Дорнын уран зохиолыг Муракамигаар л төсөөлдөг цаг өнгөрчээ. Олон улсын номын зах зээлд 1950-2018 онд хэвлэгдсэн зохиолын ердөө тавхан хувийг Азийн зохиолчид эзэлж байв. Харин одоо Ази зохиолчдын эрэлт ихэсжээ. Тэд хил хязгаарыг давсан орчин үеийн уран зохиолын ертөнцийг бүтээж байна. Өнөө үеийн хамгийн алдартай азийн зохиолчдын жагсаалтад Үй Хуа зүй ёсоор багтдаг. “Амьдрахуй” романаараа монголчуудын эчнээ танил болсон тэрбээр манай улсад ирэх гэж байна. Тодруулбал, энэ сарын 16-20-нд Улаанбаатар хотноо зочлох ба Үндэсний номын баярын өдрүүдээр уншигчидтайгаа уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгөх юм. Орчин үеийн уншигчид Үй Хуаг Хятадын хамгийн аугаа зохиолч гэж үздэг. Тэрбээр хувьсгалын дараах эхний хэдэн арван жилд улс төрийн үймээн самуунтай давлагаанд цохиулсан нэгэн гэр бүлийн түүхийг өгүүлэх “Амьдрахуй” романаа хэвлүүлж, олны хүндэтгэлийг хүлээсэн. 2013 онд “Долоо дахь өдөр” ном нь хэвлэлтээс гараагүй байхад 700 мянган урьдчилсан захиалга авч шинэ жишиг тогтоосон юм. Хятадын жирийн уншигчид Засгийн газраас Үй Хуагийн зохиолыг хориглохвий гэж битүүхэн санаа зовнидог. Учир нь тэрслүү үзэлтэн биш ч хааяа хориотой сэдвүүдийг хөнддөг, гадаадын хэвлэлд зориулж бичдэг, хятадаар тайлбарлахад хэцүү саарал бүсэд ажилладаг нэгэн. Шүүмжлэгчид “Цусаа худалдсан нь” (1995 он) зохиолыг 1990 оноос хойших хамгийн нөлөө бүхий номын жагсаалтад багтаан үнэлдэг. Үй Хуа “Нью-Йорк Таймс” сонинд орчин үеийн Хятадын тухай нийтлэл тогтмол бичдэг. Хятадын уран бүтээлчдээс барууны хэвлэлд бичсэн анхны зохиолч гэдгээрээ онцлог. Ингэхдээ эх орныхоо "эмзэг" гэсэн асуудлын хөнддөг аж.
Соёлын хувьсгал ба уран зохиол
Үй Хуа 1960 онд Жэжян мужийн Ханжоу хотод эмчийн гэр бүлд мэндэлжээ. Хятадад гадаадын уран зохиол хориотой байсан цагт түүний өсвөр нас өнгөрчээ. Гэхдээ Александр Дюма, Ги де Мопассан тэргүүтэй барууны зохиолчийн номыг нууцаар уншдаг байв. Соёлын хувьсгалын дараахан Үй Хуа шүдний эмчээр ажиллажээ. Энэ тухайгаа “Соёлын хувьсгал эхлэхэд би зургаа, дуусахад 16 настай байсан. Миний боловсрол бүхэлдээ Маогийн үед хамааралтай. 1966 онд сургуульд ороод 1976 онд төгсөхдөө олигтой боловсрол эзэмшээгүй. Ингээд шүдний эмч хийж таван жилийг үдэв. Ажлаа үзэн ядсандаа зохиолч болсон” гэж дурсжээ. Тэрбээр 1980-аад оны эхээр Шанхай, Ханжоугийн дундах жижиг хотод амьдардаг байв. Орон нутгийн Соёлын товчооныхон, төрийн цалинтай зохиолч, уран бүтээлчдийг цонхоороо ажигладаг байсан Үй Хуа нэг л өдөр ядуу ч хамаагүй зохиолч болохоор шийджээ. 1980-аад оны богино өгүүллэгүүд нь ширүүн аястай бараг бүх дүр нь байгалийн бус үхлээр таалал төгсдөг. Тэрбээр ийнхүү бичиж байхдаа шөнө бүр хар даран зүүдэлж, шаналж байв. Юмс үзэгдэл бүгд өөрчлөгддөг ч Үй Хуа хүмүүсийн зовлон шаналал, зүдгүүрийг дүрслэн харуулсан нийгмийн бодит байдлыг нухацтай авч үздэг хэвээр. Түүний хүсэл эрмэлзэл “Амьдрахуй”, “Цусаа худалдсан нь”, “Долоо дахь өдөр” романд давамгайлсан байдаг. 1993 онд хэвлүүлсэн анхны томоохон роман “Амьдрахуй”-д чинээлэг газрын эзний хүү Иргэний дайн, Соёлын хувьсгалаар олон зовлон зүдгүүр туулсан ч, эсэн мэнд үлдсэн тухай өгүүлнэ. Найруулагч Жан Имоу эл зохиолоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кино бүтээжээ. Эх газарт хориглосон ч энэ кино хилийн чинадыг шуугиулж, Каннын наадмаас шүүгчдийн шагнал хүртжээ. “Амьдрахуй” роман зургаан сая хувь хэвлэгдэн зохиолчийнхоо нэрийн хуудас болсон. Мао Зэдуний жилүүдэд гэр бүлээ тэжээхийн тулд цусаа худалдан үхэлд хүрэх шахсан тухай “Цусаа худалдсан нь” зохиолд өгүүлдэг. Үй Хуа “Бид асар том цоорхойд амьдардаг” эссэ түүврийнхээ хэвлэлийн бага хуралд оролцон “Нэг талд нь хотын төвийн үрэлгэн, нүд гялбам дүр зургийг харуулсан бол нөгөө талд нь хагарсан хана, эвдэрсэн хоргодох байр бүхий саарал орон зайг дүрсэллээ. Хачирхалтай цагаан сорви дундуур нь “урсдаг” бөгөөд энэ хоёр үзэгдлийн хоорондох тод ялгааг гэр бүл рүү хөтөлнө. Энэ бол бидний амьдрал. Бид асар том түүхэн, материаллаг цоорхойд амьдарч байна. Хоёр туйлшралын дунд үргэлж амьдарна. Бид бүгд өвчтэй. Би ч бас өвчтэй учраас зүгээр л эдгэрэхээсээ илүү эмчилгээ хайж байна” гэжээ. Энэхүү номоо 10 жил бичихдээ амьдралын туршлагын эргэцүүлэл, нийгэм, бодит байдал, утга зохиол, соёлыг өвөрмөц, нэвт шингэсэн ажиглалтын арга барилаа харуулдаг. Үй Хуаг зохиол бүтээлээ туурвисан хорин жилийн хугацаанд Хятад улс үсрэнгүй өөрчлөлтийг туулсан. Үндэстний өөрчлөлтүүд болон үнэт зүйлс түүний зохиолын сэдвийг тодорхойлдог.
"Хоёр туйл"
Үй Хуа сүүлийн жилүүдэд олон улсаар аялж, өөр өөр соёлыг ажиглахад цаг хугацааг зарцуулж байна. Заримдаа нухацтай, заримдаа хөгжилтэй байдаг тэрбээр цаг үеийг гаднаас нь эргэцүүлэн бодохыг хичээдэг. Хятадыг дэлхийн бусад улстай зэрэгцүүлж чадсанаараа Үй Хуа гайхалтай. Төрийн хэвлэл “Глобал Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Сайн эрин үед муу бодит байдал байж болно. Муу цагт ч гайхалтай зүйл байж болно. Нийгмийн бодит байдал ээдрээтэй, олон янз байдаг. Манай улс маш хурдан, хэтэрхий хурдан өөрчлөгддөг” гэж үзэл бодлоо хуваалцжээ. Тэрбээр "Ах дүүс" романдаа өнгөрсөн ба одоо үеийн асар том зөрчлийг бичсэн бол "Долоо дахь өдөр" романдаа нэг эрин үед амьдарч буй хятад хүмүүсийн эдийн засгийн ялгааг дүрслэн харуулсан. “Долоо дахь өдөр” зохиолдоо амьдралын тухай олон санаагаа уншигчидтай хуваалцаж, зохиол бичих, улс орноор аялах, тэр байтугай хүүгээ хэрхэн өсөн торниж буйг өгүүлнэ. Эдгээр сэдвээс Хятадын нийгмийн бодит байдлыг хөндсөн эссэ уншигчдад гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Угаас Үй Хуагийн зохиолд Хятадын нийгмийн "хоёр туйл"-ын тухай өгүүлдэг. Ингэхдээ 30 жилийн өмнөх болон өнөөгийн Хятадын ялгааг аймшигтай гэж үзсэнээ нуусангүй. Тухайлбал, “1990-ээд оны сүүлээр CCTV Хүүхдийн баярыг тохиолдуулан орон даяар багачуудаас ярилцлага авсан. Тэднээс энэ өдрийн бэлэг болгон юу авахыг хүсэж байгааг асуув. Бээжингийн нэгэн хүү тоглоомын оронд жинхэнэ “Боинг” онгоц хүслээ. Гэтэл баруун хойд нутгаас ирсэн охин спорт гуталтай болох мөрөөдлөө ярилаа. Үе тэнгийн хоёр хятад хүүхдийн мөрөөдлийн хооронд асар их зөрүү байгааг харах үнэхээр аймшигтай. Мөн 30 гаруй жилийн өмнө ... сурагч охид, хөвгүүд хоорондоо ярьдаггүй байсан ... Бид нэг туйлаас нөгөө туйл руу шилжихэд юу нөлөөлөв" гэжээ. Цаг үеийн өөрчлөлттэй харьцуулахад Үй Хуа өнгөрсөн гучин жилийн эдийн засгийн хурдацтай хөгжлөөс үүссэн бүс нутгийн хөгжлийн зөрүү, тэнцвэргүй байдалд түлхүү анхаарсан бололтой. Зарим нь “Долоо дахь өдөр”-ийг гүн гүнзгий, уран сэтгэмжтэй эссэ гэхээсээ илүүтэй мэдээний хайчилбарын цуглуулга гэж шүүмжилдэг. Хятадын ард түмний зүрх сэтгэлийг тольдон харуулсан өөр нэг ном нь “Хятад орныг 10 үгээр” юм.
Хятадын тухай мэддэг гэж боддог бол энэ номыг уншаад үнэхээр тийм эсэхдээ эргэлзэж магадгүй. Элдэв дам яриа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардгаас огт өөр цоо шинэ Хятадын тухай бичжээ. Нэмж дурдахад, зохиолчид өөрсдийн туршлагаар хязгаарлагддаг бөгөөд энэ нь эцсийн эцэст тэдний "бодит байдал" нь хэн нэгнийхээс өөр байж болно гэсэн үг юм. Энэ асуултад Үй Хуа “Ямар ч зохиолч бодит байдлыг бүхэлд нь төлөөлж чадахгүй. Тэд зөвхөн юу мэдэрч байгаагаа харуулж чадна” гэж хариулжээ.
Цензурийн олон төрх
Үй Хуа “Нью-Йорк Таймс” сонинд хэвлүүлсэн “Цензурийн олон төрх” эссэндээ “Хятад улс хатуу цензуртэй. Гэхдээ уран зохиол, дэлгэцийн бүтээлд харилцан адилгүй үйлчилнэ. Зохиол бүрийг сайтар шалгаж, зөвшөөрсний дараа л зураг авалтыг эхлүүлнэ. Улсын хэмжээнд 500 гаруй хэвлэлийн газар байдаг бөгөөд тус бүр ерөнхий редактортой, мөн де факто цензуртэй. Аль нэг газар нь хэвлэхээс татгалзаж байхад нөгөөх нь зөвшөөрдөг. Харин Бээжингийн уран сайхны зөвлөлөөс хориглосон киног дэлгэцээр гаргах ямар ч найдваргүй. Өөрөөр хэлбэл, БНХАУ-д цензурийн тухай ярихад гол хүчин зүйл нь улс төрийн бус эдийн засгийн шинжтэй болжээ. Нэгэн цагт төрөөс санхүүждэг байсан хэвлэлийн газрууд одоо арилжааны хэлбэрээр ажиллаж байна. Редакторууд ашгийн төлөө ажиллаж эхэлжээ. Улс төрийн эрсдэлээс илүү борлуулалтаар тэргүүлэх гэсэн өрсөлдөөнд редакторууд дэнчин тавьдаг. Мэдээж, ном хэвлэхэд зарим хязгаарлалт хүчинтэй. Жишээлбэл, 1989 онд Тяньаньмэний талбайд болсон эсэргүүцлийн жагсаал бол хориотой сэдэв. Соёлын хувьсгал болон бусад эмзэг сэдвийг хэвлэлээр хэлэлцдэг ч кинонд үзүүлэхийг хориглоно. Хэрэв та кино театрт очвол үндсэндээ тулааны урлаг, хааны ордны амьдрал, хайрын түүх, инээдмийн кино л үзнэ.Телевизийн цензур ч хатуу. Продюсерууд шийддэг ч Суртал ухуулгын яам зарим нэвтрүүлгийг өөрчлөхийг шаарддаг. Хятадын Төв телевиз, төрийн өргөн нэвтрүүлгийг хамгийн анхааралтай хянана. Орон нутагт арай чөлөөтэй байдаг. Сонины цензур дэлгэцийн бүтээлээс харьцангуй бага ч номын хэвлэлээс хатуу. Коммунист нам сонинд ач холбогдол өгдөг учраас тэр. “Сэтгүүл зүй бол намын хэрэгсэл” гэсэн хэллэг ч бий. Уншигчид нийгмийн асуудал, шударга бус байдлын талаар нийтлэл уншихыг хүсдэг. Сонин төрөөс татаас авдаг байсан бол одоо эдийн засгийн баазаа алдахын хэрээр дээд бүтэц нь нурах аюул нүүрлээд байна. Гуандун мужид төвтэй “Southern Weekend” сонин авлига, албан тушаалын гэмт хэргийг дэлгэн нийтэлж, Хятадын хамгийн алдартай мэдээллийн хэрэгслийн нэг болсон. Үүний дараа улсын хэмжээнд эрэн сурвалжлах мэдээ нийтлэл хүчээ авчээ. Эрх баригчид цахим хэвлэлд зөөлөн хандах албан бус амлалт өгсөн. Хятадын твиттер “Weibo”-д би хэвлэл мэдээллийн цензур болон байнгын түгшүүрийн эх үүсвэр болсон хүнсний аюул заналхийллийг хошигносон харьцуулалт хийсэн. Үүнийг 12 гаруй мянган хэрэглэгч хуваалцсан байв” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна