Намрын сар гарч, хүйтэн сэрүүний улирал эхэлснийг сануулан цас орж эхэллээ. Энэ намрын анхны цас Завхан аймгийн зарим сумдаар бударч, харин Улаанбаатар хотод үер усны хэрүүл нь утаа, түгжрэлийн асуудал руу шилжив. Урьд нь “Есөн сарын 1 боллоо” хэмээн дуулдаг байсан бол өнөө цагт уйлах нь халаг л байна. Хичээлийн бэлтгэл, бүртгэлийн асуудал олон эцэг эхчүүдийн толгойг өвтгөж байгаа бололтой.
Хөдөө орон нутгаас оюутнууд ирж, хүүхдүүдийн хичээл, сургуулийн бэлтгэл эхэлж, замын түгжрэл бөөн бухимдал дагуулж байна. Улаанбаатар хотын удирдлагууд түгжрэлийг бууруулахын тулд авто машиныг тэгш сондгойгоор явуулах шийд гаргаж, их, дээд сургуулийг Улаанбаатар хотын төвөөс нүүлгэх асуудлыг дахин сөхөж эхлэв. Хотын дарга Д.Сумьяабазар “Эрдэнэс баян богд” төслийг эхлүүлнэ. Хотын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ санхүүжилтээр шийдэх шаардлагатай. Их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэвэл олон асуудлыг зэрэг шийдэх боломжтой. Нийтдээ 41 мянган хүний урсгал хотын төв рүү биш зах руу чиглэж, төвлөрөл буурна. Энэ 41 мянган хүнийг дагаад худалдаа үйлчилгээ сайжирна. Эдийн засгийн эргэлт бий болж, тухайн хэсгийн газрын үнэ цэн өснө. Дэд төвүүдэд барилга барих компаниудын сонирхол нэмэгдэнэ гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүдэд танилцуулав. Гэхдээ их, дээд сургуулийг хаашаа нүүлгэх вэ гэсэн асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж, хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр тендер авч сургуулийн барилга эхлүүлээд, ашиглалтад хүлээлгэн өгдөггүй он дамжуулан гүйцэтгэл удаашруулж, жил жилд төсөв нэмүүлээд явдаг 23 компанийн үйл ажиллагааг зогсоож, нэрийг хар жагсаалтад оруулах шийдвэр гаргажээ. Ингэснээр эдгээр компанийг дахин төрөөс тендер авах эрхийг хасах юм байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр дунд сургуулийн ачааллыг бууруулахын зэрэгцээ сурагчдыг мэргэжлийн чиг баримжаагаа олж авахад дэмжлэг үзүүлнэ гэж тооцоолж байгаа юм байна. Мөн Боловсролын үндэсний зөвлөл байгуулах шийдвэрийг тус хуралдаанаас гаргажээ. УИХ-аас “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийн хүрээнд ном сурах бичгийн агуулга, хичээлийн хөтөлбөрт нилээд өөрчлөлт орох бололтой. Энэ хуульд Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж заасныг үндэслэн БСШУЯ-наас хичээлийн жилийн бүтцийг дөрөв байхаар шинэчлэн сурагчдын амралтыг хуваарийг гаргаснаа танилцуулав.
Олны анхаарлыг татаж, олон хүнийг шүүхийн танхимд дуудаад байгаа Хөгжлийн банкны авлага нимгэрч, зээлдэгчид мөнгөө эргүүлэн төлж байгаа сайхан мэдээ байна. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн “Монцемент” төсөлд нийт 65.0 сая ам.долларын зээлийг олгосон. Тус төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд “Монполимет” ХХК нь зээлийн өр төлбөрөө 2023 оны наймдугаар сарын 21-нд бүрэн төлжээ. Ингэснээр Хөгжлийн банк 2023 онд 398.7 тэрбум төгрөгийн авлага барагдуулаад байгаа юм байна.
Улс төрийн намууд хөдөлгөөнд орж эхлэв. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга удтал чимээгүй байсны эцэст “амилав”. Тэрбээр “Хөх Монголын хөх туг” нэртэй чуулганыг аймаг бүрт зохион байгуулж, АН-ын дарга Лу.Гантөмөрийн араас мөшгиж явна. МоАХ-ны туган дор шинэ баг бүрдүүлж хөдөө орон нутагт уулзалт хийж, Ерөнхийлөгчөөр ажилласан хүний толгой томордог болсон учраас би найгүй ухаантай болсон, АН, МАН нам ялгаагүй муу гээд яриад явж байна. Ямартай ч түүний энэ үйлдэл АН-ын удирдлагуудыг багагүй сандаргаж, гишүүдийг эргэлзүүлж, дахин хагарал бутралын үүдийг нээлээ гэсэн айдас дагуулав. Тэгвэл ХҮН намынхан амарч дуусаад ажилдаа орсон бололтой. Гэнэт гарч ирж хэвлэлийн хурал хийн “177 тэрбумаар нүүрс авч болохгүй” хэмээн мэдэгдлээ. Нүүрс тойрсон энэ хэрүүл аль эрт өрнөж, ямар ч шийдвэргүйгээр гацчихаад байхад цочсон юм шиг гэнэт гарч ирсэн ХҮН-ын дарга нарыг иргэд гайхангуй харж байна.
Өнгөрөгч долоо хоногт спорт тойрсон баяр хөөр, бас гомдол бухимдал дүүрэн байлаа. Монгол охин 2024 оны олимпод өрсөлдөх эрхээ авч, Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороо хуралдаж тамирчдын бэлтгэлийг хангахад зориулан гурван тэрбум төгрөг шийдвэрлэж өглөө. Харамсалтай нь баяр наадмын хөөр дарагдаж, барилдсан бөхчүүдийн нэрс мартагдах шахаж байтал Үндэсний баяр наадам зохицуулах салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас хурал зарлаж шөвгийн 32-т үлдсэн бөхөөс шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн хэмээн зарлав. Энэ мэдэгдэл үндэсний бөх сонирхогчдын урмыг хугалж, бөхчүүдийн дунд хэрүүлийн алим болон өнхөрч байна. Хэн допинг хэрэглэснийг олж тогтоох гэж зарим нь улаарч, зарим нь даваа ахих ёстой хэмээн бухимдаж байгаа сурагтай.
Энэ долоо хоногийн хамгийн таатай мэдээг Гадаад яамнаас дуулгалаа. Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамны идэвхтэй хүчин чармайлт гаргаж ажилласны дүнд Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгдэв. Ийнхүү гурван жилийн дараа Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээвэр нээгдэх нөхцөл бүрдээд байна.
Ирэх долоо хоногт Ромын пап лам Монголд ирнэ. Дэлхий даяар 1.3 тэрбум гишүүнтэй Ромын Католик сүмийн тэргүүний суудалд арав гаруй жил заларч байгаа Пап ламын айлчлалд бэлтгэх их ажил Төрийн ордонд өрнөж байна. Пап ламын номлолыг сонсох гэсэн гадаадын зочдын хөл ч нэмэгдэж байгаа сурагтай. Иймэрхүү л хөл үймээнтэй, хэрүүл маргаантай, бас хөөр баяртайгаар есдүгээр сарыг бид угтаж байна.
Сайн байна уу, есдүгээр сар...
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна