МУИС-ийн анхны захирлын үүрэг гүйцэтгэгчийг дурсахуй

unen
19 цагийн өмнө

1940 оны гуравдугаар сараас хуралдсан МАХН-ын X Их хурлаас улс ардын аж ахуй, соёлын салбар өргөжиж мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ асар их болж байгааг үндэслэн хөдөө аж ахуй, үйлдвэр, соёлын болон хүн амын эрүүл мэнд, чинээлэг амьдралыг улам дээшлүүлэхэд дээд боловсролтой боловсон хүчнийг олноор бэлтгэх шаардлага тулгарч байсан учраас үндэсний их сургууль байгуулах түүхэн шийдвэр гаргажээ. Тус хурлаас Чойбалсангийн илтгэсэн Намын төв хорооны Улс төрийн тайлан илтгэлд гаргасан тогтоолын арванхоёрдугаар зүйлийн Ардын соёл боловролын талаарх заалтын зургадугаарт “10 жилийн дунд сургуулийг нэмэгдүүлэн байгуулах, ойрын жилийн дотор дээд сургуулийг байгуулах бэлтгэлийг хангах” гэжээ. Түүний дараа хуралдсан БНМАУ-ын VIII Их хурлаас Засгийн газрын тайлан илтгэлд гаргасан тогтоолын X зүйлийн Ардын гэгээрэл боловсролын талаарх заалтын нэгдүгээрт “Багш нарын техникумийг өргөтгөх хийгээд түр ба дээд сургуулийг байгуулах зэргээр багш нарыг бэлтгэх явдалд онц анхаарлыг тавивал зохино” гэжээ. Тус хурлаас хэлэлцэн баталсан БНМАУ-ын Үндсэн хуулийн аравдугаар бүлэг. Ард иргэний үндсэн эрх үүргүүдийн есдүгээр зүйлд “БНМАУ-ын ард иргэд боловсрох эрхтэй. Үүнд, үнэ төлбөргүйгээр сургах олон сургууль, техникум, дээд сургуулиудыг өргөтгөн хөгжүүлж, сургуульд төрөлх хэлээр нь сургах ба дээд сургуулийн оюутанд улсаас цалин олгох явдлаар энэхүү эрхийг хангана” гэжээ. Эдгээр заалтын дагуу 1940 оны арванхоёрдугаар сарын 6-нд “Улаанбаатар хотод улсын университетийг байгуулах тухай” БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч тус улсын дотор анхны дээд сургууль болох улсын университетийг зоотехник, сурган хүмүүжүүлэх, хүн эмнэлгийн гурван ангитай- гаар Ардыг гэгээрүүлэх яамны харьяанд тус Улаанбаатар хотод 1941 оны аравдугаар сарын 1-нд нээхээр тогтоож, сургууль байгуулах бэлтгэл ажил хийгдэж эхэлжээ. Улсын их сургуулийг элсэн суралцагчдаар хангах зорилгоор 1941 оны гуравдугаар сарын 1-нээс бэлтгэл ангийг одоогийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль дээр 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр нээж захирлаар Ширбазарын Чимиддамбыг, физикийн багшаар Н.И.Ивановыг томилон ажиллуулж эхэлжээ. Тус ангид зарим хичээлийг нэгдүгээр сургуулийн багш нар зааж байжээ. 1941 оны зургадугаар сарын 22-нд Герман ЗХУ руу довтолсон учраас их сургуулийг нээх хугацааг нэг жилээр хойшлуулж бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн явуулжээ. Их сургуулийн бэлтгэл ангийг Холбооны техникум байсан байранд шилжүүлж өргөтгөн хичээллүүлж, гол төлөв орос хэл судлуулж орос хэлээр лекц сонсох бэлтгэлийг хангаж байжээ. Их сургуулийн барилгын ажлыг 1942 оны өвөл эхлүүлжээ. Барилгын дарга нь Гончиг, аравны дарга нь Гуревич байжээ. Улаан­баатар хотын албан газар болон ард иргэдийг унаа хөсгийн хамт дайчлан хэрэгцээт шавар, чулуу, мод зэргийг бэлтгүүлсэн байна. 1942 оны есдүгээр сарын 4-нд Их сургуулийн анхны мэргэжилтэн багш нар болох химич С.И.Хромов, физикч А.Г.Ша­фигулин, биологич А.Г.Банни­ков, их эмч В.Н.То­­­польский, зоотехникч Куд­ря­шов нар ном сурах бичиг, үзүүлэн тоног төхөөрөмжтэйгөө Улаанбаатарт иржээ. Хичээлийн төлөвлөгөө, программ боловс­руулах зэрэг зохион байгуулалтын бэлтгэл ажлыг сарын дотор хангажээ. Сайдын 1942 оны аравдугаар сарын 3-ны 212 дугаар тушаалаар УИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ш.Чимиддамбыг, хичээл ангийн эрхлэгчээр Н.И.Ивановыг то­милжээ. Арав­дугаар сарын 5-нд сургуулиа нээж, хичээлээ эх­лүүлжээ.

1942 оны аравдугаар сарын 18-нд захирал Ш.Чимиддамбын нэгдүгээр тушаа­лаар анхны элсэгчдийг баталжээ. Ш.Чимиддамба 1942 оны арав­дугаар сард сургуулийн эрдмийн зөвлөлийн нэгдүгээр хурлыг даргалан хуралдуулж сургалтын төлөвлөгөө, программыг хэлэл­цүүлэн батлуулжээ. Улсын их сургуулийг байгуулж, хичээлийн нээлт хийснээс хойш хоёрхон сарын дараа “Улсын дээд сургуулийн ажлын тухай” МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 1942 оны арванхоёрдугаар сарын хурлаар хэлэлцээд гаргасан тогтоолд тус сургуулийн ололт, дутагдлыг нарийвчлан зааж өгчээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын их сургуулийн захиргаа өөрийн ажилдаа дүгнэлт хийж, оюутнуудын сурлага, хүмүүжлийн ажлыг биечлэн зааж удирдах, оюутнуудыг өөрсдөөр нь бие даалгаж сургах, хүмүүжүүлэхэд чиглэсэн их ажил өрнүүлжээ. МАХН-ын Төв хороо, Ардын сайд нарын зөвлөлийн 1942 оны тогтоолоор Улсын их сургуулийн оройн бэлтгэл курсийг 1943 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн түүнийг жинхэнэ бэлтгэл курс болгон өөрчилж суралцагчдыг ажлаас нь чөлөөлж орон тооны сурагчид болгожээ. Ийм зорилгоор 1943 оны хоёрдугаар сард их сургуульд хоёр жилийн бэлтгэл анги нээжээ. 1942 оны эцэс, 1943 оны эхээр орос хэлний мэргэжилтэн С.И.Абакумов, аналитик химич Л.И.Каштанов, тооны багш И.Б.Вейцман нар нэмэгдэн иржээ. Мөн Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтнууд болон Мал аж ахуйн яам ба Төв больницод ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн ботаникч А.А.Юнатов, мэс засалч С.Н.Анфилогов, дотрын их эмч Ф.А.Самойлович нарыг багшлуулж байсан ажээ.

Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Б.Ширэндэв их сургуулийн захирлаар томилогдон ирж, хуучин захирал Ш.Чимиддамба аж ахуй эрхэлсэн дэд захирал болжээ. Б.Ширэндэв захирал болсон хойно ч тэрээр өөр чухал том албан тушаал хашиж байсан учир түүндээ ихэнх цагаа зарцуулж, их сургуулийн ихэнх ажлыг Чимиддамба хариуцан гүйцэтгэсэн хэвээр байжээ.

1946 оны эхээр “Монголын их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг” -ийн анхны боть хэвлэгдэн гарчээ. 1945 оны есдүгээр сарын 1-нээс тус сургуульд хэл бичиг, утга зохиолын факультет шинээр нээжээ. МУИС-ийн анхны төгсөлтийг 1946 онд хийх болсонтой холбогдуулж БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 1946 оны хоёрдугаар сарын 1-нд тогтоол гаргаж төгсгөн гаргах мэргэжилтнүүдийн бэлтгэлийг шалгах, төгсөгчдөд мэргэжлийг олгох ба дипломын зэргийг тодорхойлохын тул жил бүр улсын шалгалтын комиссыг байгуулан ажиллуулж байхаар тогтоож, улсын шалгалтын комиссын дүрмийг баталжээ. 1946 оны намар МУИС-ийн таван тэнхимийн дэргэд эрдэм шинжилгээний ажилтан, дээд сургуулийн багш бэлтгэх зорилгоор аспирантур байгуулсан нь түүний хөгжилд асар их нөлөө үзүүлж, 1949 он гэхэд их сургууль үндэсний 37 багш бэлтгэжээ. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1946 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор батлагдсан комисс Улсын их сургуулийн ажлыг шалгаж, дүнг Намын төв хороонд танилцуулжээ.

МАХН-ын XI Их хурал МУИС байгуулагдсаныг манай орны соёлын том ололт гэж дүгнээд түүнийг үндэсний багшлах боловсон хүчнээр хангах, мэргэжилтэн бэлтгэх чанарыг сайжруулах заалт өгсөн байна. Энэ заалтыг үндэслэн МАХН-ын Төв хорооны 1947 оны арваннэгдүгээр сарын тогтоолоор мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөөг тухайн үеийн шинжлэх ухаан, техникийн шинэхэн ололт, улс ардын аж ахуйн хэрэгцээ, шаардлагад тохируулан шинэчилж 1948-1952 онд мөрдөхөөр баталжээ.

МУИС-ийн түүхтэй холбогдсон олон ном бүтээлд “МУИС-ийн анхны захирал Б.Ширэндэв” гэж бичсэн байх юм. Зарим бүтээлд “Гэгээрлийн сайд Т.Машлай хавсран хариуцаж байсан” гэж дурджээ. Гэтэл МУИС-ийн анхны мэргэжилтэн багш нарын нэг, оросын эрдэмтэн А.Г.Банников дурсамждаа “Их сургуулийн анхны захирал нь Чимиддамба, орлогч захирал нь Г.Нацаг, С.И.Хромов нар байсан юм” гэж тов тодорхой бичсэн байна. Чимиддамба гуайн дурсамжаас үзэхэд тэрээр Архангай аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин ирж 1941 онд Их сургуулийн бэлтгэл анги нээхэд энэ ажлыг хариуцсан захирлаар томилогдон ажиллажээ. Улмаар 1942 оны намар МУИС байгуулагдахад анхны захирлын үүрэг гүйцэтгэгчээр нь ажиллаж хичээлийн хоёр шинэ барилгыг бариулж 1944 оны намар ашиглалтад өгсний дараа захирлын ажлаа Б.Ширэндэвт хүлээлгэж өгөөд өөрөө аж ахуй эрхэлсэн орлогч захирлаар үргэлжлүүлэн ажиллажээ. 1951 онд Улсын багшийн институт байгуулагдахад аж ахуй эрхэлсэн дэд захирлаар 1955 оноос Улаанбаатар хотын Багшийн сургуулийн аж ахуй эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байжээ. Ийнхүү нэрт сурган хүмүүжүүлэгч Ширбазарын Чимиддамба нь Архангай аймгийн дунд сургуулийн захирлаас эхлэн тус аймгийн гэгээрлийн хэлтсийн дарга, Улсын их сургуулийн бэлтгэл сургуулийн захирал, Улсын их сургуулийн анхны захирлын үүрэг гүйцэтгэгч, тус сургуулийн аж ахуй эрхэлсэн орлогч захирал, Улсын багшийн институтийн анхны аж ахуй эрхэлсэн дэд захирал, Улаанбаатар хотын Багшийн сургуулийн аж ахуй эрхэлсэн дэд захирал зэрэг эрхэм чухал ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн манай нэртэй сурган хүмүүжүүлэгч юм.

Д.Мижиддорж

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 10 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 10 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 10 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 10 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 11 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 11 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22