Монголын рок попоос төрсөн анхны Ардын жүжигчин “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрбээр сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгдөггүй уран бүтээлчдийн нэг. Бид түүнтэй урлагийн хүний баримтлах зарчим, хөгжмийн зах зээл, уран бүтээлийн талаар ярилцсан юм.
-16 жилийн өмнө “Чингис хаан” хамтлаг тоглолтоо хийж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл дахин тоглолт хийгээгүй санагдаж байна. Тэр утгаараа үзэгчдэд их хүлээлт үүсгэсэн нь мэдээж. “XXI зуун” тоглолтын талаар товч мэдээлэл өгөх үү?
-Тийм ээ, 2007 онд “UB Palace”-т дөрөв хоног үргэлжилсэн “Best Of Chinggis Khaan” тоглолтоос хойш 16 жил нийслэлийн сонсогчдодоо ая дуугаа өргөх гэж байгаадаа “Чингис хаан” хамтлагийнхан баяртай байна. Хөгжимчид маань байдгаараа хичээж, бэлтгэж байна. Мэдээж Төв цэнгэлдэх хүрээлэнд олон мянган хүний өмнө бие даасан концертоо тоглоно гэдэг догдлохгүй байхын аргагүй хэрэг. Нийтдээ гурван цагийн турш 30 гаруй дууг дуулна. Манай тоглолтын өмнө бас хөтөлбөр бий шүү. Учир нь, Цэнгэлдэх хүрээлэн чинь үзэгчдийг дотогш оруулдаг хоёр хаалгатай, хүмүүсийг гадагш гаргадаг гурван хаалгатай л байгууламж юм байна. Тиймээс олноор цугласан тэр 30-40 мянган хүнийг хоёрхон хаалгаар замбараатайгаар дотогш оруулахад дор хаяж дөрөв, таван цаг зарцуулах адармаатай ажил аж.
Болж өгвөл орж байгаа үзэгчдийнхээ тав тухыг бодоод бөөгнөрөл үүсгэхгүйгээр эмх замбараатай оруулна гэдэг хариуцлагатай ажил гэж зохион байгуулагчид бидэнд хэлсэн. Энэ бол Бөхийн өргөөнд 2000 хүнд үйлчлэх, “UB Palace”-т 3000 хүнд тоглохоос тэс өөр. Маш сайн зохион байгуулалт ордог тоглолт болоод явчихлаа. “Үзэгч хаан” гэдэг утгаар тэдний тав тухыг бодно. 40 мянган хүнийг дотогш оруулаад зүгээр зогсоож, ажилгүй суулгаад байх аргагүй. Тиймээс нэгэнт дотогш Цэнгэлдэхэд ороод ирсэн хүмүүст зориулж тайзнаа хэдэн хамтлаг дуучдыг тоглуулах хэрэг гарна.
Манай өмнө бараг 20 орчим хамтлаг дуучдын тоглолт гаргах сураг гарч байна билээ. Тиймээс Цэнгэлдэхийн тоглолт гэдэг бол Монголд шинэ тутам ирсэн, дуу хөгжмийн зах зээлийн цоо шинэ хамтын ажиллагаа, бодлогоор бүтдэг нарийн чимхлүүр ажил болжээ. Олон мянган хүн цуглана. Тэдэнд чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээ явуулна. Ус, ундаа, хоолоор үйлчилнэ. Хамтлагийн түүхэнд гаргасан цомог, зураг, дууны шүлэг, зурагтай футболк, логотой малгай, хамтлагийн урын сангаас шилэгдсэн дууны ноот, шүлэг бүхий хоёр дэвтэр ном, сэтгүүл зэргийг үзэгчдийнхээ өмнө дэлгэн борлуулах бодолтой. За тэгээд ууж, идсэн улс ариун цэврийн асуудлаа сахих ёстой болно. Тэгээд өнөө нойлын асуудал босоод ирнэ. Цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа, зохион байгуулагчдын санал болгосноор зөөврийн бие засах цэгийг олноор бий болгож байгаа гэж дуулдсан. Энэ бол миний хийх ажил биш л дээ. Гэхдээ болж өгвөл үзэгч сонсогчдыг тав тухтай байлгах талаас нь маш сайн анхаарна шүү гэдэг үгийг дүү нартаа хэлээд л байгаа юм. Нэг дор олон мянган хүн цуглана гэдэг өөрөө асуудал. Асуудалгүй ажил ч гэж байхгүй болж. Зохион байгуулалтыг хариуцаж байгаа компаниуд тус тусынхаа ажлыг маш сайн хийнэ гэдэгт ах нь итгэлтэй байна. Бид бусдад үйлчилж сурах, хүнд таатай орчин үүсгэж чаддаг байх ёстой. Гэвч энэ талын ямар ч туршлагагүй, анх удаа хийж байгаа хүмүүс алдах, мартаж санах, хүсэж тэмүүлээд ч эдийн засгаас болоод бүтэхгүй зүйлүүд их л дуулдсан. Ямар ч байсан “Чингис хаан” хамтлагийн дууны ертөнц намрын одот тэнгэрийн дор та нарыгаа уйдаахгүй гэдэгт итгэж болно. Есдүгээр сарын 16-нд та бүхнийг хүрэлцэн ирж манай тоглолтыг үзэж сонирхохыг урьж байгаагаа танай сониноор дамжуулан уламжлъя.
-Ер нь хол зайтай тоглолт хийх нь танай хамтлагийн төлөвлөгөө юм уу?
-Хоорондоо хол зайтай арваад жилийн хойно Улаанбаатартаа тоглож байгаа мэт харагдавч “Чингис хаан” зүгээр сууж үзээгүй хамтлаг шүү. Өнгөрсөн жил “XXI зуун” бүх Монголын аялан тоглолтоо хоёр сарын хугацаанд 21 аймгаар тойрон тоглолоо. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийг хоёр сарын хугацаанд бүгдийг тольдон харж бахархах сэтгэлээр дүүрэн аялсан шүү. Эх болсон Монгол минь хөгжиж байна. Дөчин жилийн өмнө би хоёр сарын хугацаанд хоёрхон аймгийн нутгаар л аялан тоглох боломжтой байсан бол бүх аймаг, зарим сумыг холбосон засмал замын тусламжтайгаар ингэж ядрал, зүдрэлийг анзааралгүй туулсан хэрэг. Улс эх орон минь хөгжиж байгаагийн наад захын илрэл энэ юм. 30 жилийн өмнө ямар байлаа. 40 жилийн өмнө хэн байлаа гэдгээ эргээд санахаар яах аргагүй эх Монгол минь сайхан хөгжиж байна аа. Хаана хаанаа бага гэлтгүй зовлон, болж бүтэхгүй зүйл байж л таарна. Хүн байсан цагт асуудал хэзээ ч дуусахгүй гэсэн ойлголт дэлхий нийтийнх юм даа. Дээр доргүй эх орны төлөө зүрх сэтгэлээ зориулж байхыг эзэн тэнгэр та бидэнд анхааруулсаар ирсэн. Хойшид ч анхааруулсаар байх биз.
-Та дөрвөн өдөр дараалан тоглолт хийж байсан. Энэ удаа ганцхан өдөр зохион байгуулаад өнгөрөх нь. Хангалттай юу?
-Би 1999 онд Монгол бөхийн өргөөнд “XX зуун” концертоо гурав хоног дараалан тоглож байлаа. 2002 онд энэ концертынхоо хаалтын тоглолтыг мөн Бөхийн өргөөнд гурван хоног хийж байлаа. 2007 онд “Best Of Chinggis Khaan” концертоо “UB Palace”-т дөрвөн хоног дараалан тоглож байжээ. Одоо бол Цэнгэлдэх дүүрэн хүмүүст нэг л удаа тоглоно. Ийм сайхан боломжийг олгож байгаад уран бүтээлчийн хувьд баяртай байлгүй яах вэ. “UB Palace”-т арав тоглох хэмжээний төсөөлөмгүй их ажлыг нэг удаа тоглоод л цаана нь гарчихна гэдэг бол сайхан боломж юм.
-Дуулах бол таны ажил, мэргэжил. Тэгвэл чөлөөт цагаараа юу хийдэг юм бол. Хөөрөг цуглуулдаг гэж сонсож байлаа. Одоо хэвээрээ юү?
-Чөлөөт цагаараа болж өгвөл үзэг, цаас нийлүүлж бичгийн ажил түлхүү хийж байна. Бидэнд хойч үедээ үлдээх, тэдний ирээдүйн замд хэрэг болох мэдээ мэдээллийг бий болгох маш хариуцлагатай ажил байгааг хэзээ ч мартаж болохгүй. Чөлөөт цагаараа гэр бүлээрээ аялах ажил амжуулдаг. Энэ бол хүүхдүүдэд минь маш чухал үйл явдал. Амьдралыг тольдох, бусдын амьдралын хэмнэлийг анзаарах, кинон дээр гардаг гадаад орчин, байгалийн онгон байдалд орно гэдэг бол хүүхдүүдэд их хэрэгтэй зүйл. Сонсох нэг хэрэг. Харах бүр ондоо асуудал. Амьдрал бол аялал гэж хэн хэлсэн байдаг билээ дээ. Үнэн л гэж боддог. За хөөрөгний тухайд гэвэл хүнд үзүүлж, сонирхуулах ганц, хоёр хөөрөг бий.
-Та хэвлэлийнхэнд ер нь л хаалттай байдаг хүн юм аа. Яагаад гэж асуумаар санагдаад байдаг юм. Хэвлэлийнхэн таныг хашраасан юм уу. Эсвэл хэвлэлийнхэнд хандахдаа баримталдаг зарчим байна уу, танд?
-Хэвлэлийнхэнд би таатай ханддаг. Учир нь, би хэзээ нэгэн цагт бас сонинд юм бичдэг, тэр бүү хэл “Хөшигний цаана” гэдэг дуу хөгжмийн буланг хүртэл санаачлан хөтөлж явлаа. Олон сэтгүүлч найзуудтай байлаа. Гэхдээ мэдээллийн хэрэгсэлд ухаантай хандах учиртайг сайн мэднэ. Өдөр бүр зурагтаар гарч, өнжөөд сониноор уншигдаж байхыг боддоггүй. Бусдын боломжийг хаасан, бусдын өмнүүр хөндөлссөн үйлдэл надаас лав гарахгүй. Яах аргагүй тоглолтын өмнө та нар маань хүсэлт гаргасны үндсэн дээр ингээд ярилцаад сууж байна. Та нарынхаа нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг би мэдэрдэг. Мэдээллийн их үерт автсан энэ үеийн сэтгүүлчийн хариуцлага, үзэл баримтлал бол яах аргагүй ухааны цараа шалгах ажил болжээ.
-Таны тухай мэдэхгүй зүйл уншигчдад олон байх. Жишээ нь, стиль имиж, үсний засалт гээд л... Их өвөрмөц шүү дээ. Одоо ч ийм имижтэй хүн ховор. Хэрхэн бүрдүүлж байсан юм бэ?
-Тайзны жүжигчин, урлагийн хүний баримтлах нэг зарчим бол стиль имиж. Амьдрал дээр ч, тайзан дээр барих ч бодлого. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд өмссөн зүүсэн, үс гэзэг маань сүүлдээ миний мэдэх зүйл биш болдог юм байна. Одоо энгийн зураг авахуулах, клип хийлгэх явцад, уулзалт, тоглолтын үед манайхан намайг бортого малгайгүй, нүдний хар шилгүйгээр гарахыг зөвшөөрөхгүй болжээ. Бортого малгайгүй нүдний хар шилгүй бол намайг бараг хүн танихгүй маягтай болсон ч байх шиг. Энэ бол жүжигчний зовлон. Урлагийн зах зээлийн борлуулалтын захын нэг жижиг хэлбэр. Энэ олон урлагчин дунд шууд танигдаж байх, нийгэмд бусдаас бага зэрэг сондгой үзэгдэх, ямар ч зайнаас олны танил байдлаар харагдаж байх нь өөрөө тайзны урлагийн салшгүй хэсэг юм билээ. Түүнээс биш бусдаас онцгойрч харагдах гэж хичээсэн зүйл үгүй ээ. Дөчөөд жилийн өмнөөс л би тайзны хувцас, үс гэзэг, үйл хөдлөлөөрөө хэл аманд орж явсан хүн. Дарга нараасаа зэмлэл сонсож явсан ч өөрийнхөөрөө үлдсэн маань одоо надад хэрэг болж байгаа юм. Гаднах стиль имижийг би чихрийн цаас гэж ойлгодог. Юу ч өмсөж зүүсэн, ямар ч хэлбэр маягтай явсан тэр нь чухал биш. Гол нь тэр хүний гаргаж байгаа уран бүтээлийн үзэл санаа, ач холбогдол л жинхэнэ өнөө чихрийн амт нь гэж боддог. Гаднах байдлаасаа дотоод агуулга нь чухлыг бид сайн мэднэ ээ. Надад малгайны өргөн сонголттой өрөө бий. Гэхдээ сүүлийн 20 гаруй жил би бортого малгай түлхүү өмсжээ. Анх л Монголын тайз, нийгэм өдөр тутмын амьдралд шинэчлэл болгон өмссөн хүн шүү. Лондоноос тэртээ 2000 онд авсан хэдэн бортого малгай маань одоо “парк шинэчлэлт” хийх боллоо доо гэсэн шиг харагддаг л юм. Харин сүүлийн жилүүдэд хэд хэдэн нөхөд бортого тавьсан харагддаг. Яагаад бортого малгай гэж хүмүүс заримдаа сонирхдог. Олон жилийн намтартай бортого малгай бол буурал түүхт Англиас гаралтай, хүн төрөлхтний хэнээс ч хамааралгүй байх хүсэлтэй хүмүүсийн чөлөөт байдал, өөрийнхөө оршин тогтнох үзэл санааг нэвт шингээсэн хувцас хэрэглэл. Загварын хувьд төгс эд. Үе үеийн, цаг цагийн бүхий л алдартнууд өмсөж ирсэн түүхтэй. Миний хувьд агуу “Битлз”-ээс авахуулаад хэд хэдэн рок хөгжимчид тэргүүндээ залсан байснаас үүдэн өмсөх санаа анх төрсөн учиртай. Гоё төгс загвар шүү.
-Рок, поп ертөнцөд олон хамтлаг, дуучин шинээр төрөн гардаг. Гэвч хэдэн дуу гаргаж, хэдэн тоглолт зохион байгуулаад л алга болдог. Сураг тасардаг нь ч байна. Харин “Чингис хаан”, “Харанга”, “Хурд” зэрэг домгуудын өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа нууц юундаа байна вэ?
-Өнөөдөр Монголын хөнгөн хөгжмийн салбар маш баян бүрэлдэхүүнтэй болжээ. Таньж мэдэхгүй уран бүтээлчид зөндөө гарч. Хурдацтай хөгжиж байна. Шинэ шинэ хамтлаг, авьяаслаг залуу дуучид арвинтай болсон. Тэд бие биеэ дуурайхгүй, нэгнээ нөхсөн онцлогтой уран бүтээл хийж, зах зээлээ эв найрамдалтайгаар хуваалцаж яваа нь үнэн. Тэгж байж амьдарна гэдгээ ч сайн мэддэг болсон. Хуучны 30 гаруй жилийн настай хоёр, гурван хамтлаг эдэн дундаа баримтлах баримжаа, зам заагч маягаар оршин тогтнож байгаа нь ч үнэн. Яг үнэнийг хэлэхэд рок поп хөгжмийн Монголын зах зээл маш ухаалгаар, эв нэгдэлтэйгээр аль хэдийнэ хуваагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Үүнд хэр баргийн хүн, уран бүтээлч ороход хэцүү болсон. Хөнгөн хөгжмийн зах зээл маш хатуу хуультай, өндөр хариуцлагатай, урдаа тавьсан зорилт нь чанга гэдгийг бүх үеийнхэн хүлээн зөвшөөрдөг. Энэ хуульд тэнцээгүй нь нэг мэдэхэд тайзнаас бууж үзэгчдийн сандлыг эзэлсэн байдаг нь ч үнэн. Энэ утгаараа урлаг, тэр дундаа рок, поп урлаг маш хатуу ертөнц шүү. “Монголын дуу хөгжмийн тусгаар тогтнол гэж нэг чухал алдаж болохгүй юм бий шүү гэдгийг битгий мартаарай” гэж би дүү нартаа байнга захидаг. Олон янзын, олон хэмнэлийн, олон үзэл санааны янз янзын, төрөл бүрийн жанрын уран бүтээл олноор гарч байж л Монголын үзэгчид эцэст нь сонсох юмтай үлддэг, сонирхох бахархах, тэр бүү хэл сорчилж сонсдог өргөн боломжтой үлдэнэ. Эцсийн эцэст үүнээс үзэгч сонсогчид л хожсон байх учиртай юм. Нийгмийг гэрэл гэгээтэй, уянга дуутай эгшиг яруу, үзэл санаа цэвэр байлгах гэж л урлаг тэр дундаа дуу хөгжмийн урлаг оршин байдаг бичигдээгүй хуультай шүү.
-Миний хамгийн дуртай дуу бол “Тамирчны алдар”. Спортынхонтой ойр байдаг болохоор тэр биз. Энэ дуу өнөөдөр тамирчдын хувьд бараг төрийн дууллын хэмжээнд үнэлэгдэх болсон. Сүлд дуу нь шүү дээ. Хэрхэн бүтэж байсан тухай түүх өгүүлбэл сонирхолтой байх болов уу?
-Дуу бүхэн өөрийн гэсэн төрсөн түүх намтартай байдаг байх. “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” дуу ч мөн ижил. 1988 оны Сөүлийн олимпоос хүрэл медаль хүртсэн боксчин, гавьяат тамирчин Нэргүйн Энхбат агсны шийдэмгий уран тоглолт, ялалт амжилт сэтгэл зүрхийг минь урж, бахархахгүй байхын аргагүй болгосны үндсэн дээр өмнөө байх дэвтэртээ “Тамирчны ялалт хямдхан олдоогүй ээ” гэсэн ганц мөр бичсэн юм. Энэ мөрнөөс удалгүй шүлэг төрсөн, шүлгээс нь ая эгшиглэсэн. Ингээд өнөөдрийн “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” дуу төрсөн. Эх орон, элэг нэгтнээрээ бахархах баяр бахдалын үзэл санаа, дэлхийн дэмжээнд улс Монголынхоо нэр, туг далбааг өргүүлсэн мартагдашгүй явдлыг тодотгох, дуу хөгжмийн урлагийн бусдад үзүүлэх эерэг нөлөө зэрэг нь энэ дууг минь ард түмний сонсох дуртай бүтээлийн нэг болгосон гэж би боддог. Үзэл санаа нь гэхээс биш байдаг л их энгийн дуу шүү дээ.
-“Мэнгэ төөрсөн амраг”-ийн эзнийг мэдэх юм байна. Таны бүтээлд ер нь эзэнтэй дуу хэр их байдаг юм бол?
-Дуу болгоны үүх түүх, цаад эзнийг нь сонирхож асуудаг л юм. Тэр бүрд хариулт өгч ирсэнгүй. Асуулт заримдаа асуулт чигээрээ үлдсэн нь дээр санагддаг. “Сайхнаа чи минь Сайхнаа”, “Мартаагүй явна”, “Мэнгэ төөрсөн амраг”, “Хонгор минь”, “Ариун тунсаг” гээд асуултын бай болдог, хариултгүй дуунууд бий. Үзэгч сонсогчид өөрсдөө таамаглаад үлдсэн нь дээр юм биш үү. Жишээ нь, “Мартаагүй л явна даа”-гийн үгийг бичсэн Сандуйжав найрагч хэнд зориулж бичсэнийг би яаж мэдэх билээ. “Мэнгэ төөрсөн амраг” дууны шүлгийг тэрлэсэн Заяабаатар маань хэнд хаягласнаа лав хэлээгүй санагдана. Харин би эдгээр шүлэгт зохиогч нарынх нь хүсэлтээр аялгуу тааруулж, хөгжмийг нь зохиохдоо бол өөр орчинд, өөр сэтгэлгээтэй байснаа үгүйсгэх аргагүй юм.
-Рок, попынхноос Ардын жүжигчин болсон анхны хүн нь та. Шагналаа гардаад гарч ирэхэд Рок, попынхон олуулаа таныг тосож байгаа харагдсан. Ардын жүжигчин цол авч, тэмдгээ энгэртээ зүүлгэж байх тэр мөчид юу бодогдсон бэ. Ер нь шагнал авч байгаа хүн юун тухай хамгийн түрүүнд боддог юм бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн анхны зарлигаар Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнуулснаа сонсоод анх нуруугаар хүйт оргиж, үс тэр чигээрээ босох шиг санагдсан. Гэнэтийн мэдээ зүрхэнд шууд нөлөөлдөг юм билээ. Энэ том цол ямар их хүнд хариуцлагатай хамт ирж байгааг ухаарсан тэр өдрүүд яаж мартагдах юм. Хүний урлаг, хөрөнгөтний хөгжим, гаднын соёл гэж хааяахан нүд үзүүрлэгдэж, ад үзэгдэж байсан рок хөгжмийн урлагийг тэр чигээр нь төр хамгийн дээд эрхэм хүндэт цолоор шагнасан явдал гэж би үздэг. Буурал их түүхт Монгол орон Ардчилсан тогтолцоотой, бүрэн эрх чөлөөт улс болсны нэгэн тод жишээ болж ирсэн цол гэж би эрхэмлэн ойлгодог. Дахин хэлэхэд, маш том хариуцлага үүрүүлсэн цол. Улам сайн яв, улам сайныг хий гэсэн тушаал мэт цол. Дээр үед кино дэлгэц, жүжгийн тайз, сонгодог болон ардын урлагийн хамгийн хүндтэй том одууд л Ардын жүжигчин цолыг хүртдэг байсан даа. Тэднийхээ өмнө буруутай мэт хааяа санагдах үе ч байх юм. Төр засаг, эрхэм Ерөнхийлөгч, үзэгч сонсогч түмэн олондоо гүнээ талархаж, улам ихийг хийх хүсэлтэй яваагаа энэ дашрамд дуулгая даа.
-Уг нь асуух зүйл олон байгаа ч та нэлээд завгүй байх шиг. Тиймээс энэ хүргээд өндөрлөе. Цаг зав гарган ярилцсанд талархал илэрхийлье. Төгсгөлд нь юу хэлмээр байна вэ?
-Баярлалаа. Намайг сонсдог, дэмждэг Монголын ард түмэндээ, “Монголын үнэн” сонины уншигчдадаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна