“Монгол Барышников”-ын мастер класс


Балет энгийн бүжиг биш, сонгодог урлагийн оргил. Орчин үед их хотын соёл, амьдралын хэв маяг болжээ.  Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг боловсрол, соёлын өв тэгш мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүс нас харгалзалгүй балетаар хичээллэж байна. Энгийн сонирхогчоос гараагаа эхэлж, мэргэжлийнхнээс дутахааргүй бүжиглэх болсон хүн олон. Тэдэнд зориулсан мастер класс хичээл ирэх сард товлогджээ. Энэ бол “World Ballet Grand Prix”-ийн Нью-Йорк болон Монголын уран сайхны удирдаач У.Бат-Эрдэнийн эх орондоо зохион байгуулах зуны эрчимжүүлсэн сургалт юм.  Насны ангиллаас гадна балетын багш нарт зориулсан мастер класс сургалтаа “G-River Dance Studio”-д зохион байгуулах аж. Тухайлбал,  9-12, 13-15, 16-19 насны ангилалд балетын үндсэн хичээл, пуант, вариация, олон ардын бүжиг, контемпорари, хослол (дуэт), монгол бүжиг, репертуарын  сургалт багтжээ. Өдөрт зургаан цагаар зургаан хоног үргэлжлэх хичээлд мэргэжлийн бүжигчид оролцох боломжтой. Харин насанд хүрэгчдэд  зориулсан сургалт ирэх сарын  21-26-нд болно. Сонгодог балетын Ваганова арга барил дэлхийд алдартай. Энэхүү арга барилыг анхан шатнаас нь ахисан түвшин  хүртэл дэлгэрэнгүй заалгах боломж Монголын балетын багш нарт олдож байна. Дэлхийн балетын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр хүндтэй багшаар хичээл заалгана гэдэг ховор тохиох боломж. Удвалын Бат-Эрдэнийг сонгодог урлагаас ангид байдаг хүмүүс төдийлөн мэдэхгүй байж болох. Гэхдээ тэр бол монголчуудын сайн танихгүй, оросуудын “Монгол Барышников” хэмээн дуу алдан хүлээн зөвшөөрсөн бүжигчин, АНУ-ын балетын урлагт эргэлт хийж буй балетын багш, дэлхийн шилдгүүдийн тоонд багтсан Монголын анхны балетын жүжигчин. Пермийн балетын сургуулийг 1989 онд  дүүргэж эх орондоо хоёр жил гаруй ажиллаад л Москваг зорьсон учраас тэр биз. Гэхдээ мэргэжлийн бүжигчид, түүний үеийнхэн У.Бат-Эрдэнийг андахгүй, бас ур чадварыг нь ч дуу нэгтэй хүлээн зөвшөөрнө.  Өдгөө  тэрбээр АНУ-д балетын академид багшлахын сацуу “World Ballet Grand Prix” олон улсын тэмцээний уран сайхны удирдаачаар ажиллаж байна. “World ballet Grand prix” бол  ЮНЕСКО-д бүртгэлтэй, олон улсын нэр хүнд бүхий уг тэмцээн бөгөөн 10 улсын 18 хотод зохион байгуулдаг. У.Бат-Эрдэнэ багшийн шавь М.Тэлмэн энэхүү тэмцээнд  2019 онд оролцон түрүүлж байжээ. 

Товч танилцуулга

-1989 онд Пермийн балетын сургуулийг төгссөн.
-1989-1991 онд Улаанбаатар хотод  УДБЭТ тэргүүн гоцлоочоор ажилласан.
-1991-1999 он хүртэл Москва хотын “Русский Балет” театрын тэргүүн гоцлоочоор ажиллажээ. 
-2000-2008 хүртэл чөлөөт уран бүтээлчээр АНУ, Европын театруудад урилгаар бүжиглэсэн.  
-2016 оноос  “Korea International Ballet Competition”-д дасгалжуулагч багш, 
-2019 оноос  “World Ballet Grand Prix”-ийн уран сайхны удирдаач, мөн “Baltimore School of Arts” “Carroll Country Dance Center”,  “Kirov Academy of Ballet”, “Asian Ballet Competition”,  “World Ballet Art Grand Prix Competition”, “World Ballet Grand Prix”-д балетын багшаар ажиллаж байна. 

Шагнал:

-1988 онд ОХУ-ын Перм хотод болсон “Арабеск” тэмцээнд үзэгчдийн нэрэмжит шагнал,
-1989 онд Токио хотод болсон Ази Номхон далайн орнуудын тэмцээний гуравдугаар байр, хүрэл медаль,
-1989 онд Москва хотод болсон олон улсын балетын VI тэмцээнд “Орчин үеийн бүжгийн шилдэг бүжигчин”,
-1992 онд Варна хотод болсон олон улсын балетын тэмцээнд “Finalist Diplom”,
-1993 онд Москва хотод болсон олон улсын VII тэмцээнд хоёрдугаар байр, мөнгөн медаль,
-1994 онд БНСУ-ын  Кванг Жу хотод болсон олон улсын балетын фестивалийн шилдэг бүжигчин,
-2021 онд АНУ-ын “Youth American Grand Prix”  тэмцээнээс “Шилдэг багш” шагнал хүртжээ.

Түүнийг тодорхойлох түүхүүд:

У.Бат-Эрдэнэ карьерынхаа туршид 60 гаруй улсаар аялан тогложээ. 
Сонгодог балетын бараг бүх гол дүрд бүжиглэсэн, мөн олон модерн балетууд болон Ролан Пети, Жорж Баланчин, Жером Роббинс нарын бүтээлд гоцлож байсан.
“Русский балет” театрт бүжиглэж байх хугацаандаа алдартай театруудад тоглолт хийсэн.
Их театр, Кремлийн ордонд зохион байгуулсан олон улсын алдарт бүжигчид болох Владимир Васильев, Екатерина Максимова, Ольга Лепешинская, Махмуд Исамбаев нарт зориулсан тоглолтод урилгаар оролцсон.
1998 онд Энэтхэгт болсон олон улсын соёлын өдрүүдийн хаалтын тоглолтод “Дон Кихот” балетын хэсгээс бүжиглэснээс гадна хаад, ноёд, Ерөнхийлөгч нарт зориулсан тоглолтуудад оролцож байсан.
1993-1999 онд Москва хотод ажиллаж байх хугацаанд “Русский балет”-тай хамтран ОХУ-ын Их театр, Грекийн Афин хотын, “Диониса” задгай театр, Лондон хотын “Говен гарден”,  Эзэн хааны театр, Ромын “Колизей” задгай театр, Миланы  “Ла Скала” театр, Берлин хотын Фридрих Штаат ордон, Австралийн Сиднейн дуурийн театр, Мексик хотын “Белас артес” зэрэг театрт “Дон Кихот”, “Цөмөөхэй”,  “Хунт нуур” балетад бүжиглэж,  гала тоглолтод оролцсон.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 2025/05/09
Ялалтын уухайтай өдрүүд 2025/05/09
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06