Б.Буянхишиг: Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэн, идэвхжүүлэхэд төв холбоотойгоо хамтран ажилладаг
/Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх СДМЭХ-ны тэргүүн/
-Багануур дүүргийн СДМЭХ-ны салбар холбоо нь 19 тэргүүлэгч, таван хорооны салбар зөвлөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Дүүргийн МАН-ын гишүүдийн 61 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэж байна. Цаашид эмэгтэйчүүдийн гишүүнчлэл төдийгүй манлайллыг нэмэгдүүлэн, идэвхжүүлэх талаар төв холбоотойгоо хамтран олон чиглэлийн ажлыг төлөвлөн ажиллаж байна. Ялангуяа ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь эерэг үр дагавар бий болгодгийг олон судалгаа баталдаг. Харин нийгмийн хамгийн том бүлэг болох эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалттай бүрдүүлээгүй парламент учир дутагдалтайг улс орон олон талаас нь баталж байна. Манай улсын хувьд сонгогчдын 51хувь нь эмэгтэйчүүд байгаа хэдий ч бие биеэ, эмэгтэйчүүдээ манлайлан дэмжихэд хамтын оролцоо хамгаас чухал байна. Иймд шат шатны сонгуульд төдийгүй шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг идэвхжүүлж, бие биеэ дэмжин ажиллах олон талт сургалт нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулахад анхаарч байна. Мөн цахим орчинд эмэгтэйчүүд эерэг хандлага харилцаа үүсгэхэд мөн анхаарч байх талаар нөлөөллийн ажлуудыг түлхүү төлөвлөн хийж байгааг тодотгоё. Манай холбооны зүгээс 2023 онд хийх ажлаа долоон чиглэлээр, 27 ажлын хүрээнд дүүргийн эмэгтэйчүүд төдийгүй гэр бүлд чиглэсэн ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, ЖДҮ эрхэлдэг эмэгтэйчүүдийнхээ ажлыг дэмжиж бүтээгдэхүүнийг сурталчлан цахимаар түгээх “ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМТДАА” аяныг зохион байгуулсан нь үр дүнтэй байлаа. Мөн хороодтой хамтран гэр бүлд чиглэсэн сэтгэл зүй, өмгөөллийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж хүчирхийллээс сэргийлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулсан нь үр дүнтэй болсон.
С.Мягмар: Ахмадын холбоо эв нэгдлийг эрхэмлэж ажилладаг
/Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбооны дарга/
-Манай дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбоо нь намын үндсэн дүрэмд заасны дагуу хорооны намын хороодоо түшиглэсэн салбар холбоодтой, үүрүүдэд харьяалсан зөвлөлүүдтэй. Ахмадын холбоо нь есөн тэргүүлэгч, салбар холбоо, зөвлөлүүдэд 60 сонгуультны бүрэлдэхүүнтэйгээр намынхаа бодлого, шийдвэрийг сурталчилж дэмжин тусалдаг. Бид дүүргийн намын хороо, Нийслэлийн намын хорооны Ахмадын холбооноос өгсөн үүрэг чиглэлийг ахмадууддаа шуурхай хүргэх ажлыг гишүүдээрээ дамжуулан зохион байгуулдаг. Ахмад гишүүд хурал цуглаан, уулзалт, өдөрлөг, цугларалтад идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлж, эв нэгдлээ ханган, сахилга хариуцлагатай байхыг залуу гишүүддээ уриалдаг. Намын хорооноос ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлж олон ажил санаачилж ирсэн уламжлалтай. Ахмадын хөдөлмөрийн алдар тэмдэглэх, өндөр нас зооглосонд баяр хүргэх, спортын тэмцээн, цэнгээнт бүжгийн наадаан явуулах, аялал, зугаалгаар агаар салхинд гаргах, өргөн золголт хийх, ахмадын баяр тэмдэглэхэд залуучууд ихээхэн дэмжлэг үзүүлдэгт нь манай ахмадууд баяртай байдаг. Нийтлэлийн бодлого, захиалагчдын тоогоороо улсдаа тэргүүлдэг “Монголын үнэн” сониноо олон ахмад гишүүн улирал бүр тогтмол захиалан уншдаг. Бага хурлын гишүүд маань сониноо олон ширхгээр захиалан ахмадууддаа хүргүүлдэгт энэ ташрамд талархал илэрхийлье. Уг сониныг намын хороо, үүрээрээ аравтын хэсгээрээ, айл өрхөөрөө хамтран захиалж, мэдээ мэдээллийг тогтмол авч байна. Тухайлбал, ахмад гишүүн Гарамдорж намын бодлого, шийдвэрт хүндэтгэлтэй хандаж 53 жил тасралтгүй сониноо захиалан уншсан байна. Өнгөрсөн зууны бүтээн байгуулалтын тод жишээ болсон Багануурын уурхай, Багануур хотыг барьж байгуулахаар эх орны өнцөг булан бүрээс илгээлт өвөрлөн ирсэн залуучууд өнөөгийн ахмадууд болжээ. Эдний дундаас Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, алдар хүндийн эзэд олноор төрөн гарсан нь бидний бахархал билээ. Хүмүүнлэг, ёс суртахуунлаг сайхан чанарыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө хичээж зүтгэх нь ахмадууд бидний эрхэм зорилт билээ. Эв нэгдлийг эрхэмлэн, хариуцлага ёс зүйг дээдэлсэн шинэ нийгмийн төлөө хамтдаа урагшаа гэж залуус дүү нартаа уриалъя.
Д.Энхбаатар: Хяналтын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна
/Багануур дүүргийн МАН-ын хорооны Хяналтын хорооны дарга/
-Багнуур дүүргийн МАН-ын хорооны Хяналтын хороо есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, Хяналтын хорооны гишүүнээр Д.Энхбаатар, Н.Оюунтуяа, Ц.Нямцэрэн, Р.Намнансүрэн, Ц.Хишигбаатар, Ц.Бадамханд, Ж.Амгаланбаатар, Т.Ганчимэг, Э.Алтангэрэл нарыг хуралд оролцсон Бага хурлын гишүүдийн олонхын саналаар сонгон МАН-ын Бага хурлын тооллогын комиссын 03 дугаар тогтоолоор баталсан байдаг. Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны тэргүүлэгчдийн хурлын 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Багануур дүүргийн МАН-ын Хяналтын хорооны даргаар Д.Энхбаатар миний бие томилогдон ажиллаж байна. Дүүргийн МАН-ын Хяналтын хороо нь МАН-ын хөтөлбөр үндсэн дүрмээр тогтоосон эрх, үүргийн хүрээнд намын дүрмийн хэрэгжилтийг хянах, намын хороо болон анхан шатны байгууллага, үүрүүдийн дотоод ажил, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, намын гишүүдээс ирсэн гарсан санал гомдлыг хянан барагдуулах чиглэлээр хяналтын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж ирлээ. Манай Хяналтын хороо оны ажил, үйлсээрээ манлайлан 2022 оны “Нийслэлийн шилдэг хяналтын хороо”-гоор шалгарсан. Бидний гол зорилго “Монгол Ардын Намын үндсэн дүрмийн хэрэгжилтийг шат шатандаа хэрэгжүүлж, эв нэгдэл-шударга ёс-сахилга хариуцлагыг эрхэмлэх явдал юм. Бидний хувьд намын хороо, үүрүүдийн санхүү, дотоод ажил, бичиг хэргийг намын дүрэмд заасны дагуу жилд нэгээс хоёр удаа шалган зааварлаж, зөрчлийг арилгуулан Хяналтын хорооны гишүүдийн хурлаар хэлэлцэн үнэлгээ өгч дүгнэлт гаргаж ажилладаг. Намын гишүүдтэй ажиллах, шат шатны сонгуульд бэлтгэх, гишүүн элсүүлэх, аравтын ажлыг эрчимжүүлэх, гишүүдийн идэвхийг өрнүүлэх зэрэг олон талын ажил зохион байгуулахад дүүргийн намын хороо, хорооны намын хороо, үүрүүдтэй мөн хамтран ажиллаж байна. Мөн санхүүгийн журмыг намын хорооны гишүүдийн хуралдаанаар хэлэлцэж, жил бүр шинэчлэн мөрдөж байна. Ингэснээр дүүргийн намын хороо санхүүгийн хувьд бэхжиж, намын хорооны гишүүдийн хураамж, гишүүдийн дэмжлэг, өөрийн нөөц бололцоо бүхнээ ашиглан биеэ даасан үйл ажиллагаа явуулах, мөн аппаратын ажилтныхаа цалинг нэмэх боломжийг бүрдүүлсэн байна. Жил бүр явагддаг дотоод аудитын болон санхүүгийн шалгалтад Багануур дүүргийн намын хороо мөнгө төгрөг, эд хөрөнгийн дутагдалгүй, жилийн орлого зарлага төлөвлөсөн хэмжээндээ хүрч “Өр авлагагүй хамт олон” гэдгээ үйл ажиллагаагаараа харуулан ажиллаж байна.
Б.Балжинням: “Шинэ үе-шинэ сэргэлт” зарчим баримтлан ажиллаж байна
/Багануур дүүргийн МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны тэргүүн/
-Багануур дүүргийн Социал демократ Монголын залуучуудын холбоо 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Ингэснээр дарга, төсөв санхүү хариуцсан дэд дарга, олон нийтийн арга хэмжээ хариуцсан дэд дарга, төрийн бус байгууллага сонирхлын клуб хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга, нарийн бичиг, 35 тэрүүлэгч, хяналтын хэсэг, таван хорооны салбар зөвлөлийн дарга, гишүүд дэмжигчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд 18-35 насны буюу дүрэмд заасан насны хүрээнд 1100 гаруй гишүүн дэмжигч таван хорооны салбар зөвлөлд бүртгэлтэй байна. Цаашдаа гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлэх буюу мөн тооны хойноос биш илүү чадварлаг манлайлагч боловсон хүчин бэлтгэх талд илүү анхааран ажиллаж байна. Тэр дундаа инженер, багш, бизнес эрхэлдэг залуучуудын дуу хоолой болж чадахуйц залуучуудыг тэргүүлэгчдийн эгнээндээ нэгтгэн дүүргийнхээ ирээдүйн хөгжлийн төлөө хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдгээр манлайлагч залуучуудын манлайлал, оролцоотойгоор төгсөх ангийн сурагч дүү нартайгаа хамтран мэргэжлээ хэрхэн сонгох, зөв хүн, зөв залуу, зөв соёл зэрэг сургалтыг хийж, хэрэгжүүлсэн нь нийгэмд зөв үлгэр дуурайл, эерэг хандлагыг дагагч залуучууд, дэмжигчдээр бид гишүүнчлэл төдийгүй чадварлаг боловсон хүчин, чадварлаг үе үеийн залгамжийг бий болгоно. Миний хувьд 2011 онд тухайн үеийн НАМЗХ-ны тэргүүлэгчээр 18 настайдаа орж ажилласнаас хойш олон ажил, арга хэмжээг үе тэнгийн найзууд болон ах, эгч нартайгаа хамтран хийж хэрэгжүүлж, багагүй туршлага хуримтлуулсан. Одоогоор СДМЗХ болж бид нэрэндээ өөрчлөлт оруулсан төдийгүй “Шинэ үе – шинэ сэргэлт” бодлогыг баримтлан ажилладаг бөгөөд зөвд зөөлөн, бурууд хатуу байх, шударга , хийж хэрэгжүүлж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ахмадаа хүндэтгэдэг. Ах, эгч нарынхаа зөвлөгөөг хүлээн авдаг ийм л зөв эерэг залуучуудыг бий болгохын төлөө шинэ үеийн залуучуудтайгаа “ШИНЭ ҮЕ – ШИНЭ СЭРГЭЛТ” зарчим баримтлан ажиллаж байна. Намын дэргэдэх төрийн бус байгууллагынхаа залуучуудад төдийгүй дүүргийнхээ залууст чиглэсэн олон ажил арга хэмжээг жил гаруй хугацаанд хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, АСЗХ, НАМЗХ, СДМЗХ үе үеийн дарга , тэргүүлэгчид, гишүүдийг хамруулсан “Бид нэг баг” спортын найман төрөлт бага наадмыг жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг байхаар 2022 оноос эхлүүлэн шилжин явах цомтойгоор санаачлан хийлээ. “Ахмадаа ачилъя” арга хэмжээг жил бүрийн есдүгээр сард Эрүүл мэндийн төвийн залуучуудтайгаа дүүргийн 200 гаруй ахмадуудад уламжлалт эмчилгээ, үзлэг оношилгоог хийж хамтран ажилладаг. Дүүргийн залуучууд хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй үйлчлэх СОШИАЛ ХАУС танхимыг залуус төвийнхөө нэг давхарт тохижуулан үйл ажиллагааг нь хариуцан ажилладаг болсон. Тус танхимд 600 гаруй хүүхэд залуучууд хичээл хийх, ном унших, ТББ хурал зөвлөгөөнөө хийж танхимын “Баярлалаа” буланд сэтгэгдлээ бичиж үлдээсэн байна. “SDY cup” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүрийн дөрөвдүгээр сард нээлттэй зохион байгуулдаг болсон нь залуучуудын хүлээдэг тэмцээний нэг болж чадсан бөгөөд лигийн тоглогчид ирж оролцдогоор илүү өргөжин тэлсэн тэмцээн болсоор байна. Жил бүрийн зургадугаар сарын 1-ний Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сурагчдын зөвлөл, лидер сурагч академитай хамтран OPEN mic арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Нийгмийн ардчилал залуучуудын академитай хамтран гурваас дөрвөн залууг жил бүр сургагч багшаар бэлтгэн залуучуудын оролцоо, манлайллын сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна