Б.Баярмагнай: Хөдөөд ажиллаж, амьдрах боломж дүүрэн байна


Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай ярилцлаа. Түүний хувьд Засгийн газраас зарласан “Хөдөөгийн сэргэлт”-ийн Ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. Бид энэ удаад түүнтэй хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлд Засгийн газраас ямар бодлого дэвшүүлж, өнөөдрийн байдлаар ямар үр дүнтэй ажиллаж байгаа талаар ярилцлаа. 

 

-Засгийн газраас зарласан зургаан сэргэлтийн бодлогын нэг чухал хэсэг болох “Хөдөөгийн сэргэлт”-ийн Ажлын хэсгийн ахлагчийн хувиар тантай ярилцаж байна.  Ажлын хэсэг байгуулагдсан цагаас ямар ажлуудыг хийж амжуулав. Та өнөөдрийн байдлаарх үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 66 дугаар захирамжаар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн хот, хөдөөгийн сэргэлтийг хангах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсэг анх байгуулагд­санаас хойш нийт 13 удаа хурал­даж, өргөтгөсөн хуралдааныг 4-5 удаа зохион байгуулж, цаг үеийн асуудлаар хэлэлцэн, зохих бодлого шийдвэрүүдийг гаргалаа. Мөн ЗГХЭГ, Олон улсын  шилжилт хөдөлгөөний байгууллага, Батлан хамгаалах яамтай хамтран хоёр удаагийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, ажлын хэсгийн гишүүд болон аймаг орон нутагт хоёр удаагийн санал зөвлөмжийг хүргүүлэн, батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд тусгасан холбогдох ажлыг яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд багагүй ажлыг хийж амжуулсан байна. Мэдээж, бидний өмнө тавигдаад буй асуудлын шалтгаан нөхцөлийг олж тогтоох, төрөл бүрийн судалгаа хийх, дэд сайд нар бүх аймаг, орон нутагт очиж ажиллах, олон улсын чиг хандлага, туршлага сургамжийг судлахаас бидний ажил эхэлсэн.

 

Хийсэн ажлын хувьд  Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлгөөн нэгэнт эхэлсэн гэж хэлж болно. Аймаг орон нутаг ч гэсэн өөрийн хүн амаа өсгөх, шинэ ажлын байр бий болгох, хотоос мэргэжлийн, ур чадвар сайтай иргэдийг татах талаар санаачилгатай ажиллаад эхэлжээ. Аймгууд өөрийн аймаг, орон нутгийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх, ажлын байр, бусад боломжийг танилцуулах зорилго бүхий “Нээлттэй аймаг хөтөлбөр” 13 аймагт хэрэгжиж эхлээд байна. Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн зорилтын хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тодорхой санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын дэд хэсгийг ХЗДХ-ийн  дэд сайд Б.Солонгоо, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээл, урамшуулал олгох асуудлыг судалж, санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг нар ахлан ажиллаж байна. Энэ ажлын эхний үр дүн гарч эхэлсэн. Тухайлбал, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан, анх удаа орон сууц худалдан авах иргэдэд зориулж, арилжааны банкнаас олгох ипотекийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 176 хүнд 14.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. 

-Олон талт ажил эхлүүлсний нэг нь орон нутагт шилжин суурьших иргэдэд ипотекийн  зээлийг гурван хувийн хүүтэйгээр олгохоор болсон.  Одоогоор хэч­нээн иргэн энэ боломжид хам­рагдав, аль аймагт илүү хамрагдсан бэ?

-Сангийн яамнаас  энэ оны гуравдугаар сарын 1-нээс   энэ сарын 11  хүртэлх хугацаанд орон нутгийн ипотекийн гурван хувийн судлагдаж буй болон олгогдсон зээлийн тоо хэмжээ ямар байгааг авсан. Нийт 21 аймаг болон алслагдсан дүүрэгт 1517 зээлийн хүсэлт ирснээс 176 зээлдэгчид 14.1 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүнээс Орхон 31, Дархан-Уул 28, Дорнод 23, Өвөрхангай 12, Сэлэнгэ 10, Баянхонгор найм, бусад аймаг түүнээс бага тоотой байна. Одоогоор 28 зээлдэгчийн зээлийн материал судлагдаж байна. Нийт олгосон 176 зээлдэгчээс ес нь Улаанбаатар хотоос шилжсэн иргэн, 167 нь тухайн орон нутагт амьдардаг иргэн өрх айл байна. 

Мөн  Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг  энэ оны тавдугаар сарын  25-ны өдөр байгуулсан бөгөөд хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд банканд зээлийн хүсэлтээ өгч судлуулснаар хамрагдах боломж бүрдсэн. Одоогоор Төрийн банканд нэг  аж ахуйн нэгжийн зээлийг судалж байна. Түүнчлэн эмч багш нараас гадна соёл урлаг,  спортын байгууллага, байгаль орчин, ус цаг уур эрдэм шинжилгээний байгууллага зэрэгт ажиллавал сарын үндсэн цалингийн нэмэгдлийг 20-80 хувь хүртэл байхаар олгох эрхийг орон нутагт нь олгосон.

-“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээг бүх аймагт зохион байгуулах учиртай.  Одоогоор  хэчнээн аймагт хүрч ажиллав? 

-Ажлын хэсгийн зүгээс “Нээлттэй аймаг” бодлогыг санаачлан хэрэгжүүлж, 21 аймгийг хөрөнгө оруулагчдын чуулган, арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн. Ингэснээр өнгөрсөн сарын байдлаар Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий аймаг орон нутагтаа, Хэнтий болон Увс аймаг Улаанбаатар хотод, Увс аймаг нь Улаанбаатар хотоос гадна Орхон, Дархан-Уул аймагт хөрөнгө оруулагчдын форум арга хэмжээгээ зохион байгууллаа.  Форум арга хэмжээгээрээ орон нутагтаа хэрэгжиж байгаа үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил, тэдгээрт шинээр бий болж байгаа ажлын байруудын талаарх мэдээллийг түгээх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, хамтран ажиллах боломжийг нээлттэй байлгах, хөрш зэргэлдээ аймаг, бүс, сум, орон нутаг кластерын системээр үйлдвэржилтийн аргаар хоршиж төрөлжих болом­жуудыг танилцуулсан. Түүнчлэн  хөдөө аж ахуйн гаралтай бүтээг­дэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээгээр дэлхийн улс орнуудтай өрсөлдөхүйц брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, орон нутагт чанартай эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээг нутагшуулах, хүн амаа өсгөх, мэргэжлийн боловсон хүчнээр хүний нөөцийн дутагдлаа хангах зэрэг олон боломжийг бий болго­сон ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.

-Аймгуудад ажиллахад нийтлэг тулгамдсан асуудал нь юу байна вэ. Аймаг, орон нутгийн удирдлагуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж байж үр дүнд хүрэх болов уу?

-“Хөдөөг сэргээх” талаарх Засгийн газрын бодлого, манай ажлын хэсгийн зүгээс хийж буй ажлуудыг аймгийн удирдлага, ялангуяа аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид ойлгон хүлээн авч, бүх талын дэмжлэг үзүүлж байгааг тодотгоё.  Ажлын хэсгийн зүгээс “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн удирд­лагатай нягт ажиллаж, дэмжлэг үзүүлж ажилласан, эхний үр дүн эерэг гарч байгаад сэтгэл хангалуун байгаа. Аймаг, орон нутагт  тулгамдсан нийтлэг асуудлын тоонд шилжин ирж буй иргэд амьдрах байр, орон сууцны хүрэлцээ, дэд бүтэц, ажлын байрны хомсдол, иргэдийн худалдан авах чадвар сул.  Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмж чанарын асуудал байна. Гэхдээ бэрхшээл тоочоод суугаад байлгүй зохицуулалт хийвэл болж бүтэх ажил олон байна. Аймгийн удирдлагын зүгээс шилжин ирж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгох боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ажиллаад эхэлсэн.  Орон нутагт малын эмч, мал зүйч, мал эмнэлгийн улсын байцаагч, мал аж ахуйн үйлдвэрлэл төлөвлөлт, тархвар зүйч, бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч, экологич, агрономич, хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан, бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн, инженер, мэдээллийн технологи, багийн зохион байгуулагч, газрын даамал, геодези зураг зүй, хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүл хөгжил, сэтгэл зүйч, төсөв, төрийн сангийн ажилтан зэрэг мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийн дутагдал үүсээд байна. Гэтэл сул ажлын байр­ны боломж, бололцоо орон нутагт бас байна. Жишээлбэл, Баян­хонгор аймагт төрийн захиргааны бай­гууллагад 197, төрийн үйлчилгээний байгууллагад 83, бусад салбарт 46, нийт 326 сул ажлын байр байх жишээтэй. Энэ бүхнийг зохицуулахын тулд аймаг, орон нутгийн удирдлага иргэдэд мэдээлэл хүртээх, боломжоо танилцуулах, туршлагатай өндөр мэргэжлийн ажилтнуудыг татахын тулд төрөл бүрийн урамшуулал, хөшүүрэг хэрэглэж буй тохиолдол ч бий.  

-Монгол Улсын бүх аймаг өөрийн гэсэн онцлог, давуу тал­тай. Үүнийгээ түшиглэн хөгжих, төсвөө бие даан бүр­дүүлдэг болох тухайд бодлогын ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

-2022 он орон нутагт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлж, хөдөөгийн сэргэлтийг эхлүүлсэн жил болсон. Монгол Улсын Засгийн газраас 2022 онд 419 дүгээр тогтоол гарч 21 аймгийг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх эдийн засгийн боломжийг орон нутагт бий болгох, холбогдох тооцоо судалгааг хийж, зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулах, түүнийгээ орон нутгийн зорилтот хөтөлбөрүүдэд тусгах, Засгийн газраас шаард­лагатай дэмжлэг үзүүлэхийг баталгаажуулж өгсөн. Товчхондоо,  Засгийн газраас аймаг орон нутгийг өөрөө өөрийгөө тэтгэсэн эдийн засагтай болж, төсвийн бие даасан бодлого явуулахыг бодлогоор дэмжиж байна. Үүний үр дүнд улсын төсөвт Өмнөговь, Орхон, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг орлого төвлөрүүлдэг байсан бол 2023 онд Булган, Сүхбаатар аймаг нэмэгдээд байна. 

-“Нээлттэй аймаг” арга хэмжээний хүрээнд аймгууд нутаг орондоо хүмүүсийг татахын тулд ямар онцлогтой бодлого, хөтөлбөр зарлаж байна вэ?

-Орон нутаг “Нээлттэй аймаг” хөтөлбөртөө бүс, орон нутгийнхаа тулгуур зорилтыг тодорхойлж, түүнд хүрэх арга зам, үр дүнд хүргэх боломжоо иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн, тэдэнд олон боломж, сонголтыг олгоход чиглэсэн тодорхой  саналуудыг дэвшүүлж, шаардах төсөв хөрөнгийг орон нутгийн төсөвтөө суулгасан.  Жишээлбэл, Баянхонгор аймаг нь ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ингэний сүүг хатаах технологиор боловсруулан дотооддоо төдийгүй БНХАУ, Япон зэрэг улсад экспортлохоор төлөвлөн ингэний хуурай сүүний үйлдвэрийг байгуулах ажлыг эхлүүлэн, жилдээ 229.200 кг хатаасан хуурай ингэний сүү үйлдвэрлэх, нийт 500 гаруй байнгын болон түр ажлын байрыг бий болгохоор ажиллаж байна.  Увс аймаг гэхэд гурилын хэрэгцээгээ хотоос, малын тэжээлээ Оросоос экспортолдог байсан бол, 50 гаруй га талбайд эргэлтийн үр тариалах боломжоо ашиглан, Баруун турууны хөдөө аж ахуйн цогцолбор төсөл буюу баруун бүсийн аймгуудыг гурил болон малын тэжээлээр хангах “Гурил тэжээлийн үйлдвэр” байгуулахаар зураг төсөл, ТЭЗҮ-ээ боловсруулаад байна. Ингэснээр мал аж ахуйгаа тэтгэх, газар тариалангаа эдийн засгийн эргэлтэд оруулах, гурил тэжээл иргэдийнхээ хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо  хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх  зэрэг боломжийг үүсгэж байна.  Говь-Алтай  аймагт бизнесээ шинээр нүүлгэн шилжүүлсэн, салбараа шинээр нээсэн аж ахуйн нэгжид 250 сая хүртэл төгрөг, хувь хүнд 50 сая хүртэл төгрөгийн зээл, сарын нэг хувийн хүүтэй таван жилийн хугацаатай олгох журам үйлчилж байна. Булган аймаг  орон нутагт шилжин ирж ажиллах багш, эмч нарт чиглэсэн арга хэмжээг төлөвлөж, Хангал суманд шилжин ирсэн багшид амьдрах байр, нэг өрхөд 10 м3 байшингийн модоор дэмжлэг үзүүлэх, аймгийн эрүүл мэндийн салбарт ирж ажиллах эмчид орон байраар хангагдаж, өмчлөлийн, зуслангийн газар эзэмших боломжийг олгож байна.  Ховдод шилжин ирж буй өрх, гэр бүлүүд, багш, эмч зэрэг таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах өрх, гэр бүлийг орон сууц, цахилгаан, цэвэр, бохир усны төлбөрөөс нэг жилийн хугацаанд 100 хувь чөлөөлөх,  зургаан сарын хугацаанд түрээсийн орон сууцаар хангах, аймгийн хөгжилд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн тэр дундаа уул уурхайн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ажлын үр өгөөж, баялгаас иргэддээ хүргэх боломжийг нэмэгдүүлэх “Ховд карт”-ыг бий болгох зэрэг ажлыг санаачилсан.  

Дархан гэхэд төвийн 127 га талбайд 10  мянган айлын орон сууц бүхий “Залуус 1, 2-р хороолол” байгуулах ажлыг үе шаттайгаар төлөвлөж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж, төвлөрсөн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан хангамж, холбоо, мэдээллийн шугам татах ажлыг хийж гүйцэтгээд байна. Тус хороолол ашиглалтад орсноор нийт 32 мянган хүн амьдрах боломжтой болно.  Ерөөсөө 21 аймаг төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эмч, багш нар, уул уурхай, авто зам, төмөр зам, газар тариалан, мал аж ахуй, хүнсний хөнгөн болон аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрүүдэд ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн ажилтны дутагдлаа нөхөх зорилгоор орон нутагт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр, их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэр­лэлийн төв, политехник коллежууддаа шинэ анги нээж, нэмэлт элсэлтүүдийг авч байна.  Энэ мэтээр аймгууд тус тусдаа хөтөлбөр боловсруулан санаачилгатай ажиллаж эхэлсэн. 

-Хөдөө тийш иргэдийг татахын тулд бид эхлээд юу хийх ёстой, хаанаас эхлэх хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд тулгуурлаж хандах ёстой гэдэг байр суурьтай байдаг. Энэ хүрээнд манай ажлын хэсгээс хэд хэдэн судалгааг хот, орон нутагт явуулсан. Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага ч  бие даасан судалгаа явуулсан байдаг. 2003 оноос хойш Улаанбаатар хотод 760 гаруй мянган иргэн нүүж ирсэн, одоо улсын хүн амын тэн хагас нь хотод амьдарч буй статистик тоо бий. Бидний ажил бол энэ нүүдлийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох, урсгалын хурдыг сааруулах, улмаар шилжилтийг “Хөдөөгөөс хот руу” бус “Хотоос хөдөө рүү” чиглүүлэхэд анхаарч ажиллах нь чухал юм. Орчин үед нөхцөл байдал тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн. Тухайлбал, өнөөдөр Улаанбаатар хотод асуудал болоод буй авто замын түгжрэл, стресс бухимдал, агаар, ус, хөрсний бохирдол, хотжилтоос шалтгаалах өвчлөл зэрэг нь иргэд хотоос хөдөөг зорих үндсэн шалтгаан болж хувирсан.  Үүнийг бид “Хотын түлхэх хүч” гэж нэрлээд байгаа. Нөгөө талдаа хөдөө орон нутагт эрүүл аюулгүй орчин, бизнес эрхлэх өргөн боломж, баталгаат органик хүнс, дэд бүтэц, харилцаа холбооны хүртээмж сайжирсан зэрэг нь “Хөдөөгийн татах хүч” болж хувираад байгааг улам нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. 

-Ерөөсөө хот, хөдөөгийн тэнц­вэрт хөгжлийг  хадгалахын тулд Засгийн газар төдийгүй иргэдийн хандлага хамгийн чухал байх. Энэ чиглэлд хэрхэн ажиллаж  байна, ажлын хэсгийнхэн ямар чиг баримжаатай байгаа вэ?

-Хөдөөгийн сэргэлт бол шинэ хандлага. Хөдөөд “Restart” амьдралын хэв маягаа өөрчлөх, амьдралаа шинээр эхлүүлэх, эрүүл мэнд, бизнес, санхүү, хуримтлал, ажил мэргэжлээ хөдөө рүү чиглүүлэх боломж дүүрэн байна. Орон нутаг өөрсдөө “Welcome to”, ”Тавтай морил” сэтгэлгээ, хандлагаар бодлогоо тодорхойлж, орон нутагт ая тухтай амьдрах нөхцөл боломжийг иргэд, олон нийтэд сурталчлах байдлаар иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, хэвшмэл ойлголтыг халах зэрэг нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Томоохон бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутагтаа татах, түүчээлүүлэх байдлаар хэд хэдэн бизнесийг бодит ажил болгон нутагшуулах хэрэгтэй. Тэдэнд бодит дэмжлэгүүдийг үзүүлэх шаардлагатай.

-Ажлын хэсгийнхний цааш­дын том зорилгыг сонсоод ярилцлагаа өндөрлөе. 

-Манай Ажлын хэсгийнхэн хүрэх үр дүнгээ урт хугацаанд хотоос хөдөөд чиглэх нүүдэл тогтвортой нэмэгдсэнээр нийслэлд шилжин ирэх иргэдийн тоо буурч, хотын нийгэм, эдийн засгийн ачаалал буурна гэж төсөөлж байна.  Үүний тулд  үндэсний болон салбарын бодлогыг орон нутгийн хөгжлийн бодлогод бүрэн тусгаж нутагшуулах, зорилго зорилт хүрэх түвшинг оновчтойгоор тодор­хойлон, уял­дааг нь сайжруулах байд­лаар бодлогоо шинэчилнэ. Цаашдаа “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн ажлыг улам  эрчим­жүүлэх, бодлогын түвшинд ажлыг шуурхайлах зорилгоор манай ажлын хэсгийг өргөжүүлж “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн Үндэсний хороо болгож, Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө ахлаж ажиллахаар болсныг тодотгоё. 

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/


0
angry
0
care
0
haha
7
liked
3
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22