Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадсан


Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 107 жилийн ой энэ сарын 17-нд тохиов. Ойн  өдөр маршал Ю.Цэдэнбалын Улаанбаатар, Эрдэнэт хот, Увс аймгийн Улаангом суманд байдаг  хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо.  Улаанбаатар хот дахь УДЭТ-ын урд байрлах маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академийн ТУЗ-ийн дарга, академич Ч.Авдай, МАН-ын гишүүн, дэмжигч, иргэд оролцлоо. 

Ёслолын арга хэмжээг нээж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.

Тэрбээр “Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн,  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, маршал, Хөдөлмөрийн баатар, улс төрийн ууган намын Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 107 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнгөрсөн зуунд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улс орондоо их бүтээн байгуулалтыг өрнүүлсэн, өөрчлөлт шинэчлэлийн зуун байсан. 

Энэхүү бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлтэд сэтгэл оюунаа бүрэн дайчилж, хойч үеийнхэндээ ихийг үлдээж чадсан хүн бол Ю.Цэдэнбал юм. Түүний улс орноо удирдсан 44 жилийн хугацаанд Монгол Улс аж үйлдвэр, мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт их үсрэлт хийсэн. Ю.Цэдэнбалын голчтой, тууштай, тогтвортой бодлогын үр дүн нь өнөөдөр ч бидэнд үр нөлөөгөө өгсөөр байна. Тэрбээр улс  орныхоо бүрэн бүтэн байдлыг дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрүүлж, хөдөө аж ахуй, суурин соёл иргэншил хосолсон орчин үеийн улс болгон хөгжүүлэх сорилтуудыг даван туулсан. 

Түүний Монгол төрд оруулсан хувь нэмэр, нэр төр, их гавьяа зүтгэлийг үлгэр дуурайл болгож, монгол хүн эх орон, ард түмнийхээ төлөө хэрхэн тэмцэж болдог сайн жишгийг харж, санаж явах учиртай. Монгол Улс мандан бадарч, монгол хүн эх орондоо энхжин жаргах болтугай” хэмээв.

Ч.Авдай: Ю.Цэдэнбал Монгол Улсаа гадаад оронтой харилцаатай болгоход хүчин зүтгэсэн хүн

/Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академийн ТУЗ-ийн дарга /


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академийн ТУЗ-ийн дарга Ч.Авдай  “Ю.Цэдэнбал дарга тухайн үед улс эх орноо аж үйлдвэр, эмнэлэгтэй, хүмүүсээ эрүүлжүүлэх, бичиг үсэгтэй болгох, гадаадын олон улс оронтой харилцаатай болгоход хүчин зүтгэсэн хүн. Жилээс жилд Ю.Цэдэнбал даргын гавьяаг хүмүүс дурсаж байна. Маршал Ю.Цэдэнбал дарга, түүний гэргий А.И.Филатовагийн байгуулсан гавьяа их. Дархан, Эрдэнэт хотыг бүтээн байгуулж, олон  үйлдвэрийг барьсан. Тухайн үеийн МАХН-ын X Их хурал хуралдахад их сургууль байгуулах тухай хэлэлцэх асуудал тусгагдаагүй байлаа. 

Тус хурлаар Ю.Цэдэнбал дарга МУИС-ийг байгуулах асуудлыг оруулж, хэлэлцүүлэн батлуулсан байдаг.  1940 онд Их хурал болж,  1942 онд МУИС-ийг нээж байлаа. Би  1976 оноос ШУТИС-ийн захирлаар 17 жил ажилласан хүн. Тухайн үед төрөл бүрийн инженер, техникийн боловсон хүчин шаардлагатай байна  гээд Ю.Цэдэнбал дарга  үүрэг даалгавар өгнө. Тэр дагуу манай сургууль жил бүр нэгээс хоёр шинэ мэргэжлийн анги нээж,  тухайн мэргэжилтэй холбоотой лабораторийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд  авчирна.  Үүний хүчинд бид шинжлэх ухаан, техникийн боловсролтой мэргэжилтнүүдээ бэлтгэсэн.  Өнөөдөр Ю.Цэдэнбал даргын ганц хүү Ц.Зориг Москвад хүндхэн амьдарч байна. Ю.Цэдэнбал даргын гавьяаг бодсон ч бид хүүг нь тэтгэж, дэмжих хэрэгтэй. 2021 онд маршал Ю.Цэдэнбал, гэргий А.И.Филатоваг нь цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан. Би Ю.Цэдэнбалын академид ороод хоёр жил болж байна. 

Ю.Цэдэнбал даргатай холбоотой асуудлаар үйлдвэрт ажиллаж байсан, орон нутгийн нам, төрд ажиллаж байсан хүмүүс байнга хандаж, дурсдаг юм шүү”  хэмээн онцлов.

Ц.Махбал: Ю.Цэдэнбал даргыг өнөөдөр дэлхий үнэлж байна

/Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академийн тэргүүн/

Мөн Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академийн тэргүүн Ц.Махбал “Ю.Цэдэнбал даргыг 44 жил төрийн тэргүүнд ажилласан хугацаанд Монгол Улс хөгжсөн. Үүнийг хойч үеийн залууст бид таниулах ёстой. Ю.Цэдэнбал дарга зөвхөн Увс аймгийн Давст сумын хүн биш, Ази тивийн төдийгүй дэлхийн социалист системийн удирдагчид дотор өндөр үнэлэгдэж байсан удирдагч. Ю.Цэдэнбал даргыг өнөөдөр дэлхий үнэлж байна” хэмээв. 


З.Түвшинбаяр: Бид аугаа эх орончийг хойч үедээ таниулах үүрэгтэй

/Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академийн гүйцэтгэх захирал/


Түүнчлэн Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академийн гүйцэтгэх захирал З.Түвшинбаяр "Монгол Улсын шинэ үеийн түүхэнд үсрэнгүй хөгжил авчирсан, хагас зуун жилийн ачааны хүндийг үүрч, ард олноо зөвөөр үлгэрлэж, хүний нутагт хилсээр гүтгэгдсэн ч “Эх орон минь намайг авна” гэсэн цагаан сэтгэлийн гэгээн итгэлээ гээгээгүй  байсаар тэнгэрт дэвшсэн аугаа их удирдагч Ю.Цэдэнбалын мэндэлсний 107 жилийн ой тохиож байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүтээн байгуулалт энэ хүнтэй салшгүй холбоотой. Бидний мэддэг бас мэддэггүй энэ хүнийг харлуулан ялласан ч үнэнээр цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тиймээс ч аугаа эх орончийг хойч үедээ таниулах үүрэгтэй” гэсэн юм.

Арга хэмжээний үеэр маршал Ю.Цэдэнбалын дурсгалд “Түүнгүйгээр” илтгэлийг Дархан-Уул аймгийн шилдэг илтгэгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан С.Акшолпан, А.И.Филатовагийн дурсгалд  “Түүнтэйгээр” илтгэлийг нийслэлийн Илтгэх урлагийн тэмцээний гурван удаагийн аварга, МУИС-ийн оюутан З.Анударь тавилаа.

С.Акшолпан: Маршал Ю.Цэдэнбалгүйгээр бид өчигдрийн түүхээ ярих боломжгүй

/МУИС-ийн оюутан/ 


 “Түүнгүйгээр” илтгэлдээ  “Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумын унаган хүүхэд. Илтгэлээ бэлтгэхээр судалж байхад нэг зүйл сэтгэлд минь ойрхон хүрлээ. Тухайн үед Дархан-Уул аймгийн үйлдвэр, заводыг бүтээн босгохоор сургууль, эмнэлэг барьж, Шарын гол руу өндөр хүчдэлийн шугам татаж, төмөр зам барих суурийг нь тавьсан байна.

Би Шарын голын иргэн хэрнээ энэ түүхийг мэддэггүй байлаа. Залуус бид үнэн түүхээ судалж, XIII  зуун, Чингис хаанаа судлан уншдаг. Тэгвэл бид өчигдрийнхөө үнэн түүхийг мэдэх бил үү. Монгол Улс НҮБ-д хэдэн онд элсэн орсныг мэддэг атлаа, хэний хүчинд элсэн орсныг бид мэддэггүй. Өнөөдөр бид шинжлэх ухаан, зам, боловсрол ярьж мэтгэлцдэг. Гэвч энэ бүхнийг хэн эх орондоо нутагшуулсан бэ гэдэг түүхэн гавьяаг нь мэддэггүй.  “Түүнгүйгээр”, их удирдагч Ю.Цэдэнбалгүйгээр бид өчигдрийн түүхээ ярих боломжгүй.

Монгол Улсын алтан жолоог атгаж байсан аугаа удирдагч Ю.Цэдэнбалын түүхэн амьдрал, гавьяа зүтгэл он жил улиран одсон ч Монголын ард түмний хувь заяатай амин судсаар холбоотой.  Чингисийн тулганд ассан галыг унтраах ёсгүй гэсэн үзэл, сэтгэлгээгээр их удирдагч Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан билээ” хэмээв. Түүний илтгэлд  1940 онд  Монгол Улс иргэний агаарын тээвэргүй, сургуульгүй, шинжлэх ухаан хөгжөөгүй, морин өртөөгөөр албаа тээдэг, олон улсын байгууллагуудын гадна  байсныг дурдаж,  Ю.Цэдэнбал хөдөө аж ахуйг  аж үйлдвэржүүлсэн, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт онцгой анхаарал тавьж, суурийг нь тавьсныг онцолжээ.

З.Анударь: бид түүхээ судалж, ухаарах хэрэгтэй

 /МУИС-ийн оюутан/


 “Түүнтэйгээр” илтгэлдээ мар­шал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн тухай дурд­лаа. З.Анударь “Цэдэнбал Фила­товагийн  талаар залуу үе сайн мэддэггүй юм байна. Судалж үзэхэд энэ хүн социализмын үеийн Монгол орны бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмрээ оруулсан. Олон улсын “Найрамдал” зуслан, Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн, Хүүхдийн ордон, Улаанбаатар хотод байгаа сургууль, эмнэлэг, ясли, цэцэрлэгийг барьж байгуулахад удирдан ажилласан хүчирхэг эмэгтэй байна.  

Энэ хүний Монгол оронд хийж бүтээсэн  үйлс нь их байгаа ч залуу үе бид мэдэхгүй, муугаар ярьж байдагт гайхсан. Хийж бүтээсэн зүйлийг нь алгасаж болохгүй. Залуу үе бид үүх, түүхээ судалж, ухаарах ёстой гэж ойлгосон гэлээ. Ийнхүү маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Монголын төрийг 1940-1984 онд тасралтгүй 44 жил удирдсан маршал Ю.Цэдэнбалын хийж, бүтээсэн их үйлсийг үнэлэн,   жирийн иргэд олноор ирж, цэцэг өргөн, хүндтгэл үзүүлж байгаа нь тод  харагдана.

Иргэд маршал Ю.Цэдэнбалыг дурсан ярьж байна.

Д.Амар: Боловсрол, шинжлэх ухааны салбарыг үндэслэн хөгжүүлэгч нь Ю.Цэдэнбал

/Монгол Улсын гавьяат багш/


-Аливаа зүйл өв уламжлал, залгамжлалаа дагаж хөгждөг тавилантай. Боловсрол, шинжлэх ухааны салбарыг үндэслэн хөгжүүлэгч нь Ю.Цэдэнбал. Өнөөдөр манай залуус боловсрол, шинжлэх ухааны салбарт их зүйл хийж байна. Үүний үндэс суурийг  Ю.Цэдэнбал нөхдийн хамт  тавьсан.   Эрдэнэт хот, Дархан-Уул аймаг болон Багануур дүүргийн бүтээн байгуулалтыг өрнүүлж, гадаад орнуудыг уриалан, зохион байгуулсан хүн бол Ю.Цэдэнбал. Энэ хүний бүтээсэн зүйлийг хойч үе үргэлжлүүлэх ёстой.

С.Жамсран: Өмнөх үеийнхээ бүтээснийг хойч үе өнгөлөх ёстой

/Увс аймгийн Давст сумын иргэн/

-Монголын төрийг 44 жил удирдсан, нэрт удирдагч Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд залуу хүний хувьд өглөө эртлэн босоод ирлээ. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс дээр Монгол Улс хөгжинө. Тийм учраас өмнөх үеийнхээ хийж, бүтээсэн зүйлийг дараа үе өнгөлж, бодож, сэтгэж, эрчтэй ажиллах ёстой гэж залуу хүний хувьд хүсэж, мөрөөдөж явдаг. Тийм учраас өөрийн сэтгэл зүрхний дуудлагаар энд ирсэн юм. Хүн зөвхөн өөрийнхөө төлөө нэгэн насыг зориулж болно.  Харин бусдын төлөө нэгэн насыг зориулна гэдэг маш том зориг юм.

Л.Цэрэндулам: Ю.Цэдэнбал даргын гүйцэтгэсэн  үүргийг оюутан, сурагчдадаа таниулж ирлээ

/Ахмад багш/


-Нөхөр бид хоёр 40 орчим жил багшлахдаа Ю.Цэдэнбал даргын гүйцэтгэсэн  үүргийг оюутан, сурагчдадаа таниулж ирлээ. Ю.Цэдэнбал дарга, түүний гэргий А.И.Филатова нар Монгол оронд олон сайхан үйл хийж, хөгжүүлсэнд өндөр настны хувьд хязгааргүй баярлаж явдаг. Ардчилсан нийгэм хөгжөөд 30 гаруй жил болсон ч түүхэн хүмүүсээ дурсаж, байгуулсан гавьяа, бүтээсэн зүйлийг нь түмэнд хүргэх ёстой.

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 14 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 16 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 16 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 16 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 17 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 17 цагийн өмнө
SDY Calling you... 17 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 17 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 17 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 17 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 17 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22