Монголд анхны “Чимээтэй номын сан” нээгджээ. Номын санд чимээ, шуугиан гаргаж болдог юм уу. “Дүрэмгүй номын сан” гэж юу гэсэн үг вэ. Чимээтэй байхаар хүмүүс яаж ном унших вэ. Ваав л даа, бараг өдөр өнжүүлэх шахуу юм биш үү. Иймэрхүү мэдээлэл, пост өнгөрсөн долоо хоногт сошиал орчинд давлагаалав. Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховордсон өнөө үед энэ бол эерэг мэдээ. Ганц, хоёр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч “Чимээтэй номын сан”-гийн тухай мэдээ гарсан харагдана. Гэхдээ өөрийн нүдээр үзэж, харж, мэдрэхээс нааш тогтож өгдөггүй. Тиймээс энэ удаагийн дугаарын сурвалжилгаа “Чимээтэй номын сан”-гаас бэлтгэхээр шийдсэн хэрэг. Тус номын сан “Скай Гарден”-д байрлалтай. “Чимээтэй номын сан” бидэнд шинэ боловч үүнийг санаачилсан хүмүүс нь хуучны танилууд. Тодруулбал, үүнийг санаачлагчид Говь-Алтай аймгийн Тонхил, Увс аймгийн Өндөрхангай, Далан давхрын оршуулга болон Чулуун-Овоонд “Мэйжик бокс” буюу номын сан байгуулсныг бид мэднэ. Мөн “Ид шидийн орон”-ы номын санг ажиллуулдаг. Контейнерыг орчин үеийн шийдлээр засварлан 2000 гаруй номоор тохижуулснаар тухайн орчинд оршин суудаг хүүхдүүдийн орох дуртай газар болжээ. Өдөрт 100 орчим хүүхэд үйлчлүүлж, ном уншдаг болсон нь яах аргагүй тэдний гавьяа. “Мэйжик бокс”-ыг байрлуулаад хэдийнэ гурван жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэхүү мини номын сангийн ачаар хүүхдүүдийн сэтгэхүйд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан гэнэ. Тэгвэл тэд энэ удаад “Скай Гарден”-г сонгож хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх аянаа үргэлжлүүлж байгаа аж. Хэдийгээр тансаг зэрэглэлд багтах хороололд үүдээ нээсэн ч хотын өнцөг булан бүрээс хүүхдүүд эцэг, эхээ дагуулан зорьж ирдэг болсон байна. Тэдний дараагийн бай нь Яармаг орчим. Магадгүй ирэх жилийн намар Яармагт “Чимээтэй номын сан” нээлтээ хийж байхыг үгүйсгэхгүй юм.
Чимээтэй орчны чимэггүй хүүрнэл
Хичээлийн шинэ жилийн нээлт болсон есдүгээр сарын 1-ний бужигнаантай өдөр “Loud Library” буюу “Чимээтэй номын сан” үүд хаалгаа дэлгэжээ. Тус номын санг “Нэпко кидс”-ийн санаачилсан уг газар номын сангийн хэвшмэл ойлголтыг эвдэх, хүүхдийг номд, номын санд дуртай болгох зорилготой гэнэ. “Нэпко кидс”-ийг хүүхдийн номын хэвлэлээр дагнасан “Нэпко паблишин”-ы охин компани гэдгээр нь хүмүүс мэддэг болсон байх. Дөнгөж хаалгаар ороход л үүднээсээ өөр орчинд орсон мэт мэдрэмж төрж, сэтгэлийн амар амгалан, тайтгарлыг мэдэрч байв. Тэнд загас усан дотроо үсчихийн зэрэгцээ өхөөрдөм тоть шувууд жиргэн, тогос өдөө гайхуулан алхах нь нүд баясгам. Нэгдүгээр давхрын үүдэн хэсэг тэр чигээрээ цэцэг, амьд ургамал. Тэр орчинд сууж ном уншвал үнэхээр тархи амрахаар. Цонхны дэргэд гурав, дөрвөн дугуй ширээ, түүнийг тойруулсан модон сандал харагдана. Анги, хамт олноороо суух зориулалттай аж. Эхнээсээ л анхаарал татсан учраас цахилгаан шатнаас татгалзаж модон шатаар алхан хоёрдугаар давхарт гарав. Аав, ээжүүд, насанд хүрэгчид тухлах зориулалт бүхий кофе шоп байна. Бас тэдний зугааг гаргах ганц, хоёр тоглоомтой. Номын сангийн гурван давхар тэр чигээрээ интернэтэд холбогдсон учраас хаана ч суусан Wifi чөлөөтэй. Харин гуравдугаар давхарт хаа сайгүй эгнүүлэн тавьсан ном, бяцхан хүүхдүүдийн насанд тохирсон ширээ, сандал, буйдан, зөөлөн тоглоом. Энд байгаа бүх зүйлд сэтгэлээ шингээж урласан гэдэг нь нүднээ ил. Тус номын сан 30 мянган биет ном, 60 мянган цахим номтой болохоор зорьж буй аж. Одоогийн байдлаар 20 мянга гаруй номтой болсон гэнэ. “Чимээтэй номын сан”-гаар үйлчлүүлэгчид ярьж, тоглож, гэр бүлээрээ ном унших боломжтой. Юу юу байгааг товчхон тоочмоор санагдлаа.
-20м урттай сууж, хэвтэж болдог модон тайз
-45м урттай шил тойрсон ханын тавиур
-Төмөр хөлтэй, модон тавцантай ширээ
-Ганцаараа суух боломжтой
18 ширхэг ширээ
-Номын тавиурууд
-Олстой давхар ор
-Зөгийн үүрэн ширээ
-Буйдантай чимээгүй өрөө
-Үйлчлүүлэгч ашиглах боломжтой компьютер гээд олон зүйлийг хийж гүйцэтгэжээ. “Чимээтэй номын сан”-г байгуулахын тулд 600 гаруй сая төгрөгөөр ном авсан бол 400 орчим сая төгрөгөөр дотор засал, тохижилт хийжээ. Үндсэндээ нэг тэрбум төгрөгөөр номын сан байгуулсных нь төлөө Б.Цолмонгийн найзууд түүнийг тэнэгээр нь дуудаж байсан удаатай. Өөр зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй хамгийн ашиггүй салбарт мөнгөө үрсэнд нь харам байдаг аж. Уг номын сан өөрөө төлбөртэй учраас хэзээ нэгэн цагт оруулсан мөнгөн дүнгээ олж авна гэдэгт тэр итгэлтэй яваа. Гэхдээ энэ нь түүний зорилго биш. Дуртай зүйлдээ, хүсэл сонирхолдоо хөрөнгө оруулалт хийсэн учраас сэтгэл хангалуун байгаагаа тэр ярьж байна. Гадаадад номын мөр хөөж, багагүй хугацаанд амьдарсан тэрбээр эх орондоо “Дүрэмгүй номын сан” байгуулахыг мөрөөдөж байсан нь ийнхүү биеллээ олсон хэрэг. “Чимээтэй номын сан”-гийн фондод байгаа 20 мянга гаруй номын 60 хувь нь Оксфордын хөтөлбөртэй аж. Номын санг санаачлагч Б.Цолмон ярихдаа “Нэн түрүүнд хүүхдийн цугларах, очих дуртай газар нь болгож, орчныг нь бүрдүүлье. Дараа нь номд дуртай болгохын тулд жүжигчилсэн тоглолтоос эхлээд үлгэр унших, номын тухай ярилцах гэх мэт олон хөтөлбөртэй. Яавал хүүхдүүдийг татах вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллаж байна. Наад зах нь номыг нуруугаар биш нүүрээр нь харуулахад хүүхдүүд гарчиг, зургийг нь хараад шууд авч уншиж байна. Хүүхдүүд номоо нэг уншаад эхэлбэл түүнээсээ салдаггүй, өөр зүйлд анхаарал хандуулдаггүй болохыг өнгөрсөн 10 хоногийн хугацаанд бид харлаа. Тэгэхээр заавал номын санд чимээ, аниргүй байх шаардлагагүй юм байна. Хамгийн гол нь анхаарлыг нь татах арга хэмжээ л авах ёстой гэдгээ мэдсэн. Нээлтээ хийснээс хойш 10 хоногт ойролцоогоор 6000 орчим хүн манайхаар үйлчлүүлсэн байна. Бужигнах нь бужигнаж л байна. Харин нэг ном бариад суусан хүүхэд өөр зүйлд сатаардаггүй аж. Номдоо яаж шимтэн, ордог болохын яруу тод жишээ нь хүүхдүүд юм билээ” гэв.
Хүүхдүүдэд тулгуурлан байгуулсан хэдий ч эцэг, эхчүүд, насанд хүрэгчид, оюутнууд энд ирэх дуртай болсон гэнэ. Ээжүүдийн хувьд тухайн номын сангийн олстой давхар орыг сонгодог бол оюутнууд чимээгүй өрөө болон нэгдүгээр давхрын хэсгийг сонгож хүссэн номоо уншихын зэрэгцээ бусад ажлаа амжуулж буй дүр зураг харагдана. Хүүхдүүд чөлөөтэй гүйж, газарт хэвтээд өнхөрсөн ч болохоор цэлгэр хэрнээ тухтай орчинд ном уншиж, цагийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой. Төрөл бүрийн номыг тойруулан өрж, зөөлөн дэвсгэр, тухтай сандал гээд хүссэн номоо дуртай газартаа суугаад, хэвтээд унших боломжийг бүрдүүлсэн нь “Чимээтэй номын сан”-гийн хамгийн гол онцлог нь юм. Номын санд байгаа зөөлөн дэвсгэртэй буланд нэгэн ээж охинтойгоо сууж байна. Түүнээс сэтгэгдлийг нь сонсоход “Нээлтээ хийсний маргаашаас нь энд ирж суух болсон. Гоё юм билээ. Миний охин хоёрдугаар ангийн сурагч. Бид хоёр энд ирсэн гурав дахь өдрөөсөө эхлэн төлөвлөгөө гаргасан. Охины хичээл өглөө ордог. Хичээл тараад цай, хоолоо идэж, уусны дараа шууд энд ирнэ. Ирээд нэн түрүүнд гэрийн даалгавраа хийдэг. Дараа нь хэсэг хугацаанд амарч, охин хүссэнээ хийх хуваарьтай. Охины дураараа байх хугацаа 30 минут. Дараа нь хамтдаа ном уншина. Уншуулах, унших номоо миний охин өөрөө сонгодог. Энэ мэтээр үндсэндээ өдөрт 4-5 цагийг “Чимээтэй номын сан”-д өнгөрүүлдэг болсон. Хамгийн гол нь гэртээ хариад орой эрт амардаг” хэмээн ярилаа. Уг номын санд хэн нэгнийг “Чимээгүй бай, битгий ярилц, сандал дээр суу” гэж хэлэх хүн нэг ч байхгүй. Номын санд дураараа дургихын хажуугаар хүссэн номоо уншиж болдгийн жишээ энд бий.
Номын санд орлоо гээд дандаа ном унших албагүй
Үслэг гадаргуутай ширээн дээр суугаад ном уншиж дууссан хүү жижиг шилэн өрөөнөөс гарч, хуйлаастай байх буддаг номыг татаж өнгө бүрээр ялган анхааралтай гэгч нь будаж эхлэв. Хажуугийнх нь ширээн дээр хоёр хүү шатар тоглож, хэд хэдэн хүүхэд шоо эвлүүлнэ. Зарим нь ном уншихгүй зөвхөн зургийг нь хараад л хураах. Түүнчлэн дунд ангийн хоёр түүхэд шалан дээр тавьсан зөөлөвч дээр завилж суугаад буу хална. Дөнгөж орж ирсэн хүүхдүүд номын санг нэг тойрч гүйсний дараа бусдын адил сонирхолтой санагдсан номоо аваад өөрт харагдсан тухтай газартаа хэвтээд ном уншиж эхэлнэ. Ийм дүр зураг олонтаа харагдлаа. Ерөөсөө номын санд орсон л бол заавал ном унших албагүй. Чөлөөт цагаа өнгөрүүлж болох бүхнийг л энд хийж болох аж. Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх, сэтгэхүйг шалгах 18 төрлийн тоглоом бий. “Дүрэмгүй номын сан” гэдгийн гол утга учир үүнд оршино. Үүнээс гадна хоёрдугаар давхарт байрлах ширээний хөлбөмбөгөөр ч тоглох нь чөлөөтэй. Бүр болохгүй бол ухаалаг утсаа гаргаж ирээд тав, арван минут сошиалаар аялсан ч яах вэ дээ. Хэдийгээр дүрэмгүй ч гэлээ номын санд аль болох ухаалаг утаснаас татгалзах шаардлагатай. Ухаалаг утас л биш бол өөр юу ч хийсэн чөлөөтэй. “Чимээтэй номын сан”-гаас хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр зэхэж буй хөтөлбөрүүд нь их сонирхолтой. Уншсан номоо ярилцах цаг, бяцхан багачуудад үлгэр ярьж өгөх цаг, жүжигчилсэн тоглолтын цаг, Оксфордын хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг гээд явж өгнө. Бас болоогүй ээ, удахгүй анги хамт олноор нь хонуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэнэ. Хамгийн гол нь бүтэн жилийн хугацаанд нэг хүүхэд 80 ном уншсан байх ёстой бөгөөд жилийн хугацаа дуусмагц тайлангаа тавих даалгавартай. Ингэхийн тулд номын санд гишүүнчлэлээр бүртгүүлж, сард 100 мянган төгрөгийн хураамж төлнө. Бүтэн жилийн төлбөр 1.2 сая төгрөг ч тэд бүгдийг нь нэг дор авахыг урьтал болгохгүй гэнэ. Сар бүр 100 мянган төгрөг төлөөд байхад л болно. Номын сангийн сарын хураамжаар зөвхөн ном уншихаас гадна номын сангаас явуулах сургалтад суух эрхийг давхар авах юм. Сургалт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Бэлэн мөнгө, эсвэл шилжүүлэг хийгээд байх шаардлагагүй. “Чимээтэй номын сан”-гийнхны зүгээс гишүүнчлэлтэй хүмүүстээ нэг карт өгнө. Тэрхүү картдаа л байршуулсан байхад цаанаас нь автоматаар суутгаад авна гэсэн үг. Тэдний өгсөн картыг зөвхөн номын сангаас гадна дэлгүүрүүдэд худалдан авалт хийх, автобусны картны оронд ч ашиглах боломжтой. Хэрвээ таны хүүхэд тухайн картаар гүйлгээ хийхээр бол чипс, хийжүүлсэн ундаа зэргийг худалдан авах боломжгүй. Учир нь, хүүхдүүдийн эрүүл мэндийг бодох үүднээс картанд тусгай программ суулгажээ. Гоё орчинд, сонирхолтой ном унших сайхан биш гэж үү. Бага, дунд, ахлах ангийн хүүхдүүд нэг удаа очсон байхад дахин очихыг хүсэхээр орчин бий болгосон нь сайшаалтай. Сурвалжилгын эхэнд дурдсанчлан дээрх номын сан бараг “Өдөр өнжүүлэх” ч байж мэдэх. Яагаад ингэж тодотгосон бэ гэж үү. Тус номын санд орж ирээд дээр дурдсан картаа уншуулах үед эцэг, эхийн гар утсанд мэдээлэл очно. Ингэсээр эцэг, эхчүүд хүүхдээ хаана байгааг нь мэдэх боломжтой болж байгаа юм. Мөн гэртээ хүүхэд хараад үлдэх сонголтыг халж, эцэг эхчүүд сэтгэл тайван ажлаа хийх боломжийг нээсэн гэхэд хилсдэхгүй. “Чимээтэй номын сан” өдөр бүр 08:00-20:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай. Чимээтэй номын санд бүх насны хүүхдүүд суух боломжтой. Гэхдээ долоогоос доош насны хүүхдүүд харгалзах хүний хамт ирнэ. Хамт ирсэн эцэг, эхчүүд ч ном уншиж, судалгааны ажлаа хийх боломжийг бүрдүүлсэн байна. Б.Цолмон ярихдаа “Хүүхэд номд дуртай болж, ном уншиж эхэлснээр бүх хичээлдээ жигд сайжирдаг. Хүүхэд хүүхдэдээ хамгийн том багш, үлгэрлэгч нь байдаг. Хэдий чимээ шуугиантай байсан ч ном уншихыг хүссэн хүүхэд орчноос бүрэн тасарна. Ном уншиж байгаа найзыгаа хараад ном уншмаар санагдана. Хамтдаа даалгавраа хийж, ном унших орчин энд бүрдүүлсэн. Номын санд тогтмол гурван ажилтан болон сэтгэл зүйч ажиллана. Номын сангийн номыг нуруугаар нь эгнүүлэн өрсөн байдаг бол манай номын сангийн номуудыг нүүрээр нь харуулж тавьсан байгаа. Гүйж явсан хүүхэд номын нүүр зургийг хараад унших сэдэл төрнө шүү дээ. Сургуулиудтай хамтарч номын санг нь зориулалтынх нь номоор тохижуулж өгнө” гэв. Номын санд ном хандивлах хүсэлтэй хүмүүс, зохиолчдод нээлттэй гэсэн шүү. За нэг ийм орчин бий болж. Дотор нь ороод яваад байхаар гоё юм билээ. Хүүхдүүд лав уйдахааргүй. Нэг очвол дахин дахин очмоор санагдахаар орчинтой. Өдрийн төлбөр 25 мянган төгрөг ч тэд үүнээс аль болох татгалзахыг иргэдэд санал болгож байгаа аж. Дөрвөн өдөрт 100 мянган төгрөг төлөх үү, эсвэл сард 100 мянган төгрөг төлсөн нь ашигтай юу гэдгийг эцэг, эхчүүд өөрсдөө тунгаана биз.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна