Нийгмийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалан хүний сэтгэл зүй гэмтэж, өвчилдөг. Энэ байдал улс орны хөгжлөөс үл хамаарах бөгөөд цаг хугацааны явцад тогтсон дадал зуршил бидэнд нөлөөлснөөр нэгнийхээ сэтгэл зүйг санамсаргүйгээр гэмтээдэг тал бий. Олон нийтийн дунд хашхирч уурлан, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн хүн бүр сэтгэцийн асуудалтай биш. Харин дотор бугласан олон асуудлаа дарж, нууж явсаар өнөөдрийг хүрсэн нь хэн нэгний хувьд арилахгүй толбо болон үлддэг байх. Нийтийн сэтгэл зүйг өлгөн авч хөнддөг болсон энэ цаг үед сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Д.Цогзолмаатай уулзаж ярилцлаа.
-Гудамж талбайд инээж баярласан хүн ховор, бүгд л хаа нэг тийшээ яарч дайрчих шахам өнгөрдөг. Заримдаа шүдэнз зурахад л дэлбэрэхэд бэлэн газар байгаа юм шиг санагдах болж. Тиймээс ярилцлагын эхэнд нийгмийг яавал зөөллөж болох талаар асуухаар шийдлээ?
-Сэтгэл зүйн хувьд тайван бус мэдрэмж бидний оршин байгаа нийгэмд зонхилж байна. Тиймээс үүнд юу нөлөөлж байгаа талаар ярилцаж эхлэх нь оновчтой байх. Юуны түрүүнд хүн бүр өөрийн гэсэн онцлогтойг санах хэрэгтэй. Тухайн хүний зан чанартай холбоотойгоор тайван бус байдал үүсэж болно. Бас нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалан тайван бус мэдрэмжүүд бий болдог. Үүнд хүн хоорондын харилцаа ч хамааралтай байдгийг санахад илүүдэхгүй. Жишээлбэл, хүний хувийн орон зайд халдахгүй байж, хүндэтгэж сурах хэрэгтэй. Хүний амьдралд ямар ч зүйл тохиолдож болно. Тэглээ гээд бүгдийг бусдад нялзаах нь зөв зүйл биш. Сөрөг сэтгэл хөдлөлөө бусдад халдаахгүй байх нь бусдын орон зайд халдахгүй байх нэг алхам болно. Учир нь, сэтгэл хөдлөл халдварладаг гэж үздэг. Хажууд байгаа хүн уурлаж ундууцаад байвал дэргэд нь байсан хэн боловч тайван байж чадахгүй. Бас л адилхан тухгүй мэдрэмж авна. Тиймээс сэтгэл судлалын талаарх энэ мэдээллийг хүүхдүүдэд багаас нь өгч ойлгуулбал үр дүнтэй. Тэдэнд хувь хүний орон зайг хүндлэх тухай, эсвэл сэтгэл хөдлөлөө бусдад нялзаахгүй байх, сэтгэл зүйн хувьд өөрийгөө хамгаалах талаар багаас нь ойлгуулах нь нийгмийн зүгээс авч хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ болно гэж бодож байна.
-Хүн сэтгэл зүйгээ хэвийн байлгахын тулд урьдчилан сэргийлэх боломжтой юу. Хэрвээ сэтгэл зүйн хувьд өөрийгөө асуудалтай гэж үзвэл хамгийн түрүүнд хэнд хандах ёстой вэ?
-Хүн тодорхой түвшинд сэтгэл зүйн асуудлаа зохицуулж чадна. Харин тэр түвшнийг нь давахаар зохицуулахад илүү их хүч зарцуулах болдог. Энэ үед сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийн туслалцаа шаардлагатай. Биологийн шинж чанартай хүчин зүйлсээс гадна гэр бүлийн харилцаа сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Жишээ нь, нойргүйдээд байгаа хүнтэй ярилцаад үзэхэд органик шалтгаан нөлөөлж болохоос гадна нэг насандаа авсан сэтгэл зүйн гэмтэл, таагүй цочролоос үүдэлтэй байдаг. Хүүхэд байхад аав ээж нь байнга хэрэлддэг, багад нь эцэг эхийнх нь хэн нэг орхиод явсан, олон зүйл шаарддаг, зоддог байсан зэрэг сэтгэл зүйн асуудал үүсэхэд том шалтгаан болсон байдаг.
-Тэгвэл хүн өөртэйгөө ажиллаж сэтгэл зүйн асуудлаасаа салах боломжтой юу. Жишээ нь, өөртөө цаг гаргах, эсвэл дуртай зүйлээ мэдэж авснаар сэтгэл зүйгээ дэмжиж болох уу?
-Нийгмийн сүлжээгээр олон нийтэд хандсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үзэгдэл байна. Урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл хэрэгтэй боловч нийтэд зориулан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломжгүй юм. Яагаад гэвэл, хүн бүр өөр, харилцан адилгүй. Тиймээс хүнтэй уулзаж ярилцахгүйгээр сэтгэл зүйн хувьд ямар дэмжлэг шаардлагатайн талаар зөвлөж болохгүй гэж би хувьдаа боддог. Нөгөө талаас тухайн хүнд тохирсон зөвлөгөө л илүү сайн сууж өгдөг. Ер нь хүн “Би онц сурах ёстой. Ажлаа хичээнгүй хийх шаардлагатай. Би сайн ээж байх ёстой” гэж хүчлэх нь нэг талаараа дарамт болдог. Ингэж дандаа хичээж амьдрах хэцүү шүү дээ. Нэг л өдөр тэсэрнэ. Хэрвээ зовоож байгаа асуудал олон, ачаалалтай ажиллаж байгаа бол төдий чинээ сэтгэл ханамж өгдөг зүйлээ хайж олох нь чухал. Ядарсан мэдрэмжтэй яваад байгаа бол төдий чинээ өөртөө цаг гаргах ёстой гэсэн үг. Бас хүн өөрийгөө маш сайн мэдэрч байх ёстой байдаг. Учир нь, хүн өөрийгөө хамгаалах хамгийн гол зүйл бол мэдрэмжээ барьж авах. Би ингээд байгаа учраас тэгэх ёстой гэдэг аргаа тодорхойлох нь чухал юм.
-Мөнгө төлөөд сэтгэл зүйн зөвлөгөө авах боломж хүн бүрд байхгүй. Тиймээс сэтгэл зүйг эрүүл байлгахад зориулсан дасгал сургуулилалт байдаг эсэх талаар тодруулмаар байна?
-Ингэвэл тэгэх ёстой гэсэн тогтсон зүйл байхгүй. Ямар үе вэ гэдгээс бүх зүйл шалтгаалдаг. Тухайлбал, хэн нэгэнд гомдсон бол тэр талаараа хэлэх нь үр дүнтэй. Уур хүрч байгаа бол зөв гадагшлуулж сурах нь зүйтэй. Гэхдээ тэглээ гээд юм авч шидээд бай гэсэн үг биш. Тэр бухимдлыг ямар нэгэн байдлаар гадагшлуулах нь чухал. Тэгэхгүй бухимдлаа нуугаад байхаар сэтгэл зүйн хувьд дарагдсан мэдрэмж болдог. Уур хүрсэн, гэхдээ түүнийгээ мартсан гэдэг бол худал зүйл. Уур бухимдал хэдий удаан дарагдана төдий чинээгээр дараа нь ажиллахад амаргүй болдог. Хүн сэтгэл зүйгээ эрүүл байлгахын тулд аз жаргалтай болгодог зүйлээ мэддэг байх хэрэгтэй. Нас, хүйсээс үл хамаарч хэн ч байсан жаргалтай байж сурах ёстой.
Бас хүн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хайрлаж байгаагийн нэг хэлбэр юм. Хамгийн чухал зүйл нь хүмүүс бие биеийнхээ сэтгэлийг анагаахад маш их тусалдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг нэгийгээ шүүхгүй, буруутгахгүй, дүгнэхгүй, зүгээр л байгаагаар нь хүлээж авах нь нөгөө хүнээ амгалан болгодог.
-Тэгэхээр бид зарим тохиолдолд мэдэхгүйгээр нэг нэгнийхээ сэтгэлийг дэмждэг байх нь. Сэтгэл зүйчид нийтээр нь, бүхэлд нь нөлөөлж чадахгүй ч нийгмийн сэтгэлгээг хэвийн болгоход тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтой?
-Тийм ээ, сэтгэл зүйчид массаар нөлөөлж чаддаггүй. Гэтэл сэтгэл зүйн асуудал их байгаад байдаг. Бүр илэрхий анзаарагдахаар. Тэгээд хүмүүс сэтгэл зүйчид хандъя гэхээр үйлчилгээ үзүүлдэг тариф өндөр. Багадаа 80 мянга, тэгээд дээшээ 500 мянган төгрөг хүртэл бий. Гэтэл энэ бол нэг удаагийн хөлс. Хүн сэтгэл зүйчтэй ганцхан удаа уулзаад асуудлаа шийдвэрлэж чадахгүй, дахин уулзах шаардлагатай болдог. Тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг үйлчилгээг даатгалын системд шилжүүлбэл хүртээмж нэмэгдэнэ гэж би хэлэх гээд байгаа юм. Сургуулиуд сэтгэл зүйчтэй болсон зэрэг сайн талууд байгаа ч гэсэн хязгаарлагдмал хэвээр байна. Тиймээс энэ асуудалд төр, засгаас анхаарал хандуулж эрүүл мэндийн даатгалын системд оруулбал хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий. Одоо бол тогтсон орлоготой, тодорхой түвшнийхэн нь л сэтгэл зүйн үйлчилгээ авч чадаж байна.
-Сэтгэл зүйч гэж өөрийгөө тодорхойлсон хүн бүр хүнд зөвлөгөө өгч чадах уу гэдэг асуудал их чухал. Жишээ нь, ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаа сэтгэл зүйчид хүүхэдтэй шууд ажиллах туршлагатай юу?
-Манайх харьцангуй залуу салбар. Сэтгэл зүйчдэд ч мэргэжлийн туршлага ихээхэн шаардлагатай. Эмч нар дотрын, уламжлалт гэж мэргэшдэг шиг сэтгэл зүйчид ч гэсэн мэргэшиж эхэлж байна. Тэгэхээр мэргэшсэн сэтгэл зүйчидтэй болохоор бидний ажил илүү үр дүнтэй болох байх. Сэтгэл зүйчид мэргэжлийн нийгэмлэг, холбоодод харьяалалтай байж, ур чадвараа нэмэгдүүлэх, тогтмол сургалтад хамрагдаж лицензтэй байх гээд тогтолцооны хувьд боловсронгуй болгох шаардлагатай асуудлууд бий.
-Та ойрын үед автобусанд сууж, гудамжаар алхсан уу. Ямар санагдсан бэ?
-Энэ асуултыг сэтгэл зүйчийн хувьд асууж байгаа гэж ойлголоо. Намайг юу ажигласныг тодруулж байгаа байх нь.
-Тийм ээ.
-Автобусанд саяхан суусан. Харин ажигласан зүйлээ хэлэхэд бидний хүүхэд байх үеийнх шиг дүр зураг өнөөдрийн нийгэмд бага болсон нь харагддаг. Гудамжинд аз жаргалтайгаар мишээгээд явж байгаа хүн цөөхөн болж. Магадгүй нийгэм тийм үзэгдлийг хүлээж авах нь багассан юм шиг санагддаг. Хэдэн хүн тас тас хөхрөөд гудамжаар явбал хүмүүс тэднийг “Ямар гоё аз жаргалтай явж байна” гэхээсээ илүү яагаад байгаа юм бол гэсэн байдлаар ханддаг. Ингээд ирэхээр аз жаргалтай зүйлд хандах хандлага нь өөр болчихсон юм болов уу гэж санагддаг болсон.
-Ийм орчныг өөрчлөх, тэргүүн эгнээнд зогсох хүмүүс сэтгэл зүйчид. Гэтэл таны хэлсэн шиг хууль, эрх зүйн орчингүй учраас одоо цагт хүн бүр сэтгэлзүйч болчихоод байна шүү дээ?
-Бусад улс оронд томоохон хот эсвэл мужийн хүрээнд хэрэгжих сэтгэлзүйн үйлчилгээний талаар хууль, эрх зүйн орчин бүрдсэн байдаг. Манай улсад ийм хууль байхгүй учраас хэн дуртай нь өөрийгөө сэтгэл зүйч гэж хэлдэг. Үйлчилгээ авч хүмүүс нь ч тухайн сэтгэл зүйчид мэргэжлийн диплом байгаа эсэхийг нь тодруулж лавладаггүй. Тиймээс хууль, эрх зүйн орчинтой болох шаардлагатай байгаа юм. Бас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол олгох агуулгыг судлуулдаг бол гэж бодогддог. Яагаад гэвэл энэ эрүүл хүн болж төлөвшихөд нь ихээхэн хэрэгтэй. Оюутнууд сэтгэл судлалын хичээл ороход “Энэ хичээлийг яагаад эртээс судалж болоогүй юм бэ” гэж асуудаг. Хэрвээ тэгсэн бол өдийд ядаж өөртэйгөө ажиллаад сурах байсан гэж хэлэхийг нь олон удаа сонссон. Тэгэхээр сэтгэл зүйн асуудалд боловсролын салбар чухал үүрэгтэй нь багахан зүйлээс харагдаж байгаа юм.
-Энэ асуудалд одооноос анхаарвал байдлыг өөрчилж чадах юм шиг санагддаг. Харин та юу гэж бодож байна вэ?
-Өндөр хөгжилтэй, бүх зүйл нь стандартад шилжсэн улс орнуудтай харьцуулахад манай улсын сэтгэцийн өвчлөлийн тоо тийм ч их биш. Сэтгэцийн асуудлыг эрүүл, тулгамдсан асуудалтай, эмгэг гэж хуваан үздэг. Манай улсад эрүүл, эмгэг хоёрын завсарт буюу тулгамдсан асуудал их бий. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүнд зориулсан засал үйлчилгээ гаднын улс орнуудад олон бий. Жишээлбэл, урлагийн сэтгэл засал.
-Арт терапи буюу урлагийн сэтгэл заслыг хөгжүүлбэл энэ давамгайлаад байгаа массыг багасгах боломжтой юу?
-Тодорхой хэмжээнд тусална. Ялангуяа урлагийн засал хүүхдэд илүү тохиромжтой. Тэдний багадаа авсан асуудал насанд хүрэхэд нь илэрч, даамжрах эрсдэлтэй учраас түүнээс өмнө янз бүрийн арга барилаар ажиллаж болно. Гэхдээ насны хувьд ихээхэн онцлогтой. 12-оос доош насныхантай ажиллахдаа хүүхэд гэхээсээ илүү аав ээжтэй нь ярилцах шаардлага тулгарна.
-Олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүсийн сэтгэл зүй их эмзэг болдог. Ажлаасаа халагдсаны маргааш өглөөнөөс нь эхлээд тухайн хүнийг гэнэтийн өөрчлөлтүүд хүлээж байдаг. Манайд энэ талаар хийсэн судалгаа байдаг юм болов уу?
-Манай улсад бодлогын түвшинд анхаарч, хэд хэдэн эрх зүйн баримт бичгийг мөрдөж байна. Гэвч ахмадад зориулсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчин хангалттай биш санагддаг. Ахмад настны сэтгэл зүйн талаар магистрын түвшинд хийсэн судалгааны цөөн ажлууд бий. Бусад улс орнуудын хувьд тэтгэвэрт гарахад зориулсан тогтсон хөтөлбөрүүд хэрэгждэг. Тухайлбал, тэтгэвэрт гарахаас хоёр жилийн өмнөөс эхлээд амьдралын шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох талаар тухайн хүний сэтгэл зүйг нь бэлтгэдэг. Мөн ажлаа өгөхөөс нь өмнө залуу мэргэжилтэн дагалдуулж, олон зүйлийг нь сурч хоцордог гэсэн үг. Үүний зэрэгцээ тэтгэвэртээ гарч байгаа ахмадуудад зориулсан нийгмийн шинж чанартай үйл ажиллагаа олон. Жишээ нь, мартах санах асуудалд оруулахгүйн тулд зарим улс оронд ахмадуудын сургалтын төвүүдийг нээн ажиллуулж байна. Нас явсан гэж бодолгүй хэл сурсан ч болно. Тэтгэвэрт гарсны хямрал нь нэгээс хоёр жил хүртэл идэвхтэй үргэлжилдэг. Хэчнээн бэлтгэлтэй байсан ч цочрол авдаг зүйл. Тиймээс тушаалыг нь уншиж өгөөд гаргах зохимжгүй, бусад улс орны туршлагаас судлах шаардлагатай байгаа юм.
-Таны ярианаас хүний сэтгэлийг гэмтээдэг асуудал олон байгааг ойлголоо. Бас тэр асуудлыг давах ёстой учраас хүн өөрөө өөртэйгөө л ажиллах ёстой юм байна гэдгийг мэдлээ?
-Тийм шүү. Өөрийгөө өрөвдөөд сул дорой болгодог хүн олон байдаг. Эсрэгээрээ сэтгэл зүйн хувьд таатай мэдрэмж өгдөг зүйлээ олох боломжтой. Жишээ нь, дугуй унах, ууланд алхах, хөгжим сонсох, хатгамал хатгах гэх мэт. Тиймээс өөрийгөө сэтгэл хангалуун, аз жаргалтай байлгаж сурах хэрэгтэй санагддаг юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна