Ж.Сэлэнгэ: Стандарттай болсноор Монголын мэйк-ап артистууд ур чадвараа бодитоор үнэлүүлнэ


Манай сонин “Монгол бахархал” буландаа Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоотой хамтран хумс заслын ажил, мэргэжлийн стандартын тухай нийтлэл, ярилцлага цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад  тус холбооны санаачлан боловсруулсан нүүр будалтын ажил, мэргэжлийн стандартыг онцоллоо. Театр, киноны дүр хувиргалтаар төсөөлж, баяр ёслолоор үйлчлүүлдэг нүүр будалт дэлхийн олон оронд тогтсон стандарттай.  Энэ урлагийг Монголд мэргэжлийн түвшинд хөгжүүлэх зорилготой, тодорхой стандартыг боловсруулахад оролцсон мэйк-ап артист Ж.Сэлэнгэтэй ярилцлаа. Хүсэл сонирхлоороо нүүр будалтын салбарт хөл тавьсан тэрбээр  “Salt”  студиэ 2013 онд нээжээ. Бид нүүр будалтын ажил, мэргэжлийн стандартын ач холбогдол, мэйк-ап артистын ур чадвар, сургалтын талаар ярилцсан юм.

-Нүүр будалтын ажил, мэргэжлийн стандарт гэхээр уншигчдад сонирхолтой байх болов уу.  Шинэ тутам хөгжиж буй энэ салбарыг стандарттай болгохын ач холбогдлоос ярилцлагаа эхлүүлэх үү?
-Манай холбоо гоо сайхны салбарт стандартыг анхлан тогтоосон жишгээ өргөжүүлж, боломжит салбартаа хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулахыг хичээдэг. Үүний дагуу нүүр будалтын ажил, мэргэжлийн стандартыг боловсрууллаа. Энэ сарын сүүлчээр болох гурван яамны нэгдсэн хурлаар орж батлуулах юм. Дэлхийн хөгжлөөс хоцрохгүй, Монголд ч нүүр будалт хөгжиж байна. Нүүр будалтын ажил, мэргэжлийн стандартыг батлуулснаар үйлчилгээ үзүүлэгчийн эзэмшсэн байх зохистой мэдлэг, ажлын байрны орчин тодорхой болно. Манай улсад  энэ чиглэлийн стандартгүй учраас хүмүүс нүүр будалтын сургалтад аль чиглэлээр мэргэшсэн нь тодорхойгүй сураад төгсдөг. Сургалтын төвд ямар чиглэлээр, хэдэн кредит үзэж төгсөх, аль төрлөөр дагнах, мэргэжил дээшлүүлэхдээ  яах ёстойг стандартаар тогтооно. Өөрөөр хэлбэл, энгийн, шат дараатай болно гэсэн үг.


-Ийнхүү боловсруулахдаа гаднын олон стандартыг судалж, харьцуулсан байх. Түүнээс жишиг болохуйц нь аль улс байв?
-Австрали, ОХУ, БНСУ, Сингапур гээд олон орны стандартыг судалсан. Улс орнууд дотооддоо тохируулж боловсруулдаг учраас өөр өөр стандарттай. Тэр нь илүү гэж тодотгох, шууд хуулбарлавал өрөөсгөл болно. Үндэсний стандарт учраас  монголчуудад зориулсан байх ёстой. Тиймээс олон жил ажилласан туршлагатай, ажил, мэргэжлээ мэддэг артистуудтайгаа хамтран боловсруулсан. Үйлчилгээний ажил гэдэг утгаараа Австралийн стандартаас үлгэрлэх зүйл их байлаа. 
-Нүүр будалт гэж ерөнхийд нь ярьдаг ч гоёлын, өдөр тутмын будалт, кино, театр, урлагийн дүр хувиргалт зэргээр өргөн хүрээ хамардаг. Мэргэжил учраас энэ талаар стандартад тусгайлан дурдсан уу?
-Ажил, мэргэжлийн стандарт боловсруулахтай зэрэгцээд мэйк-апыг хэрхэн оновчтой монголчлох талаар зөвлөлдсөн. Нүүр будагч, нүүр хувиргагч гэсэн хувилбарууд байдаг ч  нийтэд нь дүр төрх урлаач гэж албан ёсны мэргэжил болгон нэрлэлээ. Театр урлагийн дүр хувиргагчид эмчээр бол нарийн мэргэжлийн гэдэг шиг хамгийн дээд  буюу тав, зургадугаар түвшинд хамаарна. Боди артууд ч гэсэн сонголтоороо мэргэших боломжтой. 


-Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн талаар стандартдаа хэрхэн тусгав?
-Зарим мэйк-ап артист үйлчлүүлэгчид зохих эсэхээс үл хамаараад хамгийн сайн чаддаг будалтаа хийх тохиолдол байна. Гэтэл тэр хүний мэргэжлийн ур чадварт найдаад өөрийнхөө хүслээр дүр төрхөө өөрчлөх гэж үйлчлүүлэгч ирдэг. Үйлчлүүлэгч итгэл алдрахад хэчнээн сайхан нүүр будалт хийсэн ч амьгүй харагддаг. Нөгөөтэйгүүр туршлагатай мэйк-ап артист үйлчлүүлэгчтэй ярилцах зуураа тэр хүнээ сэтгэлзүйч шиг тодорхойлж,  ажил, сэтгэл санааг нь бүрэн илтгэсэн нүүр будалт хийж чаддаг.  Нүүр будалт харьцангуй аюул багатай ч нэг үйлчлүүлэгчид хэрэглэсэн багсыг нөгөөд нь ашиглаж болохгүй. Цэвэрлэгээ, ариутгалын дүрмээ мөрдөж, хэвших ёстой. Үйлчлүүлэгчид ч хэрсүү байж, хэрэгтэй үед эрүүл ахуйн шаардлага тавьж хянаж сураарай.


-Мэйк-ап артистууд хэн нэгнээс гэхээсээ илүү цаг үеэсээ хоцрохгүйн тулд суралцаж мэргэжил дээшлүүлдэг үү? 
-Мэйк-апчид эхэндээ бие даан сурах гэж оролддог.  Гэтэл  ашигладаг бүтээгдэхүүний нэр төрөл олширч, үйлчлүүлэгчид ч мэдлэгтэй болжээ. Тэр бүрд бие дааж сурах боломжгүй. Мэргэжлийн сургалтын төвд зайлшгүй суралцах шаардлагатай. Мэргэшсэн сургалтыг гаднын мэргэжилтнүүдээс авч байна. Жишээлбэл, би Сингапурт нүүр будалтын чиглэлээр хоёр жил суралцсан.  Цахим сүлжээнд мэйк-ап хийнэ, заана гэсэн зарлал олон байдаг.  Цахим орчноос хязгааргүй мэдээлэл авч, онлайн болон танхимын сургалтад сурсан ч нэгдмэл хөтөлбөргүй байсныг нүүр будалтын ажил, мэргэжлийн стандартаар зохицуулсан. 


-Хамгийн шилдэг нүүр будалтын мастерууд ямар түвшинд хамаарах вэ. Ур чадварыг нь хэрхэн тогтоодог юм бол?
-Ур чадварыг тэмцээнээр тогтооно. Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбооноос артистуудын ур чадварын түвшин бүрд нь сорьсон тэмцээнийг  тогтмол зохион байгуулдаг. Гадаадын нэр хүндтэй тэмцээнүүд ч стандартын дагуу болдог. Хэдэн хүнтэй, хэрхэн өрсөлдөж дэлхийн аварга болох нь чухал.  Монголчууд шинэ зүйлийг сураад нутагшуулаад хөгжүүлэхдээ гаргууд. Магадгүй стандартын дагуу зөв хөгжвөл манай артистууд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боломжтой. Гадаадын кино, арт төслүүдийг монгол мэйк-апчид бүрэн хариуцаад эхлэхийг үгүйсгэхгүй. Одоо батлагдах стандартад чадвараар нь түвшинг нь тогтоохоор тусгасан. Хэтдээ бид үнэлгээний төвтэй болохыг зорьж байгаа. Үнэлгээний төвтэй болсноор түвшнээ тогтоолгох боломжтой болно. Урьд өмнөхөөсөө ялгаатай нь Монголын мэйк-ап артистууд одоо л ур чадвар, түвшнээ тодорхойлж эхэллээ. Ур чадвар бол манай артистуудын ажил, мэргэжлийнхээ хүрээнд эзэмшвэл зохих зүйл. Уран сэтгэмжээсээ илүү бүтээгдэхүүн, арьсны онцлогийг мэддэг байхыг чухалчилдаг. Энэ бүхнийг гартаа оруулж, үйлчлүүлэгчээ сэтгэл ханамжтай үлдээж сурсны дараа зураг зурах, дүрмээс гадуур сэтгэмжээ гаргасан уран бүтээлд өөрийгөө сориход гэмгүй. Анхнаасаа дүрэмд баригдаагүй хүмүүс байна. Тийм хандлагатай артистууд үйлчлүүлэгчдийг биш моделиудтай ажилладаг уран бүтээлчид байдаг. Тэр зургаар харвал мэйк-апын салбар үйлчилгээ үзүүлдэг, урлаг гэсэн хоёр чиглэлээр хөгжиж ирсэн. Үйлчилгээний ажил эрхэлж байгаа артистууд ёс зүйтэй байгаасай. Манай мэргэжлийн онцлог мэйк-ап артист өөрөө ажлынхаа толь болдогт оршдог. 


-Салбартаа стандарт тогтоох гэсэн танай холбооны хүсэл зорилгыг бусад  артист, мэргэжлийнхэн хэрхэн хүлээж авсан бэ?
-Олон жил тууштай ажиллаж, жаргал зовлонгоо мэддэг хүмүүс биднийг дэмжсэн. Стандарт боловсруулахдаа манай холбоо артистуудыг идэвхтэй оролцож, санаа бодлоо хуваалцахыг уриалсан. Байж болох, болохгүй зүйлсийг шударгаар тогтоогоод мөрдөөд эхэлбэл дутагдал бага гарна. Нэг хэвэнд барихгүйн тулд стандартад байж болох хамгийн доод хязгаарыг заасан. 


   Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/


0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 15 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 18 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 18 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 18 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 18 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 18 цагийн өмнө
SDY Calling you... 18 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 18 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 19 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 19 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 19 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22