“Хөдөөгийн сэргэлт”- Нээлттэй Төв аймаг

unen
20 цагийн өмнө

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгд эрэмбэлэгддэг ч нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг. Их, дээд сургуулиудын 90, худалдаа үйлчилгээний 86, нийт хадгаламжийн 81, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч, ДНБ-ий 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчтай тэнцүү хэмжээний хүн ам Улаанбаатарт нүүдэллэн ирж, 70-80 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд шинээр нэмэгдэн орж байгаа нь Монгол Улсыг “хот-улс” болгон харагдуулж буй.

Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангаж, хөдөөгийн хөгжлийг дэмжихийн тулд Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, аймгуудын санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Энэ бодлогын хүрээнд аймгууд өөр өөрсдийн боломж, хүчин чадлаа тодорхойлж, Шинэ сэргэлтийн бодлогын нэг тулгуур болох Хөдөөгийн хөгжлийн бодлогод анхаарлаа хандуулж эхэлсэн.
Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 13-15-нд Төв аймаг ААН байгууллага, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид, хоршоодын төлөөлөл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөллийг оролцуулан “Хөдөөгийн сэргэлт” - Нээлттэй Төв аймаг форумыг зохион байгууллаа.
Форумын үеэр:
• “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” сэдэвт төр хувийн хэвш­лийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танил­цуулга
• Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
• “Нээлттэй сум-
Нутгаа зорьё” сэдвийн дор тус аймгийн 27 сумын өдөрлөг
• “Төв аймаг – Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг
• “Нээлттэй ажлын байр”-ны өдөрлөг
• Төрийн байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг”-ийг тус тус зохион байгууллаа.
Тус аймаг газар зүйн байршлын хувьд улс орны төвийн бүсийн томоохон зах зээлийг тойрон байршдаг дэд бүтцийн зангилаа бүс нутаг. Аймгийн нутаг дэвсгэрт нийслэл Улаанбаатар хот байрладаг нь авто зам болон төмөр зам дагасан үйлдвэрлэлийн дэд бүтэц хөгжих боломжийг бүрдүүлдэг юм. Монгол Улсын Засгийн газар Хөшигийн хөндийн шинэ Олон улсын нисэх буудлыг дагасан “Шинэ Зуунмод хот” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжийн нүүдэл өнөөдөр Төв аймгийн төвийг чиглэх нэг шалтгаан болж өгчээ. Шинэ суурьшлын бүсийг дагасан харилцаа холбооны суваг, гүүр ч хэдийнэ тавигдаж эхэлжээ. 
Төв аймаг улсын хэмжээний үр тарианы 17.1 хувь, төмсний 65.8 хувь, хүнсний ногооны 20 хувь, таримал  тэжээлийн 47.2 хувь, тосны ургамлын 30.2 хувийг хангадаг бол нийслэлийн сүүний хэрэгцээний 50 орчим хувь, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 30 орчим хувь, мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 20-35 хувийг хангадаг. Нийслэлийн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, үйлдвэрүүдийг түүхий эдээр найдвартай хангадаг гол “Нийлүүлэгч аймаг”-т тооцогддог. 
Аймгийн удирдлагууд эдийн засаг, нийгмийн байдал, онцлог, нөөц боломж, хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг түргэтгэхэд чиглэсэн бодлогоо энэ өдрүүдэд “Хөдөөгийн сэргэлт”- Нээлттэй Төв аймаг форумд оролцогчдод танилцуулж, нийслэл болон бусад орон нутгаас шилжин суурьшигчдыг дэмжих байр суурь, орон нутагтаа хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр нэмэгдүүлэх боломжуудаа ч дэлгэлээ.
Энэ онд Төв аймгийн ЗДТГ Улаанбаатар хотоос шилжин ирэх иргэн, аж ахуйн нэгжүүдийг хүлээн авах бүх бэлтгэлээ хийж байгаа бөгөөд оны эхний есөн сарын байдлаар тус аймагт нийслэлээс 25 аж ахуйн нэгж, 800 иргэн шилжин иржээ. Аймгийн төвд 3500 орон сууцны төлөвлөлт хийж, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд иргэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой байгаа нь хүн ам өсөн нэмэгдэхэд түлхэц өгсөн аж.

Б.Мөнхбаатар: 10 мянган ажлын байр бий болгох боломжтой 

Улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг Хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч Төв аймагт Олон улсын нисэх буудал, Богд хан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ Зуунмод хот байгуулах үндэсний томоохон төслүүд хэрэгжиж манай аймагт хүн амын төвлөрлийг татах боломж бүрдээд байна. Төв аймаг 10 мянган ажлын байр бий болгох боломжтойгоос гадна 20 мянган шилжин ирэх иргэд, 500 мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай байна.
Аймгийн удирдлагууд шилжин ирэгсдийн амьдрах нөхцөл бололцоог сайжруулах, дэд бүтцийг бий болгох гарц гаргалгааг хайж байна. Шинэ Зуунмод хот, Зуунмод хотыг холбосон найман км автозам ашиглалтад орсон. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд сумдад 84 сургууль цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр, төрийн үйлчилгээний барилгыг барьж ашиглалтад оруулахаас гадна 150 орчим барилга байгууламжийг их засварт хамруулсан байна.
Түүнчлэн Угтаал, Цээл, Заамарын чиглэлд зам тавьж, ингэснээр манай аймгийн 27 сумаас 16 сум нь улсын чанартай хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Түүнчлэн 26 сум төвлөрсөн халаалтын системд холбогдлоо. Үүнээс 13 суманд инженерийн цогц дэд бүтцийг хийхээр эхний таван суманд ажлаа эхлүүлсэн байгаа. Зөвхөн төрийн байгууллага биш, цаашлаад ААН, айл өрхүүдийг цэвэр бохирын системд холбохоор бэлтгээд байна. Энэ бүхэн мэдээж хөгжлийн суурь, хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц гэж харж байна. Сум орон нутагтаа дэд бүтцээ хэдий чинээ сайн бий болгож чадна, тэр хэрээрээ тэнд иргэд, ААН, байгууллагууд ажиллах, амьдрах нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм. 
Манай аймгийн эдийн засгийг бэхжүүлэх үндсэн салбар бол хөдөө аж ахуй. Тиймээс ХАА-н үйлдвэрлэлийн томоохон стратеги мөн аялал жуулчлалын стратеги боловсруулсан. Энэ хоёр стратеги дээрээ тулгуурлан шилжин суурьшиж байгаа болон нутаг орноо зориод ирж байгаа иргэдийнхээ үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг уялдуулан ажиллаж байна. Газар нутгийн хувьд онцлогтой аймаг, нийслэл хот маань манай газар нутагт оршдог. 
Өнөөдрийн байдлаар Улаан­баатар хотын харьяат 22 мянга орчим иргэн манай аймгийн сум­дад газар өмчилж авсан байна. Эдгээр иргэд манай сумдад амьдрах боломжтой болж байгаа тул бидний зүгээс амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, сайн дэд бүтэц л бий болгох хэрэгтэй. Тухайлбал, цахилгаан эрчим хүч, ундны ус, зам харилцаа гээд асуудлуудыг шат дараатай шийдэх ёстой, аймгийн хувьд хүн амын тоогоо 120 мянгад хүргэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний дагуу аймаг, сум ялгаагүй энэ чиглэлд анхаарлаа хандуулан хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүдээ ч энэ чиглэлд зөв чиглүүлээд ажиллах зорилт дэвшүүлж байна хэмээн Төв аймгийн Засаг дарга Б.Мөнхбаатар “Хөдөөгийн сэргэлт”- Нээлттэй Төв аймаг форумд тавьсан илтгэлдээ дурдсан юм. 

Эрдэнэ сумын долоон байршилд 12 мянган иргэнд газар өмчлүүлжээ 

Мөн форумын хүрээнд зохион байгуулсан “Төрийн байгууллагын нээлттэй өдөрлөг”-т төрийн арван байгууллага, хувийн хэвшлийн 12 байгууллага нэгдсэн зохион байгуулалттай оролцож, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад, үйлчилгээ үзүүлж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчилсан юм.
“Нээлттэй ажлын байр” өдөр­лөгийн хүрээнд ажлын байрны захиалга ирүүлсэн байгууллагууд танилцуулга хийж, ажлын ярилцлага зохион байгуулан “E-Job” программд ажлын байрны захиалга болон ажил хайгчийг бүртгэж байлаа. Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтэст ирүүлсэн 128 байгууллагын 699 ажлын байрны захиалгыг ангилж, QR кодоор байршуулж, иргэд байгууллагыг мэдээллээр хангаж байсан нь улсын хэмжээнд хэрэгжиж буй цахимжилт тус аймагт хурдтай хэрэгжиж байгааг харуулж байв.  
Төв аймаг 27 сумтай. Аймгийн сумд ч Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” бодлого, аймаг, орон нутгаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцож эхэлжээ. Тухайлбал, Аргалант сумын “Арвижих Лотос” мах боловсруулах үйлдвэр, Эрдэнэ сумын “Энгүүмэл хонь” фермер зэрэг олон аж ахуйн нэгж Улаанбаатар хотоос Төв аймагт шилжин суурьшиж, орон нутагт үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан байна. 
Улаанбаатар хотоос шилжин ирэх иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Эрдэнэ сум инженерийн шугам сүлжээний ажлыг 2023 онд эхлүүлсэн бөгөөд 2024 онд ашиглалтад оруулах гэж байгаа аж. Ингэснээр шилжин ирсэн иргэд бохир, цэвэр ус шийдэгдсэн орчинд амьдрах боломжтой болж байгаа юм. Мөн ажлын байр нэмэгдүүлэх үүднээс махны үйлдвэр, био бордооны үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө орон нутагт шилжин ирж байгаа иргэдэд газар олгох асуудал хамгийн чухал. Энэ хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сум долоон байршилд 12 мянган иргэнд газар өмчлүүлжээ.


 Д.Жаргалан

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 10 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 10 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 10 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 11 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22