Dada, Nana хоёрыг бүжиг учруулжээ. Бүжигчин болох нь тэдний багын мөрөөдөл. Тиймээс ч хүүхэд бүр хуульч, эдийн засагч, инженер, жүжигчин болохыг эрмэлздэг болсон энэ үед тэд багын мөрөөдөлдөө хөтлөгдөн, Dada Хөгжим бүжгийн коллежийн Ардын бүжгийн анги, Nana СУИС-ийн бүжгийн жүжигчний ангид элсэн орсон байна. Бүжгийн ангийн оюутнуудын дунд зохиогддог тоглолтын үеэр анх бие биенээ олж танилцан мэргэжлийн бүжгийн хос бүжгийн студийг үүсгэн байгуулжээ. Сургуулиа төгсөөд бүжгийн клубүүдэд багшаар хэдэн жил ажилласан залуус маань өөрсдийн студитэй болохоор зорьсон нь 2022 онд биеллээ олсон байна.
Нийслэлийн шинэ хорооллуудын нэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орон сууцны хотхон олонтой. Тэдгээрийн нэг “Олимп” хотхоны чанх урд байрлах “Sunshine village”-ийн 331 дүгээр байранд “Nana dance studio” клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ клуб монгол ардын бүжиг, латин болон стандарт бүжгийн төрлөөр сургалт явуулдаг.
Тус клубт очиход хүүхдийн ангийн хичээл эхэлж байгаатай таарав. Хүүхдүүд өмнөх өдрийн бүжгээ давтаж байгаа бололтой, тус тусын байрлалаа эзлэн бүжгийн хөдөлгөөн хийнэ. Багш гаднаас орж ирж “Өчигдрийн бүжгээ давтсан уу, хүүхдүүд ээ. Ямар байна вэ” гэж багшийг асуухад “Давтсан, гоё байсан, сурсан” хэмээн уралдан хариулцгаана.
“Nana dance studio” клубийг үүсгэн байгуулагч нь Цогтбаярын ДАВААСАМБУУ, Мөнх-Амгалангийн БОЛОР-ЭРДЭНЭ. Тэднийг Dada, Nana гэж өхөөрдөн дууддаг байжээ. Тиймээс ч бүжгийн клубээ эхнэрийнхээ багын нэрээр нэрлэсэн нь энэ. Ингээд “Nana dance studio” клубийн үүсгэн байгуулагч Ц.Даваасамбуу, М.Болор-Эрдэнэ нартай ярилцлаа.
Ц.Даваасамбуу: Манайх бүжгийг мэргэжлийн түвшинд заадгаараа давуу талтай
/“Nana dance studio” клубийг үүсгэн байгуулагч/
-Манай клуб бүжгийг мэргэжлийн түвшинд заадгаараа онцлогтой. Монголчууд ардын бүжигтээ их дуртай. Мөрийн дугтаралт, биелгээ гээд монгол бүжгийн үндсэн хөдөлгөөнийг сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон хүн манайд ханддаг.
Хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр мэддэг. Тиймээс ч өдөр тутамдаа хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг болсон байна. Хүн өөртөө итгэлтэй, зоримог бүжиглэх хэрэгтэй. Сэтгэлийн таашаал мэдэрч, хөлс гарч, урам авна гэдэг тухайн өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх хөшүүрэг нь болдог.
Бүжиг заана гэдэг маань хөдөлгөөн хийлгэх гэсэн үг биш. Хөдөлгөөн бүрийг биеэрээ мэдэрч, амьсгалахыг хэлнэ. Хөдөлгөөн бүр биеийн эд эрхтэнд мэдрэгдэж, сурч байгаа хүндээ мэдрүүлэхийг хэлнэ. Бүжгээ, хөдөлгөөнөө мэдэрч бүжиглэж байна уу, үгүй юү гэдгийг мэргэжлийн багш хараад л мэднэ. Тухайн хөдөлгөөнийг хийхэд биеийн аль нэг хэсэгт өвчин орж байна уу, ташааны хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй байна уу гэх зэргээр заахдаа шавь нартаа харуулж, үзүүлж, өөрсдөөр нь тухайн хөдөлгөөнийг хийлгэнэ. Үүний дүнд тухайн шавь маань бүжгээ мэдэрч, урам авна. Цаашлаад ямар ч бүжгийн хэмнэлд хэрхэн бүжиглэх вэ гэх мэт мэдрэмжийг бүжгээр олгоно.
Манай өглөөний анги 6:00 цагаас эхэлж, шавь нар маань дасгалдаа хийгээд ажилдаа их урам зоригтой явахыг харах бидэнд ч илүү ихийг хичээж бүтээх урам өгдөг.
М.Болор-Эрдэнэ: Гуалиг сайхан биеийг бүжгээр урлана
/“Nana dance studio” клубийг үүсгэн байгуулагч/
-Зорилгодоо хүрч бүжгийн клубээ нээхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Би 2017 онд СУИС-ийг Бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Төгссөнийхөө дараа бүжгээс авдаг гоё мэдрэмжээ бусдад түгээх юмсан гэж мөрөөддөг байлаа. 2021 оны сүүлээр бүжгийн клуб нээж ажиллуулах санал ирэхэд би маш баяртай хүлээн авч, мөрөөдөл биелдэг юм байна гэсэн мэдрэмж төрсөн. Манай бүжгийн клуб бүх насныханд чиглэсэн. Суралцаж байгаа хүмүүстээ бүжгийг мэргэжлийн түвшинд ойлгуулж, мэдрүүлэхийг зорьдог.
-Клубээ хичээллүүлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Бүжгийг хэдэн насныхан илүү сонирхон хичээллэж байна вэ?
-Сургалтын төвөө нээгээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Анх ганц шавьтай, нөхөр бид хоёр хоёулаа клубээ нээн эхлүүлж байсан бол өнөөдөр мэргэжлийн нийт таван багштай үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүүхэд, залуус, насанд хүрэгчид бүгд л бүжиг сурахыг сонирхож байна. Тэр дундаа насанд хүрэгчид вальс эргээд суръя, бүжиглэж суръя гэдэг. Манай клубт 20-40 насныхан зонхилон ханддаг. Анхны шавь маань одоо хүртэл бүжгийн сургалтдаа явж байна. Сонирхогч гэхээсээ илүү мэргэжлийн түвшинд хүрсэн, өөрөө бүжигт маш их дур сонирхолтой.
Хүүхдүүдэд сургалт явуулахдаа элсэлтээ квот тогтоодог. Хүүхэд бол маш нандин. Багаас нь суурийг нь зөв өгөх нь чухал. Тиймээс хүүхдүүдэд хичээл заахда няхуур, тулж ажилладаг. Хүүхдүүд маань сар амраад өөрсдийн сонирхлоороо дахин хичээллэж байна. Бас манай сургалтын төв үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй хугацаанд хүмүүст танигдаж эхэлж байна.
Сургалтаа улам чанаржуулахын тулд бид байнга зөвлөлдөнө. Суралцагчид юуг сонирхож байна, аль төрлөөр нь сургалт явуулах уу гэдгийг ярилцаж байгаад шийдвэрээ гаргадаг.
-Насанд хүрэгчид ямар төрлийн бүжиг сонирхон хичээллэж байна вэ?
-Насанд хүрэгчид монгол үндэсний бүжгээ илүү сонирхдог. Үндэсний хувцсаа өмсөөд, үндэсний бүжгээ хийж сурах хүсэлтэй байдаг. Манай клубт ирж байгаа хүмүүсийн олонх нь сонирхогчид байдаг. Ажлын ихэнх цагаа компьютерийн ард сууж өнгөрөөснөөс хөдөлгөөний дутагдалд орсон байдаг нь нийтлэг үзэгдэл. Тиймээс ирсэн хүмүүстээ бүжгийн төрлөө танилцуулж, өөрсдийнх нь сонгосон чиглэлээр сургалтаа явуулна. Бүжиг хүнд хүч энерги өгдөг. Мөн зарим тохиолдолд судлаад, хайж ирдэг хэсэг бий. Тэд мэргэжлийн багш нараар мэргэжлийн түвшинд сурахаар зорьж ирдэг юм.
-Бүсгүйчүүд кайф мэдрэхээс гадна бие галбираа ч хөгжүүлэхийг илүүтэй хүсдэг. Та бүхэн суралцагчдадаа үүнийг хэрхэн олгож байна вэ?
-Эмэгтэйчүүд бол биеийн жин ихээхэн ач холбогдол өгдөг. Латин америк бүжгийн үндсэн хөдөлгөөнүүд эмэгтэй хүний галбирыг илүү тодотгоно. Биений галбир нь өв тэгш болж, нүдэн дээр эрс өөрчлөгддөг. Гуалиг сайхан биеийг бүжгээр урладаг.
“Nana dance studio” элсэлт авч байна
Хүүхдийн анги: Манайд нээгдэж буй хүүхдийн анги маань бүх төрлийн бүжгээр хичээллэх болон хүүхдийг эвсэлтэй болгох, сунгалттай болгодгоороо давуу талтай.
Бүжгийн төрөл
• Монгол
• Латин
• Чөлөөт
1.3.5 дахь өдөр
12:00- /6-9нас/
13:00- /10-14нас/
• Балет
2.4.6 дахь өдөр
12:00- /4-6нас/
13:00- /6-9нас/
14:00- /9-13нас/
Насанд хүрэгчдийн тураах анги:
Бүжгийн төрөл:
• Анхан шатны хөдөлгөөнтэй бүжгүүд болон латин бүжиг.
1.3.5 дахь өдөр
07:00, 08:30, 18:00, 19:30
2.4.6 дахь өдөр
07:00, 08:30, 18:00, 19:30
Ганцаарчилсан /vip/ анги:
• монгол бүжиг,
• латин
• стандарт бүжиг
Цагаа сонгоод явах боломжтой.
“Nana dance studio”
Хаяг: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо. Цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойно “Sunshine village” хотхон 331 дүгээр байр
Утас: 8030-6337
Фэйсбүүк: Nana Dance
И-мэйл: ebolor172@gmail.com
Н.ЭНХЛЭН
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна