Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Д.Соёлмаагийн бурхан шашны сэдэвтэй орчин цагийн бүтээлүүд аргагүй хараа булаана. Үндсэн дэг жаягийг алдагдуулалгүйгээр зурсан түүний бүтээлүүдээс зөөлөн, дулаан уур амьсгалыг мэдэрч болох ажээ. Өвөг дээдсээс улбаатай өгөгдөл дээр эрхэм зураачийн өсөж торнисон орчин түүнийг дүрслэх урлагт дурлуулсан уу гэмээр санагдана. Монгол зургийн нэрт төлөөлөгч Ц.Даваахүү, зураач, уран хатгамалч Д.Уранчимэг нарын охин, чөлөөт уран бүтээлч Д.Соёлмаагийн энэ цагийн бодлоос хуваалцсанаа хүргэе.
-Өмнийн сайхан говиор уран бүтээлийн аялал хийсний дараахан бидний ярилцлага өрнөж буйгаараа онцлогтой болж болно. Уран бүтээлийн ганзага дүүрэн, сонирхолтой аялалд яваад ирэв үү?
-Бид Дүрслэх урлагийн сургуульд байхдаа дадлагын хичээлээр ангиараа багштайгаа хотоос гарч байгаль дээр зурдаг байсан. Сайхан байгальтай орчинд зураг зурахад өнгө, үнэрийг нь төсөөлөхийн аргагүй гайхалтай. Манай Монголын урчуудын эвлэл болон бусад арт галерейгаас зохион байгуулж, жил бүр байгалийн сайхан газруудаар уран бүтээлчдийн пленер зохион байгуулдаг юм. Саяхан надад тийм боломж гарч “Өмнийн сайхан говиор” нэртэй арт төсөлд хамрагдаад ирлээ. Өмнө нь би говь руу явж байгаагүй. Гэхдээ очихоор төлөвлөсөн газруудын нэг нь говь байсан учраас уран бүтээлчидтэйгээ явж мэдрэмжээ хөглөсөн. Зураач нар байгалийн сайханд өөр өөрийнхөөрөө ажилладаг. Хэдийгээр нэг газар очсон ч зураач бүр өвөрмөц дотоод ертөнцөө буулгаж байгаа илэрхийлэл болгон нь дахин давтагдашгүй,сонирхолтой байдаг.
Зураач нар Өмнөговь аймгийг зорьдог нь говийн үзэсгэлэнт байгалийн судалбар, судалгаа хийхээс гадна өмнийн говийн эмзэг бүтэцтэй байгалийн тогтоц нь хүний болон байгалийнхаа нөлөөгөөр ихээхэн эвдэрч өөрчлөгдөж байгааг хайрлан хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой. Энэ төсөл нь байгалийн өмнө хүлээсэн бидний хариуцлага гэж байдгийг сануулахаас гадна бүх зураачийн маань ажлууд түүх болон үлдэхээрээ ач холбогдолтой. Энэ ташрамд, “Өмнийн сайхан говиор” арт төслийг санаачлагч, зохион байгуулагч зураач А.Сонинбаяр, хамтран ажилласан ивээн тэтгэгч, Монголын урчуудын эвлэл, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл, арын албаны баг хамт олонд гүнээ талархал илэрхийлье. Цаашид олон сайхан арт төсөл зохион байгуулж зураач нарыг хамруулах талд манай бусад компани ч идэвхтэй оролцож, урлагийг дэмждэг байгаасай гэж хүсдэг юм.
-Таны бүтээлүүдээс зөөлөн, дулаан өнгө мэдрэгддэг. Энэ арга техникээ тодорхойлж, хэвшүүлээд хэр удаж байна вэ?
-Дүрслэх урлагийн дээд сургуулиа төгсөөд чөлөөт уран бүтээлч болсон. 2003 оноос хойш бурхан шашны сэдэвтэй зургууд түлхүү зуржээ. Энэ сэдэв надад зөөлөн, дулаан мэдрэмж төрүүлдэг.
-Та бурхны шашинд суралцаж байв уу. Эсвэл буддист учраас энэ сэдвээр дагнан бүтээл хийхээр зорьсон юм уу?
-Бурхны шашин бол монголчуудын уламжлалт шашин. Өвөг дээдсээс нь уламжлагдан ирсэн ном судар, шүтээн ихэнх айлд байдаг. Би бурхны шашинтай гэр бүлд төрж өссөн, бурхны шашнаа шүтдэг бусад шашныг ч хүндэлдэг хүн. Үүнээс гадна хорвоогийн мөнх бусын тухай бодол эргэцүүлэл, амьдралын утга учрыг ойлгох хүсэл эрмэлзэл болоод уншсанаа төсөөлөн бодсон сэтгэгдлээ дүрслэн буулгадаг юм.
-Бурхан, шашны холбогдолтой юмсыг бидний харж дадсанаар бус орчин цагийн өнгө аясаар баяжуулан илэрхийлэхэд гүн гүнзгий арга ухаан шаардлагатай. Магадгүй юунд ч баригдалгүй чөлөөтэй ажилладаг байдал танд төсөөллөө дүрслэхэд нөлөөлдөг байх?
-Хүссэн бүтээлээ хийгээд суудаг чөлөөт уран бүтээлч олон бий. Үүнд уран бүтээлчийн өөрийнх нь сонирхол нөлөөлнө. Зураач юуны талаар сонирхон судалж, тэр сэдвийнхээ талаар мэдэж байна вэ гэдэг их чухал. Намайг уран бүтээлээ хийж эхэлж байхад энэ сэдвээр төдийлөн олон хүн уран бүтээл туурвидаггүй байв. Харин одоо бурхан шашны сэдэвтэй зураг зурдаг хүн олон болжээ. Арга ч үгүй биз, сэдэв нь өөрөө гэгээлэг, бас их нууцлаг шүү дээ. Хайр, сайхан сэтгэлээр үүсгэгдсэн бүхэн ёс суртахуунлаг гэхээсээ шашинлаг байдаг.
-Бүтээлийг тань хүлээн авч байгаа хүмүүсийн олонх нь гадаадад байгаа юм шиг ажиглагдсан. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?
-Бурхны сэдэвтэй бүтээлийг чөлөөтэй, орчин үеийн урлагтай хослуулаад ажиллахаар хүмүүс “Бурхныг ингэж хамаагүй өөрчилж болдог юм уу” гэж их асуудаг байсан. Харин одоо энэ сэдвээр чөлөөтэй ажилласан бүтээлүүд их гарах тусам хүмүүс арай дассан байх. Гадаадад бүтээл минь их гарч байгаа нь нэгдүгээрт, мэдээж зах зээл нь том, хүн ард нь хүссэнээ авах мөнгөтэй байна. Хоёрт, гаднынхан сонголт хийхдээ бусдаас “Энэ сайн зураач уу” гэж асуух биш өөртөө таалагдсан, зураачийн үзэл бодол таалагдаж урам зориг төрүүлж байгаа бүтээлээ худалдаж авдаг. Тэд миний арга ажиллагааг байгаа байдлаар нь л хүлээн авдаг нь намайг нэг талаараа урамшуулдаг. Тэдний урлагийн мэдлэг боловсрол илүү байна.
-Та 20 гаруй жил бүтээл туурвижээ. Энэ хугацаанд уран бүтээлчийн шаналангаа хэрхэн даван туулж гарсан бол?
-Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог. Заримдаа сэтгэл санаагаар унах үе гарна. Тэр үедээ би зургаа зурж л тайвшралыг олдог. Тэр утгаараа зурах нь миний бодит амьдралаас зугтах арга ч байж мэднэ. Тэгэхээр надад баяр баясал өгч, намайг тайван болгодог зүйл бол урлаг. Амьдралын минь салшгүй нэг хэсэг. Хүүхэд ахуйгаасаа цаас харандаатай нөхөрлөж, мэргэжлээ сонгосон. Нас хэчнээн ч нэмсэн зураг зурахаас өөр зүйл хийнэ гэж ерөөсөө боддоггүй.
-Ингэж гүн гүнзгий мэдрэхэд таны гэр бүлийн орчин, нөлөө их байв уу. Бага насны дурсамжаа хуваалцаач?
-Хүүхэд байх үеийн хүмүүжил хүний амьдралд чухал байр суурь эзэлдэг. Өглөө босоход аав, ээж маань нэг өрөөндөө уран бүтээлээ хийгээд суудаг байсан нь ой тойнд тодхон үлджээ. Ээж минь зээгт наамал хийнэ, аав монгол зургаа зурна. Гэрээр дүүрэн торгоны өөдөс, цаас харандаа хөглөрч, будаг материалын үнэр ханхалж байдаг байлаа. Манай гэр намайг хүүхэд байхад Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай нэг давхар байшинтай ойрхон байсан. Аав ээжийн найзууд, тухайн үеийнхээ сор нь болсон мундаг зураач, барималч гээд олон сайхан хүмүүс манайд их ирдэг байсан. Тэд урлагийн тухай, үзсэн үзэсгэлэнгийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцах нь надад их сонирхолтой санагддаг байлаа.
-Та юунаас урам зориг авдаг вэ?
-Би урам зоригийг ном, аялал, байгалийн сайхнаас мэдэрдэг. Аялал бол өмнө нь анзаардаггүй байсан зүйлээ өөр газар оронд, өөр хүмүүсийн дунд илүү анзаардгаараа тустай. Сайхан бүтээл хийх дундаршгүй хүслээр өглөөг угтах нь аз жаргал. Мөн миний сэтгэлийг хөдөлгөдөг зүйл бол бусад уран бүтээлчийн бүтээлийг үзэж баясах, кино, хөгжим, үзэсгэлэн үзэх гээд л...
-Таныг уран бүтээлч болоход хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
-Манай аав монгол зургийн аргаар бүтээлээ хийдэг, бурхан бүтээдэг хүн байсан. Би 10 гаруй настайдаа уламжлалт аргаар хэрхэн бурхан бүтээдгийг ааваараа заалгаж байв. Аав минь “Сайн болжээ” гэж хэлэхээр их урамшиж улам их хичээдэг байлаа. Уран бүтээлч болоход хамгийн анх нөлөөлсөн хүн гэвэл аав, ээж хоёр минь. Дараа нь Дүрслэх урлагийн сургуульд байгалийн зургийн нэрт зураач Ц.Нарангэрэлийн шавь болж, их зүйл сурч мэдэж авсан.
-Одоо зурж байгаа бүтээлээ танилцуулж болох уу. Алтан шаргал өнгө давамгайлсан сүрлэг бүтээл болох нь ээ?
-“Өмнийн сайхан говиор” арт төсөлд хамрагдсан зураач нарын үзэсгэлэн удахгүй нээгдэнэ. Тэр үзэсгэлэнд зориулж энэ “Будда” зургаа зурж байна. Энэ зураг зохиомжийн хувьд дээд хэсэгтээ Будда, доод хэсэгт нь говь нутгийн байгалийг дүрсэлсэн байх юм. Ийм зураг зурах болсон нь арваад жилийн өмнө говь нутгийн оронд хот дүрсэлснээр зурж байсантай холбоотой. Түүнийг харсан нэг хүн хотын оронд говийн байгаль зурж өгөхийг хүссэн. Тэр үед би говийг өөрийн биеэр үзээгүй байсан. Тэгээд сая говь руу явснаар олон жилийн өмнөх бүтээлийн санаагаа биежүүлж байна. Монголын говь нутгийн тогтоц их өвөрмөц, эмзэг агаад үзэсгэлэнтэй яг л өөр гараг дээр ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлж эрин галав, цаг хугацаа болоод сүсэг бишрэлийн тухай бодлыг хүнд өөрийн эрхгүй төрүүлдэг гэсэн санааг харуулахаар ажиллаж байна.
-Та өнгөрсөн хугацаанд гаднын улс орнуудад цөөнгүй үзэсгэлэн гаргасан. Удаах үзэсгэлэнгээ хаана гаргах бодолтой байгаа вэ?
-Би ирэх жилийн эцсээр үзэсгэлэн гаргах бодолтой байгаа. Энэ үзэсгэлэн өмнөхөөсөө юугаараа өөр байх вэ гээд бодох зүйл их л байна. Юу ч гэсэн үзэсгэлэнгээ эхлээд Монголдоо гаргана.
-Бурхан шашны сэдэвтэй бүтээл туурвидаг таны хувьд энэ шашин дэлгэрсэн оронд, орчинд нь очоод бүтээл хийх хүсэл мөрөөдөл тээж явдаг болов уу?
-Энэтхэгт бурхан багшийн мэндэлсэн газар очих, Гималайн өндөр уулст Мял Богдын бясалгаж байсан агуйг үзэх гээд очмоор газар олон бий. Гэхдээ Монгол оронд, бурхны шашин тэр дундаа их хөлгөний шашин дэлгэрсэн газар төрсөн минь азтай. Эх орны минь ч сайхан газрууд үзэж барагдахгүй их байна аа.
“Майдар” 150х100см, зотон тос
“Баатар” 120х180см, зотон тос
“Хүсэл” 120х180см, зотон тос
“Сансрын дохио” 150х240см, зотон тос
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна