Цахимын цагаан солио


Намайг багад  Норжмаа багш гэх  махлагдуу бор эмэгтэй Мөрөнгийн төвөөр явах. Ноорч, тамтаг болсон хүрэн улаан дээлтэй, өвөл зунгүй хөл нүцгэн явах тэр эмэгтэйг хараад  ээж минь “Их сайн багш байсан. Зайлуул номын цагаан солио тусчихсан юм” гэж ярих. Дүнгэнэтэл амандаа юм бувтнах Норжмаа багш Лениний бүхий л ботийг цээжээрээ мэддэг, “Дөлгөөн дон”, “Тунгалаг тамир” романы хэддүгээр хуудсанд юу гэж бичсэн байгааг  хүртэл бүгдийг нь хэлдэг байсан юм гэнэ билээ. Дан ганц Норжмаа багш биш “номын солио” туссан гэдэг оноштой хүмүүс тэр үед хаа сайгүй байдаг байлаа. Хэт их уншиж, хэт их бодож,  уншсан номныхоо дотор нь явж ороод буцаж гардаггүй юм уу, аль эсвэл тэр үеийн сэхээтнүүдийн ухаан самуурлыг “номын солио” гэж оношилсон ч юм уу, бүү мэд. Харин өнөөдөр номын солио туссан хүн байхгүй болж, оронд нь “сошиалын цагаан солио” туссан хүмүүс хэт их олширчээ. Энэ бол хүний уншиж, харж буй мэдээлэл хүний тархинд ямар гүнзгий ачаалал өгдөг вэ гэдгийн баталгаа.

Дэлгэцийн донтолт, сошиал солиорол гэж нэрлээд байгаа энэ нийгмийг хамарсан үзэгдлийг дотор нь бас хэд хэд ангилж болох юм.

Цахим орчин олны танил болж, лайк, шейр     цуглуулах “дон” бас тахал шиг л халдварлаж байна. Саяхан 12 настай охин Сайншандаас алга болж, харамсалтайгаар амиа алдсан. Амиа алдсан охины араас эмгэнэн гашуудах, харамсах хүн олон байсан. Гэвч тэдний хажуугаар энэ хэргийн мэдээллийг цахим орчинд  сэвж хандалт авахыг хүсэгчид цөөнгүй байлаа. “Талийгаач охинд  зориулан зул өргөнө. Сэтгүүлчдийг урьж байна” гэсэн зарыг нэгэн улс төрийн намаас тарааж байх юм. Тэд “Эмээ маань өөд болчихлоо. Эмээдээ зориулан зул өргөнө. Сэтгүүлчдийг урьж байна” гэж  хэзээ ч зар тавихгүй нь мэдээж. Гол нь олны анхаарлыг татсан асуудлыг шүүрч авч ямар нэгэн хариу үйлдэл гаргаж байж олны анхаарлыг өөр рүүгээ  татах л зорилготой. Энэ эмгэнэлт хэргийн дараа нүүрээ цэмцийтэл будаад хачин дэгжин хувцасласан бүсгүйчүүд урдаа лаа асааж, залбирал үйлдэж байгаа зургаа ээлж дараалан оруулав. Энэ бол лайк, шейрийн “донтон”-ууд. Тэдний хажуугаар лайв буюу шууд бичлэг хийгчдийн бүхэл бүтэн арми бас бий болжээ. Гар утсаа гартаа шүүрч аваад хаашаа л бол хаашаа дайрч орон, шударга ёс ярьж, хүний эрх зөрчигчид. Таксины үйлчилгээ эрхэлж явахдаа хүртэл бичлэг хийнэ. Ард сууж байгаа хүний унтаж байгааг хүртэл бичээд цахим орчинд түгээчихнэ. Гол нь сайн орилж, хашхирч, олны анхаарлыг татах ёстой. Ялангуяа харааж зүхэх юм бол илүү их хандалт авна гэсэн ойлголттой. Бүх нийтээрээ дагаж байгаа дүрэм, журмыг зөрчих тусмаа илүү сайн. Иймэрхүү лайвчид сүүлдээ аймаг сум бүрд байдаг, хандалтаараа хоорондоо өрсөлддөг болж. Идсэн хоолныхоо бичлэгээс эхлээд Их хурлын тогтоол шийдвэртэй заргалдаж лайв хийгчдийн дунд мэдэхгүй, чадахгүй гэх зүйл өчүүхэн ч үгүй бөгөөд дэлхий нийтийг хамарсан дайн байлдаан, геополитик, эдийн засгийн онолоос эхлээд гудамжны нохой, шувууны асуудлаар хүртэл өргөн хүрээнд ярьцгаана. Осоржаамаа гэгч залуу халамцуу бүжиглэж “Жорлон орчихоод ирье” гээд гэрээсээ гарч гүйхэд 28 мянган монгол түүнийг жорлонгоос гарч ирж лайваа үргэлжлүүлэхийг бүхэл бүтэн 10 минут амьсгаа түгжин хүлээх жишээтэй. Сүүлдээ бүр лайв хийж мөнгө төгрөг гуйдаг, эсвэл дургүй хүрсэн нэгнээ харааж загнадаг болж. Нэгэн удган гэх эмэгтэйн ээж “Миний охины онго сахиус нэхээд байна. Монголын төр миний охины онго тэнгэрт амьдрах байр, нэхэж байгаа унаа машиныг нь өг” хэмээн лайв хийж, хэдэн мянгаараа бид түүнийг нь үзэж суух. Эхнэр, нөхөр хоёр лайваар сард гурван удаа салж нийлснээ зарлаж сархдын хэрүүл хийж, лайвдахыг сонсон, хоёр талцаж хэрэлдээд удаж байна. Согтуу бөхчүүд лайв хийж үг хэлээрээ барилдахыг хэдэн мянгуулаа үзэж байна.

Монголчууд угаасаа сониуч ард түмэн. Магадгүй энэ дэлхий дээр монголчуудаас өөр “Сонин сайхан юу байна?” гэж мэндэлдэг үндэстэн байхгүй ч байж магадгүй. Өргөн уудам газар нутагтаа тархай бутархай нүүдэллэж амьдарсаар ирсэн ард түмний мэдээлэл авах гол хэрэгсэл нь угаасаа л аман яриа байсан. Аман ярианд итгэдэг, аман ярианаас мэдээлэл авдаг байсан болоод ч тэр юм уу, сошиалд монголчууд асар их итгэл үнэмшилтэй хандана. Нэг эр баахан ууж, өнжин хонон савж яваад ирэхдээ эхнэртээ  хотын даргын машинд мөргүүлчихсэн гэж худлаа  хэлж орхиж. Өнөөх эрийн эхнэр ээждээ “Манай нөхөр хотын даргын машинд мөргүүлсэн байна” гэж ярьж. Ээж нь СӨХ-ны даргадаа хэлж. Хэдхэн минутын дотор “Хүн дайрч алах шахаад зугтаасан өнөөх даргыг сошиал орчинд гаргаж ирээд, унадаг машин, унтдаг эмэгтэй, үр хүүхэд, өв хөрөнгөтэй нь зарлан элдвээр харааж баахан балбацгаав. Хууль зүйн сайд нь хүн дайрч гэмтээсэн даргын асуудлыг шалгах үүрэг өгч, өнөөх залуу цагдаад очиж “ Би эхнэрээсээ айгаад худлаа ярьсан юм” хэмээн мэдээлэл өгсөн. Харамсалтай нь тэр үед  худал  үг аль эрт уул даваад явчихсан байв. “Тэр угаасаа хүн дайрах царайтай нөхөр байна билээ. Дайрчихаад, тэр залуугийн ам руу баахан мөнгө чихсэн биз. Дайруулсан залуу нас барсан гэнэ ээ. Олон өрөө байр аваад эхнэр нь дарчихсан гэж байна шүү дээ” гэдэг яриа л сошиал орчинд түгсэн худал мэдээллийн дараа үлдэх нь тэр. Иймэрхүү жишээ хэдэн зуугаараа бий. Өнгөрч буй долоо хоногт гэхэд “Налайхад төмрийн үйлдвэр дэлбэрч, газын хортой хий Улаанбаатарын агаарт тархаж баянзүрхчүүдийн хоолой хорсож байна. Хотоороо угаартаж үхэх нь” гэдэг мэдээлэл хормын дотор тарав. Хэн  тараасан, ямар эх сурвалжтай  гэдэг нь тодорхойгүй энэ мэдээлэлд бүгд автаж “Хотоороо угаартаж үхэх” тухай янз бүрийн суртал ухуулга газар авч, зарим нь гэрээ цоожлоод ийш тийш дайжих бэлтгэлээ хийж өдөржин л бужигнав. Гэвч энэ мэдээллийг хэн ч баталж чадсангүй. Монгол Улсын дархан хилийн шугамыг  дотогш зөөж байгаа тухай хэний тараасан нь мэдэгдэхгүй ганц өгүүлбэр сошиалд урсахад бөөнөөрөө гарч ирэн алалцах тухай баахан уриалга мэдэгдэл тарав. Хэдэн зуун мянган хүний дотор  хэнтэй алалцах гэж байгаагаа мэдэж  байгаа хүн ганц ч байхгүй байх жишээтэй. Энэ бол шүүлтүүргүй мэдээлэлд автах бас л нэг сэтгэцийн эмгэг гэхэд болно.

Гэхдээ сошиал  мэдээллийн солиролд автсан хүмүүст нэг зүйл анзаарагдаад байгаа нь үнэнд үл итгэх байдал. Ямар ч хамаагүй худлаа мэдээлэлд тэд итгэдэг, итгэхдээ гүн бат итгэдэг. Тэгээд уурлаж бухимдаж, харааж загнаж эхэлдэг. “Энэ мэдээлэл худлаа байна” гэж ямар ч хүн тайлбарлаад нэмэргүй. Хүүхэд хулгайлаад эд эрхтэнг нь хөргөгчиндөө малын гэдэс цувдай шиг хадгалж байгаад нүүрсний машинаар гаргаж донор болгоод  зардаг гэдэг мэдээлэлд итгэсэн хүнийг яаж ч сэнхрүүлэх гээд нэмэргүй. Эмч нар, мэс засалчид бүх гаргалгааг нь гаргаж донорын эд эрхтэнг яаж хадгалдаг, яаж зөөдөг, хэрхэн эд эрхтэн шилжүүлэн суулгадаг талаар тайлбарлаж өгөөд ч ойлгохгүй, ойлгохыг үл хүснэ.

Лайк, шейрийн донтнууд өөрсдийнхөөрөө мэдээллээ түгээж, лайвчид нь лайваа хийж л байг. Энэ бол хүний эрх. Харин тэндээс ирж байгаа мэдээллийг хэрхэн ялгаж салгаж хүлээж авах вэ гэдэг нь хувь хүний асуудал бус нийгмийн асуудал болж хувираад байна. Цахим донтолт, цахим залилан, цахим хүний наймаа хүртэл бий болов. Ганц Монголд ч биш, дэлхий нийтээрээ цахим донтолтын талаар ярьж төлбөртэй янз бүрийн үйлчилгээнүүд гарч, бүр “цахим хэрэглээний мацаг барих арга” хүртэл цахимаар зааж байна. Сүүлийн таван жилийн дотор 600 гаруй хүүхэд дэлгэцийн донтолтод өртөж эмчлүүлжээ. Бид хүүхдүүд дэлгэцэд донтоод байна гэж ярьдаг ч өөрсдөө цахимын цагаан солиоролд автчихаад суугаагаа төдийлөн мэддэггүй.

Цахим донтолтоос болж өөрийнхөө амьдралыг бусадтай жишин сэтгэлээр унадаг, сэтгэл ханамжгүй болж, амиа хорлох, мэдээлэлд хэт автах, цуурхалд итгэн бодлогогүй алхам хийх зэргээр хохирол учирдаг талаар эмч нар мянга тайлбарлавч  сонсох хүн ховор байна.

Монголчууд бид өөрсдийн цахим мэдээллийн сүлжээгүй ард түмэн. Оросууд гэхэд “ВКонтакте”, хятадууд “Ви чаат” гэх мэт өөрсдийн мэдээллийн сүлжээг бий болгосон. Харин монголчуудын хувьд  хамгийн өргөн хэрэглэж буй цахим сүлжээ бол Facebook. Дэлхий даяар  facebook 2.4 тэрбум гаруй гишүүнтэй, өдөр бүр 1.59 тэрбум гаруй хэрэглэгч энэ сүлжээнд мэдээлэл оруулж байдаг. Тиймээс өөрт хэрэгтэй мэдээллийг ялган авч, үнэн бодит эсэхийг шалгадаг, тодруулдаг байх зайлшгүй шаардлага бий болоод байна. Тэгэхгүй бол монголчууд нийтээрээ цахим орчны цагаан солио тусахад ойрхон байна. 

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 12 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 13 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22