Дугаарын сурвалжилга
Дархан цаазат Богдхан уулын аманд байрлах Дугуй цагаан орчмын 40 гаруй байгууламжийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард буулгаж, тохижилт хийхээр болсон билээ. Ингээд тухайн жилийнхээ тавдугаар сараас тохижуулж эхэлсэн ч янз бүрийн шалтгаанаар барилгын ажил удааширсаар 2023 онтой золгов. Албаныхан Дугуй цагаан орчмын тохижилт бүрэн дууссан хэмээн үзэж байгаа ч шууд тийм ойлголт өгөх нь өрөөсгөл байна. Бид Дугуй цагааны тохижилтоор энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэлээ.
Намрын халуун нар ээж буй эдгээр өдөр Богдхан уулыг зорих иргэдийн тоо, Дугуй цагаан орчимд салхилах аав, ээж, хүүхэд, хөгшид олон байна. Ер нь жилийн дөрвөн улирал харгалзахгүй Зайсангийн амыг зорих иргэдийн цуваа тасардаггүй. Ууланд алхаж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо жилээс жилд өссөөр байгаа юм. Хэдийгээр ажлын өдөр ч уулын амаар салхилах, агаарлах хүн олон байв. Гадаа халуун болоод ч тэр үү горхи, модны сүүдэр бараадсан нялх хүүхдээ тэвэрсэн аав, ээжүүд дийлэнх нь. Богдхан уулыг зоригсдын тоо эрс нэмэгдсэн нэг шалтгаан нь нийтийн тээвэр. Учир нь, тус чиглэлд Ч:72 автобус иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд “Богдхан” амралтын газар-Хөгжим бүжгийн коллеж гэсэн маршрутыг “Сутайн буянт”-ынхан хариуцдаг. Уг чиглэлд үйлчилдэг автобусны жолооч ярихдаа “Байнга зорчигч ихтэй явдаг. Автобусны тоо цөөхөн учраас зарим тохиолдолд хүлээгдэх хандлагатай. Хэдийгээр богино маршруттай ч яг түгжрэлийн төв цэгээр дайрдаг учраас өглөө, оройд автобус хүлээгдэл их байдаг. Энэ нь иргэдийг бухимдуулдаг байх. Бусдаар бол иргэдийн алхдаг, агаарладаг Зайсангийн ам руу автобусны чиглэлтэй болсонд хүмүүс баяртай байдаг юм билээ. Хүн бүр машинаар явах боломжгүй учраас иргэдэд том дэм болж байна” гэв. Өдөрт тус чиглэлд 4-5 автобус үйлчилгээ үзүүлдэг. Байнга л хүн ихтэй явах аж. Эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг жижигхэн үүргэвч үүрч, хөнгөн пүүз углан, спортлог хувцасласан 50-аас дээш насныхан автобусанд олон. Тэд эцсийн зогсоолд буумагц шууд л уулын таягаа тулан хурдан хурдан алхална. Хэдийгээр бага үдийн 11:00 цаг өнгөрч байсан ч Богдханыг зоригсод их байлаа. Түүнчлэн өглөө эртлэн ууланд гарсан хүмүүс бууж байхтай ч таарав. Уулнаас бууж ирсэн хүмүүс сүүдэр бараадан горхины усанд үсээ норгох, нүүр гараа угаасан дүр зураг хаа сайгүй. Ихэнх нь л дээрх насныхан байв. Харин 50-аас доош насныхан ургахын улаан нартай уралдан уулын оройг эзлээд буудаг аж. Очиход автомашины зогсоол дүүрэн шахам. Ойрын өдрүүдэд нийслэлд халж байгаа тул амрагчид ч ая тухтай, анхаарал болгоомжтой байж нарнаас хамгаалах малгай, шүхрийг мартаагүй аж. Хуучин амралтын газар байсан бүх гэрийг нурааж, угтах хаалга хийжээ. Хаалгаар орвол тохижилтын хүрээнд явган хүний зам, унадаг дугуйн зам барих ажил бүрэн дууссан байна. Явган хүний замыг хийхдээ иргэдэд хүртээмжтэй гурван метр, унадаг дугуйн замыг хоёр метрийн өргөнтэйгөөр хийсэн байна. Ингэж 300 орчим метр явахад худалдаа үйлчилгээний газар, нийтийн бие засах газрыг байгуулсан ч, ашиглалтад ороогүй байх юм. Албаныхан удахгүй ашиглалтад оруулна хэмээн тайлбарлав. Тиймээс иргэд бие засахдаа амралтын газрын ариун цэврийн өрөөг ашиглах тохиолдол цөөнгүй. Уг газар нь тохижилтын эхний хэсэг.
Хоёр дахь хэсэгт уул руу орох явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай багтаж буй. Ингэхдээ уул болон тоглоомын талбай руу салсан явган хүний замыг хийсэн бөгөөд энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан удаатай. Учир нь, явган хүний замын захад хийсэн модон хэсгийг мод “хядлаа” хэмээж байсан юм. Харин холбогдох албаныхан “Сэлэнгэ болон Богдхан уулын цэвэрлэгээнээс гарсан мод. Тиймээс байгаль орчин сүйтгэсэн зүйл байхгүй. Харин ч байгалийн унаган төрхийг хадгалахын тулд унасан мод, хад чулуу, шохойн чулууг ашиглаж байгаа” хэмээн тайлбарласан. Хүүхдийн тоглоомын талбайд хүн хөдөлгөөн ихтэй, хүүхэд багачуул тоглож байв. Удалгүй хүүхдүүд эцэг, эхээ даган сүүдэр бараадах нь тэр. Тоглоомын талбайд 10-аас есөн оноо өгмөөр санагдсан. Тоглоомын талбайн хэсэгт хүүхдээ тоглуулж, салхилуулж буй эцэг, эхчүүд байсан бол уулын энгэр хэсэгт иргэд майхан барьж, дэвсгэр дэвсэн модны сүүдэрт тухалсан байв.
Ууланд алхаж буй иргэд өглөө эрт ирдэг тул өглөөний цай болон өдрийн цайгаа ууж чадаагүй байдаг. Тиймээс нэгэн эр хуушуур, өглөөний цай зардаг тухай өдөр бүр хоёр хүүхдээ салхилуулдаг иргэн Г.Оюунчимэг ярилаа. Тэрбээр “Энд гоё байна. Тохижилтын ажил хийснээс хойш бүр гоё болсон. Өмнө нь голдуу ууланд алхах зорилготой хүмүүс ирдэг байсан бол тохижилтоос хойш гэр бүлээрээ салхилж буй, хүүхдээ агаарлуулж байгаа ээжүүд ирж байна. Бидэнд маш таатай орчныг бүрдүүллээ гэж хувьдаа дүгнэдэг. Ялангуяа хүүхдийн тоглоомын талбай таалагдсан” гэв.
Тохижилтын хүрээнд сүүдрэвч болон гүүр хийжээ. Сүүдрэвчид иргэд цайлж, хөзөрдөж байлаа. Харин гүүрэн дээр зарим нь зураг даруулаастай. Иргэдэд энэ тохижилт таалагдаж байна. Нүүрээ угаасан хүүхэд шиг өнгө төрхөө өөрчилсөн Дугуй цагаан орчим илүү гоё болно гэдэгт иргэд итгэж байна. Гаднын орнууд ганцхан уулаа тохижуулаад хэдэн арван сая жуулчин авдаг. Яагаад түүн шиг болгож болохгүй гэж. Бидэнд ч боломж бийг тохижилт харуулж байна. Тэр хавиар агаарлахаар зөвхөн монголчууд очдоггүй аж. Хятад, Солонгосын иргэд ч хоёр, гурав, дөрвөөрөө явж байхтай таарлаа. Түүнчлэн гадаад, монгол хүүхдүүд холилдсон бага ангийн сурагчид ч багштайгаа зугаалж байна. Жуулчид нэлээд ирдэг талаар “Богдхан” амралтын газрын үүдэнд автомашины тасалбар түгээдэг эмэгтэй ярилаа. Тэрбээр “Урин дулаан цаг учраас өглөө жуулчид их ирж ууланд алхдаг юм. Энэ жил бүр ч их нэмэгдсэн” гэлээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд тус газар кофе шоптой болсон байна билээ. Иргэд үүнд сэтгэл хангалуун байлаа.
Автомашины зогсоол 4000-5000 төгрөгийн үнэтэй
Зайсангийн ам өгсөхөд авто зогсоолын асуудал иргэдийг бухимдуулдаг байлаа. Тиймээс хэдэн жилийн өмнө “Богдхан” амралтын газрын баруун дээд талд хоёр ч том зогсоол барьсан. Тэнд иргэд машинаа тавьдаг бөгөөд үнэ төлбөргүй байсан цаг саяхан. Тэгвэл тус зогсоол төлбөртэй болжээ.
Өдөр бүр Дугуй цагаан руу алхдаг хүмүүс хэдийнэ мэдсэн байх. Харин хааяа нэг нийслэлийн ногоон бүсэд зорчиж, агаарлах гэсэн иргэд гайхаад хоцорч байна. Зарим нь хэрүүл хийх маягтай. Хэд хэдэн ийм тохиолдолтой таарав. Сүүлд шинээр барьсан хоёр зогсоолын төлбөр 4000 төгрөг аж. Ингэхдээ “Цагийн хязгааргүй” гэжээ. Тэгвэл “Богдхан” амралтын газрын хашаанд орж зогсоход 5000 төгрөг юм байна. Иргэд үүнд дургүйцсэн ч гадаа талбайд зогсоолгүй учир арга буюу ордог аж. Зарим нь замын нэгдүгээр эгнээнд тавьсан дүр зураг ч байлаа. Ялангуяа амралтын өдөр бүх зогсоолын төлбөр асуудал дагуулдаг. Иргэд зогсоолын төлбөр үнэтэйг шүүмжилж байна. Ингээд тэр хавийн замын нэгдүгээр эгнээг битүү машин эзлэх болжээ. Хэдийгээр шүүмжилсэн ч иргэд бухимдаад л төлбөрөө төлдөг. Учир нь, зам дагуу зогсоолын хүрэлцээ тааруу учраас төлбөртэй үйлчилгээ авахаас өөр аргагүй. Амралтын өдрүүдэд бүх зогсоол битүү дүүрдэг тухай зогсоолын манаач хэлэв. Гэр бүлээ дагуулан ирж буй Б.Батбаяр ийн ярилаа. “Би долоо хоног бүрийн амралтын өдрөөр гэр бүлээрээ ууланд алхдаг. Өнөөдөр амралтын өдөр биш ч зориод ирлээ. Хүүхдүүдийн хичээл эрт тарсан учир ууланд алхахаар шийдсэн хэрэг. Би энэ зогсоолын төлбөрийг байнга шүүмжилдэг хүн. Төлбөрийн үнийг арай багасгаж болмоор л юм. Өнөөдөр зориуд машинаа дотогш оруулсангүй. Өмнө нь хүмүүс энд зөвхөн алхах зорилготой ирж, тэр далимдаа жаахан амраад явдаг байсан. Харин одоо бараг бүтэн өдрийг өнгөрүүлдэг болж. Цаг агаар сайхан бол хүүхдүүдээ дагуулаад энд л өдрийг өнгөрөөж байх шиг. Хүүхдүүдэд агаарт тоглох сайхан байгаа бололтой. Ганц нэг шүүмжлэхээр зүйл нь хүүхдийн гулсуур төмөр учир хэт их халуунд түлэгдэхээс болгоомжилдог. Өмнө нь төмөр гулсуур дээр гулгаж байгаад хүүхэд түлэгдсэн явдал гарч байсан. Иргэддээ зөвлөхөд, цэвэрхэн тоглож, өөриймсөг хандвал тоглоомууд нь эхнээсээ эвдрэхгүй байх. Өмнө нь огт тоглоом байгаагүй шүү дээ. Бид хэсэг алхаж байгаад энд амарч, цайлчихаад буцдаг байсан. Одоо бол хүүхдүүдээ тоглуулаад сайхан байна. Зун хүүхдүүд байрны гадаа шахалдаад тоглодог, заримд нь тоглоомын талбай ч алга. Түүний оронд энд байсан нь агаарт, аюулгүй амар байгаа. Машин тэрэгний доогуур орчих вий гэж айх юм байхгүй” гэв.
Дутагдал
Гурван сарын өмнө хотын дарга тохижилтын ажилтай танилцахдаа үүрэг өгөөд буцсан байдаг. Харамсалтай нь, биелэлт тааруу. Жишээ нь, гэрэлтүүлэг сайжруулах үүрэг өгсөн ч өнөөдөр энэ нь хэрэгжээгүй. Ариун цэврийн байгууламж нь ашиглалтад ороогүй. Түүнчлэн тохижуулсан хэсэгт нэг ширхэг ч хогийн сав алга. Иргэд хогоо яах учраа олохгүй барьсаар автобусанд, эсвэл машиндаа сууж байна. Ийм гоё тохижилт хийсэн атлаа хогийн сав тавиагүйд гайхах иргэн олон. Ариун цэврийн байгууламж, хогийн сав байхгүй учраас тохижилт 100 хувь дууссан гэхэд өрөөсгөл. Дээрээс нь тухайн бүсэд ашиглахаа больсон дөрвөн ханатай зургаан ширхэг гэр, буулгаад дутуу орхисон балгас цөөнгүй байна. Тэдгээр нь тохижуулсан орчныг онцгүй харагдуулсаар байна. Тиймээс цаашид энэ бүхэнд анхаарч, тохижилтоо нэмэгдүүлбэл илүү гоё болгоно гэдэгт нийслэлчүүд итгэж байгаа аж. Өнгөрсөн оны аравдугаар сард дуусах ёстой байсан ажил “Энигма”-гаас болж удааширсан тухай хотын дарга тухайн үед ярьж байлаа. Тэгвэл бүтэн жил дамнаж байгаа тохижилт өнөөдөр ч 100 хувь ашиглалтад ороогүй байна. Тоглоомын талбай, явган хүний замыг бүрэн тохижуулж дууссан ч ариун цэврийн байгууламж, хогийн сав, гэрэлтүүлэг дутмаг. Ямар ч байсан тохижилтод иргэд ам сайтай байна. Гэхдээ дээр дурдсан дутагдлыг иргэд ч ярьсан. Тиймээс эдгээрийг засаад сайжруулбал болох нь тэр. Цаашид тэр хавийн тохижилтын ажил хүрээгээ тэлэх биз.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна