Х.Болорчулуун: Квот тогтоогоогүй учраас махны экспорт эрс нэмэгдсэн


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай ярилцлаа. 

-Хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мал аж ахуйн сэргэлт” сэдвийн хүрээнд залуу малчдын үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү чуулга уулзалтад оролцсон залуу малчид нийтлэг ямар асуудлыг хөндөж байв.  Та бүхэн ямар үр дүн, шийдэлд хүрсэн бэ? 
-Малчид ижил тэгш боломж нөхцөлөөр хангагдахыг хүсэж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмж, хөнгөлөлттэй зээл, урамшууллын асуудлыг хөндлөө. Мал аж ахуйн сэргэлтийн хүрээнд залуу малчдыг дэмжих хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулсан. Тус хөтөлбөрт MCYT-өөр дамжуулан малчин, мал зүйч, малын эмчийн туслах зэрэг боловсон хүчнийг бэлтгэхээр тусгасан. Үүний хүрээнд ирэх 2024 онд 1000 малчныг сургахаар төлөвлөж байна. Үүнд шаардлагатай тодорхой хэмжээний санхүүжилтийг төсөвлөөд явж байгаа. Мөн малчдад эрүүл мэнд, ахуйн болон соёл спортын үйлчилгээ үзүүлэх Малчдын хөгжлийн төв байгуулна. Түүнчлэн сумын төвүүдэд малчдын хүүхдүүдийг сургах дотуур байрны хүрэлцээг бүрэн хангах, багш нарын тоог нэмэгдүүлэх,  малчдын хүүхдүүдийг долоон настай сургуульд элсэх боломжоор хангана. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй дотуур байранд 35.7 мянган хүүхэд амьдарч байгаас 26.8 мянга нь малчдын хүүхэд байгаа юм. 
Үүнээс гадна тэжээл тариалах боломжтой 100 суманд 100 га талбайд малчдын бүлэг байгуулсан тохиолдолд техник, тоног төхөөрөмж, үр, бордоо, хөрс хамгааллын тоноглолыг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр олгохоор төлөвлөн ажиллаж байна. Мөн мал аж ахуйн кластер төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ Өвөрхангай аймгийн төслийн загварыг бүсчилсэн хэлбэрээр хэд хэдэн аймагт байгуулах юм. Төслийн дэд бүтцийг төрөөс санхүүжүүлнэ.


-Нэг үеэ бодвол малчид маань малын тооноос илүү чанарт анхаарахыг илүүд үздэг болсон байна. Үүнд нэг талаас малчдын өөрсдийнх нь санал санаачилга, идэвх оролцоо чухал ч, нөгөө талаас холбогдох яамны дэмжлэг, зохицуулалт шаардлагатай болов уу? 
-Монгол Улсын Үндсэн хуульд “Мал үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар үеийн үед мал, малчдаа бодлогоор дэмжиж ирсэн. Тухайлбал, сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 80 тэрбум, олон улсын байгууллагуудаас 120 тэрбум төгрөгийг дэмжлэг, тусламж хэлбэрээр зарцуулсан байдаг. Монгол Улсын мал сүргийн тоо толгой 71 сая, төлтэйгөө нийлээд 90 орчим сая хүрч байна. Ингэж өсөж байгаа нь сайшаалтай ч малын тоо толгой болон цаг уурын өөрчлөлт зэрэг нь бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудлаар тал бүрийн гарц шийдэл дэвшүүлж, арга туршлагаа хуваалцан хэлэлцэж байна. Тухайлбал, эрчимжсэн мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйг хослуулж мал маллах нь илүү үр дүнтэй гэдэг санал гарч, үүнийг ч залуу малчид нааштайгаар хүлээн авч байна. Малчид малаа бэлчээгээд орхих биш эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй. Малын хорио цээрт дэглэм бүхий эрүүл бүс байгуулж, монгол малын махаа дэлхийн жишгээр экспортлох ажлын бэлтгэлийг хангуулан ажиллаж байна. Засгийн газрын 424 дүгээр тогтоолын хүрээнд малын эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах зорилгоор хилийн боомтуудыг түшиглэн баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймаг, Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшиг сумдын нутаг дэвсгэрийн тодорхой байршилд, Хэнтий аймгийн Дадал сумын тодорхой нутаг дэвсгэрт, Дорнод аймгийн Халхгол сумын Хөдөө аж ахуйн Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тусгай хэрэгцээний талбайд “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Хөвсгөл аймгийн хувьд хил залгаа болон хөрш, зэргэлдээ улсууд руу мал, махаа экспортлох боломжтой учир аймгийн хэмжээнд эрүүл бүс болох хүсэлтээ ирүүлээд байгаа. Энэ нь эдийн засгийн болон олон талын ач холбогдолтой учраас дэмжиж ажиллана.


-Тоон мэдээллээс харахад манай улсын махны экспортын хэмжээ өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн байна. Үүнд бодлогын ямар шийдэл нөлөөлсөн бэ?  
-Малчдын орлогын гол эх үүсвэр мал, мах байдаг тул үүнд бид онцгойлон анхаарч ажилласнаар махны экспорт эрс өссөн. Тодруулбал, өнгөрсөн 2022 онд 16 мянган тонн мах экспортолсон бол энэ жилийн эхний есөн сарын байдлаар 53 мянган тонн мах экспортлоод байна. Энэ эрчээрээ цааш үргэлжилбэл цар тахлын өмнө түүхэндээ 71 мянган тонн мах экспортолж байсан оргил үеэ давах боломжтой. Энэ нь яам махны экспортод ямар нэгэн хориг саад, хүнд сурталгүйгээр түргэн шуурхай үйлчлэх нэг цонхны бодлого барьж ажилласантай холбоотой. Тухайлбал, бүх төрлийн махыг экспортлоход квот тогтоогоогүй. Өнгөрсөн жилийн тухайд үхрийнхээс бусад махны квотыг цуцалсан байсан бол хэдхэн хоногийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, үхрийн махыг бас квотгүй болгосон.  Мөн бид Монголын махны холбоотой хамтарч экспортлох махны доод үнийг тогтоох зэргээр холбогдох бодлогын шийдэл гаргасан. Тухайлбал, хонины махны доод үнийг киллограмм нь 3.5 ам.доллароор тогтоож, үнэ унагахгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.


-Цаашид томоохон ямар үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?  
-Хөвсгөл, Баянхонгор, Орхон, Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Зүүнхараад 3500 гаруй тоннын ногооны зоорийн аж ахуйг байгуулж, ирэх арванхоёрдугаар сараас ашиглалтад оруулах гэж байна. Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой энэхүү зоорийг ашиглалтад оруулснаар тухайн аймгуудын газар тариалан эрхлэгчид стандартын шаардлага хангасан зориулалтын агуулахтай болж, төмс, хүнсний ногоог удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэх төдийгүй хүн амын хүнсний хангамжид төмс, хүнсний ногоог зоорийн аж ахуйгаас өвөл, хаврын улиралд тогтвортой нийлүүлэх боломж бүрдэж байна.
Мөн Баянхонгор аймгийн нөөцөд түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Өнгөрсөн оны мал тооллогоор бүртгэгдсэн Баянхонгор аймгийн 45500 гаруй тэмээний 17 мянга гаруй нь ингэ. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой гэсэн тооцоо гарсан. Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. 


-Ирэх 2024 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Танай салбарын хувьд ирэх оны төсвийн төсөлд хэчнээн төгрөг тавигдаж байгаа вэ. Тухайлбал, тухайн төсөв мөнгийг ямар асуудалд зарцуулахаар төлөвлөж  байна? 
-Манай яамны 2024 оны төсөвт урьдчилсан байдлаар 528 тэрбум төгрөг тавьсан байгаа. Махны экспортын тоо хэмжээ өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж байгаа хэдий ч бид дэлхийн зах зээлийн жишиг үнээр борлуулж чадахгүй байна. Иймээс олон улсын жишгээр эрүүл бүс, тусгаарлагдсан аж ахуйн нэгж байгуулахаас гадна малыг ямар нэгэн өвчин эмгэггүй байлгаснаар дэлхийн зах зээлийн жишиг үнээр махаа экспортлох боломж бүрдэнэ. Тиймээс ирэх жил энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Ингэхдээ бүх мал сүргээ бүртгэл, хяналтад оруулж, цахимжуулах, вакцинжуулах ажлыг зохион байгуулна. Үүнд зарцуулах хөрөнгө санхүүг улсын төсөвт суулгаж өгсөн. Үүнээс гадна вакцинжуулалтыг үр дүнтэй байлгах хөшүүрэг болгож малын эмч нарын цалин, урамшууллыг ирэх жилээс нэмэгдүүлнэ. Мөн Засгийн газар 2024 оноос орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр болсон. Ингэхдээ аймагт ажиллаж буй төрийн албан хаагч 20, сумдад 40 хувийн нэмэгдэл урамшуулал авна. Түүнчлэн Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг төсөвлөж, орон нутагт орон сууцны гурван хувийн хүүтэй зээл олгож байна. 


-Та бүхэн энэ оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарласан. Энэхүү зорилго зорилтын хүрээнд тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид ямар дэмжлэг тусламж үзүүлсэн бэ? 
-Аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр таван жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл олгож байна. Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэл болон төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжих хөнгөлөлтэй зээлд 175 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, 112 тэрбум төгрөгийн зээл аваад байна. 
Үүнээс 176 аж ахуйн нэгж, иргэн 67.6 тэрбум төгрөгийн зээл авч, зоорь, хүлэмжийн аж ахуй, услалтын систем, үтрэм байгуулах, техник тоног төхөөрөмжөө шинэчилж байгаа нь үр дүнгээ өгч байна.


-Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр эрс хүйтэрч, зарим нутгаар цас орсон нь ургац хураалтад нөлөөлсөн болов уу. Газар тариалангийн бүс нутгуудаар нөхцөл байдал ямархуу байна вэ. Төлөвлөсний дагуу ургацаа бүрэн дүүрэн хураан авч чадах уу?
-Энэ жил ургацын баланс сүүлийн 10 жилд байгаагүй өндөр тогтоогдсон. Гэвч энэ жилийн намар хур тунадас ихтэй байгаа учраас буудайн чанарт нөлөөлж байна. Хур бороо, цас орсонтой холбоотойгоор ургац хураалтын ажил технологийн хугацаанаас даруй 10-15 хоногоор хойшлох төлөвтэй байна. Тиймээс ургац хураалтад анхаарах технологийн зөвлөмжийг тариаланчдад хүргүүлээд байна. Энэ онд улсын хэмжээнд нийт 629.6 мянган га-д тариалалт хийснээс одоогоор төмс, хүнсний ногооны 70 гаруй, тэжээлийн ургамлын 30 орчим хувийг хураан аваад байна. 


-Жил бүрийн ургац хураалтын үеэр хүн хүч, тоног төхөөрөмж, агуулах зоорийн хүрэлцээ хангамжийн асуудал үүсдэг. Энэ удаад эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ? 
-“Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-ийн Улаанбаатар хот болон Булган, Сэлэнгэ, Хөтөл, Хархорин, Угтаал, Дархан салбарууд нийт 188 мянган тонн улаан буудай хүлээн авах хүчин чадалтай. Тухайн долоон салбарын агуулахад мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний тоног төхөөрөм­жийн засвар үйлчилгээг хийж, ургац хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангуулаад байна.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22