Энэ жилийн даншиг наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулна. Мөн Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочин төлөөлөгч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, бөхчүүд ирж оролцохоор болсноороо онцлог. Ийнхүү шинэ зуун гарснаас хойших долоо дахь “Даншиг наадам-Хүрээ цам”-аа хийх гэж байна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.
Жуулчдыг татах шашин, соёлын эвэнт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг энэ амралтын өдрүүд буюу наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. 1922 оноос хойш тэмдэглээгүй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын арга хэмжээг 2015 онд буюу Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан сэргээсэн түүхтэй. Түүнээс хойш жил бүр зохион байгуулж ирсэн “Даншиг наадам-Хүрээ цам” цар тахлын хоёр жил өнжсөн юм. Энэ жил долоо дахь удаагийн “Даншиг наадам-Хүрээ цам” болох гэж байна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Энэхүү наадам нь мартагдаж үгүй болох дөхөж буй өв соёлоо хадгалах, өвлүүлэх, бусдад мэдүүлэх, гаднын улс оронд өөрсдийн нандин түүх, уламжлалаа сурталчлан таниулах зорилготой.
Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаад буй энэ үед “Даншиг наадам-Хүрээ цам” яах аргагүй гадаадын жуулчдыг татах шашин, соёлын том эвэнт болж жилээс жилд цар хүрээ, утга агуулга нь өргөжин тэлэх боломжтой. Цаг хугацааны хувьд жил бүр наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог нь аялал жуулчлалын хамгийн таатай үе бөгөөд жуулчид олноор ирдэг улирал юм. Цаашид зөвхөн “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг үзэхээр зорин ирдэг жуулчдын урсгал бий болохыг үгүйсгэхгүй.
Өнгөрсөн жилүүдийн жишгээс үзэхэд “Даншиг наадам-Хүрээ цам”-ын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, лам нар, унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба даншигийн цуваа, сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Өөрөөр хэлбэл, энэ хоёр өдөр Монголын түүх, соёл, шашны болоод угсаатны зан үйл, дуу хуур, бүжиг, цам, соёлын биет болон биет бус өвийг нэг дороос үзэж таашаах боломжтой юм. Тиймээс энэ наадам бол ард түмний наадам, монголчуудын оюун санааны наадам гэж хэлж болно. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, ёс заншил харуулсан гэр хотхон, уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, эртний монгол хоол, хүнсний үзэсгэлэнг дэлгэж хүчит бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, шагай харвааны наадам, дэмбээний тэмцээн, морин цирк, морьт харвааны тэмцээнтэй болж өргөжжээ.
Тусгаар тогтнолоо хадгалсан төрт ёсны баяр
Даншиг наадмын түүхийг сөхвөөс анх XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд Ширээт цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй халхын хаад, ноёд ба энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, Шар бөсийн хот өргөн тахиж, их баяр наадам үйлджээ. Энэ даншиг наадамд монголчууд өргөн даяараа оролцож байсан талаар тухайн үеийн баримт сэлтэд тэмдэглэсэн байдаг аж.
Даншиг гэдэг нь төвөд үг бөгөөд монголчилбол “Бат оршил” гэсэн утгатай.
Даншиг наадмын зорилго нь эв найрамдал тул нутгийн ардуудад өглөг өгч, тахил өргөх нь гол үйл юм. 380 гаруй жилийн тэртээ халх монголчуудын долоон хошуунаас өргөх даншиг наадам нь долоон хошуу даншиг наадам гэгдэх болжээ. Хамгийн сүүлчийн долоон хошуу даншиг наадмыг 1922 онд хийсэн түүхтэй.
Анх үүссэн түүх, утга учрыг нь бодох юм бол даншиг наадам бол монгол түмний шашин номын дээд эзэнд зориулсан их баяр ёслол гэж болно. Халхын дөрвөн аймаг ба Эрдэнэ шанзодбын яамны газруудаас хоорондоо даншиг өргөх наадмын талаар харилцсан бичигт “Манай язгуурын багш ламыг анх хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж, үүрд тахихын тул халхын дөрвөн аймаг бүгдээр үг санаа нийлж наадам бэлэглэсээр ирсэн нь он удах тутам халхчуудын журамлан явах хууль болов” гэсэн байна. Энэ нь монголчууд хэдийгээр өөрсдийн тусгаар байдлаа алдаж, харийн эрхшээлд байсан хэдий ч даншиг наадам нь монголчуудын уламжлалт төрт ёсны баяр наадмын үүргийг гүйцэтгэж байсны зэрэгцээ Манжаас тусгаар төрт ёстой улс гэдгээ ухамсарласан санаа нуугдаж байжээ. Тухайлбал, дээдэс Богддоо даншиг өргөж байгаа нь гүрэн улсын их үйл хэрэг байв. Мөн ном эрдэм нь олонд гайхагдсан дээдэс багш нарт даншиг өргөх тохиолдол байжээ. Энэ нь зөвхөн номын үйл хэрэг голчлон явагдаж өнгөрдөг байсан аж. Даншиг өргөж наадам хийж байсан гол агуулга нь 300 гаруй жилийн өмнө Монгол Улс Манжийн харьяанд орсон тэр үед Богддоо Бат оршил өргөөд Даншиг наадам нэрээр эрийн гурван наадмаа хийж, ард олноо баясгадаг байжээ. Үүний цаана монгол эрчүүд цаг ямагт эрүүл чийрэг чадалтай, хүлэг морь нь хурдан шандастай, харваачид нь онч мэргэн байхыг бодож болгоон жил бүр Даншиг наадам хийдэг байв. Үүний үр дүнд морь нь хурдан, эрчүүд нь хүчтэй байж, 1911 онд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах нөхцөл бүрдсэн гэж үздэг юм билээ.
Даншиг наадмын гол үйл явдлын нэг нь мандал өргөх ёслол юм. Бат оршил өргөнө гэдэг нь дэлгэрэнгүй мандал өргөж байгаа хэрэг. Бид даншиг наадмын эхэнд Өндөр гэгээнд мандал өргөдөг. Энэ үеэр Өндөр гэгээний айлдсан цагийг тохинуулах соёрхлыг лам хувраг, сүсэгтэн олон уншина. Энэ нь бурхан шашны дээдийн тахил гэсэн үг. Мандал өргөсөн сүсэгтэн олон, шавь нарын хамаг заяа буян нь дэлгэрч, буяны чуулганыг ихээр хураадаг. Буяны чуулганыг хураана гэдэг нь ирээдүйд аз жаргалтай байх шалтгаанаа бүрдүүлж байгаа гэсэн үг гэж дээдэс багш нар айлдаж иржээ.
Нийт 13 мянган лам номын хөг, дууны аяар довцог дээр дөрвөн босоо дүрст арслангаар түшүүлсэн ширээнд Өндөр гэгээнийгээ залж хурал хурдаг байжээ. Хурлын утга нь “Гэгээн энэ махбод биеэ огооролгүй өглөгийн эздээ бүү өнчрүүлэх болтугай” гэж ерөөж залбирал үйлддэг байв. Гэгээндээ зориулж мөнгөн таваг дээр цагаан мөнгө, торгон эд, эрдэнийн чулуу тэргүүтнээр тахил өргөнө. Даншиг наадмын утга бол монголчуудын эв нэгдлийг дээдлэн үзэх үзэл санааны бэлгэдэл болгодог байжээ. Долоон хошуу даншиг наадам нь 10 хоног үргэлжлэн хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай буюу бай харвах, морин дээрээс бөмбөг тоглох, циркийн болон урлаг, дуу хуурчдыг шалгаруулан шагнадаг байсан. Мөн шашны номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчдийн тоглолт зэрэг өргөн хөтөлбөртэй явагддаг байжээ. Наадмын үеэр “Алдар” харвуулах гэх содон тэмцээн явуулдаг бөгөөд энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавих бүр ноёны нэрийг дуудаж харвадаг ба хамгийн өндөр шагналтай тэмцээн байжээ. Даншиг наадмын бай шагналын хувьд түрүүлсэн моринд атан тэмээ нэг, морь нэг, хонь нэг, самбай хадаг өгдөг байжээ. Сурын харваанд 20 сумнаас 20 онож түрүүлсэн хүнд тэмээ, морь, үхэр, хонь тус бүр нэг, цай хоёрыг өгдөг байжээ.
Их Хүрээ цам 212 жилийн түүхтэй
Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ, Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий Цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.
XVIII зууны эхээр “Цам харайх ёс” дэлгэрсэн ажээ. Анхны цамыг Дээрхийн гэгээн IV Богд Жавзандамба хутагтын болгоолтоор Их Хүрээнд 1811 онд дэглэн гаргасан тул түүнээс хойш “Их Хүрээний цам” хэмээн ихэд алдаршсан гэдэг. Их Хүрээний цамд Эрлэг Номун хаан Дамжан Чойжил голлодог байсан бөгөөд энэхүү цамыг коммунист хэлмэгдүүлэлт хүртэл жил бүр гаргахдаа Их Хүрээний хамба номун Жидарын аймгийн Агваанлувсанхайдавын зохиосон “Дансран жамцын гарчам” хэмээх ном увдисын дагуу дэглэн гаргаж байв. Их Хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжиж чаджээ. Их Хүрээ цамд монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурхны дүр болон уран хошин, инээдэмт Цагаан өвгөний дүрээс гадна улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн нарын дүр гардгаараа ихэд онцлогтой. Цамын ёс нь Их хөлгөний шашин дэлгэрсэн Төвөд, Монгол, Бутан, Балба, Ладак буюу Гималайн бүс, Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол зэрэг улс оронд ихэд дэлгэрсэн байдаг. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илрэхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдлөгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох линга эвдэх, жахар, сор залах зэрэг үйлүүдийг үйлддэг байна. Ташрамд дурдахад, Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна