Монголын тайз, дэлгэцийн алтан үеийнхний өвөр дээр тоглож наадан байх найм, есхөн сартай хүүг хэн хожим “аавынхаа шийрийг хатаах” жүжигчин болно хэмээн таамаглах билээ. Ахын үлгэр дуурайл, аавынхаа нэр алдраар даруулга хийж явсан эрхэм жүжигчний уран бүтээлийн зам мөр дардан байгаагүй. Давилуун явахдаа бүдэрч, унаснаасаа сургамж аван боссон удаа түүнд олон бий. Ингэж хэлэхээр энэ удаагийн зочны талаар багахан төсөөлөл буусан байх. Монголын тайз, дэлгэцийн урлагт тулгын гурван чулуу мэт хүндтэй эрхмүүдийн нэг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Цагааны Цэгмидийн Төмөрхуягтай ярилцлаа.
Сайн багш нараас сурсан эрдмээ энэ цагийнханд заахыг үүрэг хэмээн ухамсарласан тэрбээр өдгөө мэргэжлийн урлагийн сургуульд багшилж байна.
-Ярилцах саналыг маань хүлээн авсан танд баярлалаа.
-Би “Үнэн”, “Утга зохиол” сониноор л хүмүүжсэн хүн шүү дээ. Тийм болохоор танай сонинд ярилцлага өгөхөөр болсон. Ер нь ярилцах тийм ч дуртай биш. Намайг ажигласан бол сошиалд ордоггүй. Тэнд зөвхөн хэрүүл л байдаг. Сошиалаар явж байгаа мэдээллийн дийлэнх нь хар бараан. Мэдлэгтэй мэдлэггүй, боловсролтой боловсролгүй янз бүрийн хүн хүссэн зүйлээ бичиж байна. Цаг заваа тийм зүйлд зарцуулах хэрэг надад байхгүй. Би хэрүүл чагнаж өсөөгүй.
-Өнгөрсөн хугацаанд таныг дэлгэцийн уран бүтээлүүдээс түлхүү харсан. Харин хамгийн сүүлд та шинэ театрын тавьсан дэлхийн бүтээлээр тайзнаа эргэн ирлээ.
-Францын зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийг залуучууд тавилаа. Монголд ганц театр байсан бол одоо өрсөлдөгч гарч ирж байна. Энэ ажлыг Ленинградад төгссөн залуучууд хийж байгаа учраас би тэдэнд туслахгүй бол болохгүй. Яагаад гэвэл, тэд намайг гээд зориод ирсэн. “Та бидэнтэй ажиллаж чадна” гээд намайг сонгосон. Хүний хамгийн үнэт зүйлсийн нэг нь итгэл шүү дээ. Залууст надад итгэж байхад би туслахгүй өнгөрч чадаагүй. Тэгээд ч урлаг өрсөлдөөний талбар байх ёстой. Өнөөдөр театрт ажиллаж байгаа жүжигчдийн байр суурь, цалин мөнгө ямар байгааг хүмүүс гадарлахтайгаа болсон. Тиймээс энэ салбарыг тодорхой хэмжээнд өрсөлдөөний талбарт оруулах ёстой. Ингэж байж хөгжинө, өөрчлөгдөнө. Ийм өөрчлөлт хэрэгтэйг мэддэг учраас би залууст тусалсан юм. Дээр нь “Инээмтгий хүн” бол дэлхийн бүтээл. Ийм бүтээлд тоглох саналаас яахан татгалзаж чадах билээ.
-Театрын амьд орчин, үзэгчдийн халуун дулаан уур амьсгалыг олон жилийн дараа мэдрэх сайхан байв уу?
-Тэр амьд реакцыг авна гэдэг үгээр илэрхийлэх боломжгүй зүйл. Тайзан дээрээ дахин дахин гармаар, хүмүүсийн зүрх сэтгэлд хүртэл нь тогломоор санагдсан. Өнөөдөр жүжигтээ тоглосныхоо дараа гарч яваад миний эргэж ирж чадах эсэхийг хэн ч мэдэхгүй. Тийм учраас тоглож байгаа жүжигтээ “Энэ миний эцсийнх шүү” гэсэн байдлаар хандах хэрэгтэй. Түүнд үнэн сэтгэлээсээ, бүх хүчээ дайчлаад өөрт байгаа зүйлээ тултал гаргах ёстой. Тэгж байж хүний зүрхэнд очно гэж би ойлгодог. Энэ бол миний баримталдаг зарчим. Тиймээс өөрт байгаа бүхий л хүчээ дайчлан “Инээмтгий хүн” жүжигт тоглосон. Ингэж байгаа бүхнээ дайчилсан учраас тоглолтын дараа их ядардаг. Багш нар маань “Инээмтгий хүн”-ийг үзээд “Сайхан байна” л гэсэн. Гэхдээ надад төрсөн сэтгэгдэл нь “Хэрэв би театртаа тоглож байсан бол үүнээс ч илүү байх боломж байсан” гэж бодогдсон шүү. Тайзан дээр гарахын өмнө би залуучууддаа “Би чадах болов уу. Надад тайзан дээр, үзэгчидтэй харилцах хугацаа хэрэгтэй байна” гэсэн. Мэдрэмжээ маш хурдан хугацаанд олж авах гэж мэрийсэн ч санаснаар болоогүй. Жүжгийн эхэнд мэдрэмж бага зэрэг дутуувтар ороод яваандаа сайжирсан.
-Дутуу мэдрэмжээ дарахын тулд өөрийгөө хязгаарладаг байсан юм уу, тоглолтын дараа та үзэгчидтэй нэг их нээлттэй байгаагүй. Нэг л мэдэхэд гараад явчихсан харагддаг?
-Яагаад гэвэл би тоглолтын дараа зураг авахуулах дургүй. Ер нь киноны постерын зургаа авахуулахдаа хүртэл дургүйлхдэг. Сонин, хоосон санагдаад байдаг юм. Бас тоглолтын дараа их ядардаг болохоор хурдхан гэртээ харимаар болдог. Гэртээ харьж хоолоо идээд нам унтахаас өөр сайхан зүйл байхгүй. Тэгж би маргаашийн тоглолтынхоо энергийг авах ёстой. Өглөө нь 30 хүүхдэд хичээл заах учраас тэдэнд зарцуулах хүчээ сэлбэх хэрэгтэй болдог. Ийм хуваарилалттай ажиллахгүй бол болохгүй. Нас явж байна шүү дээ.
-Цаг хугацаанаас үлдэж хоцордог нь туршлага. Хэдэн арван жилийн өмнө анх тайзан дээр гарч байсан таныг өнөөдөртэй харьцуулахад ялгаатай зүйл ганц, хоёроор тогтохгүй байх?
-Ондоо байлгүй яадаг юм бэ. Залуу, халуун нас шүү дээ. Ааг омог хүнд заавал байх ёстой. Сайн багш нар, жүжигчид маань амьд сэрүүн байсан учраас би тэдний хүчинд явж ирсэн. Одоо нөгөөдүүл маань үгүй болоод ирэхээр өөрөө залуусаа сургах хэрэгтэй болчихож. Залуус намайг харж байгаа. Би тэдэнд дуурайл үзүүлэхгүй бол болохгүй. Залуу байхдаа би театрт ааг омгоороо тоглодог байж. Тэртээ тэргүй болохгүй бол багш нар байсан. Бараг хүчээр шахуу ажилладаг байжээ. Одоо бол өөр. Энэ хоёрын хооронд зай их бий. Тэр үед би буцалж байсан. Одоо бол буцлахаа болиод хөрөх гээд байна. Тэгж хөрснийг халаагаад дахин буцалгах амаргүй, хэцүү юм. “Инээмтгий хүн” жүжигт хоёр хүүхдээ алдчихаад уйлаад зогсдог хэсэг байдаг. Энэ мэдрэмжийг анх гаргахад хэцүү санагдаж байлаа. “Би тайзан дээрээ байна шүү дээ” гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс асгараад надад их хэцүү байсан юм.
-Та ийм мэдрэмж, таашаал авч байсан зүйлээсээ зай барьчихаад юунаас амьдрах эрч хүчээ авч байсан юм бэ?
-Киногоор л нөхсөн. Мэдээж дэлгэцийн бүтээл театраас өөр ч адилхан л амьдралын тухай хүүрнэнэ. Тэнд бас залуучууд байна. Тэд миний туулсан, алдаж онодог зааг дээр явж байгаа учраас би зөв бурууг нь биеэрээ үзүүлж туслах ёстой. Яриад байх нь чухал биш. Хамгийн гол нь хийж үзүүлэх ёстой. Түүнээс л тэд сурна. Би нэг уран бүтээлд Ц.Төмөрбаатар ахтайгаа хамт тоглосон. Үнэндээ стандарт гэж юу байдгийг үзүүлмээр санагдаад. Яг л доозоороо хүнд хүрсэн. Театрын зорилго нь их том авахгүй бол хүрдэггүй. Киноны хувьд өнөөдрийн амьдрал дээрх шиг зорилгоо энгийнээр авдгаараа ялгаатай.
Авьяас 10 тэрбумд ганцхан байдаг зүйл
-Та дэлгэцийн уран бүтээлд тоглохоо түр завсарлаад байна уу?
-Тийм ээ. Энэ жилийн хувьд би саяхан нэг кинонд тоглосон. Мөн нэг уран бүтээлийн урилга хүлээн аваад сууж байна. Гэхдээ тоглох эсэхээ одоогоор шийдээгүй, хойшлуулсан. Ойр ойрхон гарч байгаа дүрүүдээ ялгаж хийж чадаж байгаа юм уу гэж өөрөөсөө асуусан. Миний найз нөхдөөс гадна үзэгчид ч “Телевизороо асаахаар л та гарч байх юм” гэж байна. Тэгэхээр надаас хүмүүс уйдаад байна. Тиймээс дэлгэцийн бүтээлээс амсхийх цаг болж. Тэгээд ч нэг үе хамт ажиллаж байсан залуус маань хөл дээрээ бослоо. Чиг хандлага нь ч өөр болсон. Харах өнцөг нь өөрчлөгдөж, зорилгоо арай өөрөөр тодорхойлж байна. Ямар ч байсан би тэдэнд тусалж чадсан байна. Тийм болохоор дэлгэцийн бүтээлээ энэ жилдээ завсарладаг юм уу даа гэсэн бодолтой байна. Гэхдээ бид баян биш. Ний нуугүй хэлэхэд, кинонд тоглохгүй болохоор санхүүгийн хувьд уналтад ордог. Тэглээ гээд би ямар Монгол Улсад турж үхэх биш. Хөдөө очиход “Гавьяатаа нэг төлөг аваад яваарай” гэж захын хүн хэлнэ.
-Нас, туршлага байна. Одоо яагаад залуучуудаа уриалаад өөрийн өнгө төрхтэй театраа нээж болохгүй гэж?
-Театр бий болгох хэцүү. Тэгээд ч залуучууд театр байгуулчихаад байхад би энэ талаар ярих ямар ч шаардлагагүй. Бид суурин дээрээ өсдөг болохоос шинэ юм гэж ерөөсөө байхгүй. Маш хуучин юмыг шинэ гэнэ. Гэтэл орчин цагт маш өндөр төсөвтэй бүтээл хийгээд байх юм. Үзэхээр яах вэ дээ л. Хүмүүс ч гадна талыг нь л хардаг болсон байна. Монголчуудын үзвэрийн бодлогуудын үндсэн чиг хандлагууд нь ерөөсөө тийм болчихсон. Уг нь миний сурснаар, багш нарын маань зааснаар урлаг хүний зүрхэнд хүрэх ёстой. Уран бүтээлчид бид үзэгчдийн зүрхээр нь нааддаг улсууд шүү дээ. Хэзээ уйлуулж, инээлгэхээ бид мэдэрдэг, мэдрэмжтэй байх ёстой. Түүнээс биш үзэгчдэдээ захирагдаж тоглодог арга барилыг багш нар маань заагаагүй. Үүний тулд асар их хөдөлмөр хэрэгтэй. Судалгаа, хүмүүжлийн асар өндөр цэгт байж жүжигчин зорилгодоо хүрнэ. Түүнээс биш марзаганаад жүжигчин болдоггүй юм. Тиймэрхүү юмыг үзэх шаардлага надад байдаггүй. Миний үздэг кино, уншдаг ном, хүмүүстэй харилцдаг харилцаа ч ондоо. Би марзаганаж, алиалж хүнтэй харилцдаггүй. Хүмүүс намайг хараад инээдэггүй. Магадгүй зарим тохиолдолд надаас эмээдэг байх. Тоглосон уран бүтээлүүд нь зэвүүн болохоор “Энэ их айхавтар амьтан” гэж боддог байх л даа.
-Залуудаа Драмын театрт ажилладаг байхдаа хүмүүстэй нийцдэггүй байсан юм уу. Театрт хэдэн удаа орж гарсныг та өөрөө л мэдэх байх?
-Хүн дадсан зүйлээсээ салах хэцүү. Нөгөө талаас театрын дэг журам, сахилга бат гэж байх ёстой. Хүн хуучин зүйлээ үгүйлдэг. Жүжигчид бид сэтгэлээрээ л театрт байдаг. Түүнээс биш ажил хийх гээд, бага цалин аваад, гавьяа шагнал авахын төлөө тэнд оршдоггүй. Тэдгээр зүйл нь нийцээгүй болохоор магадгүй би сэтгэлээрээ зугтсан байх. Тиймээс би театраас гаръя гээд гарсан. Дассан газраасаа гарсан хугацаанд тамлагдсан. “Би яах гэж тайзнаасаа буув аа. Хэрвээ өдийд театртаа байсан бол” гэсэн бодол цаг үргэлж ээрсэн. Театр тийм ч амархан мартагддаг газар биш. “Би энэ тайзыг эзэгнэж байсан юм шүү дээ” гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс урсаад байдаг юм. Сүүлд “Инээмтгий хүн”-д тоглоно гэж хэлээд яг тайзан дээр гарахаар нэг л болж өгдөггүй. Ямар сайндаа нэг буланд очоод “Хөгширнө гэдэг лагай юм байна даа” гэж өөрийгөө зэмлэсэн.
-Энэ асуултынхаа хариуг олсон уу?
-Хариуг нь хайх шаардлага байгаагүй. Би кино, жүжигт тоглоогүй найман жилийн хугацаанд архи уусан. Яагаад хүн архи уудгийг ойлгосон. Хүн сэтгэлээ дийлэхгүй болоод ирэхээрээ архи уудгийг мэдсэн. Амьдралдаа гэгээлэг байсан зүйлүүдээ, гоё явсан үеэ санагалзахгүй, мартахын тулд найман жилээ хий дэмий өнгөрүүлсэн.
-Тэр мухардлаас таныг хэн татаж гаргасан юм бэ?
-Өөрөө л... Намайг хэн ч гаргаж авахгүй. Өөрийгөө л татаж авахгүй бол мянга загнаж, зодоод ч нэмэргүй. Бүх зүйл хувь хүнээс шалтгаалдаг юм билээ. Би хэний хүүхэд, хэн багшийн шавь билээ. Өмнө нь ямар явсан, одоо яаж яваад байгаа юм бэ. Эдгээр асуултын хариулт найман жилийн дараа орж ирсэн. Би удаан бодсон байгаа биз? Тэр үед сошиалд “Жүжигчин Төмөрхуяг үхсэн” гэж хүртэл бичсэнийг санаж байгаа байх. Тэгж солиорч явахад Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно, Чингис хаан” киногоо хийх гээд намайг дуудсан. Тэндээс л жоохон ухаажиж, төлөвшсөн дөө, би. Бодвол, шанаган дотор дусал сүү орсон юм шиг байгаа юм. Тэр хооронд Б.Баатар найруулагчийг амьд сэрүүн ахуйд театртаа нэг орсон. Тэгээд буцаад гарахдаа би Баатартаа “Би нэг л болохгүй байна. Гаръя” гэсэн юм. Тэр үед театрт “Дон Кихот” жүжгийг тавьж байсан санагдана.
-Юу таныг тэгж яс махтай чинь хаттал шаналгадаг байсан юм бэ?
-Хүмүүст шууд хэлэхэд хэцүү л дээ. Шууд хэлдэг хүмүүсийг би тэнэгдүү улсууд байдаг болов уу гэж боддог. Түүнийгээ тэд шударга гэдэг. Үгүй л дээ. Шударга хүн гэж өөр хүнийг хэлнэ. Шулуухан хэлдэг хүмүүс чинь тэнэгдүү байдаг. Олон талаас нь бодсоны эцэст ганцхан дуугарах ёстой юм билээ. Одоо бол би маш их бодож байж ярина. Жүжигчин хүн сэтгэлийн хөөрөлтэй байдаг гэдэг нь худлаа. Тэр бол жүжигчин биш бүжигчин байхгүй юу. Жүжигчин хүн бодож байж хийдэг. Түүнээс биш тэнд сэтгэлийн хөөрөл гэж байхгүй. Хүүхдүүд жүжигчин болох амархан гэж андуураад байна. Жүжигчин хүн улстөрч, нийгмийн зүтгэлтэн, бүр сэтгэл судлаачаас ч илүү байж дүр бүтээнэ.
-Ер нь та мөрөөдөлтэй байсан юм уу. Ах гэдэг том уулын бэлд өсөхдөө бусдын нөмөрт, хэн нэгний бодлоор дэндүү удаан явчихсан юм биш биз дээ?
-Арван жилд байхдаа мөрөөдөлгүй байсан нь үнэн. Сургуулиа төгсөхдөө улаан шугамд багтаж чадалгүй хасагдахад намайг Орос руу ТМС-д сурахаар яв гэсэн. Би яваагүй, гудамжинд чулуу өшиглөсөн. Тэгсэн ээж минь ахад намайг жүжигчний мэргэжилд тэнцэх эсэхийг мэдээдэх гэсэн юм билээ. Тэр үед Ц.Төмөрбаатар ах Багшийн дээд сургуулиа төгсөөд удаагүй. Ангийнхантайгаа намайг шалгалтад бэлтгэж оруулаад би тэнцсэн. 3000 гаруй хүүхдээс дөрвийг нь л авсан байх. Тэгэхээр овоо гайгүй юм байсан юм байлгүй дээ. Тэр үед надаас жүжигчинд байх ёстой өгөгдөл харагдсан байх. Тэр үед л би мөрөөдлөө олсон. Миний багш Г.Доржсамбуу л намайг урлагт дуртай болгосон. Н.Цэвээнравдан багш мөрөөдлийг ажил гэж ойлгуулсан. Ингэж эрхийн тэнэг хүүхэд сургуульд ороод зорилготой болсон юм. Багш маань Драмын театрын найруулагч байсан учраас би маш олон жүжигт нь тоглосон. Гэсэн ч тэд дөчин хэдхэн настайдаа “яваад өгсөн”. Уг нь өдийд байвал байхаар л хүмүүс. Би тэднээс их зүйл сурсан даа.
-Таны авьяас ил байсан учраас тухайн үед багш нар итгэл хүлээлгэсэн байх?
-Жүжигчний авьяас уран бүтээлийн явцад мэдэгддэг болохоос шууд илэрдэг зүйл биш юм. Гоё дуулж, бүжиглэх авьяас биш. Өгөгдөл шүү дээ. Авьяас 10 тэрбумд ганцхан байдаг зүйл. Одоо кинонд тоглоод байгаа бүх жүжигчин авьяастай гэж бодож байна уу. Үгүй. Өөрсдийгөө авьяастай гээд андуураад байгаа юм. Жүжигчин хүн энэ талаар өөрөөсөө байнга асууж байх ёстой. Өөрийгөө дүгнэх нөхцөлийг бий болгож болохгүй. Өөрийгөө авьяастай гээд бодчихвол тэр цагт бүх зүйл дуусна.
-Таныг энэ амьдралын туршид ядраачихсан зүйл нь харьцуулалт юм болов уу. Хувь хүн гэхээсээ илүү аавын хүү, ахын дүү гэдгээр нь хардаг нь зарим талаараа дарамт болдог юм шиг санагдсан?
-Яах вэ, тийм юм байдаг. Байх ч ёстой. Тэр нь надад даруулга болдог. Хэрэв надад даруулга байхгүй бол би сагаж, дуусаж байгаа. Яагаад гэвэл, би ааваасаа есөн сартай үлдээд л бүх алдартны өвөр дээр эрхэлж, дамжсан хүн шүү дээ. “Манай Цагааны бага нь...” гээд хүн болгон намайг өвөр дээрээ авч байсан. Д.Цээнямбуу эгч “Би чамайг өвөр дээрээ аваад өсгөсөн. Гэтэл чи театраас гарах гэлээ” гэж хэлээд уйлж байсан. Үүнийг тухайн үед театрт ажиллаж байсан бүх жүжигчин мэднэ. “Тэгж болдоггүй юм даа. Харамсана шүү” гэсэн. Харамсдаг л юм байна. Хүн сэтгэл, оюунаараа алдахаараа их хямралд ордог. Зодоон хийгээд шоронд орох, сэтгэлээрээ шорлох хоёр чинь өөр. Тэгээд л өнгөрсөн хойно нь яах ёстой юм бэ гэж бодсоны эцэст энэ талаар ярих газар бол сургууль юм байна. Багш болох юм байна гэж бодсон. Тиймээс өнөөдөр би энэ сургуульд багшилж байгаа.
-Таны гаргасан алдааг дараа нь хэн нэгэн жүжигчин битгий гаргаасай гэсэн сэтгэл юм байна?
-Мэдээжийн хэрэг. Нөгөө талаасаа энэ бол зөвхөн жүжиглэдэг мэргэжил биш шүү гэдгийг би хамгийн түрүүнд хэлэх гээд байгаа юм. Жүжиглэх бол сэтгэл зүйчийн ажил. Бас оюуны ажил юм. Тиймээс өөрт байгаа бүх зүйлээ үүнд л зориулдаг. Оюутнууд “Багшаа цалин бага” гэдэг. Би ч гэсэн бага цалинтай ажиллаж байсан. Гэхдээ социализмын үед өндөр цалин авч байсан үе надад бий. Ц.Гантөмөр гуайн дараа орох хэмжээний цалин авдаг байсан юм шүү дээ.
-Тэгээд яагаад наймаа хийхээр явсан юм бэ?
-Театр “сүйрсэн”. Дараа нь би Хүүхэд залуучуудын театр руу орсон. Харамсалтай нь, И.Нямгаваа гэдэг найруулагч театрыг үгүй хийсэн. О.Бат-Өлзий бид хоёр хувийн театр байгуулсан ч ашиг олоогүй. Тэр үед хүмүүс юм үзэхгүй, зөвхөн Эрээн, Москва хоёрын хооронд л явдаг байсан цаг. Тэгж ажлаасаа гараагүй нэг ч хүн байхгүй.
-Та наймаа хийгээд ашиг олсон уу?
-Юу ч олоогүй. Байсан нэг өрөө байраа зараад эцэст нь орох оронгүй болсон. Тэр үед наймаа хийсэн бараг дийлэнх хүн ийм байдалтай өнгөрсөн байх. Харин толгой сайтай нэг нь Солонгост ажил хийж болж байгааг мэдээд явсан. Тэр үед Солонгост ажиллаад мөнгө цуглуулж болдог байлаа. Одоо ямар болсныг мэдэхгүй юм. Хүмүүс тэгж байхад би гэдэг хүн тэнэгтэж явж явж буцаад суурин дээрээ ирсэн.
-Уран бүтээлчийн үнэлгээ гэж бий. Одоо та үнэлгээтэй уран бүтээлч болж чадсан уу?
-Өмнө нь би хэлсэн. Би уран бүтээлч боллоо гэж бодсон цагт бүх зүйл дуусдаг. Би ахаасаа илүү болсон уу. Манай аав зургаахан кинонд тоглосон. Гэтэл би өч төчнөөн кинонд тоглоод аавынхаа хэмжээнд хүртэл дүр гаргасан уу. Манай ахыг Цэдэнбал гэдэг биз дээ. Намайг хэн гэх юм бэ. Надад тэгж хэлүүлэх дүр байхгүй.
Одоо намайг хэн ч ээж шиг минь эрхлүүлэхгүй
-Сүүлд тоглосон “Ээж” киноны дүр ганган гоё зүйлгүй ч хүний сэтгэлд хүрсэн гэдэгтэй та санал нийлэх байх?
-Тэр бол сэтгэлгээний дүр. Манай Н.Цэвээнравдан багшийн ганцхан хэлдэг зүйл байдаг. “Ээжтэй хүн баян шүү” гэж. Өөрөө ч багадаа ээжийгээ алдсан. Манай багшийн хэлж байсан нь ямар үнэн үг вэ гэдгийг би ойлгосон. Ээжтэйгээ байх ямар гоё байв аа. Одоо намайг хэн ч ээж шиг минь эрхлүүлэхгүй. Заримдаа ээжийнхээ шарил дээр нь очдог. Амьдралд минь болж байгаа бүх зүйлээ ярьдаг. Их сонин шүү дээ. Ээжийнхээ тухай ярихаар сэтгэл онгойгоод л явчихдаг юм.
-Өмнө нь таны ахтай ярилцаж байхдаа таны ээжийг хүүхдүүдээ хөрөнгө мөнгө гэхээсээ илүү боловсрол гэдэг хамгийн том хөрөнгөтэй болгоод энэ ертөнцөөс явсныг мэдсэн?
-Манай аав хөрөнгө мөнгө үлдээсэн юм шүү. Олон хүүхдийг хүн болгоход тэр мөнгө дуусна биз дээ. Аавд маань хотын захиргаанаас гурван өрөө байр өгч л дээ. Тэгсэн ээж “Тэр том ханхайсан юман дотор чинь юугаа хийх юм бэ. Хоёр өрөө байр авбал болно биз дээ” гэж зэмлэж байгаад гурван өрөөгөө хоёроор солиулж байсан гэдэг. Аавыг өнгөрсний дараа хүүхдүүд нь том болж байраа гурван өрөө болгосон. Яах вэ дээ, ээж минь тэр үед залуу байж. Гэхдээ л хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн. Бүгдийг нь дээд сургуульд оруулсан хүн дээ. Олон хүүхдийг маш сайн хүмүүжүүлсэн. Над шиг амьтан сахилгагүйтээд шорон оронд орохоор цаг мөч олон байсан. Миний муу ээж л хэлж, явж хүн шиг хүн болгож сургууль соёлтой залгуулсан юм. Ахыгаа Төрийн шагнал авахад “Би ч гэсэн ээжийнхээ амьдад юм аваад үзүүлчих юмсан” гэж хүртэл бодогдож байсан удаа бий. Хүн ээжийгээ мөнхийн байх юм шиг боддог юм билээ. Өнгөрснийх нь дараа л орой руу орж байна. Одоо амьд сэрүүн байсан бол /Санаа алдав/...Хүүгийнх нь зам мөр тэгшрээд явж байгааг харуулаад хажуудаа байлгаад цай сүүг нь өгөхсөн. Урлагийн ажилд тийм зав, цаг байдаггүй учраас өмнө нь цай сүүг нь дөхүүлж өгч чадаагүй. Одоо бодох юм, сайхан цай чаначихаад ээжтэйгээ хууч хөөрөөд суухсан. Манай ээж бүтэн сайн өдөр болгон шар будаатай цай чанаж өгдөг байсан. Тэр цайг нь одоо нэг уух юмсан даа /бодолхийлэв/.
Үеийн нэгнээ эцсийн замд нь үдэхдээ миний ээлж хэзээ бол гэж боддог
-Төмөрбаатар гуай аавын дайтай ах байсан болов уу?
-Надад урлагийн нөлөө өгсөн хүн бол ах маань. “Хоёулаа зүтгээд байхаас өөр яах вэ дээ” гэсэн. Нэг нь Драмын театр, нөгөө нь Хүүхэд залуучуудын театрт зүтгэсэн. Цаг үеийн байдал өөрөөр эргэсэн учраас театрт үе гэдэг зүйл алга болсон. Бидний үеийнхэн дундаас л гэхэд олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэр дундаа дандаа сайнууд нь явсан байдаг юм. Заримдаа би муу хүн учраас байгаад байгаа юм болов уу гэж бодогддог. Ер нь их юм бодох юм даа. Үеийн нэгнээ эцсийн замд нь үдэж өгөхдөө миний ээлж хэзээ бол гэж бодогддог юм шүү.
-Танаас шууд асууя. 2018 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин болоод хамгийн түрүүнд орж ирсэн бодол юу байв?
-Энэ шагналыг надад ард түмэн өгч байна уу, үгүй юү гэдэг л надад сонин санагдаж байсан. Би яг ард түмний гавьяат мөн үү гэж өөрөөсөө асуусан ч хариултыг нь олоогүй. Тиймээс гавьяатын тэмдгээ зүүхээс ичээд байдаг юм. Тиймээс гэртээ, хоёр багшийнхаа зургийн голд нь жаазлаад өлгөсөн. Миний хоёр багш хоёулаа гавьяат болоогүй. Миний өдий зэрэгтэй яваа нь тэр хоёр хүний гавьяа юм чинь яагаад болохгүй гэж, тийм биз.
-Одоо сэдвээсээ бага зэрэг хазайгаад гэр бүлийн тань талаар асуумаар байна. Тухайлбал, хүүхдүүдийн тань тухай...?
-Би хоёр хүүхэдтэй. Уран бүтээл гэж явсаар тэднийхээ хажууд нь байж чадаагүй. Хүүхдээ өсөж хөгжихөд оролцоо муутай аав байсан. Зөвхөн цалин, кинонд тоглоод олсон хэдэн төгрөгөө өгдөг хүн байлаа. Харин одоо би хийгээгүй ажлаа хийж байна.
-Таны хүүхдүүдээс урлагийн өгөгдөлтэй хүн бий юү?
-Охиноо сургуулиа төгсөхөөр нь СУИС-д оруулсан. Нэг жил сургаад “Одоо миний охин хэрэггүй” гэж хэлээд сургуулиас нь гаргасан. Охин маань аавынхаа үгэнд орж банкны ажилтан болсон. Хүүг мэргэжлээ сонгох болоход эгч нь дүүгээ жүжигчин болгоё гэсэн юм. Тэгээд би Н.Ганхуягийн ангид оруулсан. Бас л нэг жил сургаад “Одоо гар даа” гэсэн. Тэгсэн өөр сургуульд ормооргүй байна гээд өөрийнх нь сонголтоор операторын ангид орууллаа. Хүмүүс гайхаж магадгүй. Яагаад гэвэл би, УБДС, КУДС, СИТИ-д багшилж байсан. Тэгэхээр би сургалт нь ямар гэдгийг бүгдийг нь мэднэ. Тиймээс хүү, охин хоёроо жүжигчин болгоогүй.
-Та шантарсан юм уу. Магадгүй тийм учраас хүүхдүүдээ урлагийн хүн болгоогүй байх?
-Шантрахдаа биш шүү. Би хүүхдүүдээ хэцүү замаар явуулмааргүй байна. Урлагт орон зай эзэлж чадахгүй бол байгаад хэрэггүй. Хүнд хүндлэгдэж байж ажил урагшилна. Гэтэл би доожоогүй байвал намайг хэн тоох юм бэ. Харин ч дээрэлхээд тамхи, хуушууранд гүйлгэх байх. Тийм байлгамааргүй байна. Ямар ч зүйлд дандаа манлайлах ёстой. Юм хийвэл хийсэн шиг хийгээд дандаа тэрнийхээ толгой дээр нь байх хэрэгтэй. Тэгэхгүй хүний дор амьдарна гэдэг утгагүй болно.
-Та бүх зүйл тайван, тогтуун болж байна гэж хэлсэн. Энэ цаг үедээ юу хийхийг хүсэж байна вэ?
-Одоохондоо надад наад зүг чиг чинь харагдахгүй л байна. Яагаад гэвэл нийгэм ороо бусгаа байна. Залуустай уулзахаар дандаа гадаад руу явна гэх юм. Тэгээд цаашдаа юу хийх гээд байгаа юм бол. Сүүлдээ “Монгол байгаа юу” гэж асуумаар санагдах боллоо. Надад тохиолдож байгаа бүх юм монгол биш болчихож. Үүнд сэтгэл маш их өвдөж байна. Харин би үхсэн ч гадаад явж амьдарч чадахгүй, зөвхөн Монголдоо. Түүний оронд хөдөө орон нутгаар явна.
-Сүүлийн асуултад хариулахгүй байсан ч болно. Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болголоо. Энэ үйл явдал таныг эмзэглүүлэв үү. Уурласан уу?
-Тэрэнд уурлаж яах юм бэ. Болдог юм болдгоороо л болно. Түүх үлдэнэ. Театраа Цагааны Цэгмидийн нэрэмжит болгоод өгөөч гэж Соёлын хэлтсийнхэнд нь хэлсэн. Тэр үед Л.Эрдэнэбулган гуайн нэрэмжит болгох юм шиг яриад өнгөрсөн юм. Гэтэл энэ нь худлаа байж. Хэлэлцээд хийх ёстой ажлыг хийж чадахгүй байгаа бол нутгийн зөвлөл, соёл урлагийн байгууллага байгаад ч хэрэггүй. Энэ үйл явдал ямар үр дагавартайг сүүлд нь бодох л хэрэгтэй. Ер нь мэдэхгүй хүнийг шүтэх хэрэг байгаа юм уу. Хүн мэддэг хүнийхээ тухай л ярьдаг. Мэддэггүй хүний талаар ярихаар худал хэлсэн болно, тийм биз. Тиймээс би мэдэхгүй хүнийхээ талаар ярьдаггүй.
Булганы театрыг заавал Цагааны Цэгмидийн нэрэмжит болгох шаардлагагүй. Хэн ч хусаад арилгаж чадахгүй зүйл бол түүх. Түүхэнд “алтан Цэгмид” гээд бичигдсэн. Үүнээс илүү яах билээ. Тиймээс би Булганы театрын талаарх мэдээг сонсоод ерөөсөө эмзэглээгүй.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна