Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбооны санаачилгаар 2019 оноос “Хумс заслын ажил мэргэжлийн стандарт”-ыг боловсруулж 2022 оны эцсээр Ажил мэргэжлийн стандарт, хүний хөгжлийн хүрээлэнгийн дакум чиглүүлэгчдээр хянуулан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний зөвлөлийн хурлын 2023 оны 1-р тогтоолоор батлуулжээ. Энэхүү стандартын зорилго нь хумс заслын үйлчилгээнд тавих шаардлага, түүний үйл ажиллагааны горимыг тодорхойлон ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний чадвар хангалт, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний ажилтны эрүүл ахуйн шаардлага, харилцагчийн үйлчилгээний шаардлагыг тогтооно. Энэ талаар Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны холбооны нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Б.Номинтой ярилцлаа.
-Танай холбоо хумс заслын ажил, мэргэжлийн стандартыг санаачлан боловсруулаад батлуулжээ. Мэргэжлийн стандарттай болсноороо нийгэмд ямар үр өгөөжтэй вэ?
-Өнөө үед маникюрын үйлчилгээ өргөн тархаж орон сууцны байр, бараг орц болгон хумс засалчтай болжээ. Гэтэл тэр бүрд үйлчилгээний ёс зүй, эрүүл аюулгүй үйлчилгээ үзүүлж байгаад хяналт, шаардлага тавьдаг билүү. Зарим хүний төдийлөн ач холбогдол өгдөггүй хумс заслын салбар нийгэм, эдийн засагт томоохон ач холбогдолтой болж өргөн хүрээг хамран хөгжиж буй энэ үед мэргэжлийн стандарттай болсноор үйлчлүүлэгч, хумс засалч, ажил олгогч бүх талд чухал ач холбогдолтой. Өмнө нь бид 2020 онд хумсны салон ямар байх ёстойг заасан орчны стандартыг батлуулсан. Энэ удаад мэргэжлийн стандартыг боловсруулж батлууллаа. Хумс засалч ажил мэргэжлийн стандартад мэргэжлийн гол ур чадварыг тодорхойлж өгсөн бөгөөд үйлчилгээ үзүүлэх хүний эрүүл мэнд, онолын болон техник ур чадвар, үйлчилгээний ёс зүй, харилцаа хандлага, цэвэрлэгээ ариутгал гээд тухайн ажил мэргэжилтэй холбоотой бүх хүрээг хамруулахыг хичээсэн. Стандарттай болсноор энэ салбарын мэргэжилтэн болоод үйлчилгээний чанар мэдэгдэхүйц сайжирна гэж бид итгэж байна. Тухайлбал, бизнесийн ашиг сонирхлоор маникюрын газрууд, хумс засалчдыг бэлтгэдэг сургалтын төвүүд олон болж янз бүрийн хөтөлбөрөөр харилцан адилгүй ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж байна. Харин цаашид суралцагчдын хувьд стандартад нийцүүлсэн сургалтын хөтөлбөртэй болсноор аль ч сургалтын төвд сурсан гол чадамжуудаа ижил түвшинд сурч төгсөх, ур чадвараа шударгаар үнэлүүлэх, ур чадварын түвшинд тохирсон цалин хөлсөө авах боломжтой болно.
-Нээрээ л бид өдөр бүр үйлчлүүлдэг хумс, гоо сайхны салбарынхаа нөлөөллийг брэндийн эд зүйлээс дутуу үнэлдэг юм байна даа?
-“Улныхан” гэж нэрлэгдээд буй үйлчилгээний салбар нь хувь хүн бүрийн биед хүрдэг анхан шатны үйлчилгээ юм. Нас, хүйс харгалзахгүй үйлчлүүлдэг гоо сайхан, эрүүл мэндтэй холбоотой чухал салбар. Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, эрсдэл нь хүнсний аюулгүй байдалтай адил маш чухал.
Хэрэглэгчдэд зориулсан Хумс заслын үйлчилгээний Ерөнхий шаардлага MNS 6843 : 2020 стандартад ариутгасан багаж хэрэглэх болоод хумс засалчид эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдахыг онцгойлон заасан байгаа. Багажид тогтсон цус, вирусээр дамжин халдвар тархах эрсдэлтэй. Ариутгасан багаж ашиглах нь VIP үйлчилгээ биш заавал мөрдөх шаардлага юм. Авч байгаа үйлчилгээндээ анхаарал хандуулахгүй байх нь өөртөө болон бусдад хариуцлагагүй хандаж буйн нэг хэлбэр. Стандартаа мөрдөх нь өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахад тусална. Монголчууд зөв зүйлийг хурдан тусгадаг ард түмэн. Цар тахал дэгдэхэд бүгд амны хаалт зүүж, хувийн сахилга батаа чанд мөрдсөн. Үүнтэй адил үйлчилгээний стандартыг нийтээрээ мөрдөөд эхэлбэл нийгэмд болон хувийн соёлд эерэг нөлөөтэй.
-Стандарттай болсноор хумс засалч, ажил олгогчдод ч гэсэн дөхөм болох нь ээ?
-”Хэрэглэгч бол хаан” гэдэг ойлголтыг манайхан арай л хэтрүүлээд, дэгсдүүлээд байдаг. Гэтэл нөгөө талд адилхан л ажил, хөдөлмөр эрхэлдэг хувь хүн байгаа. Стандарт нь үйлчилгээ авч байгаа хувь хүн, үйлчилгээ үзүүлж буй ажил эрхлэгч, ажил олгогч гээд бүх талд томоохон ач холбогдолтой. Үйлчилгээний байгууллага учраас эрүүл мэндийн янз бүрийн нөхцөл байдал үүсдэг. Орчны стандартад хумс засалчдын суух өрөө, агааржуулалт, тавилгын материалыг хүртэл тусгайлан заасан. Ингэснээр тухайн ажил эрхэлж буй хүний эрүүл аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож байгаа юм. Түүнчлэн ажил олгогчдын хувьд өөрсдийн үйлчилгээний нөхцөлд тохирсон ажилтныг сонгох болон ур чадварын түвшинд нь тохирсон цалин хөлс тооцох боломж бүрдэнэ.
-Стандартаар хумс засалчид ямар чадварыг эзэмшсэн байх шаардлагатай вэ?
-Найрсаг байдал нь хүн хоорондын харилцааны соёл болохоос хумс засалчийн ур чадварыг дүгнэхгүй. Үйлчилгээ үзүүлэхэд мэдлэг болон хандлага, ур чадвар, техник дараалал, үйлчилгээ хаана эхэлж, яаж дуусах нь тодорхой байх хэрэгтэй. Энэ бүгдийг стандартад тусгасан байгаа. Хумс засалчид зургаан түвшинтэй. Түвшнээсээ хамаараад эзэмшсэн байвал зохих мэдлэг, ур чадвар харилцан адилгүй байна. Тухайлбал, та бүгдийн мэдэх френч маникюр гэхээр зөвхөн үзүүрийг нь цагаанаар будсаныг хэлдэггүй, тусгай томьёотой, техник дараалалтай байх ба богино хугацаанд ижил тэгш харьцаатай хийхийг гол чадамж гэж үзнэ.
-Хумс засалчид ур чадвараа үнэлүүлэх, түвшин ахиулах сургалтад хамрагдан баталгаажуулах ёстой юу?
-Гоо сайхны салбар алхам тутам хөгжиж, шинэ трэнд цаг хугацаатай уралдан гарч ирдэг. Тиймээс дахин суралцах, ур чадвараа ахиулах шаардлагатай. Салонууд хумс засалчдаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, давтан сургаж байхыг MNS6843:2020 стандартад заасан байдаг. Манайхан гадаадад хумс заслын чиглэлээр ажиллаж байсан эсвэл бие даан сурсан байдаг. Ийм тохиолдолд Монгол Улсад хэрэгжиж буй тухайн иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх RPL үнэлгээнд орж ур чадвараа үнэлүүлэн чадамжийн гэрчилгээ авах боломжтой.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна