Айзам яруу дууны хорвоод...


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал агсны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг нь тохиолдуулан түүний төрсөн нутгийн зон олон, төр захиргааны байгууллага санаачлан төгссөн сургууль Төв аймгийн Угтаалцайдам сумын улсын тэргүүний дунд сургуулийг нь саяхан нэрт найрагчийн нэрэмжит болгожээ. 

…Гэрийн минь унь нэгэн шугуйнх
Гэрлийн минь утас нэгэн шугамынх
Гэрчилгээний минь тамга нэгэн сургуулийнх
Гэрэвшимгүй бид нэгэн сумынх аа…
хэмээн бичсэн тэр л Угтаалцайдамын сургууль нь ийнхүү 1968 оны төгсөгч Загдын Түмэнжаргалынхаа нэрэмжит болов.  Нийтийн дууны нэрт мастер хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн энэ эрхэм уран бүтээлч “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”,  “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”,  “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг 200 гаруй уран бүтээлээрээ тэр хүний гараар бүтээгүй хөшөө дурсгалаа босгосон билээ.

Нэрт найрагчийн 70 насны ойг тохиолдуулан номын хурим, эрдэм шинжилгээний хурал тэргүүтэн олон үйл явдал болж байгаа. Зохиолч нөхөд нь, шавь нар нь дурсамж хуучаа өргөн олонд толилуулж буй. Тэр бүх хүндэтгэлд бяцхан дурсамжаа нэмэрлэсүү. Найрагчийг 2008 онд Төрийн ордонд Ерөнхийлөгчийн дэргэд хариуцлагатай алба хашин суух ахуйд нь уулзаж, ярилцлага авсан маань энэ бичвэрийг тэрлэх зориг өгсөн гэж болно. Найрагч бээр сониндоо ярилцах саналыг маань уриалгахан зөвшөөрснөөр барахгүй завгүй их ажлынхаа цагаас тал өдрийг харамгүй зориулсан нь одоо санахад тодхон. Хэвлэгдээд удаагүй байсан “Аниргүй хөгжим” номоо халуун дулаан үгтэйгээр гарын үсэг зураг бэлэглэж, “Харин чи миний ярилцлагыг хасалгүй хоёр дугаар дамжуулаад хэвлээрэй. Би эрхлэгчид чинь хэлчихнэ” хэмээн намайг цаашлуулах янзтай ёжтой хэлээд инээж билээ. 
“Би шавь нарынхаа аавуудад шавь орсон хүн шүү дээ. Тэд хэн байсан гээч. Бэгзийн Явуухулан, Дамдинсүрэнгийн Цэнд, Чой.Лувсанжав нар байлаа” гэсээр бид хоёр яриагаа эхэлсэн юм. Яруу найрагч хүн төрийн өндөр алба хашаад, ордонд суухад бүтээл туурвих цаг зав хомс байна уу гэхэд “Уран бүтээл  яалаа гэж тасрах вэ дээ. Угаасаа ямар ч ажил алба хашсан ч, хашаагүй ч, хаана ч байсан, ямар ч цаг үед бичиж л байх ёстой тавиланд төрснөөс хойш. 

Хүн, амьтан чинь амьсгал авахгүй байж чадахгүй шүү дээ. Түүнтэй адил цаанаасаа заяасан юм болохоор уран бүтээл маань төрөх л агшиндаа төрөөд л явж байна. Харин нарийн ярих юм бол хамгийн зав чөлөө муутай байх үед маань миний гол бүтээлүүд төрж гарсан байдаг юм шүү” гээд ширээн дээрх цааснууд руугаа заав. “Таны хувьд шүлэг, зохиол бичихэд орчин хэр нөлөөлдөг вэ. Яруу найрагчдын хувьд онгод орох улирал ч гэж байдаг гэдэг шүү дээ?” гэсэншүү уламжлалт асуулт залган тавихад “Надад тийм зүйл байхгүй юм шиг ээ. Сэтгэл долгионтсон, бидэрлэсэн бүх үед л бүтээл төрдөг юм шиг санагддаг. Бичмээр санагдсан үедээ л бичдэг.

 Би ямар ч ажлыг бушуухан барьж авдаг, барьж авбал заавал ард нь гарч байж санаа амардаг адгуу хүн. Нэг уран бүтээл хийе гээд бодчих юм бол төгсгөлийн цэгийг тавьж байж л сална. Бөхөөр бол шууд дайрч нэг мэх хийчихээд унавал унаад, давбал даваад, дэвээд явчихдаг хүн шиг ч  юм уу даа…”  
...Ингээд бид хоёрын яриа эвлэж, жинхэнэ ам халсан билээ. Ярианых нь өнгө аясаас шалтгаалан Загдын Түмэнжаргал найрагчийн хүүхэд шиг гэнэн дэврүүн төрх санаашрангуй бас ялигүй гуниглуун дүрээр үе үе солигдоно. Тэрбээр ийн өгүүлнэ
-Зөвхөн уран бүтээлч ч гэлтгүй хүн бүхний зүрх сэтгэлд л эмзэглэж шаналах, баярлан хөөрөх давлагаа үүсдэг  л  шүү дээ. Ганцхан тэр нь уран яруу хэрэглүүр бүхий үгээр, дүрт сэтгэлгээгээр илэрч гардгаараа л ялгаатай байх. Тийм үү?
-Шүлэг, найргаараа хүмүүст юуг хэлэхийг хүсдэг вэ? 
-Би  ямагт л гэрэл гэгээтэй бодол санаа, өөдрөг энергитэй байхыг хүсдэг хүн л дээ. Тийм төөрөг зурагтай төрсөн юм шиг л байгаа юм. Тэгээд ч “Парисын шүлгүүд” түүвэртээ орсон рубай шүлгүүдээрээ анх “Алтан энерги” гэж ном гаргах гэж байсан… Гутрангуй, хүйтэн, хар энергитэй зүйлийг уншигчдынхаа алган дээр тавимааргүй санагддаг. Миний бодолд эмзэглэл, шаналгаа байсан ч жижигхэн могой шиг тэр хачин “бүтээгдэхүүнийг” би хүмүүст хүргэхийг хүсэхгүй шүү. Бусдад муу энерги өгөхийг хүсдэггүй юм…
Ерөөсөө энэ ертөнцийг гэрэл гэгээтэй, халуун цагаан энерги л авч явна, аварна…   
...Түмээ найрагчийн түс тас, шулуун шударга ярианаас түүний гал шиг дүрэлзсэн араншин мэдрэгдэнэ. Уран бүтээлийн замд хэрхэн орсон талаар нь асуухад их дуртай хариулж байж билээ. Дунд сургуулийн дөрөвдүгээр ангид байхад нь анхны шүлэг нь “Цаначин” гэдэг нэртэйгээр “Пионерийн үнэн” сонинд  гарч бөөн баяр болжээ.  
“Цагаан цасан хунгар
Хөдөө хээрийг хучна
Цангинам хүйтэн жавар
Хүүхдийн магнай шүргэнэ.
Манай цаначдын цуваа
Өндрийн уруу жирийнэ
Магнай хайрсан жавар
Малгай дэлэн хоцорно…
гэсэн богинохон шүлэг. Түүнээс хойш тасралтгүй бичиж эхэлжээ. Номын амтанд орсон үе нь гэвэл бүр таван настайдаа В.Катаевын “Цэргийн хүү” романыг анх уншсан гэдэг. Ер нь ном их уншжээ. Сургуульд ороод Л.Батсүх гэдэг залуухан багшийн шавь болсон нь хожмын уран бүтээлийн замд хөтлөх сэжүүр болж. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж, Ж.Мягмарсүрэн нарын багш, “Үнэн сонин”-ы Батсүх гэж алдартай сэтгүүлч байжээ. Тэр багш З.Түмэнжаргал хүүг найм настай байхад 18 настай жаахан залуу Төв аймгийн Угтаал суманд багшаар томилогдон очсон байж. 

Батсүх багш байнга шүлэг, тэмдэглэл бичдэг, сумандаа уран зохиолын дугуйлан байгуулсан хүн гэнэ. Тэр дугуйланд дөч гарсан хүмүүсээс эхлээд янз бүрийн л насныхан байжээ. Багачууд дотроосоо арай идэвхтэй нь З.Түмэнжаргал, Ц.Балдорж хоёр байсан аж. Тэд хоорондоо ном солилцож уншина. Шүлэг зохиолоо бие биедээ уншина. Ингээд долдугаар ангиа төгсөөд арван тавтайдаа багшийн техникумд суралцахаар хотод анх хөл тавьжээ. Техникумынхаа уран зохиолын дугуйланд элсэн орж. 

Тэнд эдүгээгийн Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо дээд ангид нь сурч байв. Түмээ найрагчийн ярьснаар “тэгсгээд техникумынхаа уран зохиолын дугуйланг чамлаад” Багшийн дээдийн утга зохиолын дугуйланд явдаг болж, бөхөөр бол жин өгсөж барилджээ. Багшийн дээдийн утга зохиолын дугуйланд Б.Магсаржав, Ж.Барамсай зэрэг хожмын нэрт зохиолч, яруу найрагчид байсан тул тэдний дунд ороод л бужигначихсан байна. 
Багшийн техникумаа төгсөөд 18 настайдаа бага ангийн багш болжээ. Нийслэлийн нэгдүгээр арван жилд бага ангийн багшаар хуваарилагдсан байна. Гэрээ их санаж байсан учир хөдөө явна гэж зүтгээд, хотод ах, дүү, хамаатан садан ч байхгүй гэсэн чинь яамны боловсон хүчин зад загнаад “Улс чамайг үнэгүй сургасан. Оч гэсэн газар нь очиж ажилла” гэсэн гэдэг. 

Ингээд сургуулийнх нь захирал сургууль дотроо нэг өрөө гаргаж өгч, тэндээ амьдрах болжээ. Төдөлгүй залуухан багш нэгдүгээр анги хүлээж авсан байна. Тэр ангид нь Б.Явуухулан найрагчийн хүү Амар, судлаач, шүүмжлэгч, доктор Д.Цэндийн хүү Энхбаяр, хэлний эрдэмтэн Чой.Лувсанжав багшийн хүү Өлзийт гурав байжээ. Шүлэг зохиолын хорхойтой залуу багш үүнд олзуурхан баярлаж. Удалгүй шавь нарынхаа аавуудад нь шавь орсон ажээ Чой.Лувсанжав багшаар орой болгон нэг цаг эртний уран зохиол, төвөд хэл заалгана. Явуу найрагчийнд бол бараг хүүхэд нь юм шиг байдаг болжээ. 

Шүлгээ яаж бичиж байгааг нь ч ажиглаж харна. Өдөрт арав гаруй шүлэг бичээд л Амараар нь өгөөд явуулна. Явуу багш нь хоёр янзын тэмдэглэгээ хийгээд буцааж явуулна. Мөрний юм уу, үгийн доогуур долгионтой зурвал болохгүй байна, тэгш бол болж байна гэсэн үг гэнэ. Гэрт нь очихоор жинхэнэ урнаар өгүүлэх тухай, хэлний яруу хэрэглүүрүүдийн тухай, адилтгал зүйрлэл, ихэсгэл багасгал гээд л голдуу өөрийнхөө шүлэг дээр  жишээ  татаад л тайлбарлаж өгдөг байж. Шүлэг гэдгийг зүгээр л нэг толгой холбоод биччихдэг зүйл биш тухай ярьж өгнө. 
Тэр үед нэгдүгээр сургуульд З.Түмэнжаргал найрагчтай нэг жил Багшийн техникумын хөгжмийн ангийг төгссөн Б.Шарав гэж залуу хөгжмийн багшаар очсон байна. Б.Шарав нэг удаа түүнтэй уулзаад “Чи шүлэг бичдэг гэсэн. Би бас ая зохиодог юм. Нэг бэлэн ая байна” гээд сонсгосон гэнэ. Ямар сэдэвтэй үг бичих вэ гэсэн чинь хаврын тухай гэж. Тэгэхээр нь Түмээ найрагч хаврын тухай олигтой шүлэг болохгүй ээ, хавар болдог үйл явдлаар хийе гэж гэнэ. Ингэж 
“Арван жил үерхэж дассан
Анд олон нөхөд минь баяртай…
” гэсэн үгтэй “Сургууль минь баяртай” дуу төрсөн түүхтэй. Багшийн техникумд байхад нь соёлын ангид, баян хуур хөгжмөөр  гайхалтай тоглодог Галмандах гэж нэг хүүхэд байжээ. Түмээ найрагч түүнд пүүшиг тамхи өгч, шанд нь дуртай дуугаа захиалж тоглуулдаг байв. Тэр бол хожмоо алдартай хөгжмийн зохиолч, хүүхдийн дууны гарамгай мастер болсон, Гавьяат багш Л.Галмандах байв. Нэгдүгээр сургуулийн залуухан багш З.Түмэнжаргал, Б.Шарав нар “Сургууль минь баяртай” дуугаа анх сургуулийнхаа Батхуяг гэдэг нэг хүүгээр дуулуулсан гэнэ. Тэр хүү Ерөнхий сайд асан М.Энхсайханы ангийн хүүхэд байжээ.  

Дуугаа радиогийн фондод оруулахын тулд мэргэжлийн дуучнаар дуулуулах хэрэгтэй болсон тул Б.Шарав нэг өдөр дуулдаг хүүхэд оллоо гэсээр баяртай нь аргагүй иржээ. Ийнхүү цэргийн “Соёмбо” хамтлагийн дуучин Ц.Өлзий-Орших гэж залуу “Сургууль минь баяртай” дууг дуулан Монголын радиогийн алтан фондод бичүүлж, хожмын Гавьяат жүжигчин болох замаа эхэлжээ. Тэр үед хөгжмөө “амьдаар” тоглож бичүүлдэг байв. Бөмбөрийг нь эдүгээгийн Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, баян хуурыг нь Б.Шарав өөрөө тоглож, хөгжмийн зохиолч С.Тараа төгөлдөр хуур дарж, Гавьяат багш Л.Галмандах, хөгжмийн зохиолч Б.Цогоо нар нийлж ажиллаж байж радиод анхны дуугаа бичүүлсэн гэдэг. Ийнхүү санаандгүй л дууны яруу найраг руу оржээ. “Сургууль минь баяртай” дуугаа олонд хүргэсний дараахан нэгдүгээр сургуулийн захирал, Гавьяат багш Гомбосүрэн “Та хоёрын зохиосон дуу их хөөрхөн болж. Одоо багш нарын тухай дуу хий” гэжээ. Ингээд 
“Ганцхан миний ээжийнх гэмээр
Халамж дүүрэн сэтгэлтэй та… ”
гэж эхэлдэг “Багш та” дуу төржээ. Тэр үеийн залуус “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн тоглолтыг тасралтгүй үздэг байжээ. Нэг удаа тоглолт үзэж байтал С.Баатарсүхийн хөгжим “Цэнхэр залаа” гээд их сайхан аялгууг Наранбаатар нарын залуус ятгаар тоглоод эхэллээ гэнэ. Тэр аялгуу нэг л аятайхан санагдаад тогтоож аваад гэртээ очоод нэг шүлэг бичсэн байна. “Цэнхэр залаа” гэдэг нэртэй нь ойролцоо “Цэцгэн заяа” гэдэг шүлэг бичээд “Баянмонгол” чуулгынхнаас С.Баатарсүх гэж хүнийг сураглажээ. 

Тэдний дунд хар шилтэй, этгээд маягийн шөвгөр хар гуталтай ах хөлөө ачаад сууж байсан нь С.Баатарсүх байж. Багш залуу З.Түмэнжаргал өөрийгөө танилцуулаад бичсэн шүлгээ үзүүлж, “Цэнхэр залаа” аялгуунд дуулуулж болох уу гэжээ. Шүлгийг нь харж байснаа “Энэ хөөрхөн шүлэг байна. Гэхдээ энэ аяараа дуулуулахгүй. Өөр ая хийнэ” гэж гэнэ. Шүлэг маань энэ хүнд таалагдсангүй бололтой л гэж бодоод урамгүйхэн харьжээ. Гэтэл хэд хоногийн дараа “Баянмонгол” чуулгын шинэ уран бүтээлийн тоглолтыг үзэж байтал гэнэт Баатарсүхийн хөгжим, Түмэнжаргалын шүлэг “Цэцгэн зүйрлэл” дууг дуучин Галхүү дуулна гээд зарласан байна. “Цэцгэн зүйрлэл” дуу ийм түүхтэй. 
Түүний дараахан “Түмэнжаргал гэж чи юу” гээд нэг өндөр хар хүн ажил дээр нь иржээ. Тэрбээр “Хүүхдийн киноны дуу хийж байгаа, яруу найрагч Т.Галсанг шүлэг бичээд өг гэсэн чинь чамайг зааж өглөө” гэж байна гэнэ. Тэр хүн Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал байв. Ийнхүү “Дэгдээхай нас” киноны дууг бичжээ. Иймэрхүү түүх яривал З.Түмэнжаргал найрагчийн 100 гаруй дууны түүхийг ярих болно. Гэхдээ З.Түмэнжаргал найрагч миний үндсэн төрөл бол хүүхдийн зохиол хэмээн хэлдэг байв. 

Хүүхдэд зориулсан “Томчууд яагаад тоглодоггүй юм бэ” гэдэг анхны зохиолоо багшилж байхдаа бичсэн. Өөрийн бичсэн шүлгүүдийг хүүхдэд хэр хүрэх нь вэ гэдгийг үзэх гээд нэртэй зохиолчдын шүлгийг уншиж өгөхдөө дундуур нь уншчихдаг байжээ. Алийг нь илүү хүлээж авах нь вэ гэхээр түүний шүлгийг илүү хүлээж авч байгаа юм шиг санагддаг байжээ. Ингээд бага насны хүүхдийн шүлгийн ном биччихлээ гэдгээ сургуулийнхаа захиралд хэлсэн чинь “Би нэг хүнтэй ярья” гэжээ. Тэрбээр “Зохиолчдын хорооны орлогч дарга Л.Түдэв гэдэг хүнтэй ярилаа. Чамайг ирж уулз гэсэн” гэжээ. Гоёж гоодоод Зохиолчдын хороон дээр яваад очжээ. 

Л.Түдэв дарга номыг нь уншаад Хүүхдийн зохиолчдын зөвлөлийн эрхлэгч Д.Содномдорж гуайд өгч редакторлуулан хэвлүүлжээ. Энэ талаар З.Түмэнжаргал найрагч -“Нисдэг байшин” гэдэг нэртэй байсан номыг минь “Шинэ танил” гэж их өөдгүй нэртэй ном болгож гаргасан л болохоос тэр үед хүүхдийн шүлгүүд маань ногоон гэрлээр хэвлэгдчихсэн. Бас л аз шүү хэмээн өгүүлж билээ. Ийнхүү бага ангийн багш Түмэнжаргал хүүхдийн зохиолч Түмэнжаргал болох замаа эхэлжээ. Тэрбээр нэгдүгээр сургуульд багшилж байхдаа хүүхдийн шүлгүүдээ зохиолчдын уулзалт дээр уншжээ.

 Уулзалтын завсарлагаар коридорт тамхи татаад зогсож байтал нь цэнхэр даавуун дээлтэй, хромон гуталтай эр ирээд, “Дүү хүүд баяр хүргэе. Хүүхдийн шүлгүүд чинь жинхэнэ шүлэг болчихжээ. Ер нь би чамд хүүхдийн шүлгээр шавь орно” гэжээ. “Намайг цаашлуулж байна” л гэж бодсон гэнэ. Өнөөх эр “Гэхдээ яруу найргаар бол харин чи надад шавь орно шүү, алтаар урс” хэмээн эрүүн доорх шингэн сахлаа имэрчээ. Тэр хүн хэн байсныг уншигчид таасан бизээ. Энэ уулзалтаас хойш удалгүй тэд багш шавь болцгоосон байна. Эдүгээгийн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан багш нь энгүй хөдөлмөрч хүн учир “Наян настай жаал”, “Хоёрын хүрд” гээд олон сайхан хүүхдийн ном гаргасан билээ. 
Загдын Түмэнжаргал гуай Ардын уран зохиолч багшаасаа эхлээд олон зохиолчийг хүүхдийн зохиолд “уруу татсан” нэгэн. 1980-аад оны үед Төрийн шагналт зохиолч Ц.Доржготов гуайг хүүхдийн зохиол бич гэж ятгасаар байгаад “Хонины бор” гэж өгүүллэгийн ном гаргуулсан гэдэг. Тэр нь их сайн ном болсон. Дараа нь Ц.Базаррагчаа багшийгаа мөн ятгасаар байгаад хүүхдийн өгүүллэгийн түүвэр гаргуулжээ. Энэ бүхэн бол түүний хүүхдэд хайртай зүрх сэтгэлийн илрэл. Хүүхдийн зохиолчийн л хийх алхам. Тэр яруу найргаа ч гэсэн хүүхдийнх шиг гэгээн тунгалаг зүрх сэтгэлээр бичдэг байсан болов уу гэж боддог. Ард түмний зүрх сэтгэлд хоногшсон олон зуун дуунууд нь ч гэсэн тийм л гэгээн сэрэхүйтэй, оргилуун тэмүүлэлтэй. Тэр “Дууны хорвоо”-д үдлээд буцахдаа дуундаа бүх зүрх сэтгэлээ шингээн үлдээсэн юм.  
...Аргадаж гэгэлзсэн аялгууг сонсоход
Асгартал уйлмаар болдоггүй л билүү
Алдаа онооны хатуухан үнэнийг
Атгахан зүрх дэнсэлдэггүй л билүү
Айзам яруу дууны хорвоод 
Ахин дахин төрмөөр байх юм аа...

Г.СОНИНБАЯР

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22