Б.Жавхлан:Олон нийтийн саналд үндэслэн 2024 оны төсвийг боловсруулж байна


Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.

-Монголбанкнаас Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг олон нийтээр анх удаа хэлэлцүүллээ.  Ирэх онд инфляцыг зургаан хувьд барих өөдрөг төсөөлөлтэй байна.  Энэ төсөөлөл 2024 оны төсөвтэй хэрхэн уялдаж байгаа вэ. Ирэх оны төсвийг ямар байдлаар боловсруулж байгаа талаар та салбарын сайдын хувьд  мэдээлэл өгнө үү?
-Олон улсын нөхцөл байдал тогтвортой бус, хил гаалийн асуудал, нийлүүлэлтийн саатал зэргээс үүдэн 2022 онд инфляцын түвшин 2008 оноос хойш түүхэн дээд цэгтээ хүрсэн. Энэхүү дэлхий дахинд үүсээд байсан хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлтийн гадаад шокоос иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах зорилгоор Засгийн газар ковидын үеэр тэлсэн төсвийн бодлогыг хумьж, хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн гол орц болох газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн. Дээрх үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн бодлогын үр дүнд инфляцын хурд харьцангуй удааширч энэ оны наймдугаар сард 10 орчим хувьтай байна. Үүний 4.5 нэгж хувийг хүнсний инфляц, 3.5 нэгж хувийг импортын барааны инфляц бүрдүүлж байна. Дотоодын хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, гадаад импортын хүнсний хамаарлыг бууруулах зорилгоор энэ оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөл­гөөн орон даяар амжилттай хэ­рэгжиж эхлээд байна.  2023 оны эхний долоон сарын байдлаар 1.2 их наяд төгрөгийн хүсэлт ирснээс 361.4 тэрбум төгрөг бүхий 1.597 төсөлд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээл олгосон байна. 

Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан Боомтын сэргэлтийн үр дүнд тээвэр, логистикийн үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар нийлүүлэлтийн гаралтай өндөр инфляцыг сааруу­лах хүлээлттэй байна. Ирэх  онд бид ажлын байр, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн Шинэ сэргэлтийн бодлогыг төсвийн бодлогодоо үр­гэлжлүүлэн хэрэгжүүлж, дотоо­дын нөөц бололцоог бүрэн дайчлах замаар гадаад эмзэг байдлыг бууруулах, улмаар  нийлүүлэлтийн гаралтай хомстол гарахаас урьдчилан сэргийлэх, инфляцыг тогтворжуулахыг зорьж байна.

-2024 оны төсвийг ямар  онц­логтойгоор боловсруулж байна вэ?

-2024 оны төсөв сонгуулийн өмнөх жилийнх  гэдгээрээ онцлогтой төсөв болно. Монгол Улсын 2023 оны төсвийн бодлогоор төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх, Шинэ сэр­гэлтийн бодлогыг дэмжих, им­портын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Ирэх 2024 оны төсвийн хувьд өмнөх жилүүдэд эхлүүлсэн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ МАН-ын Засгийн газраас хэрэгжүүлэхээр амласан мөрийн хөтөлбөрт тусгасан арга  хэмжээг бүрэн хангуулах, мөн ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх,  олимпод оролцох болон УИХ,  Орон нутгийн сонгууль зохион байгуулах  зэрэг арга хэмжээнд шаардлагатай төсвийн тооцоо судалгааг гаргах,  боломжит орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.

-Төсвийн төсөөллийг УИХ-д оруулахаас өмнө олон нийтээр хэлэлцүүлдэг болсноор  ямар эерэг үр дүн авчрах вэ. Засгийн газраас өргөн бүрэлдэхүүнтэйгээр орон нутагт ажиллаж байна.  Орон нутгийн иргэдийн зүгээс нийтлэг ямар асуудлыг  төсөвт тусгуулах санал өгч байна вэ?

-Төсвийн тухай хуульд өнгөрсөн долдугаар сард  оруулсан нэмэл­тээр төсвийн ил тод байдал, төс­вийн үйл явцад олон нийтийн орол­цоог нэмэгдүүлэхэд чиглэсэн зо­хицуулалтуудыг хийсэн.  Олон нийтийн хэлэлцүүлэг хийх хуулийн эдгээр заалт ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. Төсвийн календарьт заасан төсөвлөлтийн үйл явц харьцангуй шахуу хугацаанд явагдах болсон учраас төлөвлөлт болон олон нийтийн оролцоог хангах процессыг маш  үр дүнтэй явуулах шаардлага үүсэж байна. Тиймээс иргэдийн зүгээс төсөвт анхаарал хандуулах асуудлуудыг бүлэглэж ангилах, санал авах үйл явцыг цахимжуулах зэргээр хэлэлцүүлгийг богино хугацаанд илүү үр дүнтэй явуулахад чиглэсэн бэлтгэл ажлуудыг хийх,  мөн холбогдох журам зааврыг боловсруулж батлуулахад анхааран ажиллаж байна.  Төсөв өөрөө нарийн тоон мэдээлэл, аргачлалд суурилдаг төдийгүй  төрийн олон үйл ажиллагаанаас хамгийн “техникийн” шинж чанартай нь. Тиймээс иргэдийн зүгээс энэ үйл явцыг ойлгон, идэвхтэй оролцох боломж харьцангуй хязгаарлагдмал байдаг. Иймд иргэдийн төсвийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, төсвийн үйл явцыг тайлбарлаж ойлгуулах зэрэг тодорхой хүчин чармайлтуудыг гаргаж ажилласаар ирсэн. Хуулийн өөрчлөлтийн дагуу шийдвэр гаргалтын түвшинд иргэдийн оролцоог нэг шат нэмэгдүүлж байгаа нь ач холбогдолтой болж байна гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны улсын төсвийг батлахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн санал хүсэлтийг сонсон ажиллаж байна. Уулзалтын үеэр иргэдийн дэд бүтцийн асуудлыг шийдэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, орон нутагт ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, малчдын талаар цогц бодлого хэрэгжүүлэх, уул уурхайн лицензтэй холбоотой асуудалд анхаарах зэрэг саналыг гаргаж, эрэмбэлэн танилцуулаад байна.

-Ирэх онд хэчнээн тонн нүүрс экспортлохоор төсөөлж байна вэ. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас шууд хамаардаг эдийн засагтай учраас нүүрсний борлуулалт хамгийн чухал байдаг шүү дээ?

-Энэ  сарын 10-ны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улс нийт 42.6 сая тонн чулуун нүүрс экспортолсон. Энэ нь түүхэнд их өндөр нүүрс экспортолсон 2019 оны бүтэн жилийн экспортын хэмжээнээс 17 хувийн өндөр үзүүлэлт. Энэ хурдаараа оны төгсгөл гэхэд 50 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломж байна. Энэ нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд онцгой анхаарч, шат дараатай арга хэмжээг шуурхай, оновчтой зохион байгуулсны үр дүн гэж харж болно.  Экспортын гарцыг нэмэгдүүлэх, хилийн нэвтрүүлэлтийг сайжруулах чиглэлд БНХАУ-ын талтай тогтмол хамтран ажиллаж байна. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын гадаад худалдаа, тэр дундаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон. Хэдийгээр БНХАУ-ын эдийн засаг үл хөдлөх хөрөнгийн салбараас шалтгаан эдийн засаг болон барилгын салбарын өсөлт нь удаашрах төлөвтэй байгаа ч, чулуун нүүрсний хувьд хангалттай хэмжээний эрэлт, зах зээл бий. Иймд бид дотооддоо боомт, төмөр зам, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж, экспортыг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэснээр тогтвортой нийлүүлэлтийн сүл­жээг бий болгохоор зорин ажил­лаж байна. Боомт, төмөр зам, дэд бүтцийг сайжруулах зэрэг экспортыг хязгаарлаж буй хү­чин зүйлсийг шийдвэрлэснээр тогт­вортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгосны үр дүнд нүүрсний экспортыг үе шаттайгаар нэмэг­дүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд нүүрсний экспортын өсөлт хэвээр хадгалагдах нь 2024 онд төсвийн орлогыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болохоор байна. Нөгөөтэйгүүр 2023 оны төсвийн тодотголоор ахмадын тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2024 оны төсвийн зарлагад эдгээр урсгал зардлын зайлшгүй өсөлтийг тусган тооцож байна. Ийнхүү 2024 оны хувьд дээрх орлого, зарлагын өөрчлөлтүүдийг тусгаснаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ий -2.8 хувь буюу 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн тооцоолж байна.

-Сонгуулийн жилийн төсөв учраас үр ашиггүй зүйлд зарцуулах вий гэдэг болгоомжлол бий. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Сонгуулийн жилийн төсөв гэлтгүй төсвийг үр ашиггүй, үр дүнгүй байдлаар зарцуулах хандлагаас салах ёстой. Үүний тулд төсвийн сахилга бат, ил тод байдал, иргэдийн оролцоо, хяналт, хариуцлагыг чангатгах талд анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд төсвийг гүйцэтгэл, үр дүнд суурилан төсөвлөх, төсвийн ил тод нээлттэй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Ингэснээр  иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд төсвийн төлөвлөлтөд оролцох,  хэрэгжилтэд хяналт тавих боломжуудыг бүрдүүлж байгаа юм.

-Эрчим хүчний үнийн өсөлтийг мөнгөний бодлого, төсөвт тодор­хой хэмжээнд тусгаж тооцоолох шаардлагатай гэдгийг эдийн засагчид хэлж байна. Эрчим хүчний үнийг бууруулах, улмаар чөлөөлөх  тухайд    ямар байр суурь­тай байна вэ?

-Эрчим хүчний  үнэ тарифыг өөрчлөх  нь эдийн засагт гэнэтийн цочрол үүсгэх үр дагавартай. Эрчим хүч үйлдвэрлэгч болон түгээгч аж ахуйн нэгжүүд зохицуулалттай тарифын улмаас алдагдалтай ажил­лаж байгаа тул төсвөөс та­таас олгож байна. 2023 онд нийт 71 тэрбум төгрөгийн татаас олго­хоор төсөвлөснөөс станцын эрчим хүчний алдагдалд 37 тэрбум болон айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 34 тэрбумыг тус тус төсөвлөсөн. Хэрэглэгчдийн цахилгаан, дулааны тариф нь бодит өртгөөс доогуур байгаа учраас эрчим хүчний үнийг бууруулах нь салбарын  аж ахуйн нэгжийн алдагдлыг нэмэгдүүлэх, цаашлаад татаасыг нэмэгдүүлснээр төсвийн дарамт үүсгэх сөрөг нөлөөтэй. Эсрэгээрээ эрчим хүчний үнийг чөлөөлөх нь эдийн засагт гэнэтийн сөрөг нөлөө үзүүлнэ. Нэг талаас тодорхой хэмжээнд төсвөөс олгох татаас буурах давуу талтай ч  аж ахуйн нэгжийн цахилгааны хэрэглээний зардал өссөнөөр бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, энэ нь улмаар инфляцыг хөөрөгдөх.  Мөн түүнчлэн айл өрхийн цахилгааны зардал нэмэгдэх нь бодит орлогыг бууруулах зэрэг сөрөг үр дагавартай.  Тиймээс эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлөх асуудлыг эдийн засаг төсвийн боломж, өрхийн орлогын түвшин, инфляц, валютын ханш зэргийг харгалзан тохиромжтой үед нь маш болгоомжтой няхуур шийдэх нь зүйтэй. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 онд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын эрчим хүчний тарифыг 20-30 хувиар  нэмэгдүүлсэн. Үүн шиг өрх иргэд, аж ахуй эрхлэгчдэд огцом ачаалал өгөхгүйгээр зохистой түвшинд аажим нэмэгдүүлэх нь ойрын хугацаандаа эрсдэл багатай гэж үзэж байна.

-Оюутолгойн хөрөнгө оруу­лалтыг энэ оныхоос бууруулахгүй байх, улмаар өсгөх боломж, бололцоог та бүхэн хэрхэн харж байна вэ?

-“Оюутолгой” төслийн хувьд манай нийт шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг бүрдүүлдэг томоохон төсөл. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж, бүтээн байгуулалт дуусаж байгаа  учраас тус төслийн хөрөнгө оруулалт саарах төлөвтэй байна. Засгийн газрын зүгээс “Оюутолгой” шиг төслүүдийг шинээр эхлүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг хамгаалах механизмыг бүрдүүлэх, банк санхүүгийн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, гадаад худалдаа экспорт хийх таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх замаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газраас эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, төрөлжилтийг нэмэгдүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдад уран, газрын ховор элемент, хүдрийн баяжмал боловсруулах болон Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан томоохон аж үйлдвэрийн  төслүүдэд хамтран ажиллах харилцан ашигтай саналуудыг тогтмол тавьж байна. Түүнчлэн БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, БНХАУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр, Тайланд, Вьетнам, Энэтхэг улстай Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар ажиллаж байна.

-Гаднын банк оруулж ирэх асуудал хөндөгдөж эхэллээ. Энэ тухайд олон жил ярьсан ч ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн. Энэ удаад оруулж ирвэл ямар чиглэлээр ажиллуулах вэ. Одоогоор энэ тухайд албан ёсны яриа хэлэлцээ хийсэн зүйл бий юү?

-Монгол Улсын банк, санхүүгийн салбарт гаднын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, санхүүгийн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорил­гоор 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар хөрөнгө оруулалтын чиглэлээр төрөлжсөн банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэсэн үг. Ингэснээр мега төсөл хөтөлбөрүүдийг сан­хүүжүүлэх хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бизнест сонирхолтой гаднын хөрөнгө оруулагч нарт шинэ боломжийг нээж өгч байна гэж харж байна.

Сангийн яамны зүгээс Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын дагуу гадаадын банкны салбарыг Монгол Улсад байгуулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд холбогдох журмын шалгуурыг илүү уян хатан болгож, хөнгөвчлөх арга хэмжээнүүдийг Монголбанктай хамтран амжилттайгаар хэрэгжүүлж байна. Мөн саяхан болж өнгөрсөн “Монголын эдийн засгийн чуулган 2023” дээрх санхүүгийн салбарын хэлэлцүүлгүүдээр гол хөндөгдсөн асуудлуудын нэг нь гадаадын томоохон банк, санхүүгийн бай­гууллагуудын оролцоо, тэдгээртэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, урт хугацааны, тогтвортой гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой болохыг дурдсан.

Энэ хүрээнд Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Гадаадын банкны бие даасан салбар, нэг­жийг дотоодын санхүүгийн сал­барт нэвтрүүлж, эх үүсвэрийн зар­дал багатай, өндөр технологид суу­рилсан, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох гэх зэрэг арга хэмжээнүүдийг тусгаад байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 минутын өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 35 минутын өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 39 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 44 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22