АНУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүсжээ. Үндэсний санал асуулгад тэргүүлсэн Ерөнхийлөгч асан Дональд Трампыг нэр дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь, Дональд Трампыг 2020 оны сонгуулийн үр дүнг хүчингүй болгохыг завдсан хэргээр шүүх хурлыг Вашингтонд 2024 оны гуравдугаар сарын 4-нд товлосон. Тусгай зөвлөх Жек Смит АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг шүүх хурлыг 2024 оны нэгдүгээр сарын 2-нд товлохыг хүссэн бол Трампын өмгөөлөгчид 2026 оны дөрөвдүгээр сард буюу сонгуулиас 17 сарын дараа эхлэхийг шаарджээ.
Холбооны шүүгч Таня Чуткан “Шүүх хурлыг товлохдоо шүүгдэгчийн мэргэжлийн үүргээс хамаарахгүй. Хоёр жилээр хойшлуулах боломжгүй” гэжээ. Яллах дүгнэлтэд Трампыг АНУ-ыг залилан мэхэлсэн, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулсан, сонгуулийн дүнг хүчингүй болгохыг завдсан, иргэдийн эрхийг зөрчсөн гэсэн эрүүгийн дөрвөн зүйл ангиар буруутгаж байгаа. Барак Обамагийн томилсон Таня Чуткан өмнө нь Капитолд болсон халдлагын оролцогчдыг хатуу шийтгэсэн билээ.
Трамп түүнийг “Хэт өрөөсгөл, нэг талыг баримталсан” гэж шүүмжилдэг. Түүнчлэн Трампыг ирэх оны гуравдугаар сарын 25-нд насанд хүрэгчдийн киноны жүжигчинд мөнгө төлсөн гэх санхүүгийн залилангийн хэргээр Нью-Йоркт, тавдугаар сард Флорида мужид нууц бичиг баримттай буруу харьцсан хэргээр шүүх юм. Дональд Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэрэгт татагдсан анхны Ерөнхийлөгч болсон. Тэрбээр яллах дүгнэлтийг няцааж, “Шулмын ан”-гийн хохирогч хэмээн мэдэгдсэн. Мөн түүнийг хэлмэгдүүлсэнд АН-ын Конгрессын гишүүдийг буруутгажээ. Өдгөө 77 настай Трамп ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа бөгөөд Бүгд найрамдах намд нэр хүндээрээ тэргүүлж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намын дотоод сонгууль ирэх оны нэгдүгээр сард эхэлнэ. Эцсийн ялагч нь ирэх оны арваннэгдүгээр сард болох бүх нийтийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших Ерөнхийлөгч Жо Байдентай өрсөлдөх юм. Намын дотоод өрсөлдөөнд Трампаас гадна ялах магадлалтай Майк Пенс, Крис Кристи, Никки Хейли тэргүүтэй таван улстөрчийг АНУ-ын хэвлэлүүд онцолж байна.
Майк Пенс
Дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс кампанит ажлаа албан ёсоор эхлүүлсэн. Тэрбээр нэр дэвшихээ зарлахдаа Трампыг АНУ-ын Үндсэн хуульд үнэнч бус, консерватив үнэт зүйлсээс татгалзсан гэж буруутгажээ. Тэдний харилцаа 2021 оны Капитолын үймээн самууны дараа хөндийрчээ. Солонгосын дайны ахмад дайчны хүү Майк Пенс улс төрийн карьераа радиогийн хөтлөгчөөр эхлүүлсэн. Тэрбээр 2000 онд Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон бөгөөд зарчимч консерватив гэж тодорхойлдог. Индиана мужийн захирагчаар 2013-2017 онд ажиллахдаа татварыг бууруулж, үр хөндөлтийг хязгаарлах, шашны эрх чөлөөг хамгаалах тухай хуулийн төслүүдийг баталжээ. Тэрбээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжоо Трампад найр тавьсан.
Крис Кристи
Нью-Жерси мужийн амбан захирагч асан Крис Кристи нэр дэвшихээ өнгөрсөн зургадугаар сард зарласан. Тэрбээр Капитолын үймээнээс хойш Трампыг хатуу шүүмжлэгч болжээ. Тухайлбал, "Дональд Трамп бол телевизийн од, өөр юу ч биш" гэжээ. Кристи 2010-2018 онд мужийн захирагчаар ажилласан. Тэрбээр Ерөнхийлөгч Жорж Бушийн үед Нью-Жерси мужийн прокуророор ажиллаж байжээ.
Рон ДеСантис
Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантисыг ажиглагчид “Трампыг дуурайгч” гэж нэрлэсэн бөгөөд өрсөлдөгчдөө ялах магадлалтай нэр дэвшигч. 2018 онд Трампын дэмжлэгээр мужийн захирагчийн албан тушаалд дэвшсэн тэрбээр өнгөрсөн оны завсрын сонгуулиар улиран сонгогдсон.
Түүний бүрэн эрхийн хугацаанд Бүгд найрамдах намын сонгогчид тус мужид анх удаа Ардчилсан намынхнаас олон болжээ. Өдгөө 44 настай Харвард, Йелийн их сургуульд боловсрол эзэмшсэн хуульч Рон ДеСантис АНУ-ын улс төрд шинэ хүн. 2013-2018 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан. ДеСантис захирагч болоод олон талт байдал, хамруулах хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, улсын сургуулиудад жендэрийн баримжаа олгох хичээл заахыг хориглох, үр хөндөлтийг хязгаарлах, галт зэвсгийн хуулийг сулруулах хууль тогтоомжийг дэмжсэн. Түүний амжилтыг орчин үеийн консерватив удирдагчдад зориулсан "гарын авлага" гэх нь бий. Хачирхалтай нь, Дональд Трамп түүнийг өдөр бүр шүүмжилдэг.
Тим Скотт
Өмнөд Каролинагийн сенатор Тим Скотт АНУ-ын улс төрийн тавцанд байр сууриа бэхжүүлсэн. Тэрбээр Конгрессын хоёр танхимд ажилласан цорын ганц өнгөт арьст улстөрч. Скотт хөвөнгийн талбайн ажилчин, өрх толгойлсон ээжийн хүү гэдгийг имижээ болгосон. Тэрбээр 2024 онд “Уруудаж буй үндэстнээ сэрээж, Америкийн соёлыг сэргээх” амлалттай нэр дэмшихээ зарласан.Түүнийг Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намаас сонгогдсон гишүүд дэмжихээ мэдэгджээ.
Никки Хейли
Никки Хейли Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Бүгд найрамдах намын хамгийн залуу, ирээдүйтэй улстөрчөөр нэрлэгдэж байсан түүний карьер сүүлийн жилүүдэд буурчээ. Пунжаби Сикх цагаачдын гэр бүлд төрсөн Хейли 2009 онд хамгийн залуу амбан захирагч болсон юм. Тэрбээр 2015 онд Өмнөд Каролинагийн Капитолоос Холбооны төрийн далбааг буулгахыг шаардаж үндэстний анхаарлыг татсан. Дональд Трампын засаг захиргааны үед НҮБ-д АНУ-ын суурин төлөөлөгчөөр ажиллажээ. АНУ-ын шинэ үеийн улстөрчдийн төлөөллүүд түүнийг дэмжихийг уриалснаараа онцлог юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна