьяастай алдар суутан болох хүмүүнтэй нэгэн жил нэгэн нутаг усанд, зэргэлдээ суманд төрж, өсөж, сургуулийн нэгэн ангид ахархан хугацаанд ч болов хамт суралцан үерхэж хожмоо түүнд тоогдон уран бүтээл хамтран хийх аз тохиосонд бахархан бишрэхийн сацуу тодхон дурсамжийг өгүүлмүү.
...1967 онд би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын долоон жилийн сургуулийг төгсөөд төвийн 10 жилийн наймдугаар ангид суралцахаар ирэхэд Б.Шарав маань Цэнхэрмандал сумаас ирж наймдугаар ангид хамт суралцах болсноор бидний нөхөрлөл эхэлсэн түүхтэй. Галладаг дугуй пийшинтэй, арваад ортой сургуулийн дотуур байранд биднийг оруулахад ганцаараа хөх даалимбан дээлтэй, шар дурдан бүстэй, надтай нуруугаар ойролцоо шар хөвүүн байсан нь анхаарал татаж, ойр дотно танилцацгааж, нэг байранд хамт амьдрах болж билээ. Тэгээд хичээл эхэлсний дараа намрын ажилд ургац хураахаар, зуны ажилд хонь хяргахаар хамт явцгааж байлаа. Харин есдүгээр ангид орсон намар Б.Шарав маань “Ах хотоос ирсэн. Би Улаанбаатар хотод сурах боллоо” гээд олон таван хошуутай цэргийн даргын хувцастай хүнийг дагаад, баян хуур хөгжмөө хайрцаглаж аваад явж билээ. Тэр л өдрөөс найзын маань аугаа хөгжмийн зохиолч болох хувь тавилангийн их харгуй эхэлсэн гэлтэй.
Гурав. Хорин жилийн дараа хожмын нөхөрлөл минь эхэлсэн нь
Баян хуур хөгжмөө үүрээд явсан тэр цагаас хойш уулзалдалгүй олон жил болсон боловч сураг сонсохноо Улаанбаатарын багшийн техникумын соёлын ангид орж төгссөн, нэгдүгээр сургуульд хөгжмийн багш хийж байгаад Свердловскийн хөгжмийн дээд сургуульд суралцан төгссөн, мундаг хөгжмийн зохиолч болсон сураг дуулдсаар л...
Салж явсан цагаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Нутаг Өмнөдэлгэр явах санаатай Хэрлэнгийн товчоон дээр унаа харж өдөржин суусан би бээр харуй бүрий болж байхад нэг машины бараа харж баярлан хаашаа явахыг асуухаар дөхөж очтол нэгэн хүн цүнхээ үүрсээр буудлын үүд рүү явахад нь араас даган лаа барьж гэрэл гаргасан өрөө рүү хамт орсон чинь эртний танил минь мөн болохыг анзаарч хоёулаа бөөн баяр болон уулзаж билээ. Ингэж бид хоёрын хожмын нөхөрлөл дахин сэргэсэн юм даа...
Дөрөв. Үлэмжийн ертөнц симфонетта
Телевизэд хэдэн жил ажиллаж, уран бүтээлчидтэй танилцан нөхөрлөж, телевизийн жүжгийн дуу, Монгол Улсын Гавьяат багш Л.Галмандахтай хэд хэдэн дуу, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуягтай “Манай гаргийн залуус”, “Ээжийн сургаал”, “Сэтгэлийн нүд” жүжгийн дууны шүлэг бичсэнийхээ дараа л Б.Шаравтайгаа уулзан “Хоёр Өлзийтийн уулс” шүлгээ өгч билээ. Шарав маань манайд ирэх, би ч Шаравындаа очих нь олон боловч хамтарч бүтээл хийгээгүй л байлаа. Нэг өдөр Шарав маань “Танай эхнэр Дарьбалжир бид чинь нэг ангийнх шүү дээ. Хоёулаа уулзахаараа ганц нэг балга, тагш юмны цаана гарах юм. Дариа, Ганаа хоёртоо нэг дуутай болж үзүүлье. Чи шүлэг бич” гэж билээ. Тэгээд “Хоёр Өлзийтийн уулс” дуу төрсөн юм даа. Анх Төрийн соёрхол хүртэхэд нь “Миний найз хоёр өлзийтэй болно оо” гэхэд “Хийж л байя даа” гээд нөгөө л гоё инээдгээрээ инээж сууж билээ. 1990-ээд онд Төрийн соёрхолт Б.Шаравын “Сэрсэн тал“ симфони Нобелийн шагнал гардуулах ёслол дээр эгшиглэн, уртын дууч, Гавьяат жүжигчин Г.Хонгорзул уянгалуулан, дэлхийн сонорыг мялааж, орчлон ертөнцөд гайхагдсан билээ. 1988 онд орон орны 110 хөгжмийн зохиолчоос дэлхий дахины хэмжээнд шинэлэг гурван бүтээлийн нэг нь Б.Шаравынх болж тодорхойлогдсон байдаг.
Б.Шарав 1982 онд хөгжмийн онцлог бүтээлүүдээ, 1983 онд Нэгдүгээр симфонио, 1986 онд Хоёрдугаар симфонио, 1990 онд Гуравдугаар симфонио бичиж төгөлдөржүүлсэн юм. Тэрбээр 1980-аад оны үед том хэмжээний зохиолоо бичиж байсан бөгөөд 1990 оноос балетын хөгжим, 2000 оноос дуурь бичсэнээ түмэнд хүртээж эхэлсэн байдаг. Түүний аугаа бүтээлүүдээс цөөхөн хэдийг нь дурдахад ийм байна. Тэгээд ч найз маань удалгүй Төрийн соёрхол, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, “Чингис хаан” одон, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. Их хүмүүн гэдэг энгүүн даруухан, бүтээж туурвихын төлөө л байж, зөвхөн Монгол эх орондоо төдийгүй дэлхий даяар бүтээл нь үүрд мөнх цуурайтаж байдаг ажгуу. Түүний “Сэрсэн тал“ симфони Нобелийн шагнал гардуулах ёслолд эгшиглэж, “Чингис хаан” дуурь нь гайхагдаж, наадам цэнгэл баярын аялгуу нь монгол түмэн биднийгээ дэлхий гараг ертөнцтэй нь холбон уяраан дагуулсаар л... .
Дурсамжаа “Хоёр Өлзийтийн уулс” дуугаараа өндөрлөе дөө. Энэ дууг Монгол Улсын Ардын жүжигчин Дашзэвгийн Жаргалсайхан анх 2002 онд дуулж, Монголын радио, телевизийн алтан санд бичүүлсэн юм.
Шүлгийг яруу найрагч Гомбодоржийн Баярхүү
Хөгжмийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав
Хоёр Өлзийтийн уулс
Тэнгэр уулсын нутаг минь
Арц хүжийн үнэртэй дээ
Тээгэн цагаан үүлэндээ
Мөнх тэнгэрийн шившлэгтэй
дээ
Хоёр Өлзийтийн уулс минь
Холын холоос бараатай даа
Атар хээрийн нутаг минь
Агь гангийн үнэртэй дээ
Алсын алсаас харахад
Адуу малын бэлчээртэй дээ
Дахилт
Онон, Хурхын нутаг минь
Олон голын бэлчиртэй дээ
Дунгийн бүрдийн хөвөө нь
Тэвэр дүүрэн цэцэгтэй дээ
Дахилт
Г.Баярхүү
/Монголын уран зохиолын төлөө болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч, цагдаагийн хурандаа, хууль зүй ухааны доктор профессор/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна