ХХ зууны эхээр, Богд хаант Монгол Улс байгуулагдаж эхэлмэгц төр засгийн бодлого, шийдвэрийг сурталчлах, хэрэгцээт хууль шастир болон сургуулийн сурах бичиг зэргийг хэвлэн гаргахын тулд хэвлэлийн бааз суурь шаардлагатай болжээ. Модон барын хэвлэлийн аргаас хорголжин барын хэвлэлийн аргад шилжих нь амаргүй хэрэг хэдий ч шинэ аргын давуу тал нь Монгол Улсад асар их ач холбогдолтой байлаа.
Нийслэл Хүрээнд ажиллаж байсан Оросын худалдаачин Ф.Москвитин Санкт-Петербург дэх В.Котвичид 1912 оны есдүгээр сарын 8-ны өдөр бичсэн захидалдаа “Хэсэг нөхдийн хамт би хэвлэлийн хороо байгуулж буй бөгөөд монгол үсгийн тэмдэгтийг санамсаргүй Эрхүүгээс олж авлаа. Одоо эхлээд хэвлэлийн хорооны зардлаар монгол хэдэн сонин үнэгүй гаргая. Дараа нь Консулын газраар дамжуулан, хэрэв энд Коростовец (Оросын Элчин төлөөлөгч – Т.Е) ирэх бол, түүгээр дамжуулан сонинд улсаас (Монголоос – Т.Е) тэтгэлэг гаргаж өгөхийг санал болгох бодолтой байна...” гэжээ.
Тэр үед ном хэвлэлийн хэрэгцээ шаардлага их байсан учраас хэвлэх үйлдвэр байгуулах аливаа санал санаачилгыг Монголын Засгийн газар дэмжиж байжээ. Ф.Москвитины байгуулсан хэвлэлийн хороо нь Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллах болсон учир уг хэвлэлийн газрыг Орос-Монгол үсгийн хэвлэлийн хороо хэмээн нэрлэж монгол, орос ажилчид ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Оросын бүрэн эрхт элчин төлөөлөгчтэй хийсэн хэлцлийн дагуу хэвлүүлэхээр шийдвэрлэсэн Монголын шинжлэх ухаан, олон нийтийн анхны хэвлэл “Шинэ толь” сэтгүүл (1913 оноос эхлэн хэвлэж, 1915 оноос нэр нь өөрчлөгдөж долоо хоног тутамын “Нийслэл Хүрээний сонин бичиг” нэртэй болсон), анхдугаар сонин бичиг “Нийслэл Хүрээний мэдээ”-г тэнд хэвлүүлж байсан юм. Орос-Монгол үсгийн хэвлэлийн “Энэ үйлдвэр Оросын төмөр замыг бараадан Харбин хотод ажиллаж байсан үйлдвэрээс улбаатай бөгөөд дарга Эповыгоо аваад ажилчид нь хүртэл Харбинаас шилжин суурьшсан байдаг” ажээ.
Ийнхүү Нийслэл Хүрээнд 1912 оны есдүгээр сард байгуулагдаж, 1913 онд Оросын Монгол дахь Консулын газрын мэдэлд шилжсэн “Орос-Монгол үсгийн хэвлэлийн хороо” нь орчин цагийн анхны хэвлэлийн үйлдвэр байжээ. “Орос-Монгол үсгийн хэвлэлийн хороо”-нд сургуулийн сурах бичиг, нийтэд зориулсан ном хэвлэлийг хэвлүүлэх нь нээлттэй байсан хэдий ч тусгаар тогтносон Монгол Улсын хувьд бүх зүйлээ орос худалдаачны хэвлэлийн хороонд хэвлүүлэх нь зохимжгүй байсан төдийгүй, гадаад дотоод улс төрийн бодлоготой холбоотой зарим хэвлэмэл баримт бичгээ нууцлах, гаргасан бодлого шийдвэрээ гаднын ямар нэгэн нөлөөгүйгээр олон түмэнд шууд таниулахын тулд өөрийн гэсэн хэвлэх үйлдвэртэй байх явдал чухал байлаа. Учир иймээс тухайн үеийн Гадаад явдлын яамнаас хэвлэх үйлдвэр байгуулах санаачилга гаргажээ.
Чухамхүү ийм зорилгоор тэр үед байгуулагдсан орчин цагийн хоёрдугаар хэвлэх үйлдвэр нь Гадаад явдлын яамны дэргэд байгуулагдсан хэвлэлийн газар буюу Монгол хэвлэлийн хороо байсан юм. Монгол Улс ийнхүү 1912 онд Орос улсын нийслэл Петербург хотоос хорголжин бар, хэвлэлийн машин худалдан авсан тухай баримт гэвэл, 1912 оны аравдугаар сарын 18-нд бичиг үйлдэж ”Орос улсад төмөр хэвээр сийлсэн монгол дан үсгийн хэв ба дармал дарах эргүүлэг үнэ асар үлэмжгүй, хэрэглэхэд маш түргэн тустай” болох талаарх хүсэлтээ ”Гадаад яамнаас Бүгд Ерөнхийлөн захирах, Дотоод, цэргийн, шүүх яамнаа хуудсаар илгээх учир, сая манай яамнаас, Орос улсаас монгол дан үсгийн төмөр хэв ба дармал дарах эргүүлэг нэг бүрийн үнэ хөлсийг Сангийн яамнаас тавин олгож, худалдан авч авчруулах, аливаа дармал дарж хэрэглэх зүйлд үргэлжид түргэн тус болгож болох эсэхийг хуудсаар зөвлөхөөр явуулсанд Дотоод яамнаас энэ нь хялбараар олдох их л хэрэг байх мэт. Харин хэмжээ маягийг энд хэрэглэж болохоор захивал сайн бол уу. Энэ удаа төвөд үсэг захихыг азнавал ямар хэмээн цохсон ба Цэргийн, Сангийн яам цөм Дотоод яамны цохсон зүйтэй, Шүүх яам ийнхүү хэвийн үсэг авах нь зүйтэй. Бүгд Ерөнхийлөн захирах яамнаас энэ удаа төвөдийн хэв хэрэглэх зүйл бага тул түүнийг зогсоож, монгол үсгийн хэвийг даруй зохих газар захиалгаар явуулж ирүүлэх нь маш эрхэм, хурдханаар завдаж ирүүлэлтэй хэмээн тус тус цохож ирүүлжээ. Үүнд хянаваас энэ зүйлийн хэв эргүүлгийг зүй нь манай яамны тэргүүн сайд Орос улсад одох ялдар хэмжээ маягийг үзэж аваад хурдханаар нааш түргэлүүлбэл болох тул Сангийн яамнаа явуулаад олдвоос зөвшөөрвөөс хэрэглэх үнэ хөлсөд элбэг хүрэлцэхийг бодож цөлхөө цаас нэгэн мянга таван зуун хуудсыг гаргаж даруй манай яамнаа түргэн ирүүлж ажаамуу. Олноогийн хоёрдугаар он, арван сарын хорин” гэжээ.
ХХ зууны эхэн үед монголчууд гараар хөдөлгөдөг машины хэвлэлтэй болж, өөрийн эх хэл дээр элдэв ном дэвтэр хэвлэх болсон явдал модон бараар харь хэл дээрх шашны үзэл суртлын олон ном судар хэвлэж байсан урдахь үеийг бодвол алхам урагш дэвшсэн хэрэг байсан юм. Тэр төдийгүй машин техникийн боловсон хэвлэлтэй болохын эх үүсвэр чухамхүү “Монгол хэвлэлийн хороо” гэдэг жижиг хэвлэлийн газрыг тэр үеийн Гадаад явдлын яамны мэдлийн дор анх удаа байгуулснаар эхэлжээ. Монгол Улс хэвлэх үйлдвэрт зориулж 1913, 1914 онд Санкт-Петербургээс хэвлэлийн үсэг материал авч байв. Тэр үед байгуулагдсан гурав дахь хэвлэх үйлдвэрийн тухайд, мөн энэ үед Шанзавын буюу Их шавийн яамны дэргэд гар хэвлэлийн жижиг машин нэг, чулуун хорын бар нэг, бас бус зүйл байснаар тусгай жижиг хэвлэлийн газар байгуулсан бөгөөд энд дөрвөн хүн ажиллаж, тус яамнаас харьяат олон отогт зарлан тушаах албан хэрэг, Богдын зарлиг, сургаал гэх мэтийн зэрэг зүйл хэвлэдэг байжээ. “Тэр гар өрлөгийн хорголжин үсэгтэй хэвлэл Гадаад яаманд анх бий болоод албан бичгийн үг үсгийг өрж хэвлэн тархааж байсанд Шавь яам түүнийг сонирхон, Гадаад яамнаас нэг суурь хэвлэх машин, нэг хэсэг үсгийн хамт салган авч шавийн хэвлэл салбарлан байгуулсан байжээ. Шавийн хэвлэл гол төлөв албан бичиг, зарлал эрхлэн, цаг тооны бичиг гэдэг хуанлийн төдийхнийг хэвлэж байсан” гэж академич Б.Ринчен тэмдэглэсэн байдаг.
Монгол Улсын Засгийн газар хэвлэх үйлдвэр байгуулахаас гадна “Монгол Улсын хууль зүйн бичиг, түүх шастирыг зохиох газар” байгуулагдаж байв. Монголын “автономит Засгийн газар нь 1918 оноос Монголын хууль, шастир хэвлэн гаргах болж бичиг үсгийн боловсрол чадвартай хүмүүсийг хэвлэлийн газар татан ажиллуулах болжээ. Тэгэхэд Д.Сүхбаатарыг Цэргийн яамнаас тэнд үсэг өрөгчийн ажил хийлгэхээр түр шилжүүлэн авчээ”. “Сүхбаатар 1918 оны эцсээр цэргээс халагдаад Орос-монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгч байлаа. Тэр үйлдвэрт нь Оросын хувьсгалч, үсэг өрөгч, механикч Михайл Иванович Кучеренко ажиллаж байв. Энэ хүн Нийслэл хүрээнд байсан хувьсгалчдын нэг удирдагч нь байв” гэж цохон тэмдэглэсэн байдаг юм.
1921 онд Монгол ардын хувьсгал ялсны дараа Хэвлэх үйлдвэрүүдийг сэргээн босгож, тоног төхөөрөмжийг нэмж суурилуулснаар Монгол Улсын хэвлэлийн үйлдвэрийн хөгжлийн шинэ үе эхэлсэн түүхтэй юм. Богд хаант Монгол Улсын үед Гадаад яамны мэдэлд ажиллаж байсан хэвлэлийн машин хэрэгсэл мөн Шанзавын яамны дэргэд ажиллаж байсан хэвлэлийн машин хэрэгслийг авч нэгтгэн “Монгол хэвлэлийн хороо” нэртэйгээр шинэчлэн байгуулж, Намын төв хорооны шууд мэдлийн дор ажиллуулах болжээ.
Монгол Улсад орчин цагийн хэвлэх үйлдвэр үүсэж байгуулагдсаны ойг анх Гадаад явдлын яамны хэвлэлийн хороо байгуулагдсан өдрөөр авч тэмдэглэж ирсэн түүхэн уламжлал ёсоор өнгөрсөн онд 110 жилийн ой нь тохиосон юм. Монгол Улсад ардчилал, зах зээлийн замд шилжиж орох 1990 он хүртлээ хэвлэлийн үйлдвэрүүд зөвхөн улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, машин тоног төхөөрөмж болон мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудлыг улс хариуцаж байв. Харин 1991 онд Улсын Бага хурал БНМАУ-ын өмч хувьчлах хууль баталж, өмч хувьчлалын цэнхэр болон ягаан тасалбараар өмнө нь ажиллаж байсан хот, хөдөөгийн бүх хэвлэх үйлдвэрүүд бүрэн хувьчилагдсан юм. Ийнхүү хэвлэлийн үйлдвэрүүд бүхэлдээ хувийн өмчлөлд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн дотор цахимжсан хэвлэлийн эх бэлтгэл, орчин үеийн дэлхийн хөгжилтэй орнуудад ашиглагдаж буй хамгийн сүүлийн үеийн олон өнгөөр хэвлэх өндөр хүчин чадал бүхий автомат машин төхөөрөмж, ном цуглуулж хавтаслах шинэ технологи нэвтэрч, Монголын хэвлэлийн салбар нь шинэ шатанд шилжсэн юм.
Т.ЕТЕКБАЙ
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,соёл судлалын ухааны доктор/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна