Хагас цаг орсон бороо харуусал, гамшиг дагуулав


Энэ сарын 5-ны өдөр нийслэлд орсон түр зуурын борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 28, 29 дүгээр хороо, “Дарь-Эх”, “Монель”, “Шинэ Монель”, Цагаан даваа орчим айл, гэр, автомашин үерийн усанд автаж, дөрвөн хүний амь нас хохирч, олон иргэд орох оронгүй болж, асар их хэмжээний хохирол учирсан гашуун мэдээгээр шинэ долоо хоног эхэллээ. Онцгой байдлын ерөнхий газраас 44.1 га газрыг хамарсан үерт 536 өрх, 25 аж ахуйн нэгж өртсөн гэж мэдээлж байна. Үер усны гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах сайн дурын хөдөлгөөн эхэлж, лаг шаврыг зөөж зайлуулах, ариутгал хийх, орон гэргүй иргэдийг түр байрлуулах байр бэлдэх их ажил энэ долоо хоногт ид өрнөж байна. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд дэлгүүрт ордог ч хүн амынх нь талаас илүү хувь нь Улаанбаатартаа чихэлдэж амьдардаг Монгол Улсын хувьд газар зохион байгуулалтыг илүү сайжруулах шаардлагатай байгааг энэ үер усны гамшиг бидэнд сануулж байна. Ирэх өдрүүд мөн л ширүүн бороотой, дахин үер усны гамшиг болохгүй гэх баталгаа байхгүйг цаг уурчид анхааруулж байна. 

Энэ долоо хоногт Олон улсын монголч эрдэмтдийн Их хурал болж байна. 1959 оноос эхлэн Олон улсын монголч эрдэмтний Их хурлыг таван жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг болсон юм. Энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтний XII Их хурал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2023 оны наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” нэрийн дор Монголын нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарч таван салбар хуралдаанаар үргэлжлэх юм.

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Ерөнхий сайдын аяны богцыг задалж үзвэл олз омог ихтэй, дэлхийн томоохон гүрнүүдийн анхаарлыг татсан айлчлал болжээ гэж олон нийт дүгнэж байна. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзаж Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлуудаар санал солилцож, хэд хэдэн том гэрээнд гарын үсэг зурсан юм. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад 360 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн “Мянганы сорилтын сан” санхүүжилтээ нэмэгдүүлэхээр болж, “Google” компани 10 мянган багш, 1000 инженер бэлтгэж өгнө гэдгээ амаллаа. Мөн айчлалын үр дүнд МИАТ компани ирэх 2024 оны гуравдугаар улирлаас АНУ-Монголын хооронд шууд нислэг үйлдэхээр гэрээ байгуулжээ. 

Нийслэл хот ачааллаа даахаа болиод байгаа энэ үед Засгийн газраас шинэ Хархорум хотыг байгуулах шийдвэр гарснаа өнгөрсөн онд зарласан. Тэгвэл тус хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас анх удаа Хархорум хотын төлөв­лөлтийн үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэх чуулганыг зохион байгуулав. Хархорум хот нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй, үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн гэдэг сайхан мэдээг дуулгалаа. Мөн Улсын дээд шүүх анх удаагаа “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан гэдгээ зарлалаа. Ингэснээр гэмт хэргийн хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүд сэтгэл санааны хор уршгаа арилгуулахаар шүүхэд хандаж, нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой болж байгаа юм. Улсын дээд шүүхээс баталсан аргачиллаас харахад сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор олгох юм байна. Өөр нэг сайн мэдээ гэвэл Монгол Улсын гадаад валютын нөөц 3.82 тэрбумд хүрснийг Төв банк зарлалаа. Ганцхан жилийн өмнө гадаад валютын нөөц 1.8 тэрбум хүртлээ буурч, долларын ханш огцом чангарч, эрэлт үүсээд байсан. Тэгвэл энэ жил валютын нөөц нэмэгдсэнээр ноён долларын ханш бага ч гэсэн тогтвортой байна гэдэг хүлээлт үүсээд байна.

Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газар хуралдаж үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд яаралтай тусламж үзүүлэх, сургууль цэцэрлэгийн зогссон барилгад хөрөнгө оруулалт нэмж олгохоор шийдвэрлэжээ. Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуур Дүбэрлэг уул, Жиглэгийн давааны орчим зохион байгуулагдаж байгаа аж. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр удирдуулсан ажиллагааны баг Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл, Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашины ёмкостыг илрүүлж, энэ долоо хоногт татан гаргажээ. Тус татан гаргасан шатахууны савнуудад нийт 12 тонн шатахуун, шатах тослох материал байсныг нуурт алдагдахаас сэргийлж, аюултай бохирдлыг Хатгал тосгоны Цэвэрлэх байгууламжийн тусгай цэгт тээвэрлэн хүргэж, зохих журмын дагуу аюулгүй болгожээ. Тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 10 минутын өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 3 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 3 цагийн өмнө
SDY Calling you... 3 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 3 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 4 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22