Нүүр тахлах жуулчид, нүүрс дагасан хэрүүлээр дүүрэн 7 хоног


Зуны гурван сарыг зургаа болтол найрлаж, наадам хийж, амарч зугаалсан монголчууд хөхүүрийн ам цаашилж, хүйтний эрч наашилж явааг гэнэт санав бололтой. Хаа сайгүй сургууль,цэцэрлэгийн бүртгэл, өвөлжилтийн бэлтгэл  ярьж эхэллээ. Шинэ долоо хоногийг нүүрсний хэрүүлээр эхэлж энэ хэрүүл нүүр номд ид хүчээ авав. “Нүүрсээ хятадуудад зардаг хэрнээ эргүүлж 177 тэрбумаар худалдаж авах гэж байна” хэмээн олон ч иргэд бухимдав. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас  500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргана. Үүний 177 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт худалдан авч, агаарын бохирдлыг бууруулах, цаашлаад Монгол Улс өөрсдөө нүүрсээ коксжуулах үйлдвэр байгуулах тухай асуудал яригдсан юм билээ. Товчхон хэлэхэд “Бонд гаргана, зарна, мөнгө олоод коксжих нүүрс авч болох юм” гэдэг яриа л өрнөж. Гэвч энэ яриа цаашаа хөгжиж “Нүүрс худалдаж аваад баахан мөнгө идсэн” гэдэг цуурхал  хаа сайгүй түгж байна.  Эрчим хүчний сайд “Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ. Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа мидлингийг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторид шинжлүүлж үзлээ. Тэгтэл мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3  болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна” гэдэг тайлбар хийв. Монголчууд нүүрсээ тойрон хэрэлдэж байх зуур нүүр тахлах жуулчид Монголд ирж, биднийг магтан дуулсан, газар нутгийг минь гайхан биширсэн олон арван контент бүтээж байна. Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг болон дуучин Ким Жун Гүг, Хун Гён Мин нарын оролцсон шоу БНСУ-ын JTBC телевизээр гарах тухай зар сурталчилгаа сарын өмнөөс цацагдаж эхэлсэн бөгөөд үүний дараа Монгол руу аялах хүсэлтэй солонгосчуудын тоо огцом нэмэгдэж, долдугаар сарын 1-нээс хойш  71 мянган Солонгос жуулчин ирсэн гэдэг сайхан мэдээ байна. Мөн дэлхийд алдартай инфлүүнсерүүдийн нэг Nas Daily өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад ирлээ. Тэрбээр нийт 300 сая дагагчтай дэлхийн хэмжээний 20 гаруй инфлүүнсертэй хамт “Nas Summit” гэх арга хэмжээ зохион байгуулах бөгөөд манай улсыг өөрсдийн сувгаараа сурталчилсан цуврал контент хийнэ. Жуулчдын тоо нэмэгдэж, гадны алдартай инфлүүнсерүүд янз бүрийн нэвтрүүлэг, бичлэг хийж дэлхий нийтээр тарааж байгаа нь сайхан ч бидний үйлчилгээ, байгаа байдал Ерөнхий сайдын сэтгэлийг чилээв бололтой. Өнгөрөгч долоо хоногт Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо хуралдаж, жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанараа сайжруулах, модон жорлонгуудыг яаралтай солих асуудлыг ярилцав.

Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар засаж залруулах шаардлагатай олон асуудлыг хэлэлцэв. Тухайлбал Газрын тухай хуулийг шинэлэн боловсруулж, эрх зүйн орчныг шинэчилтэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа. Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд энэ хороог өөрөө ахлахаар болжээ. 

Ингэснээр авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг цэгцлэх зорилго тавьж байгаа юм. Үер усны гамшгийн дараа замбараагүй газар төлөвлөлт, хэн хаанаас зөвшөөрөл авсан нь мэдэгдэхгүй чанаргүй баригдсан барилга байгууламжийн асуудал сөхөгдсөн. Тэгвэл эдгээр барилгуудыг хэн зөвшөөрөл өгч, улсын комисст хүлээж авав гэсэн хэрүүл ч гарч ирсэн. Үүнийг цэгцлэхээр 15 жилийн хугацаанд 8804 барилгыг хүлээж авсан улсын комиссын гишүүдийн нэрийг  ил тод зарлалаа. 

Энэ жил бороо ус ихтэй, хөдөө орон нутагт зуншлага сайн байгаа. Үүнийг дагаад ангийн хорхойтнууд ч буугаа үүрээд гарцгаасан бололтой. Харамсалтай нь тарваган тахлын хоёр тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдлээ. Онцгой байдлын Ерөнхий газраас тарваганы махны хорхойтнуудад байнга зөвлөмж зөвлөгөө өгч,  үзлэг шалгалтыг улам чангатгаж, авто замын постуудад ариутгал хийх юм байна.

Сонгууль ойртож, улс төрийн намуудын идэвх сэргэж байгаа энэ үед АН-ынхан гэнэт орон байр, өмч хөрөнгөө хайж, хэвлэлийн бага хурал зарлав. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат “АН 2012 оны сонгуулиар олуулаа болж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүний дараа 2013 онд АН-ын байрыг шинэчлэхээр Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийсэн. Гэрээний дагуу өнөөдөр бид 25 давхар байртай байх ёстой. Үүнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрлөө. АН-ын байр, өмч хөрөнгийн асуудал эзэнгүй байна. Сүүлийн гурван жил бид Худалдаа хөгжлийн банктай шүүхийн маргаан үүсгэх гэсэн боловч АН-ыг төлөөлөх хүн алга хэмээх тайлбарыг өгдөг байсан. Өнгөрсөн хоёр жилийн сонгуульд АН-ын нэгдсэн байргүй байгаа нь нөлөөлсөн. Үүнд Худалдаа хөгжлийн банкны нөлөөлөл орсон. Үүнээс хойш бид тус банктай тэмцэнэ. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкнаас маш их хэмжээний зээл авсан. Оролцоогүй салбар гэж байхгүй. Сүүлдээ улс төрийн намын байрыг дээрэмдэж авсан” гэдэг мэдээлэл өглөө. Монголчуудын ганц “саалийн үнээ” гэж нэрлэгддэг Эрдэнэт, Дарханы хар төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувийнхаа өмч болгочихсон байсан “сахал” хочит Д.Эрдэнэбилэг АН-ыг мөн луйвардаж, байрыг нь буулгаж, газрыг нь дээрэмдсэн хэргээр дахин шүүхийн хаалга татах бололтой.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 10 минутын өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 3 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 3 цагийн өмнө
SDY Calling you... 3 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 3 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 4 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22