Үйлдвэрлэгчээс экспортлогч болох алсын хараатай Чингэлтэй дүүргийн ЖДҮ


Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гол ачааллыг нуруундаа үүрч яваа Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийнхнийг энэ удаагийн дугаарт онцолж байна. Чингэлтэйнхэн энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, гол бодлогоо чиглүүлж буй. Тэгвэл энэ хүрээнд тус төвийнхөн хэрхэн ажиллаж байна вэ, үйлдвэрлэгчдээ  дэмжиж, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь  тогтвортой амжилттай байлгахын тулд бодлогын ямар дэмжлэг үзүүлж байна вэ. 

Энэ асуултын хариулт болгон хоёрхон жишээ татахад нийслэлчүүдийн олноор зорьж очин, худалдан авалт хийдэг “Бөмбөгөр”, “Нарантуул” худалдааны төв  дэх дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн хийж, урласан бүтээгдэхүүний дийлэнх хувийг Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нийлүүлдэг гэхээр тэдний явуулдаг үйл ажиллагаа ямар цар хүрээтэйг, дүүргийн удирдлагууд нь үйлдвэрлэл эрхлэгчдээ  хэрхэн дэмждэгийг   бүрэн  илтгэнэ.  Тодруулбал, дүүргийн  “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-өөс “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд “Чингэлтэйд үйлдвэрлэв” дэлгүүрийг ажиллуулдаг. Тэнд үндэсний болон европ 37, бэлэг дурсгалын чиглэлээр 15, нийтдээ 52  үйлдвэрлэл эрхлэгч бараа бүтээгдэхүүнээ  худалдан борлуулдаг.   

Тэдний хувьд  энэ оны наймдугаар сарын байдлаар 3755 ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулж, 224.312.600 төгрөгийн борлуулалт хийсэн үр дүнтэй байна. Тэднийг ийнхүү үйлдвэрлэлээ эрхлэн, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, хэрэглэгчийн гарт  хүргэх хүртэлх бүх процесст дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийнхөн бүх талын дэмжлэг үзүүлдэг бөгөөд лангууны түрээсийн төлбөрөөс ч чөлөөлдөг байна. Түүнчлэн  нийслэлийн хамгийн том худалдааны төв болох “Нарантуул”-ын гутал болон оёмол бүтээгдэхүүний 50-60 хувийг Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид хийж, нийлүүлдгээрээ онцлогтой. 

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих  төв”-д өнөөдрийн байдлаар сүлжмэл, модон эдлэл, оёдол, арьсан эдлэл, гутал, эсгий эдлэл, төмөр хийц, бэлэг дурсгал гэсэн есөн  чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ингэхдээ  1000 орчим жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, 2400 иргэний ажлын байранд дэмжлэг үзүүлж, түрээсийн хөнгөлөлттэй ажлын байранд 24 үйлдвэрлэл эрхлэгч, зөөврийн ажлын байраар 123 үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжин ажиллаж байна. 

 “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийнхөн өнөөдрийн байдлаар нийт дөрвөн байртайгаар үйлдвэрлэл эрхлэгч, аж  ахуйн нэгж, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэж буй. Тус төвийн үндсэн байранд үйлдвэрлэлийн зориулалтаар 20-80 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 12  бичил, жижиг дунд үйлдвэрлэгч оёдол болон арьсан эдлэл, сүлжмэл, алт мөнгөний дархны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 Харин Чингэлтэй дүүргийн  XV хороонд байрлах байрыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн шийдвэрээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэвийн ажиллагаанд оруулан, найман үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бол XI хороонд байрлах байранд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран үйлдвэрлэлээ эрхэлж байгаа юм байна.  XVII хороонд байрлах байранд гурван үйлдвэрлэгч хамтран модон эдлэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа юм.  

Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн   хөгжлийн түүхийг авч үзвэл Чингэлтэйнхэн 2011 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих төвийг анхлан байгуулж байжээ.  Дүүргийн ИТХ-ын  тэргүүлэгчдийн 94 дүгээр тоот тогтоолоор “Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв”  нэртэйгээр байгуулж байсан энэ төв өдгөө 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй.   Жижиг,  дунд үйлдвэр,  үйлчилгээг дэмжих тухай хуульд  2019  онд  нэмэлт, өөрчлөлт оруулснаар тус төвийн нэрийг өөрчилсөн байдаг. Өөрөөр хэлбэл, жижиг дундын салбарт үйлчилгээ хамаардаггүй байсныг энэ хуулиар өөрчилж,  цар хүрээг нь өргөжүүлснээр 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр  дүүргийн ИТХ-аас “Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих  төв” болгон өөрчилж дүрмийг шинэчлэн баталжээ.  
Ийнхүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргаж, бүтээмжийг нь өсгөхөд гол анхаарлаа хандуулдаг “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийнхөн алсын хараагаа үйлдвэрлэгчээс экспортлогч болгоход чиглүүлжээ.  Жижиг, дунд үйлдвэр, нөхөрлөл хоршооны салбарынхны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, тэднийг кластер хэлбэрээр хөгжүүлэхийг зорьж буйгаа тус төвийн дарга Т.Уламбаяр бидэнд онцолсон. Түүний хувьд жижиг дундынхны бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ажлын байр нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болгохыг зорьж ажилладаг.  Энэ ч үүднээс тус төвийн даргаар томилогдсон даруйд салбарын хууль тогтоомжид нийцүүлэн, үйл ажиллагааг нь өргөтгөснөөр өдгөө бүтээмж, чанар нь мэдэгдэхүйц хэмжээнд дээшлээд байгааг бэлхнээ харж болохоор байна. 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн  хувьд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ бүх талаар дэмждэг бөгөөд шаардлагатай төсөл, хөтөлбөрт хамруулах, хөнгөлөлттэй зээл олгох тухайд гол бодлогоо чиглүүлэн ажиллаж буйг дараах тоон статистикаас харж болно. Зөвхөн сүүлийн гурван жилийн дүн мэдээнээс харахад дүүргийн хэмжээнд нийт  284 үйлдвэрлэгчийг 7 тэрбум 191.900  мянган төгрөгийн өртөг бүхий гадна, дотнын  төсөл хөтөлбөр, зээл, тусламжид хамруулжээ. 


Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 14 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 15 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22