Монгол Улс хэмээх айлын үүд хаалга нээлттэй, хоймроор дүүрэн зочид дуу шуу болон бужигнасан долоо хоног өнгөрч байна. Дэлхийд 1.3 тэрбум дагагчтай Ромын Пап ламын айлчлал өндөрлөж, хүндэт зочны хөлөглөсөн онгоцны утаа замхарч амжаагүй байхад Саудын Арабын хаант улсын Эрхэм дээд ханхүү Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Хөшигийн хөндийд хөл тавилаа. Төрийн тэргүүн гаднын зочдыг хүлээж аваад завгүй байх зуур Ерөнхий сайд баруун гурван аймгийг тойроод ирлээ. Ерөнхий сайдын хувьд иргэдэд тайлангаа тавьж, бас тэдний үгийг сонсож, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байгаагаараа онцлогтой юм. Ерөнхий сайдыг Ховдод ажиллах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бас очжээ. Харамсалтай нь Ц.Элбэгдоржийн төрсөн нутагтаа хийсэн энэ гэнэтийн айлчлал олон хүний хардлагыг төрүүлэв. Учир нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзанбүргэдэй уулын ай сав газарт газрын ховор элементийн том орд бий. Дэлхийн газрын ховор элементийн нэг хувийг эзэлдэг энэ орд газарт Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг дөрвөн ч хайгуулын лиценз эзэмшдэг юм байна. Тиймээс экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халзанбүргэдэйн ордын асуудлаар Ховдод явж байна гэсэн мэдээлэл цахим орчинд багагүй дуулиан дэгдээв. Засгийн газар Д.Эрдэнэбилэг гэгч этгээдтэй Эрдэнэт үйлвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр дээр маргалдаж, алдагдсан өмч хөрөнгөө буцааж аваад зогсохгүй, хохирол нэхэж, хариуцлага тооцуулахаар шүүх цагдаадаа тулж багагүй хэрүүл заргатай байгаа. Үүнд нэмэгдээд Халзанбүргэдэйн лицензийн асуудал сөхөгдөх нь гарцаагүй болж байна.
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс нүүрсээ л биржээр зарж байсан бол одоо нэмээд жонш, төмрийн хүдэр зарах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр ирэх сард Хятадад ажиллаж, тэнд хоригдож байгаа Монгол иргэдийг шилжүүлж авах, “Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн байцаалтаас оргон зайлсан этгээдүүдийг авчирах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж ярилцах юм байна.
Засгийн газраас “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг бэлтгэж УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаагаа мөн зарлалаа. Авлига хээл хахуулын гэмт хэрэгтнүүдэд шүүхээс өгч байгаа ялын хэмжээ бага, шүүх шударга ажилласангүй хэмээн иргэд бухимдаж байгаа. Тиймээс энэ бодлогын баримт бичиг шүүхэд шинэчлэл авчрах бас нэг хөшүүрэг болж магадгүй гэсэн хүлээлт эрх зүйчдийн дунд бий болоод байна. Одоогоос хагас сарын өмнө голын голдирол өөрчилж байшин барилга барьсан асуудлыг цэгцлэх, үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хотын дарга захирамж гаргаж, “Aqua Garden“ хорооллын хоёр блок барилгыг албадан буулгахаар болсон. Гэвч захиалагчид энэ ажлыг эсэргүүцэж, зарим нь амиа хорлоно хэмээн сүрдүүлж, эцэст нь “M and G construction” хотын даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хоёр байшингийн эздийн эрх ашиг чухал уу, хотын олон мянган иргэний эрх ашиг чухал уу гэдгийг харах л үлдэж байна. Үүнээс гадна “Aqua Garden” хорооллын хоёр блок барилгыг буулгавал захиалагч нарын мөнгийг хэн хариуцах вэ гэсэн асуулт олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Төсвийн мөнгөөр захиалагч нарын хохирлыг барагдуулах боломжгүй. Хууль зөрчин барилга барих шийдвэр гаргасан хүмүүс хохирлыг нөхөн төлөх ёстой” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Улсын их хурлын сонгууль ойртож, улс төрийн намууд цагийн аясыг дагаад бужигнаж эхэллээ. Саяхан хурал чуулганаа хийж, 15 дэд даргаа томилсон АН-ынхан дахиад л хагарч бутарч, хэрэлдэж эхлэв. Тус намын гишүүд өнгөрөгч долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж шинэхэн дарга нараа ээлж дараалан “намнаж” эхэллээ. Тухайлбал, “АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт даргын суудлыг худалдаж авсан. Оюутолгойн гэрээний асуудалд шалгагдаж, намаасаа хөөгдсөн хүнийг тэргүүн дэд даргаар томилж, сонгуульд жагсаалтын эхний тавд бичих гэж байна” хэмээн бухимдлаа илэрхийллээ. Үүнээс гадна Улсын дээд шүүх парламентад суудалгүй намуудын өргөдөлд дарагдаад байгаа сурагтай. Иргэний зориг ногоон намаас Улсын дээд шүүхэд “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдөл гаргасан ч татгалзсан хариу авчээ. Учир нь тус намын бичиг баримтууд багагүй будилаантай байгаа юм байна. Үүнээс гадна Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам хаягаа өөрчлүүлэхээр хүсэлт гаргаж, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эхнэр Л.Аззаяа намынхаа нэрийг солих өргөдөл өгчээ. Л.Аззаяа дарга өргөдөлдөө “2023 оны есдүгээр сарын 3-ны өдөр тус нам Их чуулганаа хуралдуулж, намын оноосон нэрийг Ард түмний хүч нам болгон өөрчилсөн тул нэр, дүрэмдээ өөрчлөлт оруулъя” гэдэг хүсэлт гаргаад байгаа ч зарим гишүүн нь “Манай Их чуулган болоогүй, болсон бол Л.Гүндалай гишүүний гэрт, эхнэр нөхөр хоёр өглөөний цайгаа ууж суухдаа л чуулганаа хийсэн байх” хэмээн ёжилж сууна.
Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Биндэр суманд барьсан “Их хуралдай цогцолбор”-ыг Улсын комисс хүлээж авлаа. Багагүй маргаан дагуулсан энэ цогцолборын загварыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Төртогтох гаргасан бөгөөд барилга нь тэнхлэгээрээ 21 метрийн диаметртэй хагас бөмбөрцөг хэлбэртэй. Их хааны төрсөн газрыг үзэхээр ирдэг жуулчид үзэж харах, тухлан саатах газартай болж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна