Ц.ХҮСЭЛБААТАР: Урлагаар хоолоо олж идье гэвэл хогийн ургамал шиг хүчтэй, лууль шиг зулгааж хаях тусам лооль шиг ургах хэрэгтэй


Найруулагч Цогийн Хүсэлбаатар. Гурван үеэрээ, гэр бүлээрээ Монголын урлагт зүтгэж,  өөрсдийн  жимийг зам болгож тавьсан энэ авьяаслаг найруулагчийг бид “Дугаарын зочин”-оор урьж ярилцлаа.

-Та өнгөрсөн жилийн өдийд  “Дайрлага” кино­ныхоо нээлтийг хийсэн. Энэ кино үзэгчдэд хэр хүрсэн бэ. Их хүнд кино байсан? 
-Хүрэхийн хувьд хүрсэн. Одоо ч үзсээр л байна. Энэ киног үзээд шүүмжлэх  хүмүүс байсан ч “Та нар дандаа хэрүүлтэй, зодоонтой, аллага, хядлагатай кино хийж байна” гэж бухимдах хүн ч таарсан. Нэг талдаа зөв. Гэхдээ бид сэрэмжлүүлэх үүднээс, “Нийгэм ийм бохир байна, болгоомжил, алхам тутамдаа өөрийгөө хянаж яв” гэж анхааруулаад, тархи руу нь тоншоод байна шүү дээ. Гэтэл шүүмжлээд эхэлдэг. Тэгсэн хэрнээ  “Аа, муусайн урлагийнхан юм хийхгүй байна” гэдэг. Хийхээр элдвээр шүүмжилдэг. Хийсэн ч, хийхгүй байсан ч угаасаа л шүүмжлүүлнэ. Зүгээр сууж байгаад элдвээр хэлүүлж байснаас хийж бүтээчихээд, тэрийгээ шүүмжлүүлээд сууж байсан нь дээр байлгүй дээ.


-Гэхдээ “Дайрлага” кинонд таны аав, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ё.Цог гуай тоглосон. Энэ киног та дүүгийнхээ амьдралаас, тэр хүнд тохиолдсон  эмгэнэлт явдлаас сэдэвлэж хийсэн гэдгийг сонсоод би таныг ямар их зоригтой, бас ямар харгис байна аа гэж бодсон?
-Ер нь бол урлаг гэдэг харгис ажил шүү дээ. Ялангуяа найруулагчийн ажил.  Би чинь аавынхаа дөрвөн хүүгээс ганцаараа үлдээд байгаа хүн. Миний аав гурван сайхан хүүгээ амьдралаас үдэж асар их зовлон туулсан. 

Мэдээж энэ кинонд тоглох амар байгаагүй. Энэ кинонд миний аав, миний бага хүү тоглосон. Хүний амьдрал яаж ч орвонгоороо эргэж болдог юм байна. Залуучууд маань архинаас болж амьдралаа, амь насаа алдаж байна. Үүнийг бид анхааруулах гэж энэ киног хийсэн. Сэтгэл зүрхээ урж, шархлуулж байж хийсэн.  Ер нь “Дайрлага” киноны түүх  ганцхан манай гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдлын түүх биш, энэ нийгэмд нийтлэг тохиолддог харамсалтай түүхүүдийн нэг л дээ. Бидний орой дээрээ залж явсан  сайхан залуу, олимпын аварга маань яаж алдав. Би үнэхээр хүндэлдэг, хайрладаг байсан хүний хувьд түүнд тохиолдсон  явдлыг сонсоод уйлсан. Уг нь Бавуугийн Лхагвасүрэн гуай, Пунцагийн Бадарч гуай тэр хүнд “Хүү минь чи арай л давилуун байна даа. Наад архиа” гэж хэлж л байсан юм билээ. Сонсоогүй, сонсон ч эргэцүүлж бодож хүлээж аваагүй. Ер нь ахмадууд бид залуучуудад яагаад үг хэлээд байдаг юм бэ? Яагаад гэхээр өөрсдөө энэ насыг, энэ амьдралыг туулж үзээд, алдсан зүйлээсээ  өөрсдөө сурсан юмаа л  хэлээд байгаа юм шүү дээ. “Наана чинь нэг нүх байна. Тэр нүх рүү битгий уначих. Тойроод гараарай” гэж сануулаад байхад л очоод унадаг. Зарим нь унахдаа тэр нүхнээс хэзээ ч гарч чадахгүйгээр унадаг. Тиймээс ахмад хүн үг хэлж байвал заавал сонсож бай, үзэж харж байгаа зүйлээсээ жаахан ч гэсэн сургамж авч бай гэж л би залуучуудад хэлдэг юм. 

ТӨРӨӨС ӨГЧ БАЙГАА ШАГНАЛ  ХҮМҮҮСИЙГ ДОРОМЖЛООД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ

-Ер нь найруулагчдын харизм бас амбиц  гэж байдаг л даа. Бэлтгэлийн үеэр найруулагчид тайван байх нь ховор. Таны хувьд гэр бүлээрээ уран бүтээл хийдэг хүн. Хэцүү биш үү?
-Найруулагчийн ажил хүнтэй  харилцах, тэр хүнээр дамжуулж өөрийнхөө санааг гаргадаг ажил. Тиймээс хүн хүнд нь тааруулж л харилцах хэрэгтэй болдог. Зарим хүнийг аргадна, заримыг нь загнана. Гэхдээ би бол тэгж орилж хашхираад байдаг хүн биш л дээ.  Ер нь л цөөхөн хашхирна шүү. Би өөрөө жүжигчин байсан хүн. Олон найруулагчтай хамт ажиллаж байсан. Надтай ажиллаж байсан найруулагчид ч хүнийг элдвээр харааж загнаад байдаггүй байсан. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ, аавтайгаа, ханьтайгаа, охинтойгоо, хүүтэйгээ ажиллахад амар биш л дээ. Хамгийн муухай нь ойр дотнын хүндээ хүн чинь их хорон үг хэлдэг юм билээ. Зураг авалтын үед, олны нүдэн дээр аваад л хаяна шүү дээ. Ханьдаа “Хуурай яваад байна, болохгүй байна. Доторх юмаа уудалж гарга” гээд л... Зураг авалтын дараа “Чи намайг түмэн хүний нүдэн дээр ингэж, тэгж хэллээ” гээд гомдол мэдүүлж л байдаг. Аргадна, “Ажил шүү дээ” гээд аргална даа. Охиноо элдвээр хэлчих вий гээд бас үгээ залгина. Аавтай хамтарч уран бүтээл хийхэд амар л даа. Угаасаа өөрөө их сайн жүжигчин шүү дээ.


-Уучлаарай, та сая “Аав бол сайн жүжигчин” гэж ярилаа. Таны аав Оросын ОРТ телевизийн “Дятловын давааны осол” кинонд тоглосон. Би тэр киног үзээд Ё.Цог гуайг үнэндээ таниагүй. “Ё.Цог гэж хүн үнэхээр мундаг жүжигчин юм байна. Гэхдээ манай найруулагчид энэ жүжигчнийг өдий хүртэл нээж чадсангүй дээ” гэж харамсах сэтгэл төрж байсан?
-Миний аав хүний ганц өргөмөл хүү. Төрөхөд нь орос эмч эх барьж аваад Миша гэж нэр өгсөн юм билээ. Бага байхдаа өвдөөд салдаггүй. Аргаа бараад үздэг, хардаг хүн дээр очсон чинь “Нэрийг нь яг одоо соль” гэж хэлж л дээ. Тулгамдаад, сандраад  ийш тийш хартал орон дээр “Цог” гээд сэтгүүл хэвтэж байсан. Тэгээд л Цог гээд нэрлэсэн гэж ярьдаг юм. Аав минь долдугаар анги төгссөн хүн. Сүүлд оройгоор аравдугаар анги төгссөн. Өөрөөр сургуульд сууж ном сонсоогүй ч төрөлхийн өгөгдөлтэй, тоглож чадахгүй хөгжим гэж байхгүй. Дуулна, шүлэг гайхалтай бичнэ. Орос хэлээр ус цас. Үнэхээр ч сайн жүжигчин. Их авьяастай.  Би бол аавынхаа хаана ч хүрэхгүй шүү дээ. Гэхдээ залуу насандаа архи сайн уусан. Тэр нь л аавын минь амжилтад нөлөөлсөн байх гэж боддог юм. Их авьяастай хүнд саад болох зүйл мундахгүй байсан байх л даа. Би ч гэсэн “Дятловын давааны осол” киног үзээд ааваараа үнэхээр бахархсан. Дотоод сэтгэлийн хүч гаргасан кинонд аав маань ёстой юүлэх юм байна даа гэж бодож байсан. Өнгөрсөн жил “Дайрлага” кинонд тоглож байхад тэнд байгаа бүхий л хүмүүст үнэхээр хүчтэй жүжигчин гэдгээ харуулж байсан. Уг нь аавдаа зориулж юм хийнэ дээ гэж бодоод л яваа. Аавынхаа найзуудыг, Дамдин ахыгаа, Алтан-Өлзий, Магсар  ахыгаа бодоод дөрвөн өвгөнийг тоглуулсан ганц сайхан бүтээл хийнэ дээ гэж боддог байсан. Харамсалтай нь аавын минь найзууд, энэ сайхан өвгөчүүл өнөөдөр алга. Бүгд л цуваад, цуваад явчихлаа. Одоо аавыгаа байж байгаа дээр ганц сайхан бүтээл хийчих юмсан гэж бодоод л явна. Мэдэхгүй, бурхан юу гэж таалах юм бол. Эгшиглэнт эх таалбал болох л байх.


-Би Ё.Цог гуайг Ардын жүжигчин, таныг Гавьяат жүжигчин цол, тэмдгээ авсан байх гэж боддог байсан юм. Саяхан л энэ шагналыг аваагүйг мэдсэн?
-Наадах чинь их дэмий юм байхгүй юу даа. Тэр хүн хийх юмаа хийгээд Монголын урлагт үлдчихсэн, ард түмэндээ хүндлэгдсэн хүн. Энэ чинь л гавьяа шагнал юм биш үү. Тэгээд ч янз бүрийн шагнал одоо гай л болно. Би шагналын тухай бусад хүмүүсээс арай өөр бодолтой. Мэдээж, төр шагналаа өгвөл хүн мэхийгээд л авна. Өгөхгүй байхад  авна, авах ёстой гэж зүтгээд байгаа хүмүүсийг би сайн ойлгодоггүй юм. Төр хүний гавьяаг өөрөө үнэлээд, олж хараад шагналаа өгдөг байх гэж би боддог. Гэтэл тэр шагналынх нь араас улайрч зүтгээд, хөөцөлдөж гүйгээд авдаг гэнэ. Үүнийг сонсоод би ичээд байдаг юм. О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар гэх мэт энэ Монгол Улсын нэрийг дэлхийд тамгалсан, өөрсдийнхөө гавьяаг ил цагаан бичсэн хүмүүс байна. Ийм хүчирхэг хүмүүст шагналыг өгч болно. Гэхдээ бид оюун ухаан, эрдэм мэдлэгээс илүү булчингийн хүч чадлыг арай дээгүүр үнэлээд байх шиг санагддаг юм. Эсвэл эрдэм мэдлэгтэй хүмүүс нь хэтэрхий даруухан байж магадгүй. 


-Нөгөө талдаа “Би шагнал авсангүй” гэж гуньж гутардаг бүлэг хүмүүс бий. Ялангуяа манай урлагийнхан дотор. Үүнийг бид бүгд л мэднэ?
-Одоо бүр амар, цахим орчинд “Одоо түүнийг гавьяат болгоё. Давлагаалаарай” гээд сууж байдаг болсон шүү дээ. Шагнал гэдэг зүйл хэтэрхий үнэ цэнгүй болж. Бидний үеийнхэн бол  шагнал үнэтэй, нэр хүндтэй  байх үед өсөж хүмүүжсэн хүмүүс. Баярын бичиг өглөө гэхэд барааны савангийн мөнгө дагалддаг байсан. Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг гэхэд зургаан мянган төгрөг дагалдаж ирдэг байсан юм гэнэ билээ. Тухайн үед хоёр өрөө байрыг хоорондоо хоёр мянган төгрөгөөр сольдог байсан үе. Ингээд бодохоор Монгол Улсын Гавьяат цолыг хоёр  өрөө, гурван  байрны мөнгө дагаж ирдэг байсан байгаа биз. Намайг театрт дөнгөж дагалдан жүжигчнээр ажиллаж байхад Шагдаржав гэж сайхан  жүжигчин байлаа. Шаагаа ах маань 1985 онд Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулахад театраараа нэг баяр хөөр болж байсан юмдаг. Энэ шагналыг 900 төгрөг дагаж ирдэг гэж би дуулж байсан. Би тэгэхэд театрт дагалдан жүжигчнээр ажилладаг, сарын цалин маань 300 төгрөг байсан. Эндээс харахад тэр үед хүний гавьяа шагналыг үнэлбэл үнэлсэн шиг үнэлдэг байж. Одоо бол шагнал гэж ямар ч үнэ цэнгүй болсон. Дээрээс нь шагнал өгч байна гэж хүмүүсийг доромжлоод байгаа юм шиг надад санагддаг. Яагаад гэхээр байхгүй болсон төрийн сүлдтэй тэмдгээр шагнадаг. Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг тийм нэртэй улс өнөөдөр дэлхий дээр байхгүй шүү дээ. Ийм нэртэй улсын паспорттой одоо хилээр гарах гээд үз дээ. Гаргахгүй биз дээ. Тэгсэн хэрнээ яахаараа ийм улсын нэртэй, сүлдтэй шагнал өгөөд байдаг юм. Үүнийг харахаар надад доромжлоод байгаа юм шиг санагддаг. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон бүгд хуучин төрийн сүлдтэй. Эсвэл энэ төрийн сүлдээ сэргээх хэрэгтэй. Миний аав гавьяат авсан, миний хань гавьяат болсон. Би хэн хэнийх нь гавьяатын найрыг хийж чадаагүй. Нөгөө л эдийн засгийн асуудал шүү дээ. 


-Таныг эдийн засгийн асуудлаас болж аавынхаа, эхнэрийнхээ гавьяатын найрыг хийж чадаагүй гэвэл хүн итгэхгүй байх аа?
-Уг нь хийх хүсэл байсан. Чадаагүй. Хүний амьдрал чинь унаатай, босгоотой шүү дээ. Уг нь төр нь шагналаа өгөх гэж байгаа юм бол найраа хийх мөнгөтэй нь, орох оронтой нь, одоо байгаа төрийнхөө сүлдтэй шагналыг өгчихдөг бай гэж хэлмээр санагдаад байгаа юм. Тэгэх юм бол энэ шагналыг хүн болгон авч чадахаа ч болино, хүн бүрд өгөөд байж ч чадахгүй. 


-Урлагт танай гурван хүүхэд гурвуулаа хүч үзэж байна. Та өөрийнхөө хүүхдүүдийг хэр сайн жүжигчин гэж үнэлэх вэ?
-Хүн чинь өөрийнхөө хүүхдийг их сорьдог, шалгадаг, бас их анзаарч хардаг юм байна. Би охиныхоо тухай ам бардам хэлэхэд дотоод сэтгэлийн их хүчтэй жүжигчин. Гэхдээ эцэг хүн учраас “Хурдан”, “Хурдан” гээд охиноосоо илүү их зүйл шаардаж, бас хүсэж хүлээж байгаа. Надад жаахан удаан байх шиг л санагдаад байгаа юм. Жүжигчин хүний амьдрал зуны цэцэг шиг богино настай. Тэр хугацаанд л бүхнийг амжуулах ёстой. Бага хүү маань эмч болохоор анагаахад сурч байсан. Гэнэт болиод жүжигчин болноо гээд хүрээд ирсэн. Болох юм шиг байна. Найруулагчдын нүдэнд өртөж байна. Өөрөө хичээж, дүрээ судалж байна. Их хичээнгүй, зүтгэлтэй, бас шаггүй авьяастай хүүхэд. Том хүү маань шал өөр мэргэжил эзэмшээд явж байснаа одоо сэтгүүлч, хөтлөгч болоод урлагт бас л ороод ирлээ. Энэ хүүхдүүдийн генд, удамд нь байгаа учраас урлагт дуртай, хайртай, түүнийгээ хийхгүй бол амардаггүй, зүгээр байж чаддаггүй юм байна л даа. Хүмүүс намайг гурвын гурван хүүхдээ урлагт, тэр дундаа кино урлаг руу оруулж ирлээ, зоригтой байна гэж боддог байх. Үнэндээ би татаад оруулж ирээд байгаа юм биш. Өөрсдийнх нь л сонголт. Миний том хүүгийн ээж өөр хүн байдаг. Миний нөлөө, миний үзүүлсэн тус дэм гэж юу ч байхгүй. Миний хүү өөрөө өөрийгөө л гаргаж ирж байгаа. Тусдаа, ээжтэйгээ өссөн учраас би илүү дутуу юм ярьдаг ч үгүй. Хажууд нь байж, сайн сайханд хөтлөөгүй байж өөрийгөө гаргаад ирснийх нь дараа нэг их аав болох гэж шалчиганаад яах вэ. Хажууд өссөн хоёртоо би аль байгаагаа л зориулдаг. Ах дүүсийг хоорондоо эвтэй байгаарай гэдэг. Хүүхдүүд минь их эвтэй. 


-Тэгэхээр Ё.Цог гэдэг хүний тэр ген л их хүчтэй байна даа?
-Өө, яг үнэн. Хүний ген гэж нэг айхавтар юм байна даа. Би саяхан охинтойгоо нийлээд нэг юм бичих гээд жаахан судалгаа хийлээ. Хүн генийг удамшиж авдаг. Гэтэл энэ ген чинь бас эвдэрдэг юм байна. Айгаад, цочоод байвал генийн код эвдэрдэг юм байна. Эхийн сүүгээр хүртэл энэ код дамждаг байх нь. Манай өвгөд “Хөл хүндтэй хүнийг битгий айлгаж цочоо. Нялх биетэй хүн шүү, элдэв муу юм битгий сонсго” гэж хэлдэг байсан. Энэ үгийг дэмий нэг хэлээгүй юм байна. Цус цэвэр байх ёстой гэж орилоод л байна. Цусаар дамжиж бүх мэдээлэл очдог учраас цусаа цэвэр ариун байлгахыг өвгөд маань захиад байсан байна шүү дээ.  Их л олон юмыг бид бодох ёстой юм байна. Миний аав насаараа урлагт зүтгэсэн, их цагаахан, яг хүүхэд шиг гэнэн. Яг л урлагт зориулагдсан хүн. Тийм хүний ген хүчтэй байхаас яахав. Уг нь “Хүү чинь болохгүй байна” гээд хүмүүс эцэг эхийг нь дууддаг биз дээ. Гэтэл хааяа “Аав чинь болохгүй байна” гээд намайг дуудна. Тэгээд л аавтайгаа ярина даа. Та ингэлээ тэглээ гэхээр  “Өө сүртэй юм байхгүй” гээд нэг их тоохгүй шүү дээ. Хааяа, хааяа хөөрхөн юм бас болно оо.

БУГШСАН, ХӨГЦӨРСӨН ЗҮЙЛ ДОТРООС ШИНЭ ЮМ УРГАЖ ГАРЧ ИРНЭ ГЭЖ БАЙХГҮЙ, ТЭНД ХӨГЦ  Л УРГАНА

-Нэг хэсэг хошин урлаг мандан бадарсан. Хошин урлагийнхныг “Өнгөт инээд” хамтлаг өнгөлж байлаа.  Өнөөдөр хошин урлагийнхан бүгд тоглолт хийхээ болиод тайзнаас буучихлаа.  Кино, жүжиг хийдэг болж?
-Хошин урлагийнхан гэнэт л гараад ирсэн юм биш л дээ. Намайг бүр жаахан байхад л Хүүхэд залуучуудын театрынхан “Инээдэм 74”, “Инээдэм 75” гээд жил бүр л хөтөлбөр хийдэг, би аавыгаа дагаад урлагийн бригадаар явдаг л байсан. Энэ 50, 60 жил явсан форматыг солих ёстой болсон. Тэгээд ч ард түмэн шинэ юм хүсэж байна. Техник, технологи ингэж өндөр хөгжиж байхад өнөөх л хошин шог тоглоод  үзэгдлээс үзэгдлийн хооронд баахан хүн гарч ирж “ля ля ля” гэж гар хөлөө савчиж гүйгээд... Миний өнөөдөр тоглосон тоглолтыг маргааш нэг нь хуулж авч тавиад л ...Шинэ санаа байхгүй, шинэ юм байхгүй болохоор  улиг болно биз дээ. Хошин шогийн тоглолтууд үндсэндээ улиг болсон. Үүнийг ч хошин урлагийн фронт дээр тоглож байсан хүмүүс мэдрэг хүлээж авсан. Эндээс хоолоо олж идэж байсан уран бүтээлчид ард түмний шүүмжлэлийг хүлээж авахаас ч өөр аргагүй. Одоо бүгд шинэ юм хайж байна. Эргээд драмын жүжиг, шинэ кино, шинэ бүтээл рүү бүгд орж байна.


-Хэдхэн жилийн өмнө драмын жүжиг үзэгчгүй, хошин шогийн тоглолтын тасалбар олддоггүй байсан. Харин өнөөдөр эсрэгээрээ эргэж, драм үзэх хүмүүсийн тоо нэмэгдэж байх шиг байна?
-Дэлхий нийтээрээ хүчтэй драм руу тэмүүлээд эхэлж байна л даа. Жишээлбэл, Мервалийн шидэт баатруудын тухай ногоон даавуун дээр цоолсон кинонуудад дэлхий нийтээрээ дургүй болж эхэллээ. “Хүн аалз гэж ямар ч юм байдаг юм. Ийм үлгэрээ боль” гээд нөгөө Францынхаа, Италийнхаа хүний дотоод ертөнц рүү хандсан уран бүтээлийг хүсэмжлээд эхэллээ. Нөгөө талаар үзэгчид маань асар их мэдээлэлтэй болсон. Ямар ч мэдээллийг интернэтээс хайгаад олоод авч чадаж байна. Энэ өөрчлөлт уран бүтээлчдээс ч гэсэн их зүйл шаарддаг болж байна л даа. Энэ жүжгийг тэр найруулагч, тэдэн онд тэгж тавьсан. Тэгвэл чинийх юугаараа өөр юм бэ гээд захын үзэгч асуух жишээтэй. Тиймээс сайн уран бүтээл хийхийн тулд үзэгчээс илүү их бодож боловсруулж, мэдээлэл цуглуулах шаардлагатай болж байгаа юм.


-Драмын урлаг сэргэж байна. Гэхдээ сайн найруулагчид, сайн жүжигчид хаана байна вэ гэж танаас асуумаар байна л даа.
-Үгүй, сайхан шинэ залуучууд гарч ирж байгаа. Бид  л өөрсдөө олж харахгүй, нүдээ таглачихсан л яваад  байна.  Түрүүн миний аавын тухай ярьдаг шиг, өөрсдөө олж харалгүй гандаачихаад сүүлд нь амаа барьж шогшрохгүйн тулд одоо залуу үе рүүгээ анхаарал хандуулж, тэднийг гаргаж ирэх ёстой. Драмын театрын жүжигчин Анхбаяр гээд залуу гайхалтай найруулга хийж байна. Жанчивдорж ахын хоёр хүү, Ж.Жамьянсүрэн, Ж.Сэнгэдорж гээд залуучууд зөндөө байна. Уучлаарай, гаргаж ирэх ёстой гэж би бас буруу ярьж байна. Залуучууд өөрсдөө гарч ирэх ёстой. Урлаг гэдэг энэ хатуу салбараас хоолоо олж идье гэж бодож байвал булавч бултайж, даравч дардайж, хогийн ургамал шиг хүчтэй, лууль шиг зулгааж хаявч лооль шиг өнгө орж ургах хэрэгтэй. 


-Гэхдээ яг бидний урлагийн ариун сүм гэж нэрлэдэг Драмын театр маань эзэнгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Та өөрөө театрт олон жил ажилласан. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Би хүлээн зөвшөөрч чадахгүй. Театр маань байж л байгаа. Ганцхан өрсөлдөгчгүй байгаад байна. Ямар ч өрсөлдөөн байхгүй болохоор тэрүүхэн тэндээ өөрсдийгөө хумьчихаад байгаад байна гэж л би хардаг. Хуучин чинь Драмын театр, Хүүхэд залуучуудын театр гээд л өрсөлдөөнтэй байж. Одоо ганцхан Улсын драмын театр гэсэн даналзсан ганц л театр байна шүү дээ. 


-Гэхдээ Херо Баатар гэдэг хүн гарч ирээд “Тамгагүй төр” гэдэг ганцхан жүжиг найруулж тавиад Драмын театрын бараг 10 жилийн орлого, 10 жилийн үзэгчийг нэг жүжиг дээр цуглуулж чадлаа. Эндээс Драмын театрт сууж байгаа өнөө хүмүүсийн маань ур чадвар сэтгэл дутаад байгаа юм биш үү гэсэн бодол төрж байсан?
-Хоёр талтай. “Тамгагүй төр” жүжгийг Б.Баатар найруулагч тэрбум гаруй төгрөгөөр хийсэн гэж би сонсож байна. Үнэхээр сайн зүйл хийе гэвэл улс нь мөнгө зарцуулах ёстой л юм байна гэж бодогдож байсан шүү. Ер нь сайн уран бүтээлд санхүүжилт заавал хэрэгтэй. Би “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хөхчү бөөгийн дүрд тоглосон. Хурга хөнгөлж байгаа ганцхан дүрс авах гэж өчнөөн олон хоносон. Намайг аваачаад долоо хоног тэжээж байснаа хоёр өдөр тэр зургийг авч байгаа юм. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино дэлгэцэд гараад 30 гаруй жил болж байна. Одоо ч шинэ мэт хүмүүс үзсээр байна. Яг л үүн шиг төр урлагт анхаарал тавьж байгаа юм бол Б.Баатар найруулагч шиг мөнгө хаях ёстой. Тэгээд Б.Баатар шиг авьяастай олон залуучуудыг олж харах ёстой. Анх Б.Баатар реклам, зар сурталчилгаа л хийж эхэлсэн. Гэхдээ хийсэн болгон нь чанартай болдог учраас Б.Баатар хүний нүдэнд өртөж чадаж байна. Нөгөө талаар бидний үеийнхэн, биднээс арай ахмад үеийнхэн залуучуудыг оруулж ир л дээ. Яагаад хаалгаа хаачихаад суугаад байгаа юм бэ? Би ингэж асуумаар санагддаг. Б.Баатар шиг авьяастай олон залуучууд тэр хаалттай хаалганы гадна сууж байгаа шүү. Үнэхээр шинэчлэл хийе гэж бодож байвал урлагт ч, улс төрд ч залуучуудад боломж өг. Тэр танхай билэгт авьяастнуудыг олж хараад төслийг нь шударгаар өрсөлдүүлэх хэрэгтэй. Улсын драмын эрдмийн театр ард түмнийх юм бол ард түмнийх л байх ёстой. Хуц ухна тавьчихсан юм шиг хэдэн хүн дарга хийгээд хаалга үүдээ хаагаад суугаад байж таарахгүй. Бид яагаад зөв хүнээ олж тавьж чадахгүй байгаа юм бэ?  Бугшсан, хөгцөрсөн зүйл дотроос шинэ юм ургаж гарч ирнэ гэж байхгүй, тэнд хөгц  л тэнд ургана.

НАЙРУУЛАГЧИЙН АЖИЛ ГЭДЭГ ТЭВЧЭЭРТЭЙ, УЙГАГҮЙ, ЗУУДАГ НОХОЙ ШИГ ХҮНИЙ ХИЙДЭГ АЖИЛ ШҮҮ

-Сүүлийн  30 жил Монголын киночид хэн нэг мөнгөтэй хүн ивээн тэтгэхийг хүлээж, хайж, гуйж явсан. Одоо үнэхээр чадалтай бол киногоо борлуулах амархан болжээ. Нөгөө талаар уран бүтээлчид маань ч гэсэн уран бүтээл хийх мөнгөтэй болсон юм шиг байна?
-Тийм ээ, дистрибьютор компаниуд гараад ирлээ. Шинэ кинотеатрууд үүдээ нээж, дэлгэц олон болсон. IPTV гээд хоёр дахь зах зээл нээгдлээ. Ёстой л нөгөө зэрлэг капитализм руугаа орж ирж байна.  “Оранж”, “Voo” гээд олон компаниуд ашиг олохын тулд сайн уран бүтээл хайж байна. “Алив, бид мөнгө өгье. Чи хий. Ашгаа хуваана шүү” гэж байна. Залуучууд зүтгэсээр байгаад гарч ирж чадсан нь өнөөдөр амжилтад хүрч байна. Би дуучин Д.Болдыг их хүндэлдэг юм. Урлагийн гэр бүлд төрсөн. Тэр хүний өвөө нь аавд нь “Аргалж хийсэн зүйл амжилт авчирдаггүй” гэж хэлдэг байж. Энэ үгийг аав нь Д.Болдод хэлдэг байсан юм билээ. Тэр энэ  үгийг амьдралынхаа мөн чанар болгож чадсан. Аргалаад, нүд хуураад биш зүтгэж, тэмцэж чадсан дуучин. Яг түүн шиг аргалж, нүд хууралгүйгээр, хичээсэн залуучууд л амжилт олж байгаа. Зүгээр л өөрийнхөө хийх ёстой зүйлээ л тултал хийчих хэрэгтэй. Кино урлагт хорхойсоод орж байгаа олон залуучууд байна. Зарим нь орж ирээд, шатаад, үнсэн дээрээсээ дахиад босож байгаа. Унасан ч угаадсаа идээд ч хамаагүй зүтгэсэн залуучууд амжилтад хүрч байгааг харж л байна.  Зарим нь ч тэр чигээрээ орхиод явж байна. Ер нь найруулагчийн ажил гэдэг тэвчээртэй, уйгагүй, зуудаг нохой шиг хүний хийдэг ажил шүү.


-Нэг хэсэг “Монголын урлаг дэлхийд гарахад мөнгө, техник хэрэгсэл дутаад байна” гэж ярьдаг байсан. Одоо бол нэг үеэ бодоход мөнгөтэй болчихлоо. Өнөөх магтаад гайхаад байдаг техник хэрэгсэл нь ч ороод ирлээ. Одоо тэгвэл бидэнд юу дутаад байгаа юм?
-Яах вэ, явж л байна. Ялангуяа бүсгүйчүүд их мундаг байна. Сая Венецийн кино наадмын нээлтийн киногоор монгол кино орлоо. Уран бүтээлчид маань өөрсдийнхөө бор зүрхээр, өөрөө, өөрийгөө гаргаж ирж, дэлхий рүү явж байна. Урлаг гэдэг энэ хатуу тогоонд өөрийгөө л гаргаж ирэхгүй бол хэн нэгэн татаад, дээш нь гаргаж ирээд байдаггүй. Өөрийгөө гаргаж ирж, тэмцэж чадахгүй бол цаашаа зайл л гэдэг хатуу орчин шүү дээ. Үнэхээр дэлхийд гаръя гэвэл харилцаа холбоогоо сайжруул, өөрийгөө тэдэнд үзүүл. Тэрнээс биш чамайг дэлхийд таниулах гэж хэн ч гүйхгүй. Чиний сэргэлэн зан, авьяас хоёр л чамайг татна гэж би залуучуудад хэлдэг юм. 


-Залуучууд гадаадад их сургууль төгсөөд ирж байна. Гадаад хэлтэй, гадаад боловсролтой залуучууд Монголын урлагт хэр хөлөө олж байна?
-Ер нь ховор л юм шиг байна. Бидний үед л тийм байсан. Орост сургууль төгсөөд ирсэн найруулагч нар зөндөө л байсан. Гялалзсан, цойлсон амжилт гаргахыг би хараагүй. Яг энэ тогоон дотроо буцалж байгаад, эндээ жүжигчин хийж,  энэ шороо тоостойгоо холилдоод, ард түмнийхээ зан байдлыг ойлгож мэдэрсэн цөөхөн хүн л гадаадад сургууль төгсөж ирээд амжилт гаргасан байдаг юм. Жүжигчдийг бол би сайн мэдэхгүй. Их л олон хүн төгсөж ирсэн. Амжилтад хүрсэн нь бас л цөөхөн шүү. Эхлээд эндээ хүн болох хэрэгтэй юм байна гэж анзаарч харсан шүү. Түүнээс гадна манайд өөрөө хүн болоогүй байж, өөрөө тэр мэргэжлийг эзэмшээгүй байж шууд багш болчих юм. Оюутны ширээнээс дөнгөж босож ирсэн, өөрийгөө ойлгоогүй  хүүхдийг яагаад багшлуулаад байгаа юм. Шүд авч үзээгүй хүн шүд авах тухай хичээл яаж заах вэ. Ганц жүжигт тоглоогүй хүн жүжиглэх талаар юугаа заах юм бэ. Үүнийг бид халах ёстой. Энэ Монголын боловсролын бас нэг эмгэнэл шүү.


-Түрүүн хоёулаа найруулагч нарын амбицын тухай ярьсан. Тэгвэл Ц.Хүсэлбаатар гэдэг хүний амбиц яг хаана явна вэ?
-Би хүний дотоод ертөнц рүү өнгийх гэж оролддог хүн. Энэ төрлийн юм хийвэл арай илүү мэдрэг хүн юм байна гэж өөрийнхөө тухай боддог. Олон юманд савчаад байлгүй, түүнийгээ л хийе гэж боддог хүн.  Манай зарим нөхөд бас л аугаа их шүү дээ. “Би ард түмэнд зориулж агуу их юм хийчихлээ” гээд л цээжээ дэлдээд байдаг. Үгүй шүү дээ, тэр хүмүүс гэдсээ тэжээх гэж л хийж байгаа биз дээ. Хүний хоолны мөнгөнөөс илүүчилж аваад гударч байгаа юм бол овоо дориун юм хийх хэрэгтэй юм байна гэдгийг би өөрөө сайн ойлгосон хүн. Би нэг онигоо ярья л даа. “Тэнгэр” бөөний худалдааны төвийн захирал Энхбаатар гээд миний 10 жилийн найз бий. Тэр маань надаар нэг хиамны реклам хийлгэдэг юм. Хиамны реклам хийлээ. Авахгүй болохоор нь гомдлоо. Сүүлд нь “Чанартай юм хийх хэрэгтэй” гэдэг үгийг хүүхдүүддээ маани мэгзэм шиг уншдаг болсон хойноо өнөөх рекламаа үзлээ. Ядаж өнөөх хиамаа зүсэж байгаа хутга нь даахгүй юм. Ноолруулаад л...Аймаар. Тийм юм хийчихээд хүн авсангүй гээд гомдоод л явсан байгаа юм. Шившиг цаашаа. Дээрээс нь би одоо цаг гэдгийг их үнэлдэг болсон. Өнгөрсөнд харамсаж суугаад чи тэндээс юу ч олж авахгүй. Ирээдүй рүү хэт их санаа зовоод байх юм бол одоогоо харж чадахаа болино. Ер нь одоо цаг гэдэг чинь их хөөрхөн эвийлж хайрламаар юм билээ. 


-Та хориод кино хийсэн. Хамгийн их ашиг олсон кино гэвэл?
-Миний анхны уран бүтээлүүдийн нэг, “Бүтэлгүй новш” гээд кино бий. Тэр маань л надад хамгийн их ашиг олж өгсөн. Миний амьдралыг өөрчилсөн. Бас нөгөө талдаа намайг буруу тийш чирсэн. Тэгээд бас унагаасан. 


-Яагаад?
-Яах вэ дээ, галзуурахгүй юу. Цээж нь огсойгоод ажил гэдгийг хийхээ болиод, архи гэдгийг ус шиг гудраад, зугаа цэнгэл хөөгөөд эхэлсэн. Тэгээд л баларсан. Унасан. Ёстой нөгөө үнсэн дотор хэвтэж байхад миний хань л түшиж босгосон доо. 


-Та тийм их уусан юм уу?
-Уусан, уусан. Мэдэх нэг нь мэднэ. Ямар сайндаа бага хүүгээ төрөөд гурав хонож байхад утасны мөнгө төлнө гэж гараад долоо хоног архидаад алга болж байх вэ. Одоо эргээд бодохоор ямар их цаг хугацааг, ямар их мөнгө төгрөгийг архи дарсанд зарцуулж байгаа вэ гэж боддог юм. Миний сайхан сайхан найзууд байлаа. Өнөөдөр ихэнх нь алга. Ихэнх нь өнөөх л гашуун хар дарснаас  л болсон. Ер нь тэгээд архи гээч зүйл хүнийг сайн сайханд хөтөлж аваачдаггүй юм байна гэдгийг би яс махандаа шингэтэл ойлгосон.


-Сүүлийн үед ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна вэ? 
-Би 2015 оноос хойш сэтгэл зүйн триллер төрлийн кинонууд хийлээ. “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Дайрлага”, “Ядуугийн зовлон” гэх мэт. Одоо арай гэгээлэг юм хийе гэж бодож, шинэ уран бүтээлийнхээ зураг авалтыг дуусгаад сууж байна. Энэ бол  “Миний хүүтэй гэрлээч” нэртэй хэтрүүлэгт коммеди төрлийн кино. Охид бүсгүйчүүдэд дуртай, тэднийг эд хэрэглэгдэхүүн шигээ үздэг нэг залуу санаандгүйгээр нэг бүсгүйг гомдоож орхидог. Тэгээд үхэх дээрээ тулаад мэргэн хүн хүн дээр очдог. Тэр мэргэн хүн “Хүүгээ гурав хоногийн дотор гэрлүүл” гэж хэлдэг. Үүнээс л адал явдал эхэлнэ дээ. Урд нь холбоотой байсан бүх бүсгүйтэй нь уулзаж, хаана юу хийж явсныг нь сөхөж гаргаж ирдэг. Хэдийгээр хэтрүүлэгт коммеди төрлийн кино ч гэсэн бас л залуучуудад хандсан, нийгэмдээ хандсан, “Амьдралыг хүндлэх ёстой” гэсэн мессэжийг үзэгчдэд өгөх гэж хичээсэн. Удахгүй нээлтээ хийнэ.
Гол дүрд миний хань тоглосон. С.Өлзийхүү  мэргэжлийн ур чадварын хувьд ч,  бие бялдарын хувьд ч хүчтэй эмэгтэй. Өнөөдөр  урлагийн тогоон дотор түүн шиг хүчтэй эмэгтэй ховор байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/


0
angry
4
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 5 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22