Дуурь, бүжгийн эрдмийн театрын 60 жилийн түүхэнд 93 гавьяат цолтон төрөн гарчээ. Тэдний нэг нь Монгол Улсын Гавьяат жүжигчин, гоцлол балетчин Б.Саруул. Балет залуу насны урлаг учраас цэл залуудаа, ид хийж, бүтээх насандаа төр, засгаар гавьяагаа үнэлүүлсэн тэрбээр ДБЭТ-тай ажил, амьдралаа холбоод 18 жил болжээ. Бэртэл, гэмтлийн улмаас хэсэг хугацаанд тайзаа орхисон түүний хувьд өдгөө тайзан дээрээ гялалзаж явна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-ДБЭТ-ын нэг эс болсон танд 60 жилийн ойн баярын мэнд хүргэе. 60 жилийн ойн цуврал арга хэмжээг “Сонгодог жаран” тоглолтоор эхлүүлсэн. Үзэгчид ч халуун дулаанаар хүлээн авлаа. Тоглолтын сонин сайхнаас сонирхуулаад ярилцлагаа эхлүүлэх үү?
-Маш их баярлалаа. Хэдийгээр манай байгууллагын баяр боловч ДБЭТ-аар үйлчлүүлдэг, бидний уран бүтээлийг шимтэн үздэг, сонгодог урлагт хайртай үзэгчдийн баяр юм. Хамт олондоо, үзэгчдэдээ, үе үеийн уран бүтээлчдэдээ 60 жилийн мэндийг танай сониноор дамжуулан хүргэе. Тоглолт сайхан боллоо. Таны хэлдгээр үзэгчид маш халуун дотноор хүлээж авсан. Театрынхаа үүдэнд тайз засаад олон нийтэд нээлттэй “Сонгодог жаран” тоглолтоо хүргэсэн нь хүмүүст маш их таалагдсан. Үзэгчдийн сэтгэгдэл өндөр байна билээ. Дуурийн театрын 60 жилийн хугацаанд бүтээсэн бүтээлүүдээс сорчлон үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаалаа.
-Улсынхаа хамгийн том театрт ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байх. Энэ театрын босгоор анх алхаж орсон үеэ эргэн дурсвал?
-Би 18 жил энэ театрт ажиллаж байна. Хөгжим бүжгийн коллежийн сурагч байхдаа “Щелкунчик” бүжгэн жүжгийн хүүхдүүдийн хэсэгт тоглож, анх удаа ДБЭТ-ын тайзнаа гарч байлаа. Улмаар 2007 онд сургуулиа төгсөж ирээд П.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар, цагаан хунгаар анхны гоцлол дүрээ бүтээж байсан юм. Энэ онд 60 жилийн ойн хүрээнд “Хунт нуур”-ыг анх удаа 32 хунгийн бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдийн хүртээл болгосон. Мөн Ж.Вердийн “Макбет” дуурийг анх удаа Монголын тайзнаа амилууллаа. Үүнээс гадна “Хурмастын дагина” цоо шинэ үндэсний бүжгэн жүжгийг өнгөрсөн тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгоход оролцож байв.
-18 жилийн хугацаанд та театрын тайзнаа гарахдаа тоглож үзээгүй дүр бараг үгүй биз. Сэтгэлд хамгийн тод буусан дүр нь юу вэ?
-Тийм шүү. Манай театрт тавьсан үндэсний болон сонгодог бүжгийн жүжгүүдийн гоцлол болон туслах дүрүүдэд тогложээ. ДБЭТ-ын тайзнаа одоо тоглохоо больсон том том бүжгэн жүжгүүдэд нэг дүр бүтээх юмсан гэх мөрөөдөлтэй. Маш өргөн, том бүрэлдэхүүнтэй тоглодог байж. Харин өнөөдөр бүрэлдэхүүнээс шалтгаалан зарим бүтээлийг тоглохоо больсон. Миний тоглосон дүр бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Бүх дүрдээ хайртай ч анхны гэсэн тодотголтой бүхэн хүнд онцгой сэтгэгдэл үлдээж, сэтгэл зүрхэнд тодоос тод үлддэг юм болов уу. Яагаад гэвэл дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн жаахан охин энэ том театрын тайзнаа гарч хар, цагаан хунгийн дүрд тоглосноо яахан мартах билээ. Маш их тэсвэр, тэвчээр, надаас өндөр шалгуур шаардсан, хичээж гаргасан дүр учраас сэтгэлд тод үлдэх нь дамжиггүй юм.
-Анхных гэдэг утгаараа айдастай байсан биз. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бол?
-Гоцлол бүжигчний сэтгэл зүй асар хүнд байдаг. Тухайн бүжгэн жүжгийг эхлэлээс нь төгсгөл хүртэл авч явна гэдэг өндөр хариуцлага. Алдах эрхгүй шүү дээ. Тэр утгаараа анх удаа тайзан дээр гарахдаа маш их сандралтай, айдастай байлаа. Шинээр ирсэн жаахан охинд тэр том дүр ногдохоор өөрийн эрхгүй айж, сэтгэл зүйн дарамт ирдэг юм билээ. Гэхдээ сэтгэл зүйгээ сайтар бэлтгэх ёстой учраас тэрхүү айдас, дарамтаа даван туулж байж тайзан дээр гарах эрхтэй болно. Нөгөө талаараа залуу хүн учраас зоригтой байжээ.
-Цар тахлын улмаас театр хоёр жил хаалттай байлаа. Байнга театртаа өнжиж, амралтын өдөр бүр үзэгчидтэйгээ уулздаг уран бүтээлчийн хувьд хоёр жилийн хөл хорио хэцүү байв уу?
-Бүгдээрээ л гэрээсээ онлайнаар ажлаа хийж, гэртээ дасгал хөдөлгөөнөө хийдэг байлаа шүү дээ. Байнга хөдөлж, байнга тоглолттой байдаг учраас ажлаа маш их санасан. Хөл хориог цуцалсны дараа манай театр анхны тоглолтоо хийхэд хөөрч, догдолж байсан шүү. Ажлаа, тайзаа маш их санасан байж билээ. Зөвхөн бид гэлтгүй үзэгчид хүртэл сонгодог урлагаа санасан юм шиг. Цар тахлын хөл хорионы дараах хамгийн эхний тоглолт нь “Үйлийн гурван толгой” үндэсний бүжгэн жүжиг байлаа. Тоглолт дууссаны дараа үзэгчдийн алга ташилт тасраагүй. Театрын тайзнаа өмнө нь тоглож байгаагүй цоо шинэ бүтээл үзэж байгаа юм шиг л зогсоо зайгүй алга ташсан. Урлагаар цангасан, урлагаа санасан хүмүүс сэтгэл хөдлөлөө алга ташилтаараа илэрхийлж байгаа юм. Урлаг стресс, уур бухимдал тайлдаг шүү дээ. Тэр утгаараа үзэгчдийн хүлээлт асар өндөр байсныг онцлох нь зүйтэй болов уу.
-Дуурь, драмын урлаг нэг хэсэг үзэгчгүй байсан цаг үе саяхан. Одоо бол мэргэжлийн урлагийн байгууллагын танхим үзэгчээр дүүрэн байдаг болж. Тоглолт үзэх соёлд ч ахиц гарсан. Тэгвэл тайзны эзэд та бүхэнд үзэгчид хэрхэн харагдаж байна вэ. Үзэгчдэд ямар үнэлгээ өгөх бол?
-Нэг үеэ бодвол манай үзэгчид дуурь, балет үздэг болсон. Тэр хэрээр сонгодог урлагаа маш сайн ойлгодог болжээ. Мэдлэгийн хувьд ч өндөр болсон гэж дүгнэж байна. Наад зах нь дуурь, балет үзэхдээ хэрхэн хувцаслахаас эхлээд сонгодог урлагийн соёлд маш сайн суралцсан. Зөвхөн жүжиг үзээд зогсохгүй жүжигт дүр бүтээж байгаа уран бүтээлчийг шинжиж, үнэлгээ өгөхөөр зорьж ирдэг болсон. Нэг үеэ бодвол тоглолтын тасалбар хүртэл олдохоо байж. 30 минутын дотор онлайнаар зарагдаж дууссан тохиолдол ч бий. Эндээс сонгодог урлаг сонирхдог үзэгчдийн хүрээлэл хэр тэлснийг харж болно.
-18 жил гэдэг бага хугацаа биш. Та бараг балет ангийнхаа ахмад уран бүтээлчдийн тоонд орсон байх. Тэгвэл одоогийн ДБЭТ-ын үйл ажиллагаа, залуу уран бүтээлчдийн ур чадварыг хэрхэн дүгнэх вэ?
-Яалт ч үгүй ахмад уран бүтээлчийн тоонд ороод байна шүү. Балетын бүрэлдэхүүн залуужсан. Хөгжим, бүжгийн коллеж төгсөөд ирж буй боловсон хүчнүүдийн зарим нь дөнгөж 16, 17 настай өсвөрийнхөн байх жишээний. Би театрт дөнгөж ирээд ахмад уран бүтээлчдээсээ их суралцаж, зөвлөгөө авч, тэдний үгийг их сонсдог байлаа. Тэр утгаараа би өнөөдөр залуучууддаа үлгэр дуурайл болж, тэдэнд мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж өгөхийн тулд хичээж байна. Залуучуудын ур чадвар ч мундаг болж. Залуучууд маань бүжгэн жүжиг талаас нь ахмад уран бүтээлчдээсээ суралцах хэрэгтэй гэж хардаг.
-Та бүхний хатуу үг, зэмлэл сонсох чадвар сайн байсан. Харин өнөөдрийн залуус учир дутагдалтай байгаа мэт санагддаг. Танай салбарт адилхан уу?
-Балетын урлаг дэг журамтай, сахилга баттай, ах захтай байхыг шаарддаг. Тийм байж чадвал энэ урлагаар хол явна. Бидний үед сургуульд байхаасаа л ах, эгчээ хүндлэхээс эхлээд олон зүйлд суралцаж явлаа. Наанадаж ахмадуудын, багш нарын хэлсэн хатуухан үгийг даах хэмжээний сэтгэлийн тэнхээтэй байсан шүү дээ. Театрын босгоор алхахад ч ахмад уран бүтээлчдэдээ загнуулахдаа загнуулж, зэмлэл сонсож, магтуулахдаа онгирч л явсан үе. Харин өнөөдөр нийгмээ дагаад залуучуудын үг даах чадвар арай сулхан байна уу гэж хардаг. Хувийн зохион байгуулалт, хариуцлага талдаа анхаарах ёстой юм болов уу гэж боддог. 10, 11 настайгаасаа л балетын урлагт суралцдаг учраас тэр үеэс дэг журам эхэлнэ. Тиймээс илүү сайн суралцаасай л гэж хүсдэг.
-Балетын урлаг хүнд юу сургадаг юм бол?
-Балет бол дэлхийн урлаг юм. Бүх урлагийн дотроос хамгийн сор нь балет гэж би хувьдаа ойлгодог. Тэр үүднээс балетчин болохоор шийдсэн хэрэг. Нэг биш маш олон зүйлд сургадаг. Зөвхөн мэргэжлийн жүжигчинд бус үзэгчдэд ч гэсэн асар их зүйлийг сургаж, ойлгуулдаг. Балетын мэргэжлийн жүжигчид л гэхэд багаасаа дэг журам, ёс суртахуун, биеэ зөв авч явах, зан харилцаа зэрэгт суралцаж эхэлдэг. Урлаг талаасаа хөгжмийн маш өндөр мэдрэмжтэй болохоос эхлээд суралцах зүйл их шүү.
-Та 32 настайдаа төр, засгаар хөдөлмөрөө үнэлүүлж, гавьяатын тэмдэг энгэртээ зүүж байлаа шүү дээ. Төрийн ордонд зарлиг сонсоод, гавьяатын тэмдгээ зүүлгэж байх тэр мөчид хамгийн түрүүнд юу бодсон бэ?
-Гавьяат жүжигчин гэдэг цол балетын жүжигчдийн хувьд маш том шагнал юм. Би тэтгэвэрт гарсан хойноо бус яг ид хийж, бүтээж яваа насан дээрээ энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн учраас өөрөөрөө бахархдаг. Уран бүтээл хийж байхдаа төрийн дээд шагнал авна гэдэг сайхан хувь тохиол. Балет залуу насны урлаг шүү дээ. “Хүмүүс залуугаараа гавьяат боллоо” гэх мэтээр янз бүрийн л яриа гаргаж байсан. Гэтэл бид богино хугацаанд ямар их тэсвэр тэвчээр гаргаж, хөдөлмөрлөж байсныг зүйрлэхийн аргагүй. Хэдийгээр 30 гаруйхан насандаа авсан ч хийсэн, бүтээсэн нь чамлахааргүй юм. Тайзан дээрээ бүжиглэж байгаа үедээ шагнал авсан учраас маш их хөөрч, догдолж, сэтгэл хөдөлж байлаа.
-Та энэ урлагаас шантарч байсан уу. Шантраад хэсэг хугацаанд тайзаа орхисон тохиолдол бий юү?
-Балетын урлагаас шантардаггүй хүн бараг үгүй биз. Хүнд урлаг шүү дээ. Бэртэл гэмтэл авах нь их. Бидний хамгийн том дайсан бол тамирчидтай адил бэртэл гэмтэл юм. Бэртлээс болоод хэсэг хугацаанд тайзаа орхих тэр мөч үгээр хэлшгүй хүнд. Тайзаа орхих нь зөв юм байна гэж бодох үе их гарна. Том том жүжгүүдийн дүр бүтээх гээд бэлтгэл хийж байх үед чадахгүй зүйл гарна. Тэр бүхэнд шантарна, чадахгүйгээсээ болж стресстэнэ. Болих тухай бодол төрдөг ч тайзаа орхисон үе байгаагүй. Яагаад гэвэл энэ мэргэжлийг эзэмшихийн тулд ямар олон сорилт даван тууллаа. Ямар их тэвчээр гаргасан билээ гэж боддог. Мэргэжлийн балетчин болохын тулд туулсан замаа бодохоор тайзаа орхих бодол сарнин алга болдог. Иймхэн зүйлээс болоод хайртай урлагаа орхих юм уу гэх бодол төрнө. Тиймээс хэдийгээр шантармаар, хүнд хэцүү байсан ч үргэлж цаана нь гарахын төлөө хичээдэг. Өнөөдөр чадахгүй бол сайхан амраад маргааш нь эрч хүчтэйгээр дахин эхлүүлдэг.
-Бэртэл гэмтлээс болоод хэсэг хугацаанд тайзаа орхисон. Бараг нэг жил болов уу даа. Хамт олон нь шинэ бүтээл гаргаад тайзан дээр тоглоод байдаг. Та гэрт дэглэм бариастай. Дарамттай байсан уу?
-Цаг хугацаа зогссон мэт санагдаж билээ. Өнгөрсөн жилийн театрын намрын нээлтийн тоглолтын үеэр хөлөө бэртээсэн. Хавар хүртэл тайзан дээр бүжиглээгүй. Хавраас бэлтгэлээ бага багаар хийсээр эдгээсэн дээ. Тэр үед болих тухай бодож байлаа. Бүжигчин хүний сэтгэл зүйд маш хүнд цохилт болдог юм билээ. Сэтгэл нь байгаа хэрнээ бэртлээс болоод чадахгүй болохоор байж суух газар олдохгүй байх үе ч байсан. Гайгүй эдгэж, илааршаад эхлэнгүүт нь бэлтгэлээ хийж байгаад хэд хэдэн удаа бэртлээ сэдрээсэн. Үүнээс болоод эдгэрэлтээ удаашруулсан тохиолдол бий. Зүгээр суух аргагүй байгаа юм чинь. Яагаад гэвэл энэ урлаг залуу насных учраас үлдсэн он жилүүдээ хий дэмий өнгөрүүлмээргүй санагддаг юм байна. Аль болох л тайзан дээрээ гарч бүжиглэхийг хүснэ, тэмүүлнэ.
-Удахгүй тэтгэвэрт гарна. Тэр үед залгамж халаагаа бэлдэх үү. Эсвэл тэс өөр салбарт хүчин зүтгэх үү?
-Миний мэргэжил 20 жилээр тэтгэвэрт гардаг. Ингээд бодохоор би хоёр, гурван жилийн дараа тэтгэвэртээ гарах нь ээ. Тиймээс одоохондоо энэ тухай үнэхээр бодмооргүй байна. Тайзан дээр байгаа үедээ юу ч бодолгүй зөвхөн уран бүтээлдээ анхаарал хандуулж, гоё гоё дүр бүтээмээр байна. Тайзнаас буусны дараа юу хийхээ тухайн үедээ л шийдье. Сурсан, мэдсэн зүйлээ залуу хойч үедээ зааж, сургах нь балетын урлагийн үүрэг юм. Сурснаа өөртөө авч үлдэх бус залгамж халаанууддаа заая гэсэн бодолтой. Хүн бүхэн багш болдоггүй ч багш нараасаа, ахмад үеийнхнээсээ театрт ажиллах 20 жилийн хугацаандаа юу сурч, мэдсэнээ аль болох залуу үедээ зааж, өвлүүлнэ л гэж бодож явна.
-Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?
-Манай театрын нэгэн жаран өндөрлөж байна. Тиймээс энэ цаг үеэс эхэлж буй шинэ жаранд театраа илүү их хөгжүүлэн цэцэглүүлэхийн төлөө хичээх болно. Залуучууддаа одоогийнхоос илүү гоёор хөгжсөн театр үлдээхийг хүсэж байна.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/
Сэтгэгдэл (1)