Ү.Амарбат: “Шүүр” ажиллагааны хоёрдугаар шатны хяналт шалгалт ид үргэлжилж байна


Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Шүгэл”, “Шүүр”, “Шувуу”, “Шилэн”, “Шилжүүлэн авах” ажиллагааг эхлүүлээд байгаа юм. 5Ш ажиллагааны тухайд тус бүрт нь ажлын хэсэг байгуулан, тусгай чиг үүргийн дагуу ажиллаж буй. Энэ кампанит ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар тодрууллаа. Бид энэ удаад ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбаттай ярилцлаа. Түүний хувьд “Шүүр” ажиллагааны ажлын хэсэгт багтан ажиллаж байгаа юм. 

 

-Засгийн газраас авлигатай тэмцэх хүрээнд “5 Ш” ажиллагааг эхлүүлээд бага­гүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байд­лаар үр дүн хэр байна вэ. Та өөрт байгаа мэдээллийн хүрээнд хариулж өгнө үү?

-Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгож зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын албан даалгавраар 5Ш ажиллагааг таван чиглэлээр зохион байгуулж байна. Энэ ажиллагаа хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. Ажиллагааг эхлүүлснээс хойших гурван сарын байдлаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр нэлээд ахиц гаргаад байна. 

-Таны хувьд “Шүүр” ажиллагааны ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ ажиллагааны онцлог юу вэ. Иргэд, олон нийт энэ ажилллагаанаас ямар үр дүн хүлээх ёстой вэ?

-Монгол Улсын төрийн албанд 220 мянга орчим албан хаагч ажиллаж байгаа бөгөөд төрийн болон орон нутгийн өмчит компанид 80 мянган хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг томилох, томилсноос хойш баримталж ажиллах хэд хэдэн тодорхой хууль тогтоомж Монгол Улсад мөрдөгдөж байна. Эдгээр хууль тогтоомжийг баримталж хуулийн дагуу дээрх албан хаагчдыг томилсон эсэх, томилсноос хойш тухайн албан хаагч тус холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллаж байгаа эсэхийг хянан үзэх нь “Шүүр” ажиллагааны эхний зорилго. Энэ хүрээнд 2023 оны 4, 5, 6, 7 дугаар сард төрийн байгууллага болон төрийн болон орон нутгийн өмчит компаниуд руу өөрсдөө хүний нөөцийн хуулийн нийцлээ хангах үүргийг өгч холбогдох албан бичгийг явуулсан. Энэ хүрээнд бүх төрийн байгууллагууд хууль зөрчиж хийгдсэн томилгоо, хууль зөрчиж ажиллаж буй албан хаагчдадаа өөрсдөө хариуцлага тооцож чөлөөлөх эсхүл хуулийн зөрчлийг арилгах арга хэмжээг авч ажилласан. Гэхдээ энэхүү ажлыг тухайн төрийн байгууллагууд нь өөрсдийн хүрээнд хариуцаж хийсэн учраас алдаа дутагдал гарах, зарим тохиолдолд огт биелүүлж ажиллаагүй байх зэрэг эрсдэл үүсэх магадлалтай. Тийм ч учраас төрөл бүрийн эх сурвалжаар дамжуулан “Шүүр” ажиллагаа хуулийн дагуу хэрэгжсэн эсэх гомдол саналыг бид нээлттэйгээр хүлээн авсан. Ингээд бидэнд ирүүлсэн гомдол мэдээллийн хүрээнд хоёр дахь шатны хяналт шалгалтыг Засгийн газрын хяналт шалгалт хэрэгжүүлэх газраас 2023 он дуустал үе шаттайгаар хэрэгжүүлээд ажиллаж байна. Энэхүү “Шүүр” ажиллагааны эцсийн зорилго бол төрд ажиллаж буй бүх албан хаагч хуулийн зөрчилгүй ажил үүргээ гүйцэтгэдэг байхад чиглэж байгааг тодотгож хэлэх нь зүйтэй болов уу. 

-Хуулийн хэрэгжилтийг хангахгүй, бодит байдалтай нийцэхгүй тохиолдол өнгөрсөн хугацаанд хэр гарав. Эргээд энэ төрлийн шалтгаанаар хэчнээн хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна вэ?

-Монгол Улсын төрийн албанд баримталж ажиллах гол хууль бол Төрийн албаны тухай хууль. Энэ хуулийг 2017 оноос эхлэн шинэчлэн батлах, холбогдох журмуудыг шинэчлэх өргөн цар хүрээтэй ажлыг хийж эхлүүлсэн байдаг. Үүний үр дүнд 2019 онд энэ хуулийг шинэчлэн баталсан. Ингэж хуулиа шинэчлэн баталснаас хойш ковидцар тахал дэлхий дахинд дэгдсэн. Ингээд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ковидын хууль гэж олонд нэрлэгдсэн хуулийг баталсан байдаг. Тус хуулийн дагуу тодорхой нарийн сонгон шалгаруулалт, шаардлагагүйгээр албан тушаалд томилон ажилуулж байсан. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус хуулийн үйлчлэлийн хугацааг дуусгавар болгосон юм. Ингэснээр дээр дурдсанчлан цар тахлын өмнө шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэн, мөрдөж ажиллаж эхэлсэн. Харин үүнтэй зэрэгцээд Ковидын гэх хуультай холбоотой олон асуудал үүссэн байсан нь тодорхой болж эхэлсэн л дээ. Тухайлбал, нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт нь төрд хэр удаан ажилласан гэдгээсээ хамаарч тодорхой удирдах албан тушаалд томилогдох эрх нь нээгдэх зэрэг хатуу шаардлагуудыг тавихад чиглэсэн байсан учраас тус хатуу шаардлагад нийцсэн удирдах албан тушаалтнуудыг бүрдүүлэхэд хүний нөөцийн дутагдал үүссэн асуудал бий болсон. Хоёрдугаарт, Ковидын тухай хуулийн хүрээнд томилогдсон албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу дахин тус орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж томилгоо хийж, тодорхой зөрчлүүдийг шийдвэрлэсэн. Гэвч хуулийн зарим зохицуулалт амьдрал дээр нийцэхгүй байгаа талаар “Шүүр” ажиллагааны хүрээнд иргэд албан хаагчдаас тодорхой дүгнэлт, саналуудыг ирүүлж байгаа. Тухайлбал сум, зарим алслагдсан аймгийн түвшинд төрийн албанд ажиллах шаардлага хангаж буй хүн хүрэлцэхгүй байх жишээтэй. Үүнээс шалтгаалаад тухайн орон тоон дээр ажлын байрны сонгон шалгаруулалт зарлахаар сонгон шалгаруулалтын шаардлага хангаж буй хүн олддоггүй, тухайн албан тушаалыг орлон гүйцэтгэж буй хүмүүс мөн л тухайн шаардлагыг хангахгүй байх. Түүгээр ч зогсохгүй зарим тохиолдолд гадаад улсад эрдмийн зэрэг хамгаалсан хувийн томоохон компанид ажилласан, мэргэжил туршлагын хувьд өндөр хүнийг ч мөн төрийн албанд авч ажиллуулах шаардлага үүсээд байдаг. Гэтэл тодорхой ажилласан жил болон бусад хатуу шаардлагаас шалтгаалан мэргэжлийн өндөр чадвартай хүмүүс төрийн албанд орох боломжгүй болох гэх мэт асуудал үүсэж байна. Энэ нь эргээд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эргэж харах шаардлагатайг харуулж байгаа юм. 

-“Шүүр“ ажиллагааны ажлын хэсгийнхэн өнөөдрийн байдлаар ямар үр дүнтэй ажиллаж байна вэ?

-Монгол Улс нийт 4000 гаруй төрийн байгууллагатай. Эдгээр байгууллагад хууль зөрчиж ажиллаж буй албан хаагчдын зөрчлийг тогтоох бүрэн хяналт шалгалтыг хийж дуусгасан. Энэ хүрээнд нийт 5000 орчим зөрчил тогтоогдсон бөгөөд тус зөрчлүүдийг бүрэн шийдвэрлэсэн. Түүнчлэн “Шүүр” ажиллагааны үлдсэн хугацаанд тухайн зөрчил илрүүлэх, шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө хууль ёсны дагуу хийгдсэн эсэх талаар цуврал хяналт шалгалтын ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна. 

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтын хүрээнд зайлшгүй хангаж ажиллах шаардлагатай 10 шаардлага байна. Жишээлбэл, ажлын байрны тодорхойлолтод тухайн албан тушаалтны мэргэжил нийцэж байх, ажилласан жилийн шалгуур, шаардлагыг хангаж байх, сонгон шалгаруулалтад хамрагдсан байх. Тухайн байгууллагад хамаарал бүхий этгээд нь ажилладаггүй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Тус шаардлагуудыг хангаагүй тохиолдолд арилгаж болох зөрчил байвал зөрчлийг арилгах, арилгах боломжгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх шаардлага үүссэн. Энэ хүрээнд 4000 орчим хүний асуудал хөндөгдсөн бөгөөд тус хүмүүст зохих хуулийн хүрээнд арга хэмжээ авсан. Үүний дараа “Шүүр” ажиллагаа үйлчлэх ёстой хүмүүстээ үйлчилсэн эсэхийг дараагийн шатны ажиллагаа ид үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, “Шүүр” ажиллагааны хүрээнд шалгалт, шаардлага хангаж байхад нь зөрчил гэж тодорхойлоод тухайн албан хаагчийн эрхийг зөрчсөн асуудал гарсан байх вий. Нөгөөтэйгүүр “Шүүр” ажиллагаанд хамрагдах ёстой зөрчилтэй албан хаагч үлдэж хоцорсон эсэхийг тогтоох гэсэн үндсэн хоёр чиглэлээр хоёрдугаар шатны хяналт шалгалт одоо үргэлжилж байна. 2023 оны төгсөл гэхэд бүх нарийн тоо, тооцоолол бэлэн болно.

-Төрийн болон төрийн өмчит компаниудын хууль бус томилгоо хэрээс хэтэрсэн, хяналтаас гарсан гэлцдэг байсан. Одоо энэ байдал цэгцэндээ орж чадсан уу. Хяналтын тогтолцоо хэр бэхэжсэн гэж та хэлэх вэ?

-“Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн өмчийн бүх компаниудыг хамруулан шалгасан. Эдгээр компанийн зүгээс эхний шатанд тодорхой зөрчлүүдийг арилгаж шийдвэрлэсэн гэж Засгийн газрын түвшинд тайлангаа ирүүлсэн байгаа. Одоо харин хүмүүсийн хэлдгээр зарим нэг хүмүүсийг авч үлдсэн асуудал байгаа эсэхийг тогтоох хяналтын ажил өргөн хүрээнд явагдаж байгаа. Цаашдаа зөвхөн “Шүүр” ажиллагааны хүрээнд биш төрийн өмчийн компаниуд сонгон шалгаруулалтаа тогтмол, нээлттэй зарладаг болох. Тухайн сонгон шалгаруулалтад оролцогчид улс төрийн зорилгоор ажилд авдаг биш мэргэжлийн томилгоонд чиглэсэн сонгон шалгаруулалтын тогтолцоог сайжруулах шаардлага байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


2
angry
0
care
2
haha
6
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 40 минутын өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 3 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 3 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 3 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 3 цагийн өмнө
SDY Calling you... 3 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 4 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 4 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 4 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22