​ Номын гэгээнд дэлгэрсэн “Амьдрал” хэмээх цэцэг


Жил болгоны хавар, намарт болдог номын баярт “Насаа Анар номын дэлгүүр” гэсэн хаягтай хүн зон холхисон, худалдан авагч багширсан том цагаан асар “Сүхбаатрын талбай”-н зүүн хойморт он цагийг гэрчлэн, орон зайгаа дүүргэн дүнхийж байх. Номын асарт шавилхан биетэй, инээд цацруулсан бүсгүй ном барин нааш, цааш шаламгайлан хөдлөх бөгөөд лангууны ард хөлс нь бурзайсан хэнэггүйдүүхэн царайтай хүрэн бор эр ном ялган хаа нэг худалдан авагчдыг халиан суух. Асраар үе, үехэн зохиолчид морилон ирэх ба тэр тоолон мөнөөх шавилхан бүсгүй бүрх духдуулан зохиолчтой батиараа татуулж байгаа харагдах. Номын баярын өдрүүд түүний хувьд ашиг орлого олох гэхээсээ илүү жинхэнэ баяр утгаараа болдог ажээ.   

Бүсгүйг Лувсангийн Насандулам гэдэг. Энэ жил 50 насныхаа ойг, номын eртөнцтэй амьдрал хувь заяагаа холбосны 22 жилийн ойг тэмдэглээд гялалзаж явна. Түүний ханийг Володъягийн Энхжаргал гэдэг бөгөөд номын бизнест амьдралынхаа 27 жилийг зарцуулжээ.   
Энхжаргалынх гэдэг айл зах зээлийн нийгэмд шилжих хүндхэн цаг үeд гал голомтоо бадрааж, гэр бүл зохиож байв. Гэрлээд төд удалгүй Насандулам нярайлж анхны үрээ өлгийдөн тэврэв. Улс орон шилжилтийн үеийн хямралд өртөж дэлгүүрийн лангуу хоосон, иргэдийн хэтэвч нимгэн. 

Насаагийн гэр бүлийн хүмүүжил өөртөө байгаагаа хүнтэй хуваалцдаг хачин өглөгч араншинг төлөвшүүлсэн. Ямар сайндаа л байгаагаа хуваалцдаг хөршийнх нь бүсгүй талх аваад гэртээ орохыг хараад талыг нь өгөх байх даа гэж горьдоод хөхөө хавтгаж байх вэ дээ. Талх ч олдохгүй тийм л хэцүү цаг үеийг залуу гэр бүл туулж байсан гэхээр өнөөдрийнх нь амьдралыг хайрлахаас аргагүй. Ээж нь туйлын хямгач, арвин гартай, гурил будаагаа дуусгаж биш дуусахаас нь өмнө нэмж авчихдаг жоортой хүн байсан гэдэг. Ээжийгээ хөдөөнөөс нүүлгэж ирсэн нь тэдний амьдралд маш их тус болсон гэж хожмоо нулимс цийлэгнүүлэн яриад “Одооны хүүхдүүдийн зүүдэнд ч орохгүй картын барааны хүндхэн он цагийг нялх жаахантай гурван ам ээжийнхээ жоороор давсан нь эргээд бодоход дурсамжтай юм даа” гэж суудаг юм. Амьдралын гэрэл гэгээтэй мөчүүд гэхээсээ илүү хүнд хэцүү хормуудыг эргээд санахад хачин их хайрлам дурсамж болдог нь гайхмаар юм шүү.


Амьдрал хүнд, нийгэм айдастай, урьд нийгмийн мэдлэг хог дээр хаягдаж, хоосонд төөрсөн хүмүүс номыг хоолоор сольж байхад Энхээгийн гэр бүлийн хамгийн нандин мөч тохиож номын далайд завиа тавьж сэлүүрээ дүрж байсан нь бас л гайхалтай. Номын бизнeс хийх нь тухайн үед урсгал сөрөн сэлүүрдэхээс ялгаа юун. В.Энхжаргалынх анхны хүүгээ төрүүлээд гурван сар 15 хоногтойд нь гэр бүлийн зураг авахуулсан байжээ. Дараагийнхаа охиныг  төрөхөд яг тэр үeийнх нь зургийг авахуулмаар байдаг голомтоо бадраагаад удаагүй, өрх тусгаарлаад өнжөөгүй залуу гэр бүлд мөнгөний асуудал тулгарлаа. Зах зээлийн шуурганаар нөхрийнх нь  ажиллаж байсан үйлдвэр татан буугдсан, эхнэр хүүхдээ төрүүлээд гэртээ. Хэн хэн нь орлогогүй үe. 
Өрхийн тэргүүн өглөөд л мөнгөний ажил хийхээр гарах ч олдох нь ховор. Монголын амьдрал 1930-аад оны их хямралын үе шиг болчихсон. Ажил хайсан хүмүүс хотын гудамжаар хэсүүчлэн онгорхой үүдтэй болгоныг нэгжиж байсан даа. Өглөөд нүүрс түлээгээ бэлдээд явдаг байсан Энхээ тэр өдөр мартсан байлаа. Шинэхэн гэрийн эзэгтэй үүнд нэг их юм болсон ч үгүй хоёр хүүхдээ унтуулчихаад толгойгоо боогоод нүүрснийхээ пинд ортол шуудайтай зүйлс нүүрсэн дээр тавьсан байж гэнэ. 

Эмэгтэй хүний сониуч зангаар сонирхон харвал нэгнийх нь ам задраад цоо шинэ номнууд нүүрстэй холилдсон харагдана. Нүүрсээ оруулангаа хэдэн ном тэврээд гэртээ орлоо. Орой нь нөхрийгөө ирэхээр юун ном болохыг асуутал “Садангийн хүн нь орон нутгийн номын дэлгүүр татан буугдаад цаасны хаягдалд өгөх гэтэл авах газар, хүн алга танайх нялх нойтон хүүхэдтэй юм чинь түлчихнэ биз гээд орхисон” гэнэ. Яаж мөнгө олох тухай бодож суусан Насаагийн толгойд “Энэ номыг зарж болох юм бишүү” гэсэн бодол гялсхийн энэ тухайгаа нөхөртөө хэлбэл бодолхийлэн сууснаа “Ном зардаг хүмүүс хүнсний XX дэлгүүрийн тэнд сууж байгаа харагддаг” гэсэн нь зөвшөөрсний тэмдэг байлаа. Маргааш нь шуудайтай номоо үүрээд охиноо тэврээд гарцгаав. Очоод номоо зарах гэтэл авдаггүй гэнэ. 
Энэ тухайгаа Насаа “Тэр үед ном зарагдаагүй нь ч болсон юм. Хэрвээ зарагдсан бол бид хоёр энэ олон жил номын гэгээнд жаргаж явах ч билүү үгүй ч билүү. Юм гэдэг учиртай. Уг нь бидний ном цоо шинэ, тэдний зарж байгаа номны зарим нь хавтасгүй хуучин тэгсэн хэр нь авахгүй гэхээр нь би жаахан гайхасхийгээд өөрөө зогсож байгаад зарчихъя гэж шийдсэн. Тэгээд нөгөө ахад хажууд чинь зогсоод зарж болох уу гэвэл дуугүйхэн л толгой дохидог юм байна. Зөвшөөрч байна гэж ойлгоод л дэргэд нь зогслоо. Зогсоод тун ч удалгүй хоёр ном зарж орхив. Бөөн баяр. Олсон мөнгөөрөө гурвуулаа явж охиныхоо зургийг авахуулаад би гэр лүүгээ явж нөхөр номоо зарахаар хоцорсон. Орой нь орлоготой, талхтай инээд цацруулсаар орж ирсэн тэр мөч хамгийн сайхан мартагдашгүй. Ингэж л манайх гэдэг айл номын бизнeстэй амьдралаа холбосон юм даа” гэж тавин насныхаа босгон дээр нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа дурссан байж билээ. 
1995 он зах зээлийн нийгэмд шилжээд бүх зүйлс ховор хомсхон хэвээрээ л байсан үe.

 Энхжаргал Хүнсний XX дэлгүүр, Урт цагаан гэх мэт задгай талбайд номоо зарсаар Насандулам ч бие нь тэнхэрч  ажилдаа орлоо. Амралтынхаа өдрөөр нөхөртөө тусалж, хажууд нь хааяахан суух. Гэр гийлгэхээс гадна номын лангуу гийлгэж байгаа нь юм даг уу даа. 
Насандулам цэцэрлэгийн багшаар суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байлаа. Намар хичээл сургууль орж ид ачаалалтай үeд дэм болж ажлаасаа чөлөө авна. Амьдрал гэдэг төслийн хамтран гүйцэтгэгч. Ингэж явсаар 2000 онд ажлаа хүлээлгэн өгөв. Төрийн албанаас хувийн бизнест хөл тавихаар гаргасан шийдвэр нь түүний ирээдүйн төсөөлөл хэр хол байсныг гэрчилнэ. Түүнийг бизнестээ орж ирэхэд хань нь “Гадаа зогсож даарч ядарна, барахгүй” гэснээр лангуу түрээсэлж эхэлсэн нь бизнесийнх нь хувьд шинэ алхам болжээ. Эр хүний буянд эхнэр гэрэлтэж амьдардаг нь жам юм даа. “Бурхнаас оноосон буян, заяа минь юм” гэж Насаа ханиа хэлэх дуртай. 

Айлын эзэгтэй гал тогоондоо байдаг бол Энхээ энэ үүргийг сайн дураараа өөртөө авч арын фронтод хичээнгүйлэн зүтгэх болсноор олон жил өнгөрчээ. Эхнэрээрээ хоол хийлгэхгүй ихээхэн эрхлүүлж байгаа хүн дээ. Хааяа хөдөө томилолтоор явахад нь Насаа царай алдчихсан гуанзны хоол идээд сууж ч байгаа харагддаг. Дурлаж хайрладаг нас нь өнгөрч, өрөвсөж, өөриймсөж, ижилсэж, эвийлж хайрладаг насан дээрээ яваа хоёр доо. 

Нийтлэлийн эхэнд дурдагдсан Насаа Анар номын дэлгүүр “Насаагийн номын нөхөд” цахим бүлгэмтэй. Энэ бүлгэм түүний эрхлэх дуртай ажлынх нь нэг хэсэг. Орчин үе цахим ертөнцийг ашиглаж нийгэмд мэдээлэл түгээх, өөрсдийгөө таниулах, харилцагчаа олоход амар болсон. “Насаагийн номын нөхөд” гэж бүлгэм байгуулаад дөрвөн сар болж байна. Өглөө бүр нэг зохиолчийн намтар, уран бүтээлийг болон шинэ номын тухай мэдээлэл оруулдаг. Номын талаарх мэдлэг, мэдээллийг түүнээс илүү мэдэх хүн ер хэд бол. Бидний үeд номоо олж авах, зохиогчоо олж уулзана гэдэг нь амаргүй даваа байлаа. Тэгвэл Насаагийн номын дэлгүүрт ямар ч мундаг эрхэмтэй тааралдаж мэднэ.

 Тэднийх маш олон давуу талтай учраас номын хорхойтнуудын цуглах дуртай газар болсон. Олон шат дамжлагагүй монгол зохиолчдын ном шууд зохиолчийн гар дээрээс дэлгүүрийн лангуунд залагдана. Том дэлгүүрүүдийн хувьд зохиолчдын бүтээлийг хүлээж авах, заланд хүлээлгэн өгөх, тооцоо хийх болон дууссан тохиолдолд асууж зохиолчдод мэдэгдэж татан авалт хийхэд удаашралтай байдаг бол энэ бүх шат дамжлагыг Насаа өөрөө гүйцэтгэж тавиурт тавих уншигчдад хүргэхэд шуурхай ажилладаг. Хорин хэдхэн настай хонгор жаахан зүстэйгээсээ хийсэн ажил болохоор сурцтай ч байдаг биз.

 Эдний дэлгүүр бусад дэлгүүрээс өөр соёлтой. Ёстой нөгөө тэгээс нь эхэлсэн бизнесээ эрсдэл, элдэвтэй нь бүгдийг нь мэддэг болохоор арга ч үгүй биз. Зохиолчидтой тооцоо хийх өдөр борлуулалт гарсан бол тооцоог нь хийхээс гадна ном дууссан, цөөрсөн мэдээллийг дор нь л өгч байгаа харагддаг. Номын хорхойтон, номын ертөнцийнхөн тэдний байнгын үйлчлүүлэгчийн 10 хувийн хөнгөлөлтийн эрх эдэлнэ. 

Бас орон нутгийн болон үүргийн худалдаачдад хямдралтай үнээр номоо зарчихаад “Номын буян их ээ хө” гээд л сууж байдаг юм. Зохиолчид уншигчидтайгаа энд нүүр тулан уулзаж, найрсаг дотно харилцаа өрнүүлж ах дүү шахам болчихсон тууж явна. Би эднийд мөн ч олон зохиолчийн гэгээн дүрийг харж мэлмий юугаан баясгаж суусан даа. Тэмдэглэлийн дэвтэр дүүрэн утасны дугаар. Хэдий завандаа амждаг юм бүү мэд хүргэлт захиалгаа өөрөө хийчихсэн хугацаанд нь амжууллаа шүү гэх. 

Ийм л нэг энгийн, эгэл оршихуй номын ертөнцийн гэгээ болоод гүйж явдаг юм даа. Тэр “Ном бол миний амьдралын луужин “ гэж хэлэх дуртай. Анх амьдралаа өөд нь татахаар арилжааны зорилгоор зүтгэдэг байснаа одоо бол номын eртөнц түүнд аз жаргал бэлэглэдэг учраас дурлаж хийж байна уу даа гэж бодогддог юм. 


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/


0
angry
5
care
0
haha
10
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.100
2023/10/11
0
0
Сайхан хүний тухай сайхан бичиж ээ.
Хариулах
139.5.218.148
2023/10/11
0
0
Таалагдлаа. Миний зорин очдог, бас баярлаж гардаг газрын нэгэн. Насаагийнхаа инээд цацруулсан эерэг хандлаганд уншихаар авсан номын маань үнэ цэн нэмэгддэг.
Хариулах
202.126.90.48
2023/10/11
0
0
Saihan dursamj unshlaa.Ger buliin 2 setgel zutgel niilsen bolhoor amjilttai baina gdg bodol torloo.Amjilt ger buld ni sain saihnig huse.
Хариулах
Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 5 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22