Монгол Корчагин


Шилдэг дүрийн шагналыг гурвантаа хүртэв

 Дөнгөж сургуулиа төгсөөд театрт очсон залуухан жүжигчин 450 төгрөгийн цалинтай тайзны гэрлийн туслахаар ажиллаж эхэлжээ. Тайзан дээр гарахын хүслэн. Гэтэл тийм боломж тэр бүр олдохгүй. Хааяа олны хэсэгт л тогловол их юм. Тухайн үед театрын тайзнаа тавигдах эмэгтэй гол дүрд нэрт жүжигчин Ц.Цолмон, эрэгтэйчүүдээс Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ч.Авирмэд нар л тоглоно. Тэдний тоглохыг шимтэн харж, тайзны гэрэлтүүлэг хийж зогсохдоо яаж ингэж гол дүрд тоглож, үзэгчдийг байлдан дагуулах вэ гэж бодно.  Тэр бол 1983 он. Эдүгээгээс 40 жилийн өмнөх явдал.

Тэгж байтал Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийг тавихаар болж, театрын уран сайхны зөвлөл хуралдаж байгаа сураг дуулдав. Гэрэлтүүлгийн туслах ажилтан Ж.Сүххуягт энэ мэдээ хүршгүй хол зүйл шиг л санагдсан биз. Тэгтэл өнөөх жүжгийн гол дүрд түүнийг тоглуулах болжээ. Чихэндээ итгэсэнгүй. Учрыг тодруулбал нэрт найруулагч Г.Доржсамбуу “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийг найруулахаар болж, “Корчагины дүрд Ж.Сүххуягийг л тоглуулмаар байна. Сая сургууль төгсөж ирсэн хүүхэд байгаа юм” гэсэн аж. 

Оюутан байхдаа хэд хэдэн кинонд тоглож, Г.Доржсамбуу найруулагчийн анхааралд өртөж байсан нь түүнд ийн том жүжгийн гол дүрд тоглох боломж олгож, цаашдын уран бүтээлийн замыг нь цэлийтэл нээж өгчээ. Тухайн үед Г.Доржсамбуу найруулагч УБДС-ийн кино драмын төгсөх ангийн багш байв. Түүний ангид эдүгээгийн Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Б.Нармандах нар байсан гэдэг. 

Юутай ч Г.Доржсамбуу найруулагч дөнгөж сургуулиа төгссөн хүүхдэд жүжгийнхээ гол дүрийг өгсөн нь түүнд маш их итгэснийх, бас авьяасыг нь олж харсных байв. Ж.Сүххуяг ч багшийнхаа итгэлийг алдсангүй. Тэрбээр 1983 онд Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Корчагин, 1988 онд Д.Батбаярын “Хайрыг хайрла” жүжгийн Амаржаргал, Б.Балжиннямын “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрээр Монголын урлагийн ажилчдын холбоо, Соёлын яамны шилдэг дүрийн шагналыг гурвантаа хүртсэн юм. Жүжигчний замналынх нь эхлэлийг тавьсан “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Корчагины дүр түүнээс хамаг “юм”-ыг нь шавхсан гэдэг.

Дөнгөж сургууль төгссөн хүн тийм том жүжигт гол дүр авсан гэхэд олон хүн эхэндээ итгээгүй аж. Ер нь тийм түүх ч байгаагүй болохоор аргагүй биз. Ингээд Сүххуягийг Корчагин болгох ажил эхэлжээ. Таван төгрөгийн зузаан дэвтэр аваад голоор нь хуваагаад түүн дээрээ ролио бичиж гарчээ. Оюутан байхдаа дипломын ажил хийж байсан яг тэр журмаараа дүрийнхээ судалгааг хийжээ. 

Корчагин хазгар болдог хэсгийг сургуулилахад Доржсамбуу багш нь болохгүй байна гээд л дахиулна. Нэг удаагийн сургуулилалт дээр шалны мод хугалан ишийг нь зүүн өвдгөнд нь чиг барьж боогоод хүүхдийн театрыг гурав тойроод ир гэжээ. Тойроод ирэнгүүт “За одоо чи дасал болов уу. Баруун гартаа таягаа бариад яв” гэж гэнэ. Ингэж уйгагүй сургууль хийлгэдэг байв. Багш, шавь хоёрын хичээл зүтгэл талаар болсонгүй. Уг дүрээрээ оны шилдэг дүрийн шагнал авч бөөн баяр болжээ.  Шагналаа авсны дараа Доржсамбуу багш нь Ж.Сүххуягийг чанга гэгч тэврээд үнссэн гэдэг. Тэр мөчийг мартдаггүй хэмээн нэрт жүжигчин маань хожим ярьдаг байв. 

Гүрсэдийн Доржсамбуу гэдэг тэр сүрлэг эр үнэхээр зөөлөн хүн байв. Ёстой л хайр нь дотроо хал нь гаднаа, сайхан эр хүн байсан билээ. Жүжигчдэдээ ч  тэр, гэр бүл, хүүхдүүддээ ч тийм. Ардын жүжигчин А.Очирбат гуай гээд мундагчуудыг хүртэл айлгана, загнана. Корчагины дүрээр шилдэг дүрийн шагнал авсных нь дараа Ардын жүжигчин Э.Оюун багш нь “Доржсамбуугийн хүчинд ганц сайхан жүжигчинтэй боллоо” гэж хэлж байжээ. Энэ бол Ж.Сүххуяг жүжигчнийг олж, нээсэн Доржсамбуу найруулагчийн гярхай нүд, мэдрэмж, ухаанд талархсан чин сэтгэлийн үг байв.

 

“Миний монгол Корчагин үхэж болохгүй”

 

“Уран бүтээлч хүнд зэвэрнэ гэж нэг юм байдаг. Надад итгэж гол дүр өгөөгүй байсан бол би тэгээд л зэврэх байсан. Хаа нэг олны хэсэгт гарчихаад л хүүхдийн театрын жүжигчин гээд л явж байх байсан. Доржсамбуу багш намайг тухайн үед олж хараад л дүрийн судалгаа хийлгээд Сүххуяг чадна гэж тоглуулсан” хэмээн Монгол Корчагин хожим дурссан нь бий. 

Г.Доржсамбуу багш нь түүнийг ийнхүү тайзнаа анх хөл тавиулсан төдийгүй дэлгэцнээ мөнхрөх дүрийг нь ч зааж чиглүүлсэн гавьяатай. Тухайн үед Г.Доржсамбуу найруулагч Улсын драмын эрдмийн театрын даргаар ажиллаж байв. Зууны манлай найруулагч Д.Жигжид гуайн бие муудаад Б.Балжинням найруулагч “Мандухай сэцэн хатан” киног хийх болоод байсан үе. 

Ж.Сүххуяг жүжигчин Төв шуудангаас хэвлэлээ аваад Хүүхэд, залуучуудын театр руу гүйдэг байжээ. Нэг удаа хэвлэлээ аваад гарч явтал Г.Доржсамбуу багш нь Төв шуудангийн үүдэнд тааралдангуутаа “За Сүххуяг аа. Миний хүү Кино үйлдвэр дээр нэг очоотох. Проб хийлгэ” гэжээ. Тэгээд яваад очсонд Балжинням найруулагч түүнийг шууд пробгүй авсан байна. Ингэж тэрбээр 26 настайдаа Батмөнх даян хааны дүрд тогложээ. Дараа нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Г.Доржсамбуу багш нь хоёрдугаар найруулагчаар явжээ. Чилүгэнд тоглоход нь түүнд их зүйл хэлж өгч байсан гэдэг. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтыг Хэрлэнбаян-Улаанд хийж, дараа нь “Намрын халуун өдрүүд” кинонд ангиараа тоглож, Тэрэлжид зураг авалтад явж байжээ.

Ж.Сүххуяг “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжигт гол дүр бүтээсний дараа “Хайрыг хайрла” жүжигт тоглож байхдаа тайз нурж, хүнд гэмтжээ. Тэгэхэд “Мандухай сэцэн хатан”-д тоглочихоод дуугаа оруулж байж. Гэмтлээс болж дотуур цус алдаад эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, 45 хоногт гурван удаа хагалгаа хийлгээд, бүтэн нэг жил хэвтэрт байжээ. Урлагийнхан бүгд л түүнийг эргэж байв.

 Г.Доржсамбуу найруулагч гэргий Ц.Цолмонгийнхоо хамт эргэж ирсэн нь түүнд мартагдашгүй дурсамж үлдээж. Нэг талаар Г.Доржсамбуу найруулагч түүнийг хөл дээр нь босгожээ.  Тэрбээр ватум цаасан дээр гэргийнхээ уруулын будгаар “Миний монгол Корчагин үхэж болохгүй шүү” гэж бичээд өгч байсан гэдэг. Тийнхүү бичсэн цаасаа цонхоор харуулахад Ж.Сүххуяг хуруугаа хөдөлгөхөөс өөрийг хийж чадахгүй байжээ. Яг л Павел Корчагины амьдралд орчихсон юм шиг л байсан гэдэг. 

“Доржсамбуу багшийн тэр гоё сэтгэлийг би хэзээ ч мартдаггүй юм. Ямар ч найдлагагүй гэдэг байсан яг тийм хүнд үе байсан. Тэгэхэд Доржсамбуу багш тэгж цонхны цаанаас бичиж харуулсан нь намайг хөл дээр минь босгосон. Тэр үг одоо ч надад бодогддог. Надад сэтгэлийн их тэнхээ өгсөн. Хүн өөрийгөө ялдаг л юм билээ. Тиймээс би өдий зэрэгтэй ингээд явж байна” хэмээн Ж.Сүххуяг гавьяат өгүүлсэн удаатай.

 

Ард түмний хайртай Даян хаан

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг Монголын ард түмэндээ Даян хаан, Чилүгэний дүрээр хайрлагдсан уран бүтээлч. Түүний амьдралыг хүн бүхэн мэднэ, бас мэдэхгүй. Алдаа оноо нь, алдар гавьяа нь, баяр гуниг нь бүгд ил. Тэр монголчуудын хайртай жүжигчдийн нэг байлаа. Тайз, дэлгэцийн урлагт азтай, одтой явсан жүжигчин.

 Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү, нэрт найруулагч Г.Доржсамбуу гээд Монголын тайз, дэлгэцийн урлагийн сор болсон гайхамшигт хүмүүс түүний багш нь. 

УБДС-ийн кино драмын ангид тохой залган суусан нэг ангийн нөхөд нь эдүгээгийн Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж, “Гарын таван хуруу”-гийн Сүрэн, “Говийн зэрэглээ”-гийн Номингийн дүрээр мөнхөрсөн нэрт жүжигчин Я.Оюунцэцэг агсан, нэрт найруулагч Э.Санчигдан агсан гээд нэгэн үеийн авьяастнууд. Батмөнх даян хаан, Чилүгэн гэдэг хоёр дүрээрээ тэр мөнхөрсөн ч Г.Жигжидсүрэнгийн “Хатанбаатар” киноны Сундуйсүрэн, “Намар нахиалсан мод” киноны Самдан багш, “Хүн чулууны нулимс” киноны Элдэв, Д.Долгорын “Намрын халуун өдрүүд” киноны Нацагдорж, “Ацаг шүдний зөрүү” киноны Ананд-Очир, “Тан руу нүүж явна” киноны Очир, Д.Содномын “Цагаан дуганы гэгээ” киноны Дилав хутагт Жамсранжав, Ж.Бунтарын “Давааны цаана даваа” киноны Жаргал зэрэг дүрүүд нь үзэгчдийн сэтгэлд хайр, хүндэтгэл төрүүлэн амьдарсаар буй.

Наймдугаар ангиа төгсөөд аз таарч “Давааны цаана даваа” кинонд туслах ажилчнаар явсан нь түүнийг жүжигчний мэргэжил сонгох, урлагийн амьдралаар амьдрах эхлэл болжээ. Ардын жүжигчин Д.Чимид-Осор, Гавьяат жүжигчин Л.Лувсан, О.Дэлэгбуян, Л.Нямсүрэн гээд ахмад жүжигчидтэй нэг гэрт байрлаж хоол ундыг нь хийж өгдөг байжээ. 

Уг кинонд Жав даргын хүүгийн дүрд тоглох байсан жүжигчин Эрдэнэтогтох тэр үед нэгдүгээр дамжааны оюутан байж. Тэгээд гэрээ санасан юм уу яасан юм Баянхонгор руугаа яваад өгч л дээ. Тиймээс оронд нь Ж.Сүххуяг хүүг тоглуулах болсон нь тэр байж. “Аав аа, би тантай адилхан дарга болно оо” гэж л ганц өгүүлбэр хэлдэг нэгдлийн даргын хүүгийн дүрд тоглосон байна. Ердөө тавхан минут гардаг хэсэг. Тэр үед л “Жүжигчин болъё” гэдэг бодол түүнд төрсөн гэдэг. Аравдугаар ангиа төгсөөд УБДС-ийн кино драмын ангид шалгалт өгч тэнцжээ. Шалгалт гэхдээ тийм амар байсангүй. 

Хүн бүр л нэг нэг жүжигчин дагуулж ирээд болдоггүй гэнэ. Аавдаа хэллээ гэнэ. “Хүүхэд бүр л нэг жүжигчин дагуулж ирээд байна. Танд таньдаг жүжигчин байдаггүй юм уу” гэсэн чинь “Бий нь ч бий. Нэг муу эсгий гуталтай өвгөн бий” гэж гэнэ. “Ямар хамаатай юм. Тэр хүнтэйгээ уулзуулж өгөөч” гэжээ. Ийнхүү Сэдэд багштайгаа уулзжээ. Трубка зуусан өвгөн байна гэнэ. Ингээд кино драмын ангийн шалгалтад бэлджээ. Эмнэлэг гэгээрлийн ордны мужааны өрөөнд хүүхдийн театраас жүжигчин Г.Дашхүүг авчирч баянхуур даруулаад л, дуу бэлдээд байж. Сэдэд багш нь ингэ тэг гэж зааж өгнө. Аавтай нь нэг нутаг усны найзууд. Тэр хоёр зуу татаад л. 460 хүүхэд шалгалт өгч Улаанбаатараас таван хүүхэд тэнцүүлэхэд Ж.Сүх­хуяг хамгийн өндөр оноотой тэнцэж байжээ. 

Тэрбээр оюутан байхдаа зуны амралтаараа кинонд тоглочихдог, хичээлийн заваараа кинонд дуу оруулаад хөөрхөн хэдэн төгрөг авчихдаг, “Улаанбаатар” ресторанд орж хуйцаа иддэг баян оюутан байжээ. Кино үйлдвэрт очиж кинонд дуу оруулах дуртай. Өдрийн 25 төгрөгийн цалинтай. Р.Дамдинбазар, Д.Чимид-Осор, Н.Дагийранз гээд аваргуудтай цуг дуу оруулна. Т.Цэмпилмаа, Ц.Цэнд-Аюуш, Д.Элбэгсайхан, Т.Карма зэрэг алдартнуудыг дагаж дөр сууж. Онол үзэж явсан оюутан практик дээр тэндээс их юм сурсан гэдэг.

Сэдэд багшдаа тэр их хайртай. “Агуу жүжигчин шүү дээ, миний багш” л гэнэ. Ямар сайндаа “Би Гавьяат жүжигчин цол авбал багшийнхаа шарил дээр аваачиж булна” гэж хэлээд шүүмжлүүлж байх вэ дээ. Энэ бол тайз, дэлгэцийн урлагийн нэгэн оргил атлаа энгэртээ гялайх ганц ч тэмдэггүй буцсан багшийгаа өрөвдөж, хайрлахдаа хэлсэн хайртай шавийнх нь сэтгэлийн үг байв.

 Оюутан байхдаа 1981 онд багштайгаа  цуг “Хатанбаатар” кинонд тоглож байж. Сэдэд гуай Хүүхэд, залуучуудын театрт олон жил ажиллаад шавиа 1982 онд сургуулиа төгсөхөд толь, будгаа өвлүүлж өгөөд тэтгэвэртээ гарсан гэдэг. Сургуулиа төгсөхөд нь түүнийг Баян-Өлгий эсвэл Дорнод аймаг руу хөөх гэхэд, Сэдэд багш нь Соёлын яамны дэд сайд дээр ороод “Би одоо тэтгэвэртээ суулаа” гээд л шавийгаа орондоо аваачсан нь тэр аж. Ийнхүү алдарт Сэдэд багшийнхаа ажил, мэргэжлийг өвлөн авч Хүүхэд, залуучуудын театрт ороод тэндээ найман жил ажиллажээ. Тэр он жилүүд Ж.Сүххуяг жүжигчний алтан үе байв. Тайзнаа үндэсний болон дэлхийн сонгодог жүжгүүдэд дүр бүтээж, дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлжээ.

“Жүжигчин хүн хэнийг ч давтаж, хуулбарлахгүй, өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Ер нь амьдралыг мэдэрсэн, мэдэж таньсан хүн л жүжигчин болдог” хэмээн тэрбээр хэлсэн байдаг. Ард түмэн түүнийг Даян хаан хэмээн хүндэлж, хайрладаг. Урлаг харгисдаа харгис, сайхандаа сайхан. Олны хайрыг даана гэдэг хэцүү. Нийгмийн шилжилтийн үе урлагийнханд хүнд туссан. Сэтгэлээрээ л амьдардаг хүмүүс тэр цохилтыг тэсэж гарах хүнд байсан биз.

 Хүмүүс талханд дугаарлана уу гэхээс театрт очихоо байсан үе шүү дээ. Театрынхан л гэхэд зрителээ тоолоод л “За тавин хүн болохоор нь гаръя” гээд л хүлээдэг байсан гэдэг. Заримдаа цаг 30 минут хүлээнэ. Цалин гэж бараг авахгүй. Олон сайхан жүжигчин театраа орхин амьдралын замаа хөөж ч байв. Хүүхэд, залуучуудын театр байхгүй болчихсон. Жүжигчид нь хаана очихоо мэдэхгүй. 

Ийм л үед Ж.Сүххуяг жүжигчин нэрт найруулагч Д.Жигжид гуайн хүү Отгонбиндэртэй нийлж “Шинэ кино компани” гэж хувийн кино компани байгуулж видео кино хийгээд хөдөөгүүр явж гаргаж байсан гэдэг. Амьдралын олон сорилтыг тэр эр хүн шиг даван туулсан. Урлагаа хэзээ ч орхиж чадахгүй гэдгээ хэлдэг байв. 

Дэлгэцнээ мөнхөлсөн Даян хаан шигээ амьдарч чадаагүй ч тэр Чилүгэн шиг эмгэнэлт хувь тавиланг сонгоогүй юм. Алдаагаа ухаарч, оноогоо цэгнэж, хал үзэж хат суун, хүн чанар, мөн чанарын ноён нуруугаа цэхлэн босож ирсэн бахархалт уран бүтээлч. Амьдралд сөхөрч, бууж өгөөгүй жинхэнэ монгол Корчагин байлаа.

2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар   нэрт жүжигчин Жамсрангийн Сүххуягт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо хэмээсэн мэдээ түгэхэд түүнд хайртай монгол түмэн өөрсдөө шагнуулсан мэт магнай тэнийн баярлаж байсан билээ. Төрийн дээд алдар хүндлэлийг хүртэхдээ ард түмнээ давхар шагнаж, баярлуулдаг тийм хувь тавилан уран бүтээлч хүн бүрд олддоггүй л.  

Г.Сонинбаяр

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22